Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 59

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн , хариуцагч тус аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/135 тоот захирамжаар чөлөөлсөн. Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 13 дугаартай шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 04-ний өдрийн 121/МА2017/0257 дугаартай магадлалаар томилсон. Гэвч дахин чөлөөлсөн байгаа нь шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчийг чөлөөлж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 05 сарын 08-ны өдрийн Б/64 тоот захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Биеийн тамир спортын газрын даргаар томилуулах, үндсэн цалингийн зөрүүг тогтоож олгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие Биеийн тамир, спортын газрын даргаар 2013 онд томилогдоод ажиллаж байсан. Ийнхүү ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохоор тус аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж, ажилдаа эгүүлэн томилогдсон. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаад хэвээр батлагдсан байгаа. Иймд 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр тус аймгийн Засаг дарга намайг ажилд эгүүлэн томилсон. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр өмнөх үндэслэлээрээ ажлаас чөлөөлсөн байгаа. Тус аймгийн Засаг дарга хэлэхдээ таныг ажлаас чөлөөлнө, шүүхээр яваад ялсан ч байсан томилчихоод дахиад чөлөөлнө гэж дарамталж байсан. Тэгэхэд нь би шударга шүүх ялна, би ялна гэж хэлээд өдийг хүртэл явж байна. Иймд тус аймгийн Засаг дарга намайг хэдэн удаа халж, хэдэн томилох нь вэ? гэдгийг үзмээр санагдлаа. Миний бодлоор шүүх шударга болсон байна. Над руу шилжүүлсэн 6700000 төгрөгийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар аймгийн Засаг дарга өөрөөсөө төлөх ёстой. Би энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байгаа. Энэ шүүх хуралдааны дараа нэхэмжлэл гаргана гэж бодож байна. Яагаад гэвэл аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн. Намайг анх халахдаа л чи шүүхээр яв, шүүхийн шийдвэр гарахаар томилоод маргааш нь чөлөөлнө, чи ингээд гурван жил явна гэж хэлсэн болохоор маш их гомдож байна. Зөвшилцөх тухай асуудал өмнөх шүүх хуралдаан дээр яригдахад Биеийн тамир, спортын газрын төрийн захиргааны төв байгууллагаас зөвшилцөөгүй гэдэг албан бичиг ирсэн байгаа. Тийм учраас өмнөх шүүх хуралдаан дээр зөвшилцөөгүй гэдэг нь тогтоогдчихсон. Миний бие төрийн захиргааны төв байгууллагад эргээд хандсан юм. Тэгэхэд дахиад шүүхэд хандаад ажилдаа ор гэдэг үүргийг амаар өгсөн. Тийм учраас би дахиад шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Харин цалингийн асуудлыг аймгийн Засаг дарга өөрөө шилжүүлсэн. Би аймгийн Засаг даргаас тэдэн төгрөгний цалин авъя гэж хэлээгүй, тэдэн төгрөгний тэтгэмж авъя гэж хэлээгүй. Гэм буруутай этгээд буруугаа хүлээгээд надад мөнгөө өгсөн. Одоо би 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс хойш дахиад хохироод явж байна. Үүн дээр ямар ч маргаан байхгүй гэв..

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал миний бие Д.Чойжилсүрэнгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилогдсон Д.Чойжилсүрэнг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэлд заагдсан шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн зүйл байхгүй болно. Аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/64 дүгээр захирамж нь дээрх хуулийн заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Нэгжийн тухай хуулийн 29.2, 30 дугаар зүйл, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.3 дахь заалт буюу аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нь аймаг, нийслэл, дүүрэгт биеийн тамир, спортын хороог байгуулан ажиллуулах ба биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир, спортын хорооны удирдлагыг томилж, чөлөөлнө гэсэн заалтыг баримталсан. Зөвшилцөнө гэдгийг ойлгохдоо заавал хариу бичиг авах шаардлага байхгүй. Манайхаас зөвшилцөх албан бичгээ явуулсан. Гэтэл дээрээс хариу бичиг ирээгүй учраас зөвшөөрөхгүй байгаа гэж үзэх боломжгүй юм. Яагаад гэвэл хуульд саналыг үндэслэн томилно гэж бичээгүй, дээд шатны байгууллагын зөвшөөрлийг үндэслэн томилно гэж бичээгүй. Иймд зөвшилцөнө гэдгийг заавал хариу ирнэ гэж ойлгох шаардлагагүй юм.

Хоёрдугаарт цалинтай холбоотой асуудал байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарсан. Иймд шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэсэн зүйл байхгүй. Учир нь шүүхийн шийдвэр гардаг журмаараа гараад, биелдэг журмаараа биелсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлд бичсэнээр улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэдэг зүйл ямар ч үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлээд, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон. Тийм учраас нэхэмжлэгч нь ажлаа үргэлжлүүлэн хийж байсан гэдэг ойлголт гарч ирж байгаа. Хуулинд ч гэсэн ингэж заасан байдаг. Яагаад гэвэл ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгосон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Тийм учраас тэтгэмжийн асуудлыг ярина. Яагаад гэвэл Д.Чойжилсүрэн гуай шүүхэд нэхэмжлэл гаргаад, эрх нь сэргээгдсэн учраас тэтгэмж буцаж олгогдох ёстой. Өмнөх шүүхийн шийдвэрээр гурван сарын ажилгүй байсан хугацааны цалин олгуулахаар гарсан байгаа. Үүнийг манайхаас нэхэмжлэгчид 6700000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Үүний зөрүү нь 3000000 төгрөг болж байгаа. Үүн дээр тэтгэмжээ нэмэхээр одоо ажилгүй байсан хугацааны цалинг биелүүлсэн гэж үзэж байгаа. Иймд ажилгүй байсан хугацааны цалин биелэгдсэн учраас энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд аймгийн Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чойжилсүрэн нь Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухайБ/64 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/64 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч тус аймгийн Засаг дарга нь 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар Д.Чойжилсүрэнг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар томилж, 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/64 дүгээр захирамжаар тус ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/64 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтуудыг үндэслэсэн байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасны дагуу хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг ... холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилж, чөлөөлөх асуудлаар захирамж гаргах эрхтэй байна.

Мөн аймгийн Засаг дарга нь ... биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тухайн биеийн тамир спортын хорооны удирдлагыг ..., чөлөөлөх зохицуулалттай байна. Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1/622 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнг ажлаас нь чөлөөлөх болсон тул Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу зөвшилцөх саналыг Биеийн тамир, спортын газрын даргад хүргүүлсэн боловч энэ талаар ямар нэгэн хариу аваагүй бөгөөд энэхүү саналыг хүргүүлснээрээ зөвшилцсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Монгол улсын Дээд шүүхийн 216 дугаар тогтоолд зөвшилцөл гэж санал солилцохыг гэж ойлгох ба энэ нь бичгэн хэлбэртэй, бичгээр мэдэгдэж, бичгээр хариу авч санал солилцох журмаар явагдахыг хэлэх ба Монгол улсын Үндсэн хуулиас бусад хуульд заасан зөвшилцөх тухай ойлголт, зөвшилцөх журмыг тухайн актад өөрөөр тодорхойлоогүй бол энэхүү тайлбарын дагуу адилаар ойлгохоор заасан тул Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад заасан зөвшилцөх ажиллагаа хэрэгжээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д зааснаар төрийн захиргааны албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагч тул түүнийг төрийн жинхэнэ албанаас халах, ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд аймгийн Засаг дарга нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад зааснаар биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагатай зөвшилцөн тухайн биеийн тамир спорт хорооны удирдлагыг чөлөөлөх эрх нь хэрэгжихээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Завхан аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнгийн ажилгүй байсан 87 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4.546.098 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 заасны дагуу Д.Чойжилсүрэнгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчЗавхан аймгийн Засаг даргад даалгах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Д.Чойжилсүрэнг тус аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Чойжилсүрэнгийн ажилгүй байсан 87 хоногийн цалин 4.546.098 төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Засаг даргаддаалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чойжилсүрэнд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР