Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00931

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 11-6а тоотод оршин суух Дүнгээ овогт Рэнчинбатын Тунгалаг /ФБ: 91100546/

С.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай  хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Хүсэлт гаргагч Р.Тунгалаг шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Содномдаржаагийн Мөнхбат нь 2015 оны 11 сард Америк гаргаж өгнө гэж 140 000 төгрөг бичиг баримт хөөцөлдөх мөнгө, 5 000 000 төгрөг Америк улсын визинд орох, 1 600 000 төгрөг виз гарсан тийзны мөнгө гэж нийт 6 470 000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлэн авсан. 2015 оны 11 сараас өдийг хүртэл бүтээсэн зүйлгүй, утас нь холбогдохгүй болж ор тас алга болсон. Иймд Содномдаржаа овогтой Мөнхбатыг эрэн сурвалжлуулж өгч тусална уу гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хүсэлт гаргагч Р.Тунгалаг нь С.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Р.Тунгалаг нь ээж М.Баянцэнгэлийн дансаар, болон бэлнээр С.Мөнхбатад Америкийн нэгдсэн улсын виз гаргуулах, түүнтэй холбогдон гарах бичиг баримтын мөнгө нийт  6 740 000 төгрөг өгсөн, мөнгөө буцааж авахаар С.Мөнхбатын гэрийн хаягаар очиход байхгүй, тухайн үед холбоо барьж байсан утас руу нь залгахаар холбогдох боломжгүй гэдэг тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй гэж тайлбарлаж байна. Түүний тайлбар нь Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар, өөрийнх нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Иймд Содномдаржаагийн Мөнхбат нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд байх бөгөөд оршин суугаа газар нь тодорхойгүй тул оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй.

Эрэн сурвалжлах ажиллагааг 7 дугаар тойргийн Тахарын албаар гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт дурдаж шийдвэрлэв.

 

 Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Содномдаржаагийн Мөнхбат /АЮ:90042276/-ыг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Мөнхбатыг  эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газар, Тахарын ерөнхий газрын харъяа 7 дугаар тойргийн Тахарын албанд үүрэг болгосугай.

            3. С.Мөнхбат нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 99263297, 90980006, 96655981 дугаарын утастай байсан болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                Л.АРИУНЦЭЦЭГ