Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Яргуйт баг Хөтөлийн 3 дугаар гудамжны 6 тоотод оршин суух Омогон тайж овогт Бадамсэдийн Дарамбазар /ФА: 52070174/

Ч.Энхжаргалыг эрэн сурвалжлах, Монгол Улсын хилээр нэвтрэн гаргах эрхийг хориглуулах тухай  хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Дарамбазар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч Б.Дарамбазар шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бадамсэд овогтой Дарамбазар би Чойдог овогтой Энхжаргалд холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг танай шүүхэд өгсөн билээ. Гэтэл Ч.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүү, Улаанбаатар хотын хооронд байнга наймаа хийдэг. Эрдэнэт хотод ирээд нэхэмжлэлд дурьдсан 3-9-99 тоотод байдаг ээж Нямаагиийндаа байнга ирдэг. Мөн Баянцагаан багийн 6-19 тоотод эгч Ч.Энхтуяагийндаа байнга ирж очдог юм. Энэ хүмүүс нуугаад байдаг. Иймд Ч.Энхжаргалыг эрэн сурвалжилж хаяг нь тогтоолгох шийдвэр гаргаж өгнө үү. Мөн Монгол Улсын хилээр нэвтрэн гаргахыг нь хориглож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хүсэлт гаргагч Б.Дарамбазар нь Ч.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Б.Дарамбазар нь  Ч.Энхжаргалд 1 500 000 төгрөг зээлүүлсэн мөнгөө буцааж авахаар Ч.Энхжаргалын хаягаар гэрт нь очиход уг хаягт оршин суудаггүй, тухайн үед холбоо барьж байсан утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэдэг тул эрэн сурвалжлуулах   хүсэлтэй гэж тайлбарлаж байна. Түүний тайлбар нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШЗ2016/03499 дугаартай шүүгчийн захирамжаар нотлогдож байна.

Иймд Чойдог овогтой Энхжаргал  нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.

Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.

 

 Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Чойдог овогтой Энхжаргал /ФМ:70021401/-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ч.Энхжаргалыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.

            3. Ч.Энхжаргал нь Орхон аймаг Баянцагаан баг хуучин хороо 6 дугаар гудамж 19 тоот мөн Уурхайчин баг 3-9-99 тоотод оршин суудаг байх магадлалтай  болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ