| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 102/2024/06954/И |
| Дугаар | 210/МА2026/00825 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00825
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00120 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг 58,422,740 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн 35,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
******* бид хоёр 2006 нийлж 18 жил хамт амьдраад 2023.03.23-ны өдөр хань минь нас барснаар хамтын сайхан амьдрал дууссан. Учир нь хүү ******* ажил явдлын дараа 2024.07.10-ны өдөр машиныг минь байрны гаднаас хулгайлж авч явсан, зуслангийн байшингийн цоожийг сольж, ханийн хамт амьдарч байсан орон сууцнаас намайг хөөж гаргасан. Ханийн өмчлөлийн 2 өрөө орон сууцанд бид амьдарч нас барах хүртэл нь асарч байхад ганц хүү нь эцгийгээ асрах бүү хэл амьдралд нь өдрийн од шиг үзэгддэг байсан ч тэрээр өвлөгч учраас би орон сууцнаас нүүсэн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдралын явцад хөрөнгөө нийлүүлэн зуслангийн байшин, автомашинтай болсныхоо ногдох хэсгийн үнийг шаардах эрхтэй гэж үзэж байна.
Зуслангийн байшингийн хувьд 2016 онд би 8,000,000 төгрөгийн, нөхөр 10,000,000 төгрөгийн зээл авч худтай ярьж байшингаа бариулахаар тохиролцож барьж эхэлсэн. Байшин барих явцад мөнгө их орж зээлсэн мөнгө дууссан тул худын лангуунаас 8,000,000 төгрөгийн бараа зээлж байшингийн гадна талыг, ээжээсээ 4,000,000 төгрөгийг зээлж өөрсдийн цалинг нэмж байж байшингаа дуусгасан. Мөн би 2 дүүгээсээ тус бүр 1,500,000 төгрөгийг зээлж, хань үлдэгдэл 3,000,000 төгрөгийг цалингаасаа төлсөн. 2017.08.18-нд би дахин 12,100,000 төгрөгийн цалингийн зээл авч зээлсэн мөнгөө төлж, нөхөр гадна дотор талын зарим зүйлээ гүйцээсэн ба нийт 42,422,000 төгрөгөөр боссон. Үүний 14,000,000 төгрөгийг *******, би 42,422,000 төгрөгийг гаргасан учир ногдох хэсгийн үр шимийг өмчлөх эрхтэй гэж үзэж байна.
Автомашины тухайд бид 2022.03.23-ны өдөр ******* маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авсны үнээс би 15,000,000 төгрөгийг, нөхөр 25,000,000 төгрөгийг тус тус данснаасаа шилжүүлсэн. Нөхрийн данснаас шилжүүлсэн 25,000,000 төгрөгийн 6,000,000 төгрөгийг би хуримтлуулж байсныг нөхрийн дансанд нэмж хийсэн, 9,800,000 төгрөг нь миний *******маркийн автомашиныг худалдсаны мөнгө байсан. Ингэж худалдан авсан 40,000,000 төгрөгийн 30,000,000 төгрөг надаас, нөхрөөс 10,000,000 төгрөг гарсан ба автомашиныг би унаж амьдралдаа хэрэглэгдэг байсан. Гэвч нөхрийн хүү ******* автомашиныг авч явсан.
Иймд зуслангийн байшингийн үнэ 28,422,740 төгрөг, автомашины үнэ 30,000,000 төгрөг, нийт 58,422,740 төгрөгийг *******гоос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Би 1987 онд төрсөн ба *******гийн төрсөн хүү. Аав ******* 2023.03.23-ны өдөр нас барсан ба ******* гэдэг хүнтэй миний аав гэрлэлтийн баталгаа, үр хүүхэдгүй ба аавыг нас барахаас сүүлийн 2 сарын хугацаанд тусдаа амьдарч байсан, нас барах үед нь хамт байгаагүй. Аав минь 2020 онд намайг уурхайд ажиллаж байхад "миний хүү яаралтай хотод ир, аав нь хүүдээ бүх зүйлээ шилжүүлэхгүй бол ******* авна гэж сүрдүүлж байна" гэж байсан нь хэд хэдэн удаа болсон. Намайг аавтайгаа уулздаггүй гэж байгаа ч *******г ээлжийн ажилтай эсвэл баяр ёслолын үеэр хүүхдүүд, ач нартай нь уулзуулдаг байсан. Биднийг хамт байх үед ******* хэрүүл хийж, төвөг уддаг байсан. Би *******гийн ганц хүүхэд тул аавын хөрөнгийг өвлөж авсан. Гэтэл нэхэмжлэгч нь зуслангийн байшинг дундын өмчийн хөрөнгө гэж үндэслэлгүй нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь зуслангийн газрыг 2001 онд аавд эзэмшүүлэхээр олгогдсон ба ******* нь 2016, 2017 онд зээл авч хөрөнгө оруулсан гэдэг нь үндэслэлгүй, харин эцэг минь 2016 онд өөрөө банкнаас зээл авч байшингаа барьж эхлэн намар нь байшингийн ажил дууссан.
******* маркийн тээврийн хэрэгслийг 2022.03.23-ны өдөр эцэг ******* өөрөө худалдаж авсан ба *******гийн гэгдэх *******маркийн тээврийн хэрэгслийг ч аав худалдаж авсан байх магадлалтай. Аав маань "*******" ХХК-ийг үүсгэн байгуулсан ба *******д 105,675,000 төгрөгийг өгсөн, хөрөнгө оруулсан гэх 15'000'000 төгрөг нь аавын компанийн орлогоос хамааралтай. Энэ эх үүсвэрийг үндэслэн ******* тээврийн хэрэгсэлд хөрөнгө оруулсан байх боломжгүй ба тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* байсныг би өвлөн авсан. Нэхэмжлэгч нь нэхэмжилж байгаа зүйлдээ хөрөнгө, мөнгө гаргаснаа нотлоогүй ба бүртгэлгүй тул түүнийг өмчлөх эрхтэй гэж үзэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
*******гийн хууль бусаар авсан *******гийн хуулийн дагуу өвлөн авсан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* байрны ******* тоот орон сууцны хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 8,920,000 төгрөгийг гаргуулах, мөн нэхэмжлэгч нь *******гийн эзэмшлийн Хаан банкны *******тоот данснаас 2023.03.26-ны өдөр 2,800,000 төгрөг, 31-д 3,890,000 төгрөг, 04.30-ны өдөр 140,000 төгрөгийг өөртөө авсныг буцаан гаргуулах хүсэлттэй байна. Мөн ******* нь 2022 онд БГД ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* давхрын ******* тоот ******* м.кв автозогсоолыг *******аас 20,000,000 төгрөгөөр худалдан авсан ба тухайн үед *******гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Иймд уг автозогсоолын үнэ 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд хариуцагч *******гээс 35,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Би 2023.07 сард хүүд нь хөөгдөж гэр доторх зүйлээ аваад нүүсэн ба гэрийн эд хогшил бид хоёрын 20-иод жилийн хүч хөдөлмөр шингэсэн эд хогшил, бид 2 өөрсдөө бүгдийг бий болгож бүтээсэн. Энэ нэхэмжилсэн 8,9 сая төгрөг нь эд зүйлд хүрэхгүй гэж бодож байна. Талийгаачийн эзэмшлийн ХААН банкны *******тоот данс, мөн долларын дансан дахь мөнгийг авсан ба бүх мөнгийг талийгаачийн буяны болон 49 хоног хураах зан үйлд хэрэглэсэн. Мөн түрээс, байрны мөнгө, зэрэгт зарцуулсан өөртөө нэг ч төгрөг зарцуулаагүй. Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* байрны ******* давхрын ******* тоот ******* м.кв автозогсоолыг бид 2 түрээсэлж байгаад *******аас худалдаж авсан, худалдаж авахдаа хоёр хувааж төлбөрийг нь өгсөн. Энэ нь бид хоёрын дундын өмч байсан, нөхөр маань амьдадаа намайг нэг ч болов өмчтэй бол гээд миний нэр дээр автозогсоолын гэрчилгээг 2022 онд гаргуулж өгсөн. Иймээс сөрөг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч *******гоос 24,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,622,740 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс 6,830,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 28,920,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч *******гоос улсын тэмдэгтийн хураамжид 281,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч *******гээс 124,230 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 450,064 төгрөг, хариуцагчийн төлсөн 336,700 төгрөгийг улсын орлогод тус тус үлдээж шийдвэрлэжээ.
6.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд шүүх, Зуслангийн байшин барихад би хөрөнгө оруулсан, барилгын материал, материалын үнэ, ажлын хөлс төлж байсан нь нийт 42,422,000 төгрөг болсноос би 28,422,470 төгрөгийг гаргасныг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, гэрчийн мэдүүлгээр тогтоогдохгүй гэж шийдвэрлэсэн нь алдаатай, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадсангүй. Гэрч *******ын мэдүүлэгтээ ...2016 онд барьсан, би барилгын материалын худалдаа эрхэлдэг. Барилга барих 3 хүн авч очсон. Барилгын материалыг би бүгдийг нь зөөж бариулсан. Зургийг нь Зоригоо өөрөө гаргаж өгсөн. 8x8 харьцаатай байшин бөгөөд намагтай газар байсан. Суурийг нь экскаватораар ухуулаад арматурчлаад цутгасан, мөнгө байхгүй, *******, ******* зээл авч төлнө гэсэн, материалуудыг заримыг нь сүүлд өгнө гэж надаас авч байсан, 40 гаруй сая төгрөг болсон, ******* болон *******гийн эх тэтгэврийн зээл авч өгсөн..." гэж тодорхой мэдүүлсэн. Нотлох баримтад гэрчийн мэдүүлэг багтдаг бөгөөд гэрчийн мэдүүлгийг дансны хуулга зэрэг бусад нотлох баримттай уялдуулан үнэлээгүй. Шүүхээс цалингийн зээл нь барилгад зарцуулагдсан эсэхийг нотлоогүй гэсэн нь цалингийн зээл авсан хугацаа нь зуслангийн байшингийн барилгын ажил явагдсан хугацаатай давхцаж байгаа, барилгын материал болон ажлын хөлс төлөгдөж байсан бодит нөхцөл байдлыг гэрч мэдүүлсэн зэргийг огт анхаарсангүй. Иймд гомдлыг хангаж 28,422,740 төгрөгийг *******гоос шаардах үндэслэлтэй гэж үзэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх *******гийн эзэмшлийн Хаан банкны *******тоот данснаас авсан 6,830,000 төгрөгийг нэхэмжлэгч дур мэдэн авч ашигласан тул *******гийн хууль ёсны өв хүлээн авагчийн шаардлагыг хангах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь талийгаачийн эгч дүүсийн зөвшөөрлөөр банкны картыг ашиглан авсан мөнгийг талийгаачийн буяны ажилд хэрэглэснээ нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлээс 6,830,000 төгрөгийг хангасныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн амаар тайлбарласан болон нэхэмжлэлдээ бичсэн үнийн дүнгээр зардал гаргасан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Зуслангийн байшинг барих зорилгоор ээжийнхээ тэтгэврийн зээлийг авахуулсан гэх боловч ******* нь өөрийн охины сургалтын төлбөрийг төлөхөөр зээл авчихаад зуслангийн байшинд зарцуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь талийгаачийн данснаас дур мэдэн мөнгө авсан талаараа маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Талийгаачийн ганц хүү болох хариуцагч ажил явдлыг ганцаараа гардан хийсэн тул нэхэмжлэгчийн зүгээс ажил явдалтай холбоотой зардал гараагүй учраас энэ талаар эс зөвшөөрч маргадаг гэжээ.
8.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбарыг буруу тодорхойлж хариуцагчаас автомашины үнэ 24,800,000 төгрөгийг гаргуулах болон автозогсоолын үнэ, гэрийн эд хогшлын үнэ зэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
******* маркийн ******* улсын дугаартай автомашины төлбөр 2022.03.23-ны өдөр хийгдсэн баримтаас үзэхэд ******* нь *******д 9,800,000 төгрөгийг автомашины төлбөрт шилжүүлсэнд 25,000,000 төгрөг багтаж байна гэжээ. Мөн 2022.02.28-ны өдөр шилжүүлсэн 6,000,000 төгрөг нь 03.23-ны өдрийн автомашины төлбөрт орсон эсэх нь эргэлзээтэй байх тул ******* автомашины төлбөрт нийт 24,800,000 төгрөгийг автомашинд оруулсан гэж буруу дүгнэж тогтоосон. Нэхэмжлэгч нь автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан гэсэн ч тухайн 2022 онд 27,000,000 төгрөг байсан. Талийгаач нь автомашин худалдсан *******гийн данс руу 2022.03.23-ны өдөр 12,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэх 15,000,000 төгрөгийг талийгаачийн өмнө нь *******д авч өгсөн ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг борлуулсны мөнгийг *******д шилжүүлсэн. Мөн талийгаачийн данснаас шилжсэн 9,800,000 төгрөгийг *******гийн данс руу ороогүй буюу автомашин худалдан авахад зарцуулагдаагүй байдаг нь ******* компанийн *******тоот дансны хуулгаар нотлогдоно. Шүүх тус 9,800,000 төгрөгийг автомашин худалдан авахад зарцуулагдсан гэж нотлох баримтыг буруу үнэлж ******* маркийн автомашины үнийг нэхэмжлэгч дангаар төлсөн мэтээр дүгнэсэн нь уг мөнгийг хариуцагчаас гаргуулсан нь бодит байдалд нийцэхгүй байна.
Автозогсоолын тухайд Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* байрны ******* давхрын ******* тоот ******* м.кв автозогсоолыг талийгаач ******* нь *******аас 20,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *******тоот данснаас *******ын эзэмшлийн ******* тоот дансанд төлснийг ******* нь анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа миний нөхөр амьдадаа миний хань нэг ч болов өмчтэй бол гэж надад автозогсоолын гэрчилгээг 2022 онд гаргуулсан гэж зөвшөөрдөг ба маргадаггүй. Шүүх энэ үйл баримтыг буруу дүгнэн автозогсоол нь нэхэмжлэгчийн дангаар өмчлөх хөрөнгө мэт үзэж хууль зүйн дүгнэлт огт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн.
Эд хогшлын тухайд *******гийн хууль бусаар авсан *******гийн хуулийн дагуу өвлөн авсан Баянгол дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* байр ******* тоот орон сууцны гэрийн эд хогшлыг бүгдийг нь зөвшөөрөлгүй авч явсныг зөвшөөрдөг ба маргадаггүй. Эд хөрөнгийг өвлөх эрхийн хувьд хамтран амьдрагч биш төрсөн хүү нь түүний хууль ёсны өвлөгч авах эрхтэй атал энэ талаар шүүх зөв дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэл, нотлох баримтын талаар огт шүүхийн шийдвэрт тусгаагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
9. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг дэмжиж байна. Машин авахад зарцуулсан мөнгийг би тэтгэвэртээ гарахад олгосон тэтгэмж 27,000,000 төгрөгөөс автомашин авч байсан. ******* маркийн загвартай автомашиныг зараад өөр автомашин авна гээд тэр мөнгөнд нэмэрлэсэн. Манай машин 20,000,000 төгрөгийн үнэтэй биш 42,000,000 төгрөгийн үнэтэй байсныг яриад 40,000,000 төгрөгөөр авч байсан Евро стандартын зөв рультэй машин байсан болохоор тухайн үедээ үнэтэй байсан. Миний тэтгэврийн тэтгэмж буухад ******* руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 15,000,000 төгрөг өгсөн, мөн автомашиныг зараад 9,800,000 төгрөгийг өгөөд авсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, зохигчийн давж заалдах гомдлоос нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******той хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгийн өөрт ногдох хэсэг буюу зуслангийн байшинд оруулсан 28,422,740 төгрөг, автомашинд оруулсан 30,000,000 төгрөгийг түүний хөрөнгийг өвлөн авсан хүү *******гоос нь гаргуулахаар түүнд холбогдуулан 58,422,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь миний аавтай гэрлэлтийн баталгаагүй, зуслангийн байшин болон автомашиныг аав маань өөрийн хөрөнгөөр бий болгосон ба би хөрөнгүүдийг хууль ёсоор өвлөн авсан гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан аав *******г нас барсны дараа ******* аавын байрнаас нүүхдээ гэрийн эд хогшлыг авч явсны үнэ 8,920,000 төгрөг, аав *******гийн харилцах данснаас зөвшөөрөлгүй авсан 6,830,000 төгрөг, аавын худалдан авч *******гийн өмчлөлд бүртгэгдсэн автозогсоолын үнэ 20,000,000 төгрөг, нийт 35,750,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, намайг талийгаачтай нийлэх үед байсан гэрийн эд хогшлыг тухайн үед хүүд нь өгсөн, гэрт байсан эд хогшил бол хамтын амьдралын үед бий болсон хөрөнгө, дансанд байсан мөнгийг талийгаачийн буяны зан үйлд зарцуулсан, автозогсоол бол талийгаач бид хамт худалдан авч миний нэр дээр гаргуулсан тул *******д хамааралгүй гэж тайлбарласан байна.
3.*******, ******* нар 2006 оноос 2023.03.23-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан ба энэ хугацаанд зохигчийн маргаж буй Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* ийн гудамжинд байх ******* м.кв зуслангийн зориулалтай эзэмших эрхтэй газар, тус газарт баригдсан ******* м.кв хувийн /улсын бүртгэлд бүртгэгдсэн баримтгүй/ сууц, мөн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл, мөн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* тоот ******* өрөө орон сууцанд байсан гэрийн эд хогшил, мөн Баянгол дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* байрны ******* давхрын ******* тоот, ******* м.кв автозогсоолыг тус тус бий болгосон гэж үзэхээр байна.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгчийн үнийг нь шаардаж буй зуслангийн байшингийн газрыг талийгаач ******* бусдаас худалдан авч, уг газарт *******, ******* нар 2016 онд зуслангийн байшин барьсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч ******* ын мэдүүлгээр тогтоогдсон ба энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна. Тухайн сууцыг 42,422,000 төгрөгийн өртгөөр барьсны 28,422,470 төгрөгийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбарласнаас 20,100,000 төгрөгөөс бусад зардлыг нэхэмжлэгч гаргасан гэж үзэх баримтгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016.08.23-ны өдөр 8,000,000 төгрөгийн, 2017.08.17-ны өдөр 12,100,000 төгрөгийн зээлийг Хасбанкнаас авсныг зуслангийн байшин барихад зарцуулсан гэж тайлбарлажээ. Энэ тухай гэрч ******* ...байшинг 2016 онд барьсан ... барилгын материалыг би бүгдийг нь зөөж бариулсан ... Зоригоо өөрөө зургийг нь гаргасан ... байшин барих мөнгийг Зоригоо, ******* зээл авч төлнө гэсэн ... 40 гаруй сая төгрөг болсон ... материалын заримыг нь сүүлд өгнө гэж надаас авч байсан ... барилгын материалын үнийг ******* болон *******гийн эх тэтгэврийн зээл авч өгсөн ... гэж мэдүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т зааснаар үнэн зөв гэж үзнэ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж зааснаар *******, ******* нарын хамтын амьдралын явцад энэхүү хөрөнгө бий болсон, уг хөрөнгийг бий болгоход нэхэмжлэгч хөрөнгө оруулсан байх тул зохигчийн маргаж буй 69 м.кв зуслангийн зориулалтай хувийн сууцыг *******, ******* нар хэлцлийн үндсэн дээр хамтран өмчилсөн гэж дүгнэнэ.
Уг сууц хариуцагчийн мэдэлд шилжсэнд зохигч маргаагүй тул нэхэмжлэгч уг хөрөнгийн өөрт ногдох хэсгийн үнийг мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж хариуцагч *******гоос 20,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
Харин анхан шатны шүүхийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгсэл, Баянгол дүүргийн ******* хороо, ******* хорооллын ******* байрны ******* давхрын ******* тоот, ******* м.кв автозогсоолын өмчлөлийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаарх дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.Талийгаач ******* 2023.03.23-ны өдөр нас барсан бөгөөд түүнийг нас барах үед Хаан банкин дахь түүний эзэмшлийн *******тоот дансанд хариуцагчийн шаардаж буй 6,830,000 төгрөг байгаагүй байна. Тус дансны хуулгаас үзэхэд 2023.03.26-ны өдөр /700,000+2,000,000/ 2,700,000 төгрөг, 27-ны өдөр 2,800,000 төгрөг, 31-ний өдөр /850,000+218,000/ 1,068,000 төгрөг, 04.28-ны өдөр 144,659 төгрөгийн буюу нийт 6,712,659 төгрөгийн орлого оржээ. Тус мөнгөн орлогоос 2023.03.26-ны өдөр 2,800,000 төгрөгийн, 31-ний өдөр 3,890,000 төгрөгийн, 04.30-ны өдөр 140,000 төгрөгийн буюу 6,830,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн тухайд нэхэмжлэгч маргаагүй, уг мөнгөн хөрөнгөөс талийгаач *******гийн буяны ажилд 6,690,000 төгрөгийг зарцуулж, 140,000 төгрөгийг байрны ашиглалтын зардалд тус тус зарцуулсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талийгаач *******гийн дансан дахь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь түүний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар захиран зарцуулсан гэж тодорхойлсон боловч тус 6,830,000 төгрөг нь талийгаач *******г нас барах үед түүний дансанд байгаагүй, нас барсны дараа уг дансанд шилжсэн байх тул хариуцагч *******д Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлөгдвөл зохих хөрөнгө гэж үзэхээргүй байна. Иймд уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хууль бусаар захиран зарцуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчээс 6,830,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулна.
5.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гоос 44,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болон зохигчийн хооронд үүссэн маргааны шаардах эрхэд үл хамаарах Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг шийдвэрт баримталсныг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/00120 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гоос 44,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 13,522,740 төгрөгийн шаардлага болон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******гээс 35,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 450,064 төгрөг, хариуцагчийн төлсөн 336,700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 382,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 430,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас төлсөн 334,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Э.ЭНЭБИШ