Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Дулаан уул 3 дугаар багт оршин суух Мянгат овогт Лхагвын Алтангэрэл /ГК:92120617/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод оршин суух Цагаан соён овогт Дэндэвийн Хандагдорж /ФМ:61022514/

            9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Д.Хандагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Алтангэрэл нь 2015 онд иргэн Д.Хандагдоржоос Орхон аймгийн Баян өндөр сумын Цагаанчулуут багийн 44-р гудамжны 16 тоот байрыг худалдаж худалдан авахаар болж урьдчилгаа 9 000 000 төгрөг өгсөн. Уг байшин тухайн үед зээлийн барьцаанд байсан ба зээлийн барьцаанаас чөлөөлж надад өгнө гэсэн боловч байшингаа өгч чадахгүй болж байшин хашаагаа даруй зарж миний 9 000 000 төгрөгийг буцаан өгнө гэсэн боловч 6 сар гарангийн хугацаа өнгөрч байгаа боловч мөнгийг маань өгөхгүй байна. Харин уг байшин зарагдахгүй байна гэх боловч, зарах гэсэн сонирхолгүй, барьцаанд дахин тавьсан зэргээс миний мөнгийг өгөх хүсэлгүй байгаа нь харагдаж байна. Надад 50 000 000 төгрөгөөр зарах гэж байсан мэт баталгаа хийж намайг мөнгөө өгч чадахгүй байсан мэт баталгаа хийсэн. Одоо цаашид удаан хүлээх боломжгүй бөгөөд өөрийн гэсэн орон гэртээ болох шаардлагатай байх тул иргэн Д.Хандагдоржоос 9 000 000 төгрөгийг гаргуулж авах асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод байрлах байшинг авах зорилгоор амаар гэрээ хийж мал оролцуулахаар болсон. Тохиролцсон ёсоор зээлийн барьцааг чөлөөлөхөд 9 000 000 төгрөг хэрэгтэй болсон тул уг мөнгийг бэлнээр өгч үлдэгдэл мөнгөнд мал оролцуулахаар болсон. 9 000 000 төгрөгийг бэлэн өгсөн. Гэтэл Д.Хандагдорж нь байшингаа хямд бодож, малаа өндөр үнээр авах гэлээ гээд наймаа буцсан. 50 000 000 төгрөгөөр байшинг авах тохиролцоог анхнаасаа хийгээгүй өөр хүнд үзүүлээд зарахад хэрэгтэй байна, удахгүй зарахаар мөнгийг чинь өгнө гэж хэлж хэлцэл байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Иймд уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 9 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.  

Хариуцагч Д.Хандагдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Хандагдорж миний бие 2015 оны 5 дугаар сард Алтангэрэлийн аав Лхагва гэгчтэй хашаа байшингаа худалдахаар тохирцсож бидэнд 180 хургатай хонь 150 000 төгрөгөөр, 20 ишигтэй ямаа 60 000 төгрөгөөр, 1 морь 800 000 төгрөгөөр бүгд 29 000 000 төгрөгийн мал өгөхөөр бусдад нь мөнгийг  нь өгөхөөр тохиролцсон юм. Ингээд биднийг сайн өөр хүү Алтангэрэлийгээ байшинд оруулах ёстой та нар хурдан суллаж өг гэхээр нь бид хэлсэн ёсоор нь хурдан суллаж нүүсэн. Дараа нь 6 сард урьдчилгаа 9 000 000 төгрөг өгсөн. Биднийг өөр хүнд зарахаар тохиролцсон байхад болиулсан. Гэвч биднийг   малаа авахаар 2-3 удаа очиход та нар хашаа хороогоо бэлдээд байж бай. Өдөр судар харж байж наадмын дараа больё гэсэн боловч наадмын дараа дахиад малаа тэмдэглэхээр очиход ганц хонь, ганц ямаа будаж тэмдэглүүлээд за хадлан тэжээлээ бэлдэж байж ав гэсэн юм. Ингээд бид хөдөө малчин болохоор шийдсэн учраас хөдөө “Халиуны зүйл” гэдэг газарт ах дүү нартайгаа ойр малын хашаа саравч барьж , гэр бараа бэлдэж, хөдөө хэрэгтэй бүхий л зүйлийг бэлдсэн. Өвс хадлангаа хүртэл бэлдсэн учраас тэдний өгсөн 9 000 000 төгрөг хаа ч хүрэлгүй дууссан юм. За одоо малаа авъя бүх юм бэлэн болсон гээд очтол ерөөсөө 100 хургатай хонь, 20 ишигтэй ямаа аваад явж бай, өөр өгөх мал мөнгө ч алга хойтонгоос болбол яасан юм бэ гэсэн. За бүр болохгүй бол “frontier” машиныг чинь мотоцикльтой нь хамаагүй авъя гэж хүртэл ярьсан. Өөрсдөө үүнийг санал болгож байсан. Ингээд хоног хугацаа өнгөрсөөр 10 дугаар сар гарч цас унаж айлууд өвөлжөөндөө бууцгаасан. Сүүлдээ аргаа бараад бид ерөөсөө наймаагаа болъё арай дэндэж байна, бидний амьдралыг та нар сүйрүүлээд хаячихлаа, байшинг минь суллаж өг, одоо зарагдахаас өнгөрлөө. Ямарч ч гэсэн хэдүүлээ хамжиж дэмжиж байгаад үүнийгээ зарж мөнгө төгрөгөө гаргаж авъя гээд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нотариотаар орж батлуулсан. Бид хашаа байшингаа зарахын төлөө маш их зар өгсөн боловч хямрал нүүрлээд хүмүүсийн худалдан авах чадвар муудсантай холбоотой хий дэмий л асуугаад ирж үзэж харж байгаа хүнгүй ийм л хүнд хэцүү болоод байна. Бид байгаа ганц үл хөдлөх хөрөнгөө хямд зарахад бас хэцүү. Бэлэн мөнгөтэй хүн ховор учраас зарахад маш хүнд байна. Ямар ч гэсэн зараа сайн өгөөд малаар ч хамаагүй зарна гэж бодож байна. Өгөхгүй гэж ер хэлээгүй. Бас банкны барьцаанд дахин тавиагүй. Л.Алтангэрэл нь хуулийн өмнө намайг худал гүтгэж байгаад бид банкаар шалгуулмаар байна. Ингээд бид 5 сар гаруй хийсэн ажил ч үгүй хамаг амьдралаа тэднээр хууруулж тоглуулсандаа маш их гомдож байна. Иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь хариуцагч Д.Хандагдоржоос 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Хандагдорж 9 000 000 төгрөгийг байшингаа зах зээлийн үнээр зарж байж төлнө гэж мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод байрлах байшинг мал оролцуулан авахаар тохиролцож амаар гэрээ байгуулж, урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Бид тохиролцож чадаагүй тул хариуцагчид өгсөн 9 000 000 төгрөгөө нэхэмжилж байна  гэж тайлбарладаг.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Хэлэлцэж тохиролцсоны дагуу  би байраа суллаж өгч 9 000 000 төгрөгийг авч малын хашаа хороо гээд хөдөө гарах бэлтгэлдээ зарцуулаад дууссан. Өөрт байгаа ганц хөрөнгөө хямд зарахгүй. Бид байшин зарагдахаар мөнгө төгрөгөө өгч авалцахаар тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн тул байшингаа зарж байж мөнгийг өгнө гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгч Л.Алтангэрэл, хариуцагч Д.Хандагдорж нарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод байрлах байшинг мал болон бэлэн мөнгө оролцуулан   худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, төлбөрийн урьдчилгаанд нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь 9 000 000 төгрөг өгсөн, хариуцагч Д.Хандагдорж нь 9 000 000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчдийн тайлбараар нотлогдож байна. Уг үйл явдал мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй.

            Д.Хандагдорж малаа авахаар удаа дараа очиход тоондоо хүрдэггүй, анхны тохиролцоо хариуцагч Д.Хандагдоржид хохиролтой байсан тул наймаагаа буцааж Л.Алтангэрэл байшинг суллан өгч, 9 000 000 төгрөгөө авахаар болоход Д.Хандагдорж удахгүй байшинг зараад мөнгө өгнө гэсэн тул зохигчид 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэлцэл хийж уг хэлцлээ нотариатаар гэрчлүүлсэн байна.  

            Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-д заасанаар болзолд заасан үйл явдал хэзээ ч бий болохгүй нь илт болсон тохиолдолд болзол хүчин төгөлдөр бус болно гэж зааснаар нэхэмжлэгч Л.Алтангэрэл нь 9 000 000 төгрөгөө хариуцагч Д.Хандагдоржоос шаардаж байна.

            Хариуцагч Д.Хандагдорж байшинг зарахаар зар өгдөг зах зээлийн хямралын улмаас иргэдийн худалдан авах чадвар буурсан тул ирж үзэхээс хэтрэхгүй байгаа тайлбараа Асгатын гол ХХК-н мэдээллийн ажилтан Ч.Нарангарвуугийн гаргаж өгсөн баримтаар нотлож байна.

            Зохигчид  2015 онд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг амаар байгуулж худалдан авагч Л.Алтангэрэл нь худалдагч Д.Хандагдоржид бэлнээр  9 000 000 төгрөг өгсөн.

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан байх ба талуудын хооронд хэлэлцэн тохиролцсон хөрөнгө болох мал, байшинг хэн аль нь өмчлөлдөө шилжүүлээгүй байна.

            Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ..., мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн өөрөөр хэлбэл бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх хуулийн шаардлага хангаагүй хэлцэл үргэлжлээгүй байна.

            Хожим буюу 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохигчид хэлцэл байгуулж хэлцлийн агуулгад 9 000 000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 44-16 тоотод байрлах байшинг зарсаны дараа мөнгийг өгөхөөр тохирсон боловч  болзол тавьж хийсэн хэлцэл нь дүр эсгэсэн, биелэгдэх боломжгүй хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх талаар хуулинд зохицуулсан байна.

Хариуцагч Д.Хандагдорж нь нэхэмжлэлийн хариу тайлбарт 180 хургатай хонь 150 000 төгрөгөөр, 20 ишигтэй ямаа 60 000 төгрөгөөр, 1 морь 800 000 төгрөгөөр бүгд 29 000 000 төгрөгийн мал өгөхөөр бусдад нь мөнгийг  нь өгөхөөр тохиролцсон гэж тайлбарладаг ба шүүх хуралдаанд 200 хурагтай хонь, 1 морь, ишигтэй ямаа гэж мэдүүлдэг,  “ байшинг 50 000 000 төгрөг гэж тохиролцоогүй цааш нь хүнд худалдахад хэрэг болж байна ингээд бичээд батлуулъя” гэж байгуулсан хэлцэл гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үгүйсгээгүй түүнийг няцаах нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг хэлцэл дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Д.Хандагдоржоос 9 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Хандагдоржоос 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгохоор шийдвэрлэв.

    

             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар хариуцагч Д.Хандагдоржоос  9 000 000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Хандагдоржоос 158 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Алтангэрэлд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ