Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00945

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-22 тоотод оршин суух Тугчин овогт Чулуунбаатарын Анхдаваа /ФА: 93020837/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-2-22 тоотод оршин суух Тугчин овогт Жигжидын Чулуунбаатар /ФБ:75010510/

            Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Анхдаваа, хариуцагч Ж.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Анхдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.Анхдаваа миний бие өөрийн төрсөн хүү Ч.Золбаярыг эцэг эхийнхээ нэр дээр болгон үрчлүүлсэн. Хүүгээ төрөх үед бид насанд арай хүрээгүй байсан тул төрсөн эцэг эхдээ үрчлүүлсэн юм. Одоо буцааж хүүгээ өөрөө авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Ж.Чулуунбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Энэ хэргийг шийдвэрлэхэд Жигжид овогтой Чулуунбаатар миний бие нь ямар ч асуудал гомдолгүй болно. Төрсөн хүүгийнхээ хүүхдийг үрчилсэн нь үнэн. Эхнэрийн бие муудаад гадаадад явж эмчлүүлэх шаардлагатай тул үрчлэлтийг хүчингүй болгоход маргаан гомдол байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Анхдаваа нь хариуцагч Ж.Чулуунбаатарт холбогдуулан хүү Золбаярын үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч Ж.Чулуунбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

            Тугчин овогт Анхдаваагийн Золбаяр нь Тугчин овогт Чулуунбаатарын Анхдаваа, Дархан овогт Содномдовжийн Болорзул нарын хүү болон 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн.

            Ч.Анхдаваа, С.Болорзул нар хүү А.Золбаярыг 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Тугчин овогт Жигжидийн Чулуунбаатар, Рашаант овогт Шаравжамцын Сэлэнгэ нарт үрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0015 дугаартай үрчлэлтийн гэрчилгээ,  Ч.Золбаярын Г-0704/15 дугаартай төрсний гэрчилгээний  нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгчийн хүүгээ төрөх үед насанд дөнгөж хүрч байсан тул өөрийн эцэг эхдээ хүүгээ үрчлүүлсэн, гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хангаж шийдвэрлэх боломжтой байна.

            Иймд Тугчин овогт Анхдаваагийн Золбаярыг Тугчин овогт Жигжидын Чулуунбаатар,  Рашаант овогт Шаравжамцын Сэлэнгэ нарт 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дахь хэсэгт зааснаар Тугчин овогт Анхдаваагийн Золбаярыг 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ж.Чулуунбаатар, Ш.Сэлэнгэ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                          Л.АРИУНЦЭЦЭГ