| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/05436/И |
| Дугаар | 210/МА2026/00833 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00833
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/01467 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөлийн газарт баригдсан байшинг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай үндсэн, газрын өмчлөгчөөр тогтоолгох, газар өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг даалгах, хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга ******* би Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* тоот гэр, орон сууцны хашааны газрыг 2022.10.31-ний өдөр худалдан авч өмчлөгч болсон. Гэтэл хил залгаа орших ******* тоот газрын өмчлөгч ******* нь миний газар дээр байшингаа хэтрүүлэн барьж өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхийг минь ноцтой хөндөж байна. Энэ талаар *******д олон удаа шаардлага тавьж, байшингаа буулгахыг сануулж ирсэн ч хэтрүүлэн барьсан хашаагаа татсан боловч байшингийн суурийг өнөөдрийг хүртэл буулгаагүй. Энэ асуудлаар Газрын албанд хандсан ч хариуцагчид мэдэгдэл өгдөг ч дорвитой арга хэмжээ авдаггүй, харин ч хариуцагч хүн амьдрах боломжгүй, нурсан байшингаа засан сайжруулсан. Би өмчлөлийн газартаа солонгос хоолны газар нээж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагчийн хууль бус зөрчлийг арилгавал бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэчлэх хүсэлтэй ч түүний хууль зөрчсөн үйлдлээс болч чадахгүй байгаа тул хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, *******, ******* гудамж, ******* тоот хаягтай ******* м.кв газарт байх хариуцагч *******ы ******* м.кв талбайтай байшинг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна. Уг байшинг 2012 онд энэхүү ******* м.кв байшин болон ******* м.кв газрыг *******өөс шилжүүлэн авсан ба анх иргэн н.******* өөрийн газар, байшинг хүүхдүүд болох ******* /одоо *******гийн нэр дээр байгаа/ болон ******* (******* нэр дээр байгаа) нарт хуваан өгсөн байдаг ба *******гийн нэр дээр байсан газар, байшинг ******* 2022 онд шилжүүлэн авснаар маргаан эхэлсэн. Би маргаанаа тохиролцон шийдвэрлэхээр тодорхой санал гаргаж байсан, тэрээр зөрчилтэй газар худалдаж авсан бол худалдсан хүнээсээ шаардах эрхтэй гэж үзэж байна. Миний байшинг буулгуулах шаардлага нь бодитоор хэрэгжих боломжгүй ба мний хууль ёсны өмч нь *******гийн газрын зарим хэсгийнх нь бүрдэл хэсэг ба газаргүйгээр бие даан хэрэгжих боломжгүй тул салгаж үл болох эрх гэсэн үг юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв байшингийн доорх газрын өмчлөгчөөр *******ыг тогтоож, газрын өмчлөх эрхийг *******д хэсэгчлэн шилжүүлэхийг *******д даалгуулах, мөн миний барилгад учруулсан гэмтлийг засварлахад зарцуулсан 10.5 сая төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Би 2012 онд *******өөс дээрх ******* м.кв талбайтай байшинг мөн Баянзүрх дүүргийн ******* хороо ******* гудамжны******* тоот хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай ******* м.кв талбайтай газрын хамт худалдан авсан. Хөрш болох ******* нь ******* тоот хаягтай ******* м.кв газрыг 2022 онд шилжүүлэн авснаас хойш миний байшинг буулгахыг шаардаж, өөрийн байшинг нураахдаа миний байшингийн зарим хэсгийг хэсэгчлэн нураасан. Миний өмчлөлийн байшингийн доорхи газар нь миний байшинтай салшгүй холбоотой, энэ газаргүйгээр миний байшингийн өмчлөх эрх бие даан хэрэгжиж боломжгүй. Би *******гаас өмнө буюу 2012 онд ******* м.кв газар дээрх байшинг өмчилж авсан бол ******* нь хожим 2022 онд газраа өмчлөлдөө авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар, татгалзлын агуулга: Миний ******* тоот газрын өмчлөх эрх хүчинтэй хэвээр байгаа. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т "иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэж, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т ...байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна." гэж тус тус заасан. Түүнчлэн Улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хөрөнгийн доорх газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ гэжээ. Эндээс үзэхэд үл хөдлөх эд хөрөнгөө баталгаажуулахын тулд уг хөрөнгийн байрлаж буй газрын эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлж авахгүйгээр өмчлөгч байх боломжгүй юм. Мөн түүний барилгыг засварлахад 10,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ч би түүний хөрөнгөд хохирол учруулаагүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч Б.Уянгын шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: ******* нь 2022 онд ******* м.кв ******* тоот хаягтай газрыг эзэмших үедээ бусдын ******* м.кв байшин байгааг мэдээгүй учир нэхэмжлэл нь зөв гэж үзэж байна. Харин ******* нь 2012 онд ******* хаягтай, ******* мкв газар болон ******* м.кв байшин худалдаж авахдаа тухайн байшингаа өөрийн эзэмшил газарт нягтлалгүй худалдаж авсан нь буруу учир бусдын газрыг чөлөөлөх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот хаягтай, ******* нэгж талбарын дугаартай, ******* мкв талбайтай, гэр бүлийн зориулалттай газарт байрлаж буй ******* мкв талбай бүхий хувийн сууцыг нүүлгэхийг хариуцагч *******д даалгаж, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч *******д холбогдох, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягтай, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөгчөөр тогтоолгох, уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ы сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 323,350 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо *******ы хувийн сууцыг үл хөдлөх эд хөрөнгө болох боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэсэн дүгнэлт хийсэн. Тодруулбал, шүүх Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг эшлэсэн байдаг. Газар дээр салшгүй бэхлэгдсэн зүйл нь үл хөдлөх хөрөнгөд тооцогдохоор боловч энэ хөрөнгө нь тухайн газрыг өмчлөх эрхгүй тохиолдолд дангаар үл хөдлөх эд хөрөнгө болох боломжгүй, түүнийг газраас салгасан тохиолдолд зориулалт өөрчлөгдөх тул газрын бүрдэл хэсэгт хамаарахаар байна. Шүүх Иргэний хуулийн үзэл санааг илтэд мушгин гуйвуулж, илт буруугаар тайлбарлан хэрэглэсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн хуулийн тодорхойлолт, зохицуулалтыг шууд зөрчиж Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй эрх зүйн дүгнэлт хийсэн. Хариуцагч *******талбай бүхий хувийн сууцыг гэрээний дагуу бусдаас шилжүүлэн авч өмчлөгч болсон нь Иргэний хуулийн 84.1, 84.3, 182.1, 91.2.1-д тус тус заасантай нийцсэн.
Шүүхээс *******ы өмчлөлийн хөрөнгийг газар өмчлөгч *******гийн нэхэмжлэлээр газар чөлөөлөх, барилга буулгах хувийг сууцыг нүүлгэхийг хариуцагчид даалгасугай гэж харилцан адилгүй томьёолж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь хил зааг хэтрүүлэн барьсан байшингийн хэсгийг буулгуулж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 106.2-т заасныг баримтлан ...******* м.кв талбай бүхий хувийн сууцыг нүүлгэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй, нотлох баримтаар баталгаажуулж, дүгнээгүйг харуулж байна. Нэхэмжлэгч өмчлөлийн газрын хил заагийг хэтрүүлж хариуцагч ******* байшин барьсан үйл баримт огт байхгүй, тэр талаар ямар ч нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар бусад гуравдагч этгээдээс газар өмчлөх эрх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэн авахад одоо байгаа байдлаар байшин байсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн газар емчлөх эрхийг зөрчиж хожим түүний газар дээр байшин барьсан зүйлгүй байхад шүүх хуулийг энэ маргаанд буруугаар хэрэглэсэн. Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. гэж тус тус заасныг, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэснийг тус тус зөрчсөн. Энэ Иргэний хуульд тусгалаа олсон ба Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно., 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна., 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, 87.1-т Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, газар болон түүн дээрх байшин барилга нь газартай салшгүй холбоотой эд хөрөнгө, эрхийн хувьд газраас салшгүй холбоотой байхаар зохицуулсан байхад ...*******талбай бүхий хувийн сууцыг нүүлгэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Иргэн ******* нь *******д газраа шилжүүлэхэд газрын зарим хэсэг нь *******ы емчлөлд шилжсэнийг ******* болон ******* нарыг мэдэж байсан гэж үзэх боломжтой. Энэ тохиолдлыг Монгол, Германы хуульд хэн нь мэдэх үүрэгтэй байсан болон гэрээний улсын бүртгэлийн огноо шийдвэрлэх ач холбогдолтой байхаар зохицуулсан хэрэг юм. ******* нь улсын бүртгэл алдаатай хийгдэж байгааг мэдэх үүрэгтэй анхны этгээд ба харин 2012 онд ******* төдийгүй гэрээг гэрчилсэн нотариатч, улсын бүртгэлийг хийсэн бүртгэгч нар ч энэхүү алдааг мэдэхгүй үүрэггүй байсан. Хожим газрын эзэн болсон *******гийн гэрээ сүүлд хийгдсэн төдийгүй ******* байшингаа 2012 *******ийн газрын хамтаар өөр этгээдэд зарсан болохоо *******д мэдүүлэх үүрэгтэй этгээд байсан. Анхан шатны шүүхийн хууль хэрэглээ ба иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн дүгнэлтийн яг эсрэг агуулгаар эд хөрөнгийн улсын бүртгэл, түүнд орсон гэрээний өөрчлөлт, бүртгэлийн алдааг мэдэх үүргийг Монгол, ХБНГУ-д төсөөтэй хуульчилсан болохыг давж заалдах шатны шүүхээс анхааралдаа авахыг хүсье.
Иймээс *******ы итгэл, хууль ёсны эрх ашгийг шүүхээс илүү хамгаалагдах хууль зүйн үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг зарим хэсэг буюу ...*******талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын өмчлөгчөөр *******ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газрын өмчлөх эрхийг *******д шилжүүлэхийг *******д даалгуулах гэсэн хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.
Маргаан бүхий эд хөрөнгийг хэсэгчлэн буулгах эсвэл бүхэлд нь буулгах гэдэг нь ойлгомжгүй биш, энэ талаар маргах шаардлагаггүй, талууд энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүй. Нэхэмжлэгч тухайн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь энэ нүүлгэх гэсэнтэй адил агуулгатай юм. Анхан шатны шүүхийн шийдвэрт газрыг өмчлөх эрхгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө болох боломжгүй гэж дурдсан нь газрын эрхгүйгээр баригдсан эсвэл байрласан барилга хууль ёсны хамгаалалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээнд хүрэхгүй гэх агуулгатай юм. Бусдын газар дээр баригдсан эсвэл байрласан үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөх эрхтэй гэж үзэж хамгаалах боломжгүй. Хэргийн баримтуудаас барилга нь газарт бэхлэгдсэн хэдий ч тухайн барилгын өмчлөгч нь хариуцагч биш гэх талаар талууд маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дурдууштай зүйл нь байшин барьсан болон засан сайжруулсантай холбоотой асуудлыг цэгцэл гэх шаардлагыг нэхэмжлэгч тал 05, 09, 12 дугаар саруудад удаа дараа гаргасан боловч хариуцагч тухайн шаардлагыг биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл өөрсдөө тайлбарлахдаа бид нар тохиролцсон, ярилцсан гэх байдлаар шийдвэрлэж байсан гэж дурдсан байдаг. Хариуцагч тухайн байшинг засан сайжруулж байхдаа өөрийн газар руу нүүлгэх боломжтой байсан байдаг. Гэтэл одоо газрыг манайх гэж маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуульд зааснаар өмчлөх эрх хууль ёсны дагуу, үндэслэлтэйгээр үүссэн бол хамгаалагдана. Харин бусдын өмчлөлийн газар дээр байшин барьсан бол түүнийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй. Хариуцагч тал Монгол Улсын Үндсэн хуулийн талаар ярьж байна. Үндсэн эрхийн шинжтэй асуудал нь энэ хэрэг маргааны хувьд газрын өмчлөх эрх бөгөөд эхлээд газар өмчлөгчийн эрх хамгаалагдах эрх зүйн үндэслэл харагддаг. Бусдын хууль бус үйлдлийн улмаас газар өмчлөгчийн эрх хязгаарлагдах ёсгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот газар дээр баригдсан *******талбайтай сууцыг буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн *******талбайтай сууцны доорх газрын өмчлөгчөөр тогтоолгож, уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хохиролд 10,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг мөн нэхэмжлэгч эс зөвшөөрч харилцан маргажээ.
3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот, ******* м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2022.10.31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд уг газрыг 2022.10.26-ны өдөр *******тэй байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчилсөн.
3.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн хөрш бөгөөд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот, дэлгүүрийн зориулалттай *******талбайтай сууцны өмчлөгч бөгөөд уг сууцыг 2012.10.01-ний өдөр *******өөс худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан.
3.3. Иргэн ******* нь одоо нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа дээрх ******* м.кв /уг газар ******* м.кв байгаад 2022 онд *******д шилжих үед ******* м.кв болсон/ газрын өмчлөх эрхийг 2007.01.17-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон бөгөөд уг газраа 2022.10.25-ны өдөр иргэн *******д худалдсан ба улмаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн.
3.4. Мөн ******* нь зохигчийн маргааны зүйл болсон *******талбайтай дэлгүүрийн зориулалттай сууцыг дээрх 365 м.кв газар дээрээ 2008 онд 2008.08.20-ны өдөр анх удаа улсын бүртгэлд /дэлгүүрийн зориулалтаар/ бүртгүүлэн өмчлөгч болсон.
3.5. Түүнчлэн *******гийн дүү ******* Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот, ******* м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр 2009.02.12-ны өдөр анх удаа улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсон бөгөөд уг газраа 2010.02.10-ны өдөр иргэн *******ийн өмчлөлд, ******* нь 2011.08.11-ний өдөр *******ийн өмчлөлд, ******* нь 2012.10.01-ний өдөр *******ы өмчлөлд тус тус шилжсэн.
4.Дээрх үйл баримтад зохигч маргаагүй ба гагцхүү хариуцагч *******ы өмчлөлийн *******сууц нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр баригдсан байгаа нь хууль бус эзэмшилд тооцогдох эсэх, нэхэмжлэгч уг шаардлагыг гаргах эрхтэй эсэхэд зохигч маргажээ.
Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардлага гаргахын тулд хөрөнгийн өмчлөгч бөгөөд хөрөнгийг хариуцагч этгээд бодитой эзэмшигч байхаас гадна энэ хэргийн хувьд хариуцагч нь маргаж буй *******газрыг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй гэдгийг нэхэмжлэгч нотолсноор өмчлөгчийн эзэмшлийг сэргээн тогтоох, өмчлөгч өмчлөлийн зүйлээ буцаан шаардах туйлын эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
Хэргийн баримтаас үзвэл иргэн ******* өөрийн өмчлөлийн 365 м.кв газар дээр *******сууц барьж, улмаар газар болон сууцаа өөр өөр хүний өмчлөлд шилжүүлсний үр дагавар нь энэхүү маргааны эхлэл болжээ. Гэвч тухайн үед буюу энэ магадлалын 3-т заасан үйл баримтын хүрээнд авч үзвэл газар болон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан өмчлөгч нарын хэн аль нь энэ талаар маргаж байгаагүй, өөрсдийн хөрөнгийн өмчлөлийн байгаа байдлаар өмчлөх эрхээ хэрэгжүүлснээр иржээ.
5.Нэхэмжлэгчийг 2022 онд ******* м.кв газрыг худалдан авах үед түүний газрын хил зааг нь маргаан бүхий сууцны гадна буюу *******газар нь хөрш залгаа ******* газрын өмчлөгч хариуцагчийн эзэмшилд байсан буюу бодит байдалд худалдагч *******өөс түүний өмчлөлд /352-40/ ******* хэмжээтэй газар шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газрыг шилжүүлэн авах үедээ газрын хэмжээ болон хариуцагчийн сууцыг худалдан авч буй газарт нь баригдсаныг мэдэж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул зөвхөн улсын бүртгэлийг үндэслэл болгон энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчийг маргаан бүхий *******сууцны доорх газрын өмчлөгч гэж үзэх, хариуцагчийн эзэмшлийг шууд хууль бус гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй гэж үзэхээр байна.
Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* нь газрыг худалдан авах үедээ уг газрын дээр байрлах *******дэлгүүр байгааг нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан гэж үзэх бөгөөд хариуцагч ******* нь 2012 онд *******дэлгүүрийн сууцыг *******өөс худалдан авах үед ******* нь уг сууцны доорх газрын өмчлөгч хэвээр байсан ба тухайн үед энэ талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй нь хариуцагчийн эзэмшлийг хожим хууль бус гэж дүгнэх боломжгүй юм.
6.Хариуцагчийн өмчилж буй сууц нь нэхэмжлэгчийг уг газрыг өмчлөлдөө авахаас өмнө баригдсан байх тул Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т Энэ хуулийн 135.3-т заасан барилга, байгууламж нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хөрш залгаа газрын тогтоосон хил хязгаараас гадагш баригдсан боловч нөгөө талын өмчлөгч буюу эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилж байвал түүнийг буулгах буюу зайлуулахыг шаардах эрхтэй гэж заасан үндэслэл бий болоогүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч ******* маргаан бүхий газрын өмчлөгч болох нь улсын бүртгэлээр тогтоогдсон хэдий ч хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
7.Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт баригдсан сууцныхаа доорх *******газрын өмчлөгчөөр тогтоолгож, уг газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас *******газрыг шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хариуцагч нь Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот, ******* м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2012.10.01-ний өдөр *******өөс худалдан авахдаа газартай хил залгаа орших дэлгүүрийн зориулалттай *******талбайтай сууцыг *******өөс мөн шилжүүлэн авчээ.
Талуудын байгуулсан 2012.10.01-ний өдрийн Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ-нд уг сууцны доорх газрын өмчлөх эрхийг хамт шилжүүлсэн тохиролцоо хийгдээгүй, энэхүү гэрээг хийгдэх үед сууцны доорх газрын өмчлөгчөөр ******* бус ******* байсан ба ******* нь сууцны доорх газрыг захиран зарцуулах эрхтэй этгээд биш байх тул хариуцагч нь маргаан бүхий *******газрыг газар дээрх сууцны хамт худалдаж авсан гэж дүгнэх үндэслэлгүй юм. Хариуцагч ******* нь уг сууцыг 2012 онд худалдан авахдаа сууцны доорх газрыг хамт шилжүүлэн авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
8.Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1, 85.2-т зааснаар газартай салшгүй бэхлэгдсэн байшин нь газрын үндсэн бүрдэл хэсэг байхаар зохицуулсан ба байшингийн зориулалтыг алдагдуулалгүй салгаж болохоор эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн газар дээрх байшин нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болохгүйг хуульд тодорхой заажээ. Иймээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр баригдсан байшин нь үл хөдлөх эд хөрөнгө болох газраа дагах үндсэн зарчимтай боловч бүртгэх байгууллагаас хариуцагчид газраас тусад нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн байшинд дангаар олгожээ. Ийнхүү нэг байршилд хоёр хөрөнгөд тусдаа өмчлөх эрх үүссэн, өөр өөр өмчлөгчтэй тохиолдолд талууд эрхээ хэрэгжүүлэх зорилгоор нөгөө өмчлөгчийн эрхийг хязгаарлах хүрээнд маргаанаа шийдвэрлэх боломжтой юм.
9.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/01467 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай газарт баригдсан *******талбайтай сууцыг буулгаж, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн, тус газар дээрх сууцны доорхи *******газрын өмчлөгчөөр тогтоолгож, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хохиролд 10,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ы сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Э.ЭНЭБИШ