Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00886

 

 

******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02180 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ******* ХХК,

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Хүсэлт гаргагчийн ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлттэй,

Нэхэмжлэгчийн 222,636,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлтэй дампуурлын хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хэрэг гүйцэтгэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарын агуулга:

******* ХХК нь 2008 онд газар тариалан эрхлэх үндсэн үйл ажиллагаа явуулахаар нэг гишүүнтэй, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдан 2009 оноос ******* аймгийн ******* суманд ******* га талбайд тариалалт явуулж ******* тн үрийн стандартад тэнцсэн хүнсний улаан буудай хураан авч ХХААХҮЯ-ны ТЭДСанд 431,82 тн ******* сортын улаан буудайг тушаасан. Гэвч тооцоог цаг тухайд нь бодитой нийлээгүйгээс манай компани ТЭДСанд их хэмжээний төлбөрийн үүрэг үүссэн. Компанийн төлбөрийн чадваргүй болсон үндэслэл нь компанийн үндсэн үйл ажиллагаа болох тариалан эрхлэх өөрийн газаргүй болсонтой холбоотой. Тухайн газраа эзэмших эрхтэй болохоор 2011 онд сумын Засаг даргад хүсэлт гаргаж, төлбөрөө төлсөн ч газар эзэмшүүлэх эрхийг олгоогүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, өнөөдрийг хүртэл тариалангийн газар, техник, тоног төхөөрөмжгүй, санхүүгийн эх үүсвэргүй байна.

Манай компани нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.23-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар Т*******д 222,636,160 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Дээрх өр төлбөрөөс өөр ямар нэгэн өр төлбөр байхгүй ба татвар болон нийгмийн даатгалын өр төлбөр байхгүй болно. Иймд шүүхийн шийдвэрээр төлбөртэй тул зээл авах боломжгүй зэргээс болж үйл ажиллагаа явуулаагүй байна. Одоогоор компани нь өөрийн байргүй, тогтмол орлогогүй, өртэй ба компанийн өмчлөлд хөдлөх үл хөдлөх хөрөнгө байхгүй.

Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан төлбөртэй этгээдийн нэр, хаягийг бичих боломжгүй болно. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлж чадахгүй байгаа юм. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани тул хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ******* миний бие өөрөө хэрэгжүүлж байгаа болно. Иймд ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Хуучнаар Т******* одоогоор ******* нь хариуцагчид удаа дараа газар тариалангийн үйл ажиллагааг нь дэмжин техник, улаан буудайн үр, ургамал хамгааллын бодис, бордоо зэргийг зээлээр олгож үйл ажиллагааг нь дэмжиж байсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхийн шатанд эвлэрч 2015.07.23-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамж гарсан ба захирамжид 222,636,160 төгрөгийг 2016.11.25-ны өдрийн дотор хариуцагч төлөөр тохиролцсон ч хариуцагч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна. Иймд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас 222,636,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар,татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

4. Хэрэг гүйцэтгэгч *******ын шүүхэд гаргасан дүгнэлт, тайлбарын агуулга:

******* ХХК нь 2008.08.08-ны өдөр 1 гишүүнтэйгээр Газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан бөгөөд 2020 онд барилгын засвар хийх үйл ажиллагааны чиглэл нэмж улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2020.04.20-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хувьцаа эзэмшигч, гишүүнээс ******* хасагдаж, ******* нэмэгдэж өөрчлөгдсөнийг, мөн эцсийн өмчлөгчөөр П. Ганболд тус тус бүртгүүлжээ.

Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулах бөгөөд 2015-2021 онуудад эргэлтийн хөрөнгө байгаагүй нь төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгөгүй, төлбөр гүйцэтгэх ямар боломжгүйг харуулж байна. Шинжилгээгээр ******* ХХК-ийн 2015-2021 онуудын тайлан дахь харьцааны 0.0 гарч байгаа нь түргэн хөрвөх чадваргүй, өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй байгааг илэрхийлж байна. ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр хасах тоо гарч байна. Санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог шинжилгээнээс дүгнэхэд ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна. ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын санхүүгийн тайлан баланст төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2015-2021 онуудын тайлангийн үзүүлэлтүүд болон ******* ХХК-ийн шүүхэд мэдүүлсэн бусад баримт бичгээр компанийн өр төлбөр нь шүүхийн шийдвэрээр 222,636,160 төгрөг болж өөрийн хөрөнгө тайлант хугацааны алдагдлын нийлбэрээр 222,6 сая болсон байна. Тайлант хугацаанд ******* ХХК-ийн хуримтлагдсан алдагдал -223,636,160 төгрөгт хүрч, нийт хөрөнгийн 100 %-д хүрсэн үзүүлэлт гарч байна. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заажээ. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь 2015 оноос өөрийн хөрөнгийн ямар ч дүнтэй тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь 2015 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Шүүгчийн захирамжийн дагуу нэмэлтээр ирүүлсэн материалыг судлан үзэхэд үйл ажиллагаа явуулж байсан 2008-2011 онуудын санхүүгийн тайланг үндэслэхгүйгээр Дампуурлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоох боломжгүй юм. Иймд хэрэгт авагдсан баримтаар болон хэрэг гүйцэтгэгч миний зүгээс үзэж байгаагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэргийг 1 хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа. Учир нь хуульд заасан бүрдүүлбэр 1 хангагдаагүй, дүгнэлт гаргах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар ******* ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 14 дүгээр зүйлийн 14.1, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгчийн зардлыг хариуцагчид хариуцуулж, төлбөрийг барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч *******т хариуцуулж, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дах хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас 222,636,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч *******т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нотлох баримтыг тал бүрээс, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаагүй. Шүүхийн шийдвэрт ...компани газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ба үйл ажиллагааны чиглэлийг 2020.04.20-ны өдөр Барилгын засвар хийхээр нэмсэн байх боловч үйл ажиллагаа явуулсан талаарх баримтгүй нь хэргийн баримтаар тогтоогдсон, хувьцаа эзэмшигч нь компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх, өр төлбөрийг хугацаанд нь барагдуулах талаар санаачилгагүй ажилласнаас үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөлийг алдагдуулж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогссон нь төлбөрийн чадваргүй болох үндсэн шалтгаан болсон гэж үзэхээр байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгчээс 2025.11.06-ны өдрийн дүгнэлтийн 5-т Удирдлагын үйл ажиллагааны талаарх дүгнэлтэд Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй, барьцааны зүйлийг худалдан борлуулсан бүртгэл байхгүй, санхүүгийн тайланг холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй нь хариуцлагагүй, санхүүгийн сахилга батгүй, хөрөнгө нөөцөө зөв удирдаагүй, удирдлагын буруутай үйл ажиллагаа байна гэх дүгнэлт болон хэрэг гүйцэтгэгчийн 2026.02.25-ны өдөр Хэрэг гүйцэтгэгчийн санал дүгнэлтийг дахин гаргасан. Тус дүгнэлт 2008.01.01-2011.12.31-ний өдрийг хүртэлх хугацааг хамарсан нийт 9 ширхэг орлогын гүйлгээ мөнгөн дүн 129,069,827 төгрөг, зарлагын гүйлгээ 47 ширхэг, үүнээс 31 ширхэг нь банкны гүйлгээний шимтгэлд 42,200 төгрөг, бусад 16 ширхэг гүйлгээгээр 129,030,000 төгрөг, /РД:ГЮ830226/ ******* нъ зарлагын бэлэн гүйлгээгээр хийгдсэн болох нь дансны хуулганы дэлгэрэнгүй мэдээллээр нотлогдоно гэж үзсэн дүгнэлтүүдийг тус тус анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрт ...******* ХХК нь 2008-2011 оны санхүүгийн тайланг хэрэгт хавсаргах боломжгүй байна гэж үзлээ гэсэн. Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д ...сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлан... буюу Улсын дээд шүүхийн тогтоолын 6 дугаар зүйлд ...сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн 3 жилийг хамруулан ойлговол зохино... гэж тайлбарласан. Харин ******* ХХК нь 2008-2011 оны санхүүгийн тайланг хавсарган өгсөн атал шүүх ******* ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрт Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т зааснаар ******* ХХК-аас 222,636,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй байна. Тодруулбал, ******* ХХК нь 2015.07.23-ны өдрийн 505 тоот шүүгчийн захирамжаар 222,636,160 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан зарчмыг хөндөж буй эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч талаас Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж зааснаар хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байр суурьтай оролцсон ч шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хөндсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр компанийн гүйцэтгэх удирдлага нь санхүү, хууль эрх зүйн мэдлэггүй, анхан шатны бүртгэл хөтлөөгүй, компанийн үйл ажиллагааг ашигтай ажиллуулах бизнес менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлээгүй буюу доголдолтой ажилласныг бид хүлээн зөвшөөрдөг. Мөн 2010 оны мөнгө гүйлгээний орлогын асуудал байдаг бөгөөд үүнтэй холбоотой тайлбарыг компаниас өгсөн ч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй талаар хариу тайлбартаа дурдсан. Учир нь манай байгууллага 54,6 тонн үрийн буудай авсан бөгөөд үүнийг 431 тонн үрийн буудай болгож улсад буцаан өгсөнтэй холбоотой мөнгөн дүнгийн зөрүү гарсан. Мөн улсад тушааснаас гадна ******* ХК-д тушаасан улаан буудайны мөнгөн гүйлгээний орлогын баримт байдаг бөгөөд биднийг тус орлогыг захиран зарцуулсан гэж маргасан. Гэвч тус орлого нь бизнесийг хэрэгжүүлэхэд гарч байгаа анхны зардал буюу техник тоног төхөөрөмж худалдан авсан зардал, урьдчилгаанд төлсөн 30,000,000 орчим төгрөг, ажилчдын зардал, түлш, хоол, байр гэх мэт үйл ажиллагаанд зарцуулагдсан бөгөөд үүнийг тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан. Үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй талаар бид тайлбарласан. Учир нь тухайн үед Татварын ерөнхий хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нийтлэг хэрэгждэггүй байсан. Мөн компани өөрийн тогтсон оффисгүй, нягтлан бодогчгүй байсан тул захирал нь мөнгийг Хаан банкнаас бэлнээр авч, ажилтнуудын цалинг өгдөг байсан. Тус үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй боловч үгүйсгэх аргагүй үйл явдал юм.

Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Дампуурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсантай холбоотой тайлангийн асуудал дурдагдсан. Биднийг үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлж болохгүй бөгөөд компанийг буцаан хөл дээр нь зогсоож, өр төлбөрөө барагдуулахын тулд газар тариалангаас гадна барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл нэмсэн. Бодитоор мөнгөн гүйлгээний орлого зарлага гараагүй боловч тухайн үед шинэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт олох, түрээс гэх мэт ажлыг хийж байсан нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар нотлогддог. Манай гаргаж өгсөн сүүлийн 6 жилийн санхүүгийн тайланд мөнгөн гүйлгээний орлого, зарлага харагдахгүй боловч үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогддог. Орлого орж, өр төлбөрөө төлөөгүй нь үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлд хамаарахгүй.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу хувьцаа эзэмшигчийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар нэхэмжлэгч дурдсан. Дампуурлын хэрэг буюу онцгой ажиллагааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг асуудал дурдагдахгүй. Түүнээс уг маргаанд дээрх асуудал хамааралгүй. ******* ХХК нь бие даасан хуулийн этгээд бол ******* нь Монгол Улсын иргэн. Компани байгуулж, ашиггүй ажилласныхаа төлөө Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасны дагуу иргэний хувийн хөрөнгөөр барагдуулах ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Бид төлбөрийн чадваргүй болох нь Дампуурлын тухай хуульд заасны дагуу тогтоогдсон тул төлбөрийн чадваргүйд тооцсон захирамж, шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд компанийг татан байгуулахаар өөр шийдэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2.******* ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, тус компанид холбогдуулан ******* ХХК-аас 222,636,160 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

3.Анхан шатны шүүх, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгахаар шийдвэрлэхдээ хэрэг гүйцэтгэгч Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажиллагааг бүрэн хийгээгүйг анхаараагүй, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хариуцагч компанийг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах бодит үндэслэл бүрдсэн эсэх нь бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4.Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022.11.03-ны өдрийн 18410 дугаар захирамжаар Голден пэйж аудит ХХК-ийг түр хэрэг гүйцэтгэгчээр томилжээ.

Тус шүүхийн шүүгчийн 2023.02.02-ны өдрийн 2795 дугаар захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээс ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан *******ын банкин дахь харилцах дансны хуулгыг гаргуулах нь тус компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтооход ач холбогдолгүй гэж үзсэн нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 12 дугаар зүйлийн 12.13, 12.1.9-д заасантай нийцээгүй байна. Хэргийн баримтаар ******* нь ******* ХХК-ийг 2008 онд үүсгэн байгуулж улмаар 2020.04.20-ны өдөр хувьцаагаа *******од шилжүүлжээ.

*******ыг тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байх үед нэхэмжлэгчийн шаардсан 222,636,160 төгрөгийн төлбөр үүссэн буюу компани төлбөрийн чадваргүй болох нөхцөл бий болжээ. Иймээс түр хэрэг гүйцэтгэгч нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох чиг үүргийн хүрээнд хамаарал бүхий этгээдээс холбогдох баримт сэлтийг гаргуулан авах эрхтэй.

Түр хэрэг гүйцэтгэгчийн 2023.03.09-ны өдрийн дүгнэлтэд ******* ХХК нь Т*******тай гэрээ байгуулахдаа *******ын ******* дугаартай дансаар дамжуулан гүйлгээ хийгдсэн, компани харилцах дансгүй, ЖДҮ сангийн хөрөнгийг үнэн зөв тайлагнаагүй, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь эргэлзээтэй, удирдлагын үйл ажиллагаа санхүүгийн сахилга батгүй, нөөцийг зөв удирдаагүй, худалдан авсан 182,636,160 төгрөгийн техник хэрэгслийн бүртгэлгүй, хэрхсэн нь тодорхойгүй гэж дурдсанаас гадна компанийн мэдээлэл дутмаг, хувьцаа эзэмшигч шилжсэн зэргийг үндэслэн төлбөрийн чадваргүйд тооцох санал гаргах боломжгүй гэжээ. Шүүх түр хэрэг гүйцэтгэгчийг хэрэг гүйцэтгэгчээр үргэлжлүүлэн томилсон байх ба хэрэг гүйцэтгэгчийн 2023.09.06-ны өдрийн дүгнэлтэд энэ байдал мөн тусгагдсан байна.

 

5.Тус шүүхийн шүүгчийн 2025.03.27-ны өдрийн 14142 дугаар захирамжаар *******ыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон ба хэрэг гүйцэтгэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх шийдвэрлэсэн 2025.05.26-ны өдрийн ******* дугаар захирамж гарчээ. Захирамжийн дагуу Хаан банк ХК-аас ******* дугаар дансны хуулга, ******* ХХК-аас ТЭДЖ-аас худалдан авсан техник хэрэгсэлтэй холбоотой тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэг гүйцэтгэгчийн 2025.11.06, 2026.02.25-ны өдрийн дүгнэлтээр ******* ХХК нь 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэс эхлэн өр үүсч тайлант хугацаанд 222,636,160 төгрөгийн өр төлбөртэй болсон, 2015-2021 онуудад эргэлтийн хөрөнгөгүй, төлбөр гүйцэтгэх боломжгүй болсныг тогтоосон байна. Мөн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан 2008-2011 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй, 2009-2011 онд газар эзэмших эрхтэй байсан хугацаанд үйл ажиллагааны орлогоос гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь хариуцлагагүй, санхүүгийн сахилга батгүй, нөөцийг зөв удирдаагүй, удирдлагын буруутай үйл ажиллагаа болсныг дүгнэжээ. Түүнчлэн дансны хуулгаар тогтоогдсон 2008-2011 оны компанийн борлуулалтын орлого 129,069,827 төгрөгөөс 129,030,000 төгрөгийг ******* бэлнээр авсан, уг мөнгөн хөрөнгөөс компани нь гэрээний дагуу өр төлбөрөө төлөөгүйг дурджээ.

 

6.******* ХХК нь Т*******тай байгуулсан гэрээний үүрэг 222,636,160 төгрөгийн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон учир Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан үндэслэлээр төлбөрийн чадваргүйд тооцож, татан буулгах шийдвэр гаргуулахыг хүссэн байна. Шүүх уг нэхэмжлэлд дампуурлын хэрэг үүсгэж, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үед тус компаниас дараах агуулгаар хэд хэдэн удаа шүүхэд хандан хүсэлт, тайлбар гарган оролцжээ.

Тухайлбал, тус компанийн 2023.02.06-ны өдрийн 01/01 тоот албан бичгээр шүүхийн шаардсан баримт, мэдээлэл тус компанид байхгүй тухай, мөн хувьцаа эзэмшигч *******, ******* нарын данс, хөрөнгийн мэдээлэл нь компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтооход хамааралгүй учраас уг хүсэлтийг хүлээн авахгүй байхыг хүссэн утгатай, мөн өдрийн 01/02 тоот албан бичгээр түр хэрэг гүйцэтгэгч хууль зөрчин материал шаардсан, дүгнэлт гаргахгүй хугацаа хэтрүүлж байгаа учир түр хэрэг гүйцэтгэгчээс татгалзах утгатай, мөн 2026.02.04-ний өдрийн 02/01 тоот албан бичгээр шүүхийн шаардсан баримтууд нь тус компанид байхгүй, мөнгөн хөрөнгийн зарцуулалтын бүртгэл үүсгээгүй, техник хэрэгсэл алдагдсан тухай тайлбарласан байна.

 

7.Шүүх Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.7 дахь хэсэгт зааснаар түр хэрэг гүйцэтгэгч томилон хариуцагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтооход мэргэжлийн туслалцаа авах, дүгнэлт гаргуулахаар, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилж хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх, эсхүл дампуурсанд тооцож татан буулгах талаар дүгнэлт гаргуулахаар байна.

Шүүхэд хүсэлт гаргасан хариуцагч ******* ХХК-ийг төлбөрийн чадвартай эсэхийг шүүх тогтоож, улмаар дампуурсанд тооцож, татан буулгах эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд ******* ХХК энэ байдлаа өөрөө нотлох үүргийг хуулиар хүлээхгүй. Харин хэрэг гүйцэтгэгч, шүүхийн шаардсан баримт, мэдээллийг шуурхай гарган өгөх, үнэн зөв, бодит мэдээлэл өгөх үүргийг мөн хуулийн 12, 13 дугаар зүйлд зааснаар хариуцагч хүлээдэг. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл ******* ХХК нь Т*******тай 2008.10.16-ны өдөр байгуулсан Техник-2008/28 дугаартай Техник, түүний эд анги зээлээр худалдах тухай гэрээ-гээр Сийрүүлэгч лидер-6, UTO-1604, Комбайн AF-6150 гэх 3 техникийг, мөн 2008.10.23-ны өдрийн Техник-2008/28-1 дугаартай нэмэлт гэрээгээр Үрлэгч, UTO-1604 трактор, Төмсний иж бүрдэл гэсэн 3 техник болох нийт 6 техник, тоног төхөөрөмжийг худалдан авсан нь гэрээнд тусгасан үнээр /69,438,000+49,428,000/ 118,866,000 төгрөгийн үнэтэй байна.

Хариуцагч эдгээр техникийн талаар ...тухайн техникүүд эвдэрч, тоногдож, үрэгдсэн. Бүртгэл нь нэхэмжлэгч байгууллагын нэр дээр байдаг... гэх хариуцагчийн тайлбар бодит байдалд нийцсэн эсэхийг шалгах, хариуцагчаас шаардлагатай баримт мэдээллийг шаардан авч тодруулах, зохих гэрээ хэлцлийг хянан үзэх зэрэг Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 12.1.6, 12.1.9-т заасан ажиллагааг хэрэг гүйцэтгэгч явуулаагүй, энэ талаар зохих баримт мэдээллийг шүүхийн журмаар гаргуулахаар шүүхэд тодорхой байдлаар хандаагүй байна.

Мөн хэрэг гүйцэтгэгчийн 2026.02.25-ны өдрийн дүгнэлтэд дурдсанаар хариуцагч компанийн 2008-2011 оны борлуулалтын орлого 129,069,827 төгрөгөөс 129,030,000 төгрөгийг ******* бэлнээр авсан нь компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан эсэхийг санхүүгийн баримтад үндэслэн тогтоох, мөн уг орлогоос компани бусдад төлөх төлбөрөө төлөөгүй шалтгааныг тодруулах шаардлагатай.

Өмнө дүгнэснээр хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан *******аас тус компани төлбөрийн чадваргүй болсон, компанийн мөнгөн орлого, хөрөнгийг компанийн тайлан, хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй шалтгаан, түүнийг хэрхэн захиран зарцуулсныг тодруулах, баримт гаргуулахтай холбоотой хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу болохыг энд дурдах нь зүйтэй.

 

8.Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын өр төлбөрийн асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ гэж заасан. Иймд нэгэнт хэргийн баримтаар тодорхой болсон 118,866,000 болон 129,030,000 төгрөг буюу нийт 247,896,000 төгрөгийн хөрөнгө, орлогын асуудлыг тодорхой болсны эцэст мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан үүргийн үр дагаврыг тодорхойлох боломжтой болно.

Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд ******* ХХК-ийг харилцах дансандаа 0.00 төгрөгтэй, эд хөрөнгөгүй, авлага биелэгдэх боломжгүй гэсэн өнөөгийн нөхцөл байдал нь тус компанийг төлбөрийн чадваргүй тооцон татан буулгах үндэслэл бүрдсэн гэж дүгнэхгүй. Хуулийн этгээд төлбөрийн чадваргүй болох, дампуурах нь нийгмийн харилцааны явцад үүсдэг зүй ёсны үзэгдэл боловч энэ нь зориудын, эсхүл компанийн эздийн хэт хайхрамжгүй, компанийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан, завшсан байдлаас үүдэлтэй байж болохгүй.

Энэ тохиолдолд компани нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх учиргүй. Өөрөөр хэлбэл, төлбөрийн чадваргүй болсон компани бусдад шилжүүлсэн, алдсан хөрөнгөө буцаан олж авснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.

 

9. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/02180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

Э.ЭНЭБИШ