Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2026/00049

 

 

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 207/МА2026/00049

 

 


2026 04 16 207/МА2026/00049

 

 

**** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Т.****т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.****т холбогдох,

“Бетон зуурмагийн төлбөрт 64.870.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр, хариуцагч Т.****, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

**** ХХК нь бетон зуурмагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч Т.****т 2024 оны 08 сард М300 маркийн бетон зуурмаг нийлүүлж, тээврийн хөлс, помпны төлбөр нийт 101,370.000 төгрөгийн бетон зуурмагийг хүлээлгэн өгсөн. Дээрх 101,370,000 төгрөгийн төлбөрөөс цементийн мөнгө 36,500,000 төгрөгийг хасаж тооцон улмаар 64,870,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Гэвч бетон зуурмагийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай компанийг хохироож байна. Бетон зуурмаг нийлүулэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй, харин бетон зуурмагийг 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд бодитоор хүлээлгэн өгч, бараа хүлээлцсэн баримт үйлдэн хариуцагч Т.****оор гарын үсэгзуруулан баталгаажуулсан. Хариуцагч Т.****оос бетоны үнэ 64,870,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй элдэв шалтаг тоочих, утсаа авахгүй байх зэргээр төлбөр төлөхөөс зайлсхийж байх тул хариуцагч Төмөрчөдөрийн ****оос 2024 оны 08 сарын 12, 22-ны өдрүүдэд авсан бетон зуурмагийн төлбөрт 64,870,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.**** шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Манай компани “****” ХХК-ийн гүйцэтгэж байгаа **** апартмент барилгын дотор цахилгаан, холбоо дохиолол, инженерийн ажлыг гүйцэтгэхээр 2024 оны 4 дүгээр сард ярилцаж тохиролцсон байгаа. Ганбаатар захирал ажлын хөлсөнд бетон зуурмаг нийлүүлж болно гэсэн аман яриа хэлцэл хийгээд 2024 оны 4 дүгээр сараас барилгын ажил эхлэхэд манай компани дотор цахилгааны ажлуудыг барилга угсралтын ажилтай уялдуулаад хийж гүйцэтгэж байсан. Барилга угсралтын ажил гүйцэтгэж дуустал манайх цахилгааны ажлыг ярьжтохирсны дагуу цахилгааны ажлыг 75 хувыай хийж гүйцэтгэсэн. “****” ХХК- иас миний бие хувь хүн Г.****ийн хувьд ямар нэгэн гэрээ хийж бетон зуурмаг хувьдаа авсан зүйл байхгүй. Бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцсаны үндсэн дээр манайх бетон зуурмагийг авч хэрэглэхдээ цахилгааны ажил гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө авна гэж ярилцаж тохиролцсоны дагуу 68,870,000 төгрөгийн бетон зуурмаг авч барилга руу нийлүүлсэн. Анх тохиролцохдоо нийт үнийн дүнд тааруулаад бетон зуурмаг нийлүүлнэ гэсэн. “****” ХХК-ийн захиралтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гэж удаа дараа санал тавьсан боловч гадаадад явж байна гэдэг байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэж байна. Манай компани 2013 оноос хойш Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа компани байгаа. “****” ХХК-ийн барьж байгаа барилгын гадна, дотно цахилгааны, дохиолол хамгаалалтын ажлыг хийж гүйцэтгэсэн, ийм тусгай зөвшөөрөлтэй компани юм. 2024 оны 4 дүгээр сард Ганбаатар захиралтай ярьжтохиролцоод ажил эхлээд 2024 оны 11 дүгээр cap хүртэл ажлаа гүйцэтгэсэн. Би бетон зуурмагийг хувьдаа авч ашиглаагүй. Надтай мөнгө төгрөгийн асуудал яриагүй. Шүүхэд дуудагдсан өдрөө 64,870,000 төгрөгийн өртэй байгаагаа мэдсэн. Манайх ажлаа хийж байхдаа “****”ХХК-иас нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Нийлүүлсэн бетон зуурмагийг ажлын хөлсөндөө ярьсандаа олгогдож байна гэж ойлгож явсан байгаа гэв.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “****” ХХК-ийн захирал ****нэхэмжлэлтэй Т.****т холбогдох 64,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухай: Нэхэмжлэгч **** ХХК болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар 2 удаа хүсэлт гаргасан бөгөөд эдгээр хүсэлтүүдийг шийдвэрлээгүй бөгөөд лавлан асуухад 2026 оны 03 сарын 12-ны хурлаараа хүсэлтийг шийдвэрлэнэ гэсэн тул 2026 оны 03 сарын 10-13-ны хооронд 4 өдөр үргэлжилсэн П.Түвшинжаргал нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байсан тул 2026 оны 03 сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэх тул биечлэн оролцохгүй эзгүйд уг хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсч хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170-р зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжинд гомдол гаргах эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулдаг. Гэтэл 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би зөвхөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхэд эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсч хүсэлт гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг эзгүйд явуулж өгөх хүсэлт огт гаргаагүй, шүүх хуралдаантай талаараа баримтаа хавсаргасан. Иймд миний эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн нь мөн л хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.2 дахь хэсэгт “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэсэн үндэслэлд хамаарч байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт үндэслэлгүй тухай: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шаардах эрхээ тодорхойлж байгаа эсэх, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр шаардах эрхээ тодорхойлж байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэжээ. Гэтэл хэрэгт **** ХХК-ийн нэхэмжлэлд бетон зуурмаг нийлүүлсэн талаар тодорхой бичсэн ба бетон зуурмаг хүлээлгэн өгсөн Т.****ийн гарын үсэгтэй баримтыг нотлох баримтаар өгсөн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна. Нийт 101,370,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авснаас 36,500,000 төгрөг буюу цементний мөнгийг хасч тооцон 64,870,000 төгрөг төлөхөөр тохиролцсон баримт хэрэгт авагдсан болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ажил гүйцэтгэх гэрээний дагуу мөнгө гаргуулна гэж огт дурьдаагүй байтал хаанаас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардаж байна гэж ойлгоод байгааг огт ойлгосонгүй. Мөн хариуцагч Т.**** нь уг бетоны төлбөрт цахилгааны ажил гүйцэтгэсэн гэж тайлбарласан боловч ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн акт, бусад ажил гүйцэтгэсэн тухай баримтыг огт гаргаж өгөөгүй байхад ямар ч нотлох баримтгүйгээр цахилгааны ажил гүйцэтгэсэн гэж дүгнэж буй нь буруу байна. Хэрэв 64,870,000 төгрөгийг ажлын гүйцэтгэлээр нөхөн төлсөн гэж маргаж буй тохиолдолд энэ талаар нотлох үүрэг нь хариуцагчийн үүрэг юм. Шүүхийн үндэслэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2.-д заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэг нь энэхүү маргааны тухайд хариуцагчид хамааралтай байна. Эрдэнэт **** ХХК **** апартмент хотхоны цахилгааны ажлыг өөр компаниар гүйцэтгүүлсэн болно. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.**** давж заалдсан гомдолд гаргасан  хариу тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тухай: Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хуулийг зөв хэрэглэсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй байна. 2.Нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тухай: Нэхэмжлэгч нь бетон нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч уг нийлүүлэлт ямар эрх зүйн үндэслэлтэй болохыг тодорхойлоогүй. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үү эсхүл бартерын харилцааны хүрээнд үү гэдгийг нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхийн үндэслэлийг тогтоож чадаагүй болно. 3.Бартерын шинжтэй харилцаа байсныг шүүх зөв үнэлсэн тухай:  Хэрэгт авагдсан баримтад "цахилгааны ажлын бартер” гэж тэмдэглэгдсэн нь талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүрэг бус харилцан гүйцэтгэх үүрэг бүхий харилцаа үүссэнийг илэрхийлж байна. Иймд нэхэмжлэгч шууд мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. 4.Давж заалдах гомдол үндэслэлгүй тухай: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь бодит баримтаар нотлогдоогүй бөгөөд зөвхөн субъектив тайлбар байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг иж бүрэн судалж, хуульд нийцсэн шийдвэр гаргасан. 5. Хариуцагчийг буруу тодорхойлсон тухай:  Нэхэмжлэгч нь компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг иргэн Т.****т хамааруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ тогтоож чадаагүй, харилцан бартерын шинжтэй байсан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  **** ХХК нь хариуцагч Т.****т холбогдуулан  “Бетон зуурмагийн төлбөрт 64.870.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “****” ХХК-ийн захирал ****нэхэмжлэлтэй Т.****т холбогдох 64,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй  байна.

Нэхэмжлэгч **** ХХК нь 2025 оны 08 дугаар сарын 26 ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 02 ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хянан хэлэлцэж шийдвэрлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй, 69.1.3.-т хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох, 69.3.-т шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа энэ хуулийн 70.3.-т заасныг нэхэмжлэгчид мэдэгдэнэ... “ гэж заасныг хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.1.-д Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана,  123.2.-т шүүхийн тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед, харин захирамжийг шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа үед буюу шүүх хуралдааны бус үед гаргана. 123.3.-т шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана. Бусад асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусган амаар гаргаж болно... гэснийг зөрчжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаяр нь 2026 оны 03 дугаар сарын 11 ний өдөр “... миний эзгүйд хэргийг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн агуулгатай хүсэлт, 2026 оны 03 дугаар сарын 30 ны өдөр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо “...2026 оны 03 сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэх тул биечлэн оролцохгүй эзгүйд уг хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүсч хүсэлт гаргасан...” гэжээ.

Тэрээр өөрийг оролцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулах талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгч **** ХХК-ийн 2026 оны 08 дугаар сарын 26 ны өдөр шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэлийн 4 дугаарт “... анхан шатны шүүх хуралдаанд оролцох...” эрхийг түүнд олгосон байхад шүүх хуралдаан хойшлох байсан гэсэн агуулгатай шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хууль зүйн  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482.300 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 312/ШШ2026/00876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр   зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түмэнбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 482.300 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

                                             ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ

                                   

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР