Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00832

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/00536 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 36,867,905 төгрөг гаргуулах, зоорийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, хохиролд 63,140,127 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2023.10.05-ны өдөр ******* ХХК-тай Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 21-р хороо, ******* /17131/ 930 тоот хаягтай зоорийг сарын 5,000,000 төгрөгөөр түрээслүүлсэнг ******* ХХК нь түрээсийн төлбөрт 9,500,000 төгрөг төлсөн ба 2024.01.03-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй. Мөн намайг автомашиныг нь хулгайлсан, дээрэмдсэн гэж гүтгэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хадгалж байсан байцааг нь намайг муутгасан гэсэн тайлбар хэлдэг. Зоорийг түрээслүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлахаар удаа дараа мэдэгдсэн ч одоог хүртэл зоорийг чөлөөлж өгөхгүй байна.

******* ХХК нь гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 2024.04.17-ны өдрийг хүртэл 6 сар, 11 хоногийн түрээсийн төлбөрт 31,774,193 төгрөг төлөхөөс 9,500,000 төгрөг төлснийг хасч 22,274,190 төгрөгийг төлөх үүрэгтэй. Гэрээний 4.4-т төлбөрөө хугацаанд төлөөгүй бол алданги төлөхөөр заасан тул алданги 10,342,500 төгрөг гаргуулна. Мөн гэрээний 1.4-т зааснаар гэрээний хугацааны цахилгааныг түрээслэгч хариуцах тул ******* ХХК нь зоорийг ашигласан 2024.01-03 сарын хугацааны цахилгааны төлбөрийг төлөөгүй ба 4,251,215 төгрөг болсныг гаргуулна. Иймд нийт 36,593,215 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд 2023.10.05-ны өдөр Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн зооринд манай 500 орчим тонн байцааг 2023.10.09-ний өдөр хадгалуулсан ч намар нь зоорийн хөргүүр зохих хэмжээнд ажиллаагүйгээс агаарын температур, чийгшил их байснаас болж хадгалуулсан байцаа 2023.10.27-ны өдөр гэхэд ялзарч муудсан. Мөн өвлийн саруудад зоорийн халаагч тень ажиллаагүйн улмаас үлдсэн байцаа хөлдөж компанид их хэмжээний хохирол учирсан. Мөн зоорийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК нь нэхэмжлэгчийн зооринд түрээсийн гэрээний дагуу 500 тонн байцааг 2023.10.09-ний өдөр хадгалуулсан ба зоориноос ******* маркийн автомашинаар байцаагаа борлуулахаар зөөсөн. Гэтэл намар нь зоорийн хөргүүр зохих хэмжээнд ажиллаагүйгээс агаарын температур, чийгшил их байснаас болж хадгалуулсан байцаа 2023.10.27-ны өдөр гэхэд ялзарч муудсан. Мөн өвлийн саруудад зоорийн халаагч тень ажиллаагүйн улмаас үлдсэн байцаа хөлдөж компанид их хэмжээний хохирол учраад байна. Нэхэмжлэгч нь манай 63 тонн буюу 1,000 гаруй шуудай байцааг барьцаалж үлдсэн ба ажилтнуудыг зоорь руу нэвтрүүлэхгүй байснаас болж үлдсэн байцаа бүгд ялзарч муудсан байсан. Шүүхийн хийсэн үзлэгээр зооринд орох үед тэнд хадгалагдаж байсан байцаа муудаж хоорондоо наалдаж ялзарсан байдалтай байсан. Нэхэмжлэгч хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба нийт 402 тонн байцаанаас 263 тонн байцааг борлуулж, 75 тонныг үнэ төлбөргүй малын тэжээлд өгсөн. Иймд үлдсэн 63 тонн байцааг 1 кг-ийг 1000 төгрөгөөр үнэлээд 63,140,127 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 12,335,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, 24,257,421 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар нэхэмжлэгч *******оос 63,140,127 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан зоорины агуулахыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 412,490 төгрөг, хариуцагчаас төлсөн 473,650 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212,322 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт Үзлэгийн тэмдэглэлээр агуулахад шуудайтай байцаа муудаж ялзарсан гэх нөхцөл байдал илэрсэн хэдий ч тухайн байцааг нэхэмжлэгч саатуулан авч үлдсэн, улмаар агуулах руу хариуцагчийг нэвтрүүлээгүй буюу үлдэгдэл байцааг авах боломж олгоогүй гэж үзэх үйл баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна гэжээ.

Мөн хариуцагч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* ХХК нь 2023.10.05-ны өдөр *******той байгуулсан зоорийн түрээсийн гэрээгээр түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 21-р хороо *******гийн ******* тоот хаягтай зооринд өөрийн компанийн 500 тонн байцааг 2023.10.09-ний өдөр хадгалуулсан. Гэтэл намар нь түрээслүүлэгчийн зоорийн хөргүүрийн агаарын температур, чийгшил их байсны улмаас хадгалуулсан байцаа 2023.10.27-ны өдөр гэхэд ялзарч муудаж эхэлсэн байсан. Өвөл нь зоорийн халаалтын тень ажиллаагүйн улмаас зооринд байсан байцаа хөлдөж, манай компанид их хэмжээний хохирол учраад байна. Нэхэмжлэгч нь манай 63 тонн буюу 1000 гаруй шуудай байцааг барьцаалж үлдсэн ба ажилтнуудыг зооринд нэвтрүүлээгүйн улмаас үлдсэн байцаа бүгд ялзарч муудсан байсан.

Шүүхэд маргаан үүссэний дараа шүүхийн журмаар үзлэг хийлгэж зооринд орох боломжтой болж ороход үлдсэн байцаанууд муудаж хоорондоо наалдаж ялзарсан байдалтай байсныг үзлэгээр тогтоосон. Тухайн үед хоорондоо хөлдсөн шуудайнуудыг нэг нэгээр нь салгаж тоолох ч боломж байгаагүй. Нэхэмжлэгч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс ийнхүү ******* ХХК хохироод байгаагаас нийт 402 тонн байцаанаас 263 тонныг нь борлуулж, 75 тонныг үнэгүй тараан малын тэжээлд өгсөн. Иймд нийт борлуулаагүй үлдсэн 63 тонн байцааг 1 кг-ийг 1,000 төгрөгөөр үнэлээд 63,140,127 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зооринд 1,000 шуудай, 60 тонн байцаа байсан нь тогтоогдоогүй буюу чухам хэдэн тонн байцаа байсан нь эргэлзээтэй бөгөөд хариуцагч тал үүнийг нотолж чадаагүй. Шүүгч үзлэг хийсэн бөгөөд хариуцагч талд шинжээч томилуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх боломж байсан ч тухайн боломжоо ашиглаж, шүүхэд хүсэлт гаргаагүй. Зоорийн хадгалалтын нөхцөлийн асуудлыг түрээслэгч өөрөө хариуцахаар талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан буюу энэ асуудлыг хариуцагч өөрөө хариуцах байсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 36,867,905 төгрөг гаргуулах, зоорийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ...зоорийг 2023.10.05-аас эхлэн сарын 5 сая төгрөгөөр түрээслэхээр тохирсон ч 9,500,000 төгрөгийг төлж 2024.01.03-аас хойш төлөөгүй тул төлөгдөөгүй 22,274,190 төгрөгийг алданги 10,342,500 төгрөгийн хамт, мөн 2024.01-03 сарын цахилгааны төлбөр 4,251,215 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...гэрээний дагуу 2023.10.09-ний өдрөөс 500 тонн байцааг зооринд хадгалсан ба зоорийн хөргүүр ажиллаагүй учир намар байцаа ялзарч муудсан, өвөл зоорины халаалт ажиллаагүй учраас байцаа хөлдөж 63 тонн байцааг ашиглах боломжгүй болж хохирсон гэж тайлбарлаж, нэхэмжлэгчээс тус 63 тонн байцааны үнэд 63,140,127 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэнэ.

 

4.Талуудын хооронд 2023.10.05-ны өдөр байгуулсан Т/1 дугаартай Зоорийн барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ээр хариуцагч тодорхой хэмжээний байцааг 4 сарын хугацаанд нэхэмжлэгчийн зооринд хадгалж, зоорийн ажиллагааг хариуцан ажиллахаар гэрээнд заажээ. Тус зооринд хариуцагч байцаагаа хадгалсан болон байцааны тодорхой хэсэг нь ялзарч муудсан үйл баримтад зохигч маргаагүй байна. Харин зооринд хадгалсан байцаанаас ялзарч, худалдах боломжгүй болсон байцааны хэмжээ, түүний үнийн талаар талууд маргажээ.

Хариуцагчийн тайлбараас үзвэл уг зооринд 500 эсхүл 402 тонн байцааг хадгалсан гэсэн зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргасан ба ******* ХХК-ийн байцаа борлуулалтын баримтын нэгтгэл гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, уг баримтад дурдсанаар нийт 402 тонн байцаанаас 263.86 тонн байцааг борлуулж, 75 тонн байцааг малын тэжээлд зориулан үнэгүй тарааж, зооринд 63 тонн байцаа үлдсэн, 1 кг байцааны үнийг дунджаар 1,000 төгрөгөөр тооцон 63,140,127 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч компани нь зооринд хадгалсан байцааны нийт хэмжээ болон зооринд ялзарч муудсан байцааны тоо, хэмжээг нотолсон баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж өгөөгүй байна. Өмнө дурдсан ******* ХХК-ийн байцаа борлуулалтын баримтын нэгтгэл гэсэн баримтыг шүүх бичмэл нотлох баримтын хэмжээнд бус хариуцагчийн тайлбарын хэмжээнд үнэлнэ. Учир нь уг баримт хариуцагчийн өөрөө үйлдсэн тооцоолол байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад хамаарахгүй юм. Харин тус тооцоололтой хамт ирүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд нь бусдад худалдсан 263 тонн байцаатай холбоотой баримт байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоход ач холбогдолгүй байна.

Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар зооринд тодорхой хэмжээний байцаа байсан, ялзарч муудсан нь тогтоогдсон боловч уг байцаа нь зохигчийн хэний буруутай үйл ажиллагаанаас болж хариуцагч уг байцааг авч чадаагүй, мөн тухайн муудсан тоо, хэмжээг тодорхойлж, учирсан хохирлоо хариуцагч бодитой нотлоогүй гэсэн дүгнэлтийг шүүх хийж, нэхэмжлэгчээс 63,140,127 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн байдалд нийцжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй учир уг гомдлыг хангахгүй.

 

5.Зохигчийн байгуулсан гэрээнд зоорийн талбайг 600 м.кв гэж бичсэн ч нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн 764.7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай зоорийг хариуцагчид бүхэлд нь түрээслүүлсэнд зохигч маргаангүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ба ийнхүү бүртгүүлээгүй бол уг гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлт үндэслэлтэй бөгөөд зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа хүчин төгөлдөр бус болсноор нэхэмжлэгч мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу гэрээний үүрэг хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхтэйг шүүх зөв тодорхойлжээ.

Харин шүүх зохигчийн байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр хариуцагчийн өөрт учирсан хохирлоо шаардах эрхийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамааруулж эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ. Гэрээ хүчин төгөлдөр бус болсон нь үүрэг гүйцэтгэгчийг хүлээсэн үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагчийн хувьд түрээсийн гэрээ хэрэгжих явцад өөрт учирсан хохирлоо арилгуулахаар мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль хэрэглээний болон тогтоох хэсэгт найруулгын зохих өөрчлөлтийг оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэсэн болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШШ2026/00536 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлан ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 12,335,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,257,421 төгрөгийн шаардлага болон нэхэмжлэгч *******оос 63,140,127 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 473,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

Э.ЭНЭБИШ