| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01028/И |
| Дугаар | 00928 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 9-4 тоотод оршин суух Боржгон овогт Дамбацэрэнгийн Даваа /ФЖ: 69030413/
Н.Батсоёлыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Даваа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Даваа би 2015 оны 08 дугаар сарын 08-нд Н.Батсоёлд картын бараа тараана гээд гуйсны дагуу 1 866 500 төгрөгийн бараа материалыг зээлээр өгсөн. Түүнээс хойш мөнгийг бага багаар өгч байгаад сүүлдээ өгөхгүй болсон. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч олдохгүй, оршин суугаа хаягтаа байхгүй учир эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Даваа нь Н.Батсоёлыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Н.Батсоёл нь Д.Даваагаас картын бараа зарахаар 1 866 500 төгрөгийн үнэ бүхий гурил, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг зээлээр авсан ба төлбөрийн үлдэгдэл мөнгөө авахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа байдаггүй, олдохгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон гэсэн хүсэлт гаргагчийн тайлбар нь “Н.Батсоёл би 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Даваа ахад өр буюу зээлсэн барааны мөнгө 1 400 000 төгрөгөө хүүтэй нь цуг өгнө. Н.Батсоёл“ гэсэн гар бичвэр, Д.Даваагийн нэхэмжлэлтэй Н.Батсоёлд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иймд Нямаа овогт Батсоёл нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.
Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нямаа овогт Батсоёл /ПВ:86102931/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Н.Батсоёлыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.
3. Н.Батсоёл нь Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоот 1-1 тоотод оршин сууж байсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгт ийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ