Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1132

 

 

 

 

 

 

 

Ц.Сайнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/03121 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Ц.Сайнжаргалын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Х.Алтангэрэлд холбогдох

                                                                                                                     

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Ц.Сайнжаргал,

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Даваасүрэн,

         Хариуцагч: Х.Алтангэрэл,

         Хариуцагчийн өмгөөлөгч: А.Батбаатар,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Х.Алтангэрэлтэй анх танилцаж 2007 оноос хамт амьдарч эхэлсэн. Анх бид хоёрт эд хөрөнгө юу ч байхгүй, хамаатных нь хашаанд гэр бариад амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2010 онд охин А.Цацрал төрсөн бөгөөд би өөрөө өмнө нь хүү Э.Энхсайханыг төрүүлсэн байсан. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, 4-29 тоотод 2014 он хүртэл 7 жил хамт амьдарсан. Бид хоёр 2009 онд Худалдаа хөгжлийн банкинд Х.Алтангэрэлийн нэр дээр 2 000 000 төгрөгийн хадгаламж нээлгэсэн. Данс нээлгэхэд би хамтран эзэмшигчээр орох гэсэн боловч Х.Алтангэрэл дургүйцсэн. Би өөрөө багш мэргэжилтэй, мэргэжлээрээ ажилладаг цалингаа гэрийнхээ хэрэгцээ үр хүүхэддээ зарцуулдаг байсан. Сүүлийн 2 сарын хугацаанд Х.Алтангэрэл нь байнга намайг 2 хүүхдийн хамт гэрээсээ хөөж, маш их дарамтанд амьдарч байна. Иймд бидний хамтын амьдралтай байсныг тогтоож, охин А.Цацралд хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө болох 2013 онд 8 000 000 төгрөгөөр авсан автомашин, 2014 онд 22 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6-21 тоотод байрлах хашаа байшингаас надад болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Сайнжаргалтай 7 жил хамт амьдарсан. Бидний дундаас 2010 онд охин А.Цацрал төрсөн. Охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.  Харин эд хөрөнгийн тухайд би өөрийн цалингаас хуримтлал үүсгэж байгаад “Ниссан” маркийн 98-63 УНУ улсын дугаартай автомашиныг болон Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6-21 тоотод байрлах хашаа байшинг авч байсан. Эдгээр хөрөнгийг авахад Ц.Сайнжаргалын оролцоо байгаагүй. Миний цалин 7 жилийн хугацаанд 90 000 000 орчим төгрөг болсон. Би өөрийн хуримтлалаас гадна өрх гэрээ тэжээн тэтгэх үүргээ сайн биелүүлж ирсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй тул дундын эд хөрөнгө гэсэн зүйл байхгүй. Иймд дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Далх овгийн Хорлоогийн Алтангэрэлээс 28 295 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Баяжих овгийн Цэрэндуламын Сайнжаргалд олгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Алтангэрэлээс 2010 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А.Цацралыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшишийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан cap бүр тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Алтангэрэл зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Сайнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 229 225 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 299 425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Сайнжаргалд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2009 онд Худалдаа хөгжлийн банкинд 2 000 000 төгрөгийн хадгаламж нээсэн бөгөөд тухайн хадгаламждаа өөрийн цалин болон бусад орлогыг бага багаар хуримтлуулан 2014 оныг хүртэл хадгалсан. Уг хадгалсан мөнгөөрөө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6-21 тоотод байрлах хашаа байшин, “Ниссан” маркийн 98-63 УНУ улсын дугаартай автомашиныг худалдаж авсан. Миний 7 жилийн дундаж цалин 90 000 000 орчим төгрөг болж байгаа. Энэ нь миний нийгмийн даатгалын бичилт болон бусад холбогдох баримтуудаар тогтоогдоно. Миний бие нэхэмжлэгч Ц.Сайнжаргалтай хамтран амьдарч байсан нь үнэн бөгөөд энэ нь бидний эд хөрөнгө холилдсон гэсэн үг биш юм. Шүүх өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө бий болсон байна гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийн яг ямар эд хөрөнгө, яг хэдэн төгрөг, хэзээ, ямар шугамаар миний эд хөрөнгөтэй нийлж салгаж болохгүй эд хөрөнгө бий болсныг нотолж, нотлох баримтад тулгуурлаж шийдвэр гаргах ёстой гэж би үзэж байна. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үнэн бодитой талаас нь дүгнэлгүй шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

           

ХЯНАВАЛ:

 

Шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ц.Сайнжаргал нь хариуцагч Х.Алтангэрэлд холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах шаардлагын талаар маргасан байна.

 

Зохигчид 2007 оноос 2016 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд гэрлэлтээ бүртгүүлээгүй амьдарсан болох нь тэдний тайлбараар тогтоогдсон ба 2010 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр охин А.Цацралыг төрүүлжээ. /хх-ийн 7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хамтын амьдралтай байсныг тогтоолгох талаар дурдсан боловч дундын өмчөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлагын үндэслэл гэж тайлбарласан тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

 

Шүүх гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тухай Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж охин А.Цацралыг эцэг Х.Алтангэрэлээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай тус тус нийцжээ.

 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дэх хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Сайнжаргал нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаанд эд хөрөнгө бий болсон тохиолдолд уг хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

            Гэвч маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 6 дугаар гудамжны 21 тоотод байрлах, 499 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 48 м.кв хувийн сууц, “Ниссан нөүт” маркийн 98-63 УНУ улсын дугаартай автомашинууд нь хариуцагч Х.Алтангэрэлийн өмчлөлд бүртгэлтэй байна. /хх-ийн 28-29, 32-35 дугаар тал/

 

            Дээрхи эд хөрөнгүүдийг хариуцагч Х.Алтангэрэлийн цалингаас болон хадгаламжийн мөнгөөр худалдаж авсан талаар талууд тайлбарласан ба нэхэмжлэгчийн өмчлөлийн  эд хөрөнгөтэй нийлж  холилдох, засан сайжруулах, дахин байгуулах зэргээр дээх хөрөнгүүд  бий болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад зохигчдын эд хөрөнгө нийлж холилдсоны үр дүнд бий болсон гэж дүгнэж хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй  дээрх хөдлөх болон үл хөдлөх  эд хөрөнгөөс 28 295 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасантай нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Сайнжаргал нь өөрийн цалингаар өрх гэрийн  зардал, хэрэгцээг хангаж байсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүйгээс гадна  уг нөхцөл байдал Х.Алтангэрэлийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгүүдийг бий болоход хөрөнгөө нийлүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй, эд хөрөнгүүдэд ямар байдлаар хөрөнгө оруулсан болох нь баримтаар нотлогдоогүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэх  боломжгүй юм. Иймд дундын өмчөөс ногдох хэсэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хэдийгээр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хамтран амьдрах явцад бий болсон хөрөнгө тул өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна гэх боловч гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагч нарын харилцаанд Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваарилуулахаар шаардах эрх үүсэхгүй.

 

            Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хамруулдаг байна.

 

            Иймд нэхэмжлэгч Ц.Сайнжаргал нь маргааны зүйл болсон эд хөрөнгөөс өөрт болон хоёр хүүхдэд ногдох хэсгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж шаардах эрхгүй болно.

 

            Шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагааг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж шийдвэрлэх шаардлагагүй ба тус алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу явуулах үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                                                                              

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/03121 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай хариуцагч Х.Алтангэрэлд холбогдох нэхэмжлэгч Ц.Сайнжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

3 дахь заалтыг хүчингүй болгож,

 

4 дэх заалтыг “3” болгон, “… хариуцагч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 299 425 төгрөг …” гэснийг “… хариуцагч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Х.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                         ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                                                                                                                                         

                                                                                              Г.ДАВААДОРЖ