Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 207/ма2026/00048

 

 

 

 

2026 04 16 207/МА2026/00048

 

 

Н.****ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Э.****д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2026/00584 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Н.****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.****д холбогдох,

“Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүссэн хохирол 1,768,500 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Н.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Сүрэнхүү цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.****ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.**** хариуцагч Э.****д холбогдуулан  гэм хорын хохирол 1,768,500 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...дээд айл болох 57 тоотоос 2025 оны 10 дугаар сарын 6, 11 дүгээр сарын 24, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд нийт 3 удаа ус алдаж миний орон сууцанд тодорхой хэмжээний хохирол учруулсан. Дээрх тохиолдол бүрд удаа дараа тухайн иргэнд мэдэгдэж арга хэмжээ авахыг хүссэн боловч утсаа авахгүй хаалгаа тайлахгүй, утсаа авсан ч өөрт нь хамаагүй гэх байдлаар хандсан учир Н.**** би өөрөө “Эрдэнэт ус”-руу дуудлага өгч тухай бүрд нь арга хэмжээ авч байсан. Надад учирсан хохирлоос болж зарах гэж байсан байрны маань үнэлгээ унасан. Авах гэж тохирсон хүмүүс уг явдлаас болж авахаа больсон гэх мэт тохиолдлууд гарсан. 2025 оны 10 болон 11 дүгээр сард гарсан хохирлыг би өөрийн мөнгөөр засаж янзалсан боловч 12 дугаар сард дахин их хэмжээний хохирол учирсан тул шүүхэд хандаж байна. Иймээс гарсан хохирол болох 1,768,500 төгрөгийг Э.****аас гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-5х/

Хариуцагч Э.**** “....Энэ хүнээс надад хандаж “ус алдлаа” гэж манайд ирсэн бөгөөд ирэхдээ намайг элдвээр харааж зүхэж хэл амаар доромжлоод байсан тул бид тухайн үед учир зүйгээ ололцоогүй.Би өөрийн орон сууцны халуун хүйтэн усны шугам бусад нөхцөл байдлуудыг шалгаж үзэхэд манайхаас ус алдаагүй байсан.Ус алдсан учир нь манайхаас доошоо буюу шалны нэмэх тэмдгээс доош байсан тул би хариуцахгүй” гэсэн агуулгаар тайлбар гаргаж, маргасан./хх24х/

3.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1 Хариуцагч Э.****ын өмчлөлийн Орхон аймаг ****сууцны доторхи шугамаас 2025 оны 10 дугаар сарын 6, 11 дүгээр сарын 24, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд 3 удаа ус алдсаны улмаас 23а байрны 47 тоот буюу Н.****ын өмчлөлд байсан орон сууцанд хохирол учруулсан,

3.2. Н.**** нь Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-иар 2026 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэсэн ба ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 1,618,500 төгрөгөөр тогтоосон,

3.3.Н.**** 23а байрны 47 тоот орон сууцаа 2026 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр худалдах гэрээгээр бусдын өмчлөлд шилжүүлсэн.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг, гэм хорын эрх зүйн хүрээнд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болохыг хариуцагч нотлох үүргийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

 

5. Тодруулбал хариуцагч Э.****ын өмчлөлийн Орхон аймаг ****сууцны доторхи шугамаас 2025 оны 10 дугаар сарын 6, 11 дүгээр сарын 24, 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд 3 удаа ус алдсан болох нь 2025 оны 01 дүгээр сарын 21, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн диспетчерийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

 

5.1 Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.1.1.-д зааснаар орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан.

 

5.2 Хариуцагч “...шалны нэмэх тэмдгээс доош байсан тул манайх хариуцахгүй” гэж маргаж байгаа боловч энэ тайлбар нь Эрдэнэт ус ДТС ОНӨХК-ийн диспетчерийн ...****тоотоос дээрээс ус алдаж байна гэсэн дуудлага 2025 оны 10 дугаар сарын 07-ны 07:42 дуудлага өгсөн, очиж үзлэг хийхэд банны өрөө уян, банн цоорсон байсан тул гэрт аваарын хаалтаар хаасан...47 тоот айлаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны 8 цаг 39 минутад дээд айлаас ус алдсан гэсэн дуудлага 99049524 дугаараас өгснийг ээлжийн засварчин н.Ариунболд дуудлагаар очиж үзлэг хийхэд 23а-57 тоотын халаалтын паарны муфтнаас ус алдаж байсныг тоотод ус хаав.Тухайн айлд материалын түүвэр гаргаж өгсөн” /хх33, 43х/ гэсэн тодорхойлолтуудаар няцаагдаж байгаа бөгөөд хариуцагчийн орон сууцны пар болон банны өрөөны уян, банн зэрэг хөрөнгө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй, тухайн орон сууц өмчлөгчийн хөрөнгөд хамаарахаар байна.

 

6. Анхан шатны шүүх Н.**** нь бусдын өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн боловч гэм хор учирсан цаг хугацаанд нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгч байсан, орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн нь хариуцагчийг гэм хорын үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

7.Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо тодорхойлуулахаар Ашид билгүүн ХХК-д хандсан байх ба тус компани хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 1,618,500 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгч ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 1,768,500 төгрөг нэхэмжилсэн.

7.1 Хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой, шинэ өмчлөгч болох Э.****нарын ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хариуцагч Э.****аас “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайланд үндэслэн 1,618,500 төгрөг, үүн дээр үнэлгээний ажлын хөлс 150,000 төгрөг, нийт 1,768,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.****ад олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 312/ШШ2026/00584 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.****аас гэм хорын хохиролд 1,768,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.****ад олгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д тус тус зааснаар нэхэмжлэгч Н.****ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,146 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.****аас 45,146 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.****ад олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Н.****ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,146 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Б.БАТТӨР

                                                                  ШҮҮГЧ                         Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                         ШҮҮГЧ                         Р.ҮҮРИЙНТУЯА