Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00940

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитатын 82 тоотод оршин суух Олхонууд овогт Дагвадоржийн Очирмаа /ГЮ: 80030500/

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 4-р гудамж 7 тоотод оршин суух Боржигон овогт Алтанхуягийн Уламбаяр /АЭ:77111476/

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Очирмаа , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Очирмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь А.Уламбаяртай 1997 онд танилцаж 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бид 2000 онд таарч тохирохгүй болж 16 жил тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Хүү Эрхэс одоо нас биед хүрч байгаа ба бидний дунд өсөн торнисон. Гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүү Эрхэсийг аав Уламбаярын асрамжинд үлдээнэ. Эвлэрүүлэн зуучлахаар оруулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Учир нь би гэр бүлийн хамт Авсрали улсад амьдрах болсон тул шүүхээр яаралтай гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

      Хариуцагч А.Уламбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгонсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Алтанхуягийн Уламбаяр миний бие Дагвадоржийн Очирмаатай  1997 онд танилцаж 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү болох Эрхэс 1998 онд төрсөн. Бид хоёр 2000 оноос хойш таарч тохирохгүй болж 16 жил тусдаа өөр өөрийн амьдралаар амьдарсан. Бид хоёрын хооронд эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэмжийн асуудал байхгүй. Хүү Эрхэс нь миний бие А.Уламбаярын асрамжинд үлдэнэ. Гэр бүл цуцлалтыг албан ёсоор цуцлахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

            Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Д.Очирмаа нь хариуцагч А.Уламбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамжийг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Очирмаа нь  шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            Зохигчид 1997 онд гэр бүл болж, 1998 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 014/004827 дугаартай 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар, гэрлэгсдийн дундаас 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүү У.Эрхэс төрж, эрүүл өсөж байгаа болох нь хэрэгт авагдсан У.Эрхэсийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн Жаргалант сумын Жаргалант бүрэн дунд сургуулийн тодорхойлолтоор  тус тус тогтоогдож байна.

            Зохигчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2000 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь хамтран амьдрагчтай болж гэр бүлийн өөр харилцаатай болсон, гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа төдийгүй тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч үр дүнд хүрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх хугацаа тогтоохгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс  нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

            Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байх ба хүү У.Эрхэсийг эцэг А.Уламбаярын асрамжинд үлдээх талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн нас өссөн орчин нөхцлийг харгалзан У.Эрхэсийг эцэг А.Уламбаярын асрамжинд байлгахаар шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уламбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Очирмаад олгох   нь зүйтэй байна.

             

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Олхонууд овогт Дагвадоржийн Очирмаа, Боржигин овогт Алтанхуягийн Уламбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү  Уламбаярын Эрхэсийг эцэг А.Уламбаярын асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
  4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.
  5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц  шийдвэрийн хувийг Улсын бүртгэл, статистикийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Мөнхнаранд даалгасугай.
  6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Очирмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Уламбаяраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Очирмаад олгосугай.
  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ