| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/10246/И |
| Дугаар | 210/МА2026/00885 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00885
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01717 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 604,399,720 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.БНХАУ-ын *******" ХХК, Монгол Улсын ******* ХК, ******* ХХК-иудын хооронд 2023.09.29-ний өдөр байгуулагдсан Г-91/2023 тоот Нүүрс худалдах-худалдан гэрээгээр нийлүүлэгч ******* ХК нь худалдан авагч БНХАУ-ын *******" ХХК-д 4800+200 ккал/кг илчлэгтэй 20,000 тонн нүүрсийг нийлүүлэх, төлбөрийг худалдан авагч *******" ХХК нь төлбөр хүлээн авагч ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, "*******" ХХК нь гэрээний 6.1-д зааснаар 10,000 тонн нүүрсний үнэ 1,906,000 юанийг "*******" ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд 2023.10.24-ний өдөр бүрэн төлсөн. Гэвч худалдагч ******* ХК-ийн нийлүүлж буй нүүрс гэрээнд заасан илчлэгийн хэмжээнд хүрээгүй тул энэ талаар мэдэгдэл хүргүүлсэн ч асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул гэрээг цуцалсан. Гэрээгээр шилжүүлсэн 1,906,000 юань буюу 899,860,720 төгрөгөөс "*******" ХХК-д нэг удаа нийлүүлсэн чанаргүй нүүрсний үнэ 295,461,000 төгрөгийг хасаж, үлдсэн 604,399,720 төгрөгийг хариуцагч төлөхөөр тооцоо нийлж баталгаажуулсан.
*******" ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар *******ХХК-тай 2024.12.15-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулан дээрх гэрээний дагуу захиалагчаас авбал зохих 604,399,720 төгрөгийг хүлээн авч захиран зарцуулах, маргаан үүсвэл шүүх арбитрт хандах зэрэг эрхийг олгосноор нэхэмжлэгч *******ХХК-ийн шаардах эрх үүссэн. *******ХХК нь 604,399,720 төгрөгийн төлбөрийн хэмжээгээр ******* ХХК-аас шатахуун авах нөхцөлтэй 108/2024/ЦБ/01 тоот Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-г 2024.12.24-ний өдөр байгуулсан ч ******* ХХК нь түлшний нийлүүлэлт зогссон гэх шалтгаанаар 2025.06.24-ний өдрийг хүртэл 6 сарын гэрээний хугацаанд шатахуун нийлүүлээгүй, өнөөдрийг хүртэл гэрээ биелэгдээгүй. Төлбөр төлөгдөөгүй тул нэхэмжлэгч нь 2023.09.29-ний өдрийн Г-91/2023 тоот мэдэгдлээр гэрээнээс татгалзаж энэ тухай хариуцагчид 2025.08.20-ны өдөр хүргүүлсэн.
Иймд хариуцагчаас 604,399,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 604,399,720 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,179,948 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 3,179,948 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
Шүүхээс нэхэмжлэгч *******ХХК нь ямар гэрээнээс татгалзаж, үлдэх төлбөрт 604,399,720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тодруулах буюу нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл юу байсныг үндэслэлтэй дүгнээгүй болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээний худалдагч тал биш ба зөвхөн худалдагчийн нийлүүлсэн нүүрсний төлбөрийг хүлээн авсан этгээд тул уг нүүрсийг нийлүүлэх үүрэг бүхий этгээд биш, хүлээн авсан төлбөрийг шууд хариуцах этгээд бус тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн этгээд гэж шууд тодорхойлох боломжгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн шаардах эрх хуулийн дагуу үүссэн эсэх, уг төлбөрийг хариуцах ёстой этгээд мөн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой байсан.
Өмнө нь байгуулсан Нүүрс худалдах-худалдан авах гэрээний хүрээнд нийлүүлэгдээгүй нүүрсний зарим хэсэгт шатахуун нийлүүлэх боломжтой болохоо илэрхийлж, нийлүүлсэн шатахууны хэмжээгээр үндсэн үүрэг гүйцэтгэгчийн буцаан төлөх үүргийг баталгаажуулсан нь хариуцагч уг төлбөрийг бүхэлд нь хариуцах этгээд мөн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас мөнгөн төлбөрийг авах эрхтэй гэж байгаа боловч үндсэн гэрээний худалдагч ******* ХК тул хариуцагч компани нийлүүлээгүй, чанаргүй гэх нүүрсний төлбөрийг буцаан төлөх үндэслэл байхгүй. Мөн ******* ХК болон нэхэмжлэгчийн зүгээс Нүүрс худалдах-худалдан авах гэрээ-нээс бүхэлд нь татгалзсан, уг нүүрсийг нийлүүлэх боломжгүй болсон болон чанарын шаардлага хангахгүй гэх үйл баримт огт байхгүй бөгөөд талууд аль гэрээнээс татгалзаж байгаа, нүүрс худалдан авах үйл ажиллагаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байсан эсэхэд шүүх хэргийн баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн хувьд уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцож тайлбар өгөх болон дээрх үйл баримттай холбоотой тодорхой ажиллагааны хүсэлтийг гаргахаар байсан ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 10:30 цагт эхэлсэн шүүх хуралдаан удаан хугацаанд үргэлжилж 14:00 цагт дууссан. Энэ шалтгаанаар шүүх хуралд амжиж очиж чадаагүй бөгөөд нарийн бичгийн залгасан утсанд буцааж хариу өгөх гэсэн ч холбогдож чадаагүй.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, үүргийн зөрчил хэн хариуцахыг, бүрэн тодорхойлоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Анх ******* ХХК, ******* ХХК, ******* ХК-иудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр ******* ХК нь худалдан авагчид нүүрс нийлүүлэх байсан ба худалдан авагч гэрээний 6.1-д зааснаар урьдчилгаа төлбөрт 1,906,000 юань буюу 899,001,720 төгрөгийг шилжүүлсэн. Хамгийн эхний нүүрс нийлүүлэлтээр гэрээнд заасан илчлэгийн чанарт хүрэхгүй байсныг талуудад мэдэгдэж, илчлэгт хүргэх талаар шаардлагыг хүргүүлсэн ч энэ талаар шийдэлд хүрээгүй тул худалдан авагч гэрээнээс татгалзсан. Татгалзахдаа урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 1,906,000 юаниас илчлэгт хүрээгүй нүүрсний төлбөрийг хасаад үлдэгдэл 604,399,720 төгрөгийг шаардсан. Хариуцагчаас одоо бүрэн төлөх боломжгүй байгаа учраас нефтээр төлье гэсэн саналын үндсэн дээр талууд тооцоо нийлсэн ч хариуцагч ямар ч шатахуун нийлүүлээгүй учраас тухайн төлбөрийг шаардаж байгаа.
Хариуцагчид 2024.12.23-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж өгсөн ч хариуцагч хуульд заасан хугацаанд болон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар гаргаагүй. 2025.01.14-ний өдөр хурлын товыг мэдэгдсэн байхад тухайн өдөр хурал давхацсан бол хурлыг хойшлуулах хүсэлт, нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөх байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.2, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шаардах эрхтэй гэсэн агуулгын хүрээнд хэргийн 12 талд авагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээний 1.1.1-д заасан.
Хариуцагч нь ******* ХК-аас тооцоо нийлсэн актыг авч тодруулах ажиллагаа хийгдэж байсан гэж тайлбарлаж байна. Хэргийн 19 талд ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт авагдсан ба ******* ХХК-ийн хүлээж авсан 899,001,720 төгрөг, нүүрс нийлүүлсэн дүн 294,602,000 төгрөг, үлдэгдэл 604,399,720 гэж бичигдсэн. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 604,399,720 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал нэхэмжлэлийг гардан авснаас хойш нэхэмжлэлийг зөвшөөрсөн, татгалзсан талаарх тайлбараа шүүхэд гаргаагүй байна.
3. *******ХХК нь БНХАУ-ын *******" компанитай 2024.12.15-ны өдөр байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ээр ******* ХХК-аас 604,399,720 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлэн авч, уг эрхийг үндэслэн хариуцагчид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ БНХАУ-ын *******" компани, Монгол Улсын ******* ХК, ******* ХХК нарын хооронд 2023.09.29-ний өдөр Г-91/2023 дугаартай Нүүрс худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус компаниас 1,906,000 юанийг төлбөр хүлээн авагч ******* ХХК-д шилжүүлсэн ч худалдагч ******* ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, төлбөрийг буцаан шаардах эрхээ *******" компани нь манай компанид шилжүүлсэн, шаардах эрхийг үндэслэн ******* ХХК-тай 2024.12.24-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 604,399,720 төгрөгийн хэмжээгээр шатахуун авахаар болсон гэсэн агуулгаар тодорхойлсон байна.
Хэрэгт авагдсан дээрх компаниудын хооронд 2023.09.29-ний өдөр байгуулсан Г-91/2023 дугаартай Нүүрс худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцээгүй байх тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй.
Харин *******ХХК, ******* ХХК нарын хооронд 2024.12.24-ний өдөр байгуулсан 108/2024/ЦБ/01 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ-ний 1.3-т *******" компани нь 604,399,720 төгрөгийн шаардах эрхээ *******ХХК-д шилжүүлснийг дурдсан, мөн өдөр зохигч Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлджээ.
Нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх баримтаар дэмжигдэж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д нийцсэн гэж үзэх ба дээрх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаанд дурдсанаар нэхэмжлэгчийн шаардах эрхийн талаар хариуцагч мэдэж байсан буюу мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хариуцагч энэ талаар маргасан тайлбар, үгүйсгэсэн баримтыг хожим шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэгч *******ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.6-д заасны дагуу хариуцагч ******* ХХК-аас 604,399,720 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгч *******ХХК, хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2024.12.24-ний өдөр байгуулсан 108/2024/ЦБ/01 дугаартай Нефтийн бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний 1.3, 2.1, 3.1-д заасны дагуу хариуцагч нь 604,399,720 төгрөгийн төлбөрт нефтийн бүтээгдэхүүнийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн нийлүүлэх үүргийг хүлээжээ. Гэрээний хугацаа 2025.06.24-ний өдөр дууссан, энэ хугацаанд хариуцагч гэрээний үүргийг бүрэн болон хэсэгчлэн биелүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, гэрээний үүрэг биелэгдээгүй тухай нэхэмжлэгч тайлбарласан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болон худалдагч үүргээ биелүүлээгүй байхад гэрээний хугацаа дууссан нь мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар худалдан авагч гэрээнээс татгалзах эрх үүссэнийг шүүх зөв тодорхойлжээ. Энэ тохиолдолд талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэг үүсэх тул нэхэмжлэгч нь 604,399,720 төгрөгийг нефтийн бүтээгдэхүүнээр бус мөнгөн хэлбэрээр буцаан гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
5. Шүүхийн энэ шийдлийг хариуцагч эс зөвшөөрч гаргасан гомдолдоо, хариуцагч уг төлбөрийг хариуцах үүрэггүй буюу 3 талт гэрээгээр нүүрс нийлүүлэх үүрэг хүлээсэн худалдагч ******* ХК-ийн үүргийг хариуцахгүй, 3 талт гэрээнээс аль нэг тал татгалзсанд хариуцагч буруутай эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөөгүй гэжээ.
Хариуцагч компани нь нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан 3 талт гэрээний оролцогч болохын зэрэгцээ өмнө дүгнэснээр нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан 604,399,720 төгрөгийн шаардах эрхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийн хэмжээний талаар нэхэмжлэгчтэй тооцоо нийлэн баталгаажуулж, төлбөрийг нефтийн бүтээгдэхүүнээр төлөхөөр гэрээ байгуулсныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг шууд хариуцах этгээд гэж дүгнэнэ.
Мөн нэхэмжлэгч нь 3 талт гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардаагүй учир шүүх энэ талаар дүгнээгүй нь зөв, харин зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардсан учир анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ гэрээний үүргийн зөрчлийг дүгнэж, хариуцагчаас төлбөр гаргуулсан нь үндэслэлтэй.
Хариуцагч 2025.12.23-ны өдөр нэхэмжлэлийг гардан авчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг шүүхэд гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, энэ үүргээ 2026.01.29-ны өдрийн шүүх хуралдаан хүртэлх хугацаанд мөн биелүүлээгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, үүргийн зөрчлийг хэн хариуцах нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хүлээн авахгүй. Учир нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар хариуцагч хуулийн хугацаанд тайлбараа, анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримтаа гарган мэтгэлцэх, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй явдалд шүүхийг буруутгахгүй.
6.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн тухай гомдлыг хангахгүй. Шүүх 2026.01.14-ний өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг 2026.01.29-ний өдрөөр тогтоон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 99808811 дугаараар дамжуулан товыг мэдэгдсэн нь хэрэгт авагджээ.
Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал хүрэлцэн ирээгүй ба хүндэтгэх шалтгааны улмаас мөн өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан буюу давж заалдах гомдолд дурдсан нөхцөл байдлыг илэрхийлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэснийг хуульд нийцсэн ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хариуцагчийн эрхийг хязгаарлаагүй байх тул энэ тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,179,949 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Г.НЯМСҮРЭН
Э.ЭНЭБИШ