| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2019/1054/Э |
| Дугаар | 1055 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 1055
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч А.Энхбаатар /ҮД:2736/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Д От холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Нарантуул захад ...ХХК-нд ачигч, буулгагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, алтан овоо ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Д О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.О нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Аг “эхнэрээ өмөөрч намайг түлхэж унагаалаа” гэх шалтгааны улмаас түүний хамар хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны эцэст өөрийн эзэмшлийн Чейзер маркийн ... улсын дугаартай машинтайгаа эхнэр О-ны хамт явж байгаад гудамжинд зогсоод эхнэрээ машиндаа үлдээгээд дэлгүүр орчихоод ирэх хооронд манай эхнэрийг үл таних согтуу эрэгтэй хүн хэл амаар доромжилж байгаад манай эхнэрийг заамдаад авахаар нь би салгаж холдуулсан чинь хэн бэ чи гэж хэлэнгүүтээ гараа атгаж байгаад миний хамарт нэг удаа цохисон, миний хамарнаас цус гарч эхлэх үед тэр залуу зугтаачихаар нь араас нь гүйж барьж аваад цагдаа дуудаж өгч явуулсан... ...Дээрх гэмтлийг /сүүлд нэрийг мэдсэн/ О гараараа цохиж байхдаа учруулсан... ...О надаас уучлалт гуйж эмчилгээнд бэлнээр 1.000.000 төгрөгийг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х, 12-13х/,
2. Гэрч Г.Шинэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө нөхөр О ажилдаа явлаа гээд гэрээсээ гарсан. ...Тэгээд 12 цагийн үед над руу О утсаар залгаад би Ихнарангийн эцсийн буудал дээр буучихлаа, одоо харилаа гэж байсан. Тэгээд ирэхгүй байхаар нь утсаараа залгасан чинь цагдаа намайг авч явах гээд байна хүрээд ирээч гэхээр нь би тоглож байна гэж бодоод утсаа салгаад байж байтал бэр дүү Л над руу залгаад О ах гудамжинд цагдаад баригдсан байна ш дээ гэхээр нь би байгаа газар нь яваад очтол Оийг цагдаа гавлачихсан бас эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс уучлалт гуйгаад зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,
3. Гэрч П.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цагийн үед нөхөр Агийн хамтаар хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны эцэст өөрийн эзэмшлийн Чейзер маркийн 48-97 УБГ улсын дугаартай машинтайгаа гудамжинд явж байтал машины өндгөн тулгуур эвдэрч нөхөр сэлбэг авахаар явсны дараа нэг согтуу залуу сүүлд нэрийг нь мэдсэн О миний багаж дээр гараараа цохиод авахаар “яасан бэ” гээд асуутал “машинаа холдуул, би такси бариад ирчихсэн байна, би явж чадахгүй байна” гэхээр нь “машин эвдэрчихсэн байна нөхөр сэлбэг авахаар явсан” гээд хэлтэл О өөдөөс дайрч гарнаас базаж бариад цохих гээд байсан чинь тэнд явсан залуу “та болиоч” гэхэд больсон тэгсэнээ явсаных нь дараа ахин надтай хэрэлдэж надаас зуурах үед нөхөр А ирж болиулаад надаас холдуулсан чинь О нөхрийн хамарт гараараа нэг удаа цохиод хамарыг нь хугалчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21х/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10643 дугаартай: “...Б.Агийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23х/,
5. Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 37х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 38х/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 39х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41х/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 42х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 43х, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49х/, хохирогчийн гаргасан “...О надаас уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн. Эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг авсан...” гэх хүсэлт /хх-ийн 54х/,
6. Шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Их наран чиглэлийн автобусанд суугаад эцсийнх нь буудал дээр бууж гэрийн зүг харихаар гудамж өгсөөд явж байтал суудлын автомашин гарц хаагаад зогсож байсан би хажуугаар зөрөхдөө машиныг энд тавиад байхдаа яадаг юм гэж хэлээд гараараа тохойлдчихсон чинь дотор нь сууж байсан эмэгтэй гарч ирээд хэл амаар доромжлоод бид хоёр барьцалдаад байж байтал цаанаас нь нөхөр нь сүүлд нэрийг мэдсэн А гарч ирээд эхнэрээ өмөөрч намайг салгаад түлхээд унагаачихаар нь би босч ирээд гараараа хамарт нь нэг удаа цохисон. Тэгсэн намайг дарж аваад цагдаа дуудсан, би эхнэрийгээ утсаар дуудаж ирүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч Д.О нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Аг “түлхэж унагаалаа” гэх шалтгааны улмаас түүний хамар хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Агийн мэдүүлэг /хх-ийн 11х, 12-13х/, гэрч Г.Шинэцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 19х/, гэрч П.О мэдүүлэг /хх-ийн 21х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10643 дугаартай дүгнэлт /хх-ийн 23х/, шүүгдэгч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Аг цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Д.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.А нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн 200.000 төгрөгийн баримтыг /хх-ийн 7х/ ирүүлсэн байх боловч тэрбээр шүүгдэгч Д.Оээс 1000.000 төгрөгийг авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн хүсэлт гаргасан /хх-ийн 54х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн зүйлчлэл дээр маргаан байхгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Д.Оийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын байдлыг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Д Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ