| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1036/Э |
| Дугаар | 1041 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1041
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хгийн Бд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэгч мэргэжилтэй, “...” ХХК-нд манаач ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, геологи ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянбулагийн ... тоотод түр оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Х.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б овогт Хгийн Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянбулаг ... тоотод иргэн А.Гтэй ялих шалихгүй зүйлээр шалтаглан агсам тавин маргалдан зодолдож, улмаар түүний биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, зулгаралт, зүүн хацрын зураасан зулгаралт гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч А.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ ганцаараа байж байгаад 15 цагийн үед эхнэрийнхээ ажил руу явах замдаа Х.ын гэрт нь ортол тэдний гэр дотор У, гэрийн эзэн Х, Б гэх гурван залуу архи уугаад сууж байсан. ...Удалгүй тэр архи ууж дуусчихаад У Хараа нэртэй 0.5 граммын архи авч ирээд бид нар тойроод архи хувааж ууж байтал Б гэх залуу нь би эндхийн атаман нь байна, чи намайг мэдэх үү бацаанаа гэж хэлэхээр нь би яаж мэдэх бэ дээ гэж хэлэхэд Б гэх залуу зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохихоор нь би түлхтэл 2 нүдийг чинь ухна гээд миний 2 нүд рүү гараа хийгээд байсан. Тэгсэн би орны хажуу талд унасан байхад Б гэх залуу нүүр рүү өшиглөөд цохиод байсан. Тэгээд гараад зугтаагаад дэлгүүрийн үүдэн дээр сууж байгаад худалдагч эгчид цагдаа дууд гэж хэлэхэд худалдагч М эгч цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/,
2. Гэрч О.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би гэртээ найз У, манай хөрш айл Б нарын хамт 0.5 граммын Хараа нэртэй архи задлаад У, Б хоёр уусан. Би группт байдаг болохоор нэг их архи ууж чаддаггүй юм. Тэгээд сууж байтал Г гэх залуу манайд орж ирээд ширээн дээр байсан ундаа авч уугаад ширээн дээр байсан буузнаас идээд гэрийн хоймор хэсгийг тойроод алхаад байсан. Тэгээд Б-гийн хажууд суугаад У, Г 3 авсан архиа хувааж уугаад байж байтал архи дуусч байсан болохоор У архинд явсан. Тэгэхэд гэр дотор Г, Б бид 3 үлдсэн. Удалгүй Г гэх залуу Б-г шоронд явж үзсэн юм уу, хоёулаа Чухал амжилт /Амьдрах ухаан/ төв рүү явах уу, чи намайг ямархуу байдгийг хар гэж хэлсэн ба улмаар тэр хоёр муудалцаад хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгсэн Гийн зүүн талын хөмсөг задарсан, мөн Б-гийн хөмсөг нь задарсан байдалтай байхаар нь би тэр хоёрыг дунд нь өртөнө гэж бодоод гэрээс гараад Уыг дуудсан, бас Б-г дуудаад тэр хоёрыг салгасан. Б нь Гийн зүүн нүд рүү нь сандлаар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30х/,
3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мандал овоо ... тоотод байх гэртээ байж байтал манай найз Х хашаанаасаа гарсан байдалтай Б гээд орилоод байхаар нь би яваад очтол Г гэх залуу голын хажуу талд гудамны үзүүрт зүүн талын хөмсөгнөөс цус гарсан байдалтай байхаар нь би тэр залуугаас юу болов, яав гэж асуухад хүнтэй зодолдоод гэж хэлсэн. Тэгээд би гол гараад Хуягбаатарын үүдэн дээр очтол Б-гийн нүүр амнаас нь цус гарсан байхаар нь би Хуягбаатараас юу болов, яасан юм бэ гэж асуухад Г, Б нар гэрт зодолдоод байхаар нь тэр хоёрыг салгуулахын тулд чамайг дуудсан юм гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8985 дугаартай: “...А.Гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний язарсан шарх, зулгаралт, зүүн хацрын зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20х/,
5. Х.Бгийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 45х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 46х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 48х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 49х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, захирамжууд” /хх-ийн 51, 53-55х болон шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн шийтгэх тогтоолын хуулбар/,
6. Шүүгдэгч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г нь О.Х-ын гэрт дураараа нааш цаашаа яваад, буузнаас нь идээд байхаар нь би айлд зөвшөөрөлгүй ингэж болохгүй гэхэд тэр надад чамд ямар хамаатай юм гэж хэлсэн, тэгээд бид хоёр маргалдаад намайг заамдаад авсан. Тэгээд бид 2 барьцалдаж аваад тэр миний баруун хөмсөг рүү гараараа цохитол миний хөмсөгнөөс цус гараад байхаар нь би холдоод сандал авч байгаад зүүн талын хөмсөг, дух, нүүр хавьцаа нь модон сандалаар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-70х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Х.Б нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянбулаг ... тоотод оршин суух иргэн О.Х-ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ иргэн А.Гтэй маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Гийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч О.Х-ын мэдүүлэг /хх-ийн 29-30х/, гэрч Д.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 37-38х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8985 дугаартай дүгнэлт /хх-ийн 20х/, шүүгдэгч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-70х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь хохирогч А.Гийг цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Х.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Х.Б нь хохирогч А.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч А.Г нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй бөгөөд хохирогчоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хүсэлт /хх-ийн 76х/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Б нь “прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Х.Бгийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын байдлыг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ