| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00298/И |
| Дугаар | 207/Ма2026/00050 |
| Огноо | 2026-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 207/Ма2026/00050
| 2026 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 207/МА2026/00050 |
Ц.****ын нэхэмжлэлтэй,
хариуцагч А.****
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг, Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 312/ШШ2026/00477 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.****ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.****д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 77,635,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.**** цахимаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг цахимаар, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Сангичимаа, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.****ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Ц.**** миний бие А.****өөрийнх нь гуйлтаар 2024.09-08-ны өдөр 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2025.06.09-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай бичгээр гэрээ байгуулан зээлдүүлсэн. Мөн 2024.11.21-ний өдөр 37,000,000 төгрөгийг зээл хаах зорилгоор, өдрийн 5 хувийн хүүтэйгээр, 2024.11.25-ны өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай тус тус зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн төлбөрийг өөрийн Хас банкны **** данснаас А.****Хаан банкны ****тоот дансанд 6,000,000 төгрөг, Хас банкны 5002094152 тоот дансанд 37,000,000 төгрөг шилжүүлсэн болно. 1.Эхний зээл буюу 2024.09.08-ны өдөр 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10%-ийн хүүтэй зээлдүүлсэн.Зээлийн хүү сарын 600,000 төгрөг 2024.10.08-ны өдөр 1 удаа 600,000 төгрөгийн хүү төлсөн. Өөр мөнгө төлөөгүй. Үндсэн зээлийн төлбөр 6.000.000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 600.000 х 3 сар 23 хоног =2.260.000 төгрөг байгаа болно. Нийт 8,260,000,төгрөг. 2. Хоёрдох зээл буюу 2024.11.21-ний өдрийн 37,000,000 төгрөгийг 2024.11.25-ны өдрийг хүртэл 5 өдрийн хугацаатай, өдрийн 5 хувийн хүүтэйгээр зээл чөлөөлүүлэх зорилгоор зээлдүүлсэн. Үндсэн зээлийн төлбөр 37,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 1,850,000 х 5 өдөр = 9,250,000 төгрөг, нийт 46,250,000 төгрөг. Мөн гэрээнд заасан алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу нийт төлөх ёстой 46,250,000 төгрөгөөс тооцвол 23,125,000 төрөг болж байна. Нийт 69,375,000 төгрөгийг А.**** нь төлөхөө илэрхийлсэн боловч одоо хүртэл өгөөгүй учир хариуцагч А.****эс зээлийн гэрээний үндсэн төлбөр 43,000,000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 11,510,000 төгрөг, алданги 23,125,000 төгрөг, нийт 77,635,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.**** надад гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.****итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Ц.****ын нэхэмжлэлтэй А.****д холбогдох зээлийн гэрээний төлбөрт 77,635,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаас олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэгт нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэгдүгээрт: хариуцагч А.**** нь “Монголын аят” ХХК-ийн Нарийн сухайтын уурхайд ахлах тогоочоор ажилладаг ба түүнтэй хамт ажилладаг н.**** гэх эмэгтэй мөнгө зээлийг хүсэж удаа дараа хандсантай холбогдуулан н.**** нь нэхэмжлэгчтэй утсаар яриулж, улмаар өөртөө хэрэгтэй байгаа мөнгөө авахыг санал болгосон байдаг. Тодруулбал, н.**** нь өөртөө 5.000.000 /таван сая/ төгрөгийг зээлээд өгөөч гэсний дагуу А.**** огт уулзаж байгаагүй, танихгүй нэхэмжлэгч Ц.****тай холбогдож эхэлсэн байна. Ийнхүү н.**** зээлж авахыг хүссэн 5.000.000 төгрөг авч өгөхийг хүссэн ба А.**** нь өөртөө хэрэглэх зорилгоор 1.000.000 төгрөгийг авч, нийт 6.000.000 төгрөгийг 2024.09.08-нд А.****дансаар дамжуулан шилжүүлэн н.**** 5.000.000 төгрөгийг, А.**** 1.000.000 төгрөгийг зээлж авсан байна. Уг зээлийг авах тухай зээлийн гэрээг н.**** нь өөрөө бэлдэж хэвлэж Ц.****ын өмнөөс зуруулсан гэх ба Ц.**** үүнийг өөрөө мэдэж байсан байна. Энэ нь н.****гийн А.****тэй харилцсан фэйсбүүкийн зурвас болон дансны хуулгаар нотлогдоно. Хоёрдугаарт: Мөн н.**** нь 2024 оны 11 дүгээр сард дахин мөнгөний хэрэг болоод байгаа тул хамтарч зээл авъя гэсний дагуу Ц.****д хандаж, улмаар 37.000.000 төгрөгийг 2024.11.21-ний өдөр шилжүүлсэн байх ба уг зээлээс 4.900.000 төгрөгөөр 34.300.000 төгрөгийг н.**** авсан байдаг. Ийнхүү уг зээлээс 2.700.000 төгрөгийг А.**** авсан болно. Уг зээл олгож байгаатай холбоотой зээлийн гэрээг мөн л н.**** бэлдэн хэвлэж, А.****эр зуруулсан гэдэг. Уг зээл авах хүсэл зориг болон гэрээ байгуулагдсан байдлаас үзвэл Ц.**** нь А.**** болон н.**** нарт олгосон зээл, зээлийн хүү, алдангийг бүхэлд нь А.****эс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гуравдугаарт: Ц.**** нь зээлийн үйл ажиллагаа явуулж, хүү, алданги тэрээр өндөр хэмжээний мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхгүй гэж үзэж байна. Учир нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуульд заасны дагуу зохих зөвшөөрлийг үндэслэн хууль, хэм хэмжээний акт, дүрэм, журамд заасны үндсэн дээр авч, улмаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олгохоор заасан. Гэтэл нэхэмжлэгч нь нэг ч удаа уулзаж байгаагүй хүнийг зээл авах хүсэл зоригтой мэтээр н.****тай хуйвалдаж зээл олгосон мэт гадаад илэрхийллийг бий болгож, улмаар хуульд заасан зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй эрхэлж байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02дугаар сарын 04-ний өдрийн 312/ШШ2026/00477 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.****эс 63,898,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,736,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн70 дугаар зүйлийн 70.2.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШЗ2025/02327 дугаартай шүүгчийн захирамж нь мөн хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546 125 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.****эс 477,444 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Ж.Сангичимаа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Ц.****ын нэхэмжлэлтэй А.****д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 77,635,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 477 дугаар шийдвэрийг 2026 оны 02 дугаар сарын 26- ны өдөр гардаж аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг.Хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй талаар: Хариуцагч нь анх шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ, мөн шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ талаар маргасан. Дээрх маргаан нь гэрээний эрх зүйн маргаан бөгөөд анхан шатны шүүх маргааны гол зүйл болоод байгаа гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар хамгийн түрүүнд дүгнэлт хийх ёстой байсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх асуудлыг дүгнэсний дараа гэрээний үр дагаврын талаар дүгнэлт хийх нь зүйтэй юм. Гэтэл хариуцагч талаас гэрээ хүчин төгөлдөр бус талаар маргаж байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцаа үүсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн атлаа гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар огт дүгнэлт хийсэнгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэхдээ энэ гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудлаар дүгнэлт хийсэнгүй. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болох юм. Хоёр: Байнга зээлийн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олгосон гэдгийг зөвхөн түүний дансны мэдээллээр нотлогдсон гэж үзэх боломжгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэх дүгнэлт нь үндэслэлгүй талаар: Нэхэмжлэгч Ц.**** нь шүүхэд гаргасан тайлбартаа мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй учраас эрх бүхий этгээдэд бүртгүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.****ын Хаан банкны 5006368518 тоот данс, Хас банкны **** тоот дансны зөвхөн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулгуудыг шүүж үзэхэд нийт 39 удаагийн зээл олгов, зээл гэсэн агуулга бүхий орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байдаг. Дээрх баримтаар нэхэмжлэгч нь зөвхөн хариуцагч А.****д нэг удаагийн зээл олгоогүй болох нь нотлогддог. Цаашлаад тус шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.****д олон удаагийн хүүтэй зээл олтож гэрч Г.**** нь нэхэмжлэгчид 200 сая орчим төгрөгийн өртэй гэж мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн дансны мэдээллээр нотлогдсон гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан, Дээрх хуулийн хүрээнд зээлийн гэрээний дагуу зээлсэн, зээлүүлж байгаа мөнгийг дансаар шилжүүлсэн, энэ нь дансны хуулгаар нотлогдсон байтал өөрөөр нотлох ёстой мэтээр дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна. Гурав: хариуцагч нь 43,000,000 төгрөг зээлж авах хүсэл зориг байгаагүй талаар дүгнэлт хийгээгүй: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлээ 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс шилжүүлсэн 6 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг зээлсэн үлдсэн 5 сая төгрөгийг н.Сэлмээ зээлсэн, 2024 оны 11 сарын 21-ны өдөр 37 сая төгрөг нэхэмжлэгчээс шилжүүлснээс н.**** 34,300,000 төгрөг хариуцагч нь 2,700,000 төгрөг зээлж авсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан гэр их хэмжээний мөнгийг зээлж авах хүсэл зориггүй байсан гэдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн дансны хуулгаар нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгө хариу тайлбарт дурдсан хэмжээгээр н.****гийн данс руу хариуцагчийн данснаас орсон болох нь баримтаар нотлогдсон, шүүх хуралдаан дээр гэрч н.**** тухайн мөнгийг авсан болохоо хэлдэг. Дээрхээс үзэхэд хариуцагч А.**** нь нэхэмжлэгчээс тэр их хэмжээний мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчээс мөнгө зээлж түүнд авч өгсөн гэх тайлбар, татгалзал нотлогдсонгүй ...” гэж дүгнэсэн нъ үндэслэлгүй байна. Нэгдүгээрт хариуцагч А.**** нь нэхэмжлэгч Ц.****ыг таньдаггүй байсан, Хоёрдугаарт нэхэмжлэгч Ц.**** гэрч н.**** нар нь бие биенээ таньдаг, тэдний хооронд олон удаагийн зээлийн харилцаа үүссэн, гэрч н.**** нь нэхэмжлэгч Ц.****д ч одоо ч 200 сая төгрөгийн зээлтэй болох нь шүүх хуралдаан дээр нотлогддог, Гуравдугаарт нэхэмжлэгчээс авсан мөнгө тэр даруй хариуцагчаас гэрч н.****гийн данс руу шилжсэн зэрэг нөхцөл байдалд шүүх огт дүгнэлт хийсэнгүй. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй! харуулж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 477 дугаар шийдвэрт хариуцагчаас нэхэмжлэгчид 3,700,000 төгрөг гаргуулах гэсэн өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцож, гомдлоо дэлгэрүүлэн тайлбарлах тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.**** шүүхэд “... зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 2,260,000 төгрөг, зээл 37,000,000 төгрөг, зээлийн хүү 9,250,000 төгрөг, алданги 23,125,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 77,635, 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд “...нэхэмжлэгч А.**** нь зээлийн гэрээний дагуу зээлж авсан мөнгөнөөс ихэнх зээлийг Г.****д өгсөн байхад зээл, зээлийн хүү, алдангийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэг ч удаа уулзаж байгаагүй хүнийг зээл авах хүсэл зоригтой мэтээр н.****тай хуйвалдаж зээл олгосон мэт гадаад илэрхийллийг бий болгож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
Шүүх хариуцагч А.****эс 63,898,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгож, нэхэмжлэлээс үлдэх 13,736,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч А.**** нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээл 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 37,000,000 төгрөгийг 5 хоногийн хугацаатай, хоногийн 5 хувийн хүүтэй тус тус зээлж авсан, зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги төлүүлэхээр харилцан тохиролцсон ба талууд энэ талаар маргаагүй байна.
Гэрээний оролцогч талууд гэрээний гол нөхцөл болох зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд тооцох хариуцлагын талаар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д заасан гэрээний талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд хамаарах юм.
Нэхэмжлэгч Ц.**** хариуцагч А.****өөрийнх нь эзэмшлийн Хас болон Хаан банкны дансанд зээлийн нийт төлбөр 43,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282.4.-д зааснаар талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ. Энэ тохиолдолд зээлдүүлэгч зээл, зээлийн хүү, алдангийг зээлдэгчээс шаардах эрхтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.**** нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн хариуцагчийг А.**** гэж нэр зааж тодорхойлсон байх ба шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.****гийн өгсөн “...хариуцагч А.****зээлж авсан мөнгөнөөс би авсан, уг мөнгөө өөрт нь өгч төлнө...” гэх мэдүүлэг зэргийг харгалзан үзэхэд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Хариуцагч А.**** нь нэхэмжлэгчээс зээлж авсан зээлийн үнийн дүнгээс нийт 39,300,000 төгрөгийг Г.****д шилжүүлж өгсөн нь маргаангүй зүйл болсон хэдий ч тэрээр зээлийн төлбөрөөс авсан мөнгөн төлбөрийг зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээхгүй, харин хариуцагч өөрөө хууль болон гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, хугацаа хэтрүүлсний хүү зэргийг зээлдүүлэгчийн өмнө бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй.
Шүүх талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээнд “...зээлийн хүүгийн хэмжээг хоногийн 5 хувиар тооцсон” нь зээлдэгчид илт хохиролтойгоор тогтоосон гэсэн дүгнэлт хийж, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2.-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ц.**** шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “... 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчийн төлөх алдангийн хэмжээг тооцохдоо гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож, 23,125,000 төгрөг нэхэмжилснийг Давж заалдах шатны шүүхээс багасгаж шийдвэрлэх боломжтой.
Учир нь нэхэмжлэгч Ц.****ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүх 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу алданги төлөх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл /2 сар 10 хоног/ хугацаагаар алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож алданги 12,950,000 төгрөгийг хариуцагч А.**** зээлдүүлэгчид төлөхөөр байна.
Дээрх байдлаас үзэхэд хариуцагч А.****шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 43,000,000 төгрөг, зээлийн хүү 2,352,500 төгрөг, алданги 12,950,000 төгрөг нийт 58,302,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 19,332,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 312/ШШ2026/00477 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.2, 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг тус тус баримтлан хариуцагч А.****эс зээлийн нийт төлбөр 58,302,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,332,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... “ гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд “...477,444 төгрөг...” гэснийг “...449,462...төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч Ж.Сангичимаа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 458,944 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ