Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 207/ма2026/00051

 

 

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2026/00051

 

 

 

 

Б.****ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.****т

 холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг, Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2026/00274 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.****т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам, хариуцагч Б.****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэ нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Б.**** миний бие Б.****тай танил байсан бөгөөд бид хоёр 2019 оноос үерхэж эхэлсэн. Үүнээс хойш бидний дундаас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин Э.**** төрсөн. Бид хоёр 2021 оноос эхлэн **** багийн ****тоот хаягт байрлах газар, хашаа байшинг Б.****ын нэр дээр худалдан авч, тэнд охин Э.****тэй гурвуулаа гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарч байсан. Би 2022 оны 9 дүгээр сард жирэмсэн болж намайг 2 дахь хүүхдээ тээж байх үед, Б.**** Орхон аймгийн ****дугаар ангид ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр сард Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явсан. Бидний дундаас 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин Э.****төрсөн. Б.**** 2023 оны 11 дүгээр сард Судан улсаас буцаж эх орондоо ирсэн. Үүний дараа манайх **** багийн ****тоот хаягт байрлалтай газар, хашаа байшингаа зарж, ****багийн ****тоот хаягт байрлалтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газар, хашаа байшинг худалдаж авсан. Б.**** гадаадаас ирснээсээ хойш орон гэртээ тогтворгүй болж, 2024 оны 3 дугаар сараас эхлэн Улаанбаатар хот руу ойр ойрхон явдаг болсон. Ингэхдээ Б.**** хотод надаас өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болж, **** ирэн очин байснаа 2024 оны 10 сард гэрээсээ бүрмөсөн явсан. Б.**** эх орондоо байгаа мөртлөө үр хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, мөнгө санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээ больсон. Б.**** хамгийн сүүлд 2024 оны 4 дүгээр сард 300,000 төгрөг өгснөөс, өөрөөр хүүхдүүддээ зориулж мөнгө төгрөгөөр туслахгүй ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй өнөөг хүрсэн. Иймд Гэр бүлийн хуульд заасны дагуу Б.****аас охин Б. ****, Б.****нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.**** шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Б.**** нь Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд охин Э.****, Э.****нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх ба миний бие тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Б.**** бид хоёр 2019 оноос үерхэж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр том охин Э.**** мэндэлж, бид хамтран амьдрах болсон ба 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бага охин Э.****мэндэлсэн. Миний бие аав хүн, эцэг хүний үүргээ биелүүлж гэр бүлээ тэжээн тэтгэхээр тасралтгүй хөдөлмөрлөж Орхон аймгийн ****дугаар цэргийн ангид ахлагчаар, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд 2019, 2022 онд тус тус явж, одоо Баян-****аймгийн, ****сумын Зэвсэгт хүчний **** дүгээр ангид ахлагчаар ажиллаж байна. Мөн Б.****ийн нэхэмжлэлдээ намайг өөр эмэгтэйтэй дотно харилцаатай болж гэрээсээ явсан гэсэн байх ба энэ нь худал бөгөөд бидний хувьд хувь хүний ааш зан, хоорондоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдрах болсон тул дээрх агуулга худал юм. Иймд миний бие эцэг хүний үүргээ биелүүлж хүүхдүүддээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2026/00274 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.****, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.****нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Балыкчи овогт Баатарцогтын **** /регистрийн дугаар: ****/-аар сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийг биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг зааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 100,819 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

1. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн тухай 7 хуудас тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагджээ. Гэтэл үүнээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн тайлбарласан нэхэмжлэлийн агуулга, түүнд дурдсан үйл баримтаас өөр зүйл тусгагдаагүй, нэхэмжлэгч тал хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр гаргуулах тухай шаардаагүй, маргаагүй мэт харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан хууль зүйн тайлбарыг хуралдааны тэмдэглэлд бүтэн бичсэн боловч энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагад шууд хамаарах хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр төлүүлэхтэй холбогдох маргааны талаар, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хууль зүйн үндэслэлийг ямар учраас хэрэглэх боломжгүй гэж үзсэн талаар шүүх дүгнэлт огт хийгээгүй байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг 2 удаа хуулан 2 хуудсанд бичсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэр бичих аргачлал, стандартад нийцээгүй байна. 2.Хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр, 1 удаа олгох зохицуулалтыг оруулсан. Гэтэл энэхүү хуулийн хэрэглээг шүүх хайхарч үзээгүйд гомдолтой байна. Б.**** одоогийн байдлаар 2 хүүдийн хамт Б.****ын нэр дээр ****дугаарт бүртгэлтэй, №000815536 эрхийн гэрчилгээтэй ****, ****тоот хаягт байршилтай газарт, мөн хаягт Б.****ын нэр дээр **** дугаарт бүртгэлтэй, №001179791 эрхийн гэрчилгээтэй 69,3 м.кв талбайтай хувийн байшинд амьдарч байна. Б.**** болон хүүхдүүдэд үүнээс өөр очих газар, орох орон байрт байхгүй учир тэрээр Б.****аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт уг газар, байшинг авах хүсэл зоригоо шүүхэд илэрхийлж, улмаар хариуцагчид дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох тухай шүүгчийн захирамж 2025.11.20-ны өдөр гарсан. 3.Дээрх хаягт байршилтай газар 2024.01.02-ны өдөр Б.****ын нэр дээр бүртгэлтэй байсныг нотлох баримт буюу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000815536 гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан. Түүнчлэн газар өмчлөгч Б.**** уг гэрчилгээг “Онч-Энх ББСБ” ХХК-д барьцаалж, 2024.04.11-ний өдөр ББСБ-аас 6 сая төгрөгийн зээл авсан зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээг хариуцагч тал шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл ****дугаарт бүртгэлтэй Б.****ын өмчлөлийн газар дээр баригдсан 37 м.кв талбайтай хувийн байшинг Б.****ын ээж Очирын ****2020.05.02-ны өдөр нас барснаас хойш 5 жил 6 сарын дараа буюу Б.**** тус шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2025.11.20-ны өдөр түүний охин Б.****д өв залгамжлуулж, улмаар Орхон аймгийн нотариатч ****өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээгээр ****, ****тоот хаягт байршилтай Б.****ын өмчлөлийн газар дээр баригдсан 37 м.кв хувийн орон сууцыг улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэж, 2025.12.04-ны өдөр №001415449 эрхийн гэрчилгээг Б.****ын нэр дээр гаргасан байна. Ийнхүү дээрх 306 тоот хаягт байршилтай 610 м.кв газар нь Б.****ын өмчлөлийнх атал, уг газар дээр баригдсан 37 м.кв хувийн орон сууцыг Б.****д өв залгамжлуулан өмчлүүлж, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна. Ийм маягаар Б.**** төрөл садангийн холбоотой хүмүүстэйгээ үгсэн хуйвалдаж, өөрийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө зувчуулах, үр хүүхдүүдийнхээ амьдрах орчин ахуйд саад, хохирол учруулах нөхцөл байдлыг санаатай бий болгосон атал шүүх хүүхдийн хууль ёсны дээд ашиг сонирхлыг хангаж хамгаалах үүрэг, хариуцлагаа биелүүлээгүйд гомдолтой байна. 4.Б.**** болон хүүхдүүдэд хамгийн түрүүнд аюулгүй амьдрах орчин нөхцөл нэн шаардлагатай байна. Хэрэв Б.**** өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа газар, хувийн орон сууцыг Б.****ийн хүсэл зоригийн дагуу Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэгт тооцуулан өгөхөөс татгалзах тохиолдолд тэдний дундаас төрсөн 2 хүүхдийн ашиг сонирхол хохирох нөхцөл байдал бодитой байгаа нь үнэн. Иймээс анхан шатны шүүхийн анхаарч үзээгүй дараах хууль зүйн үндэслэлүүдийг давж заалдах шатны шүүх баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. 4.1Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ буюу НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлд зааснаар хүүхдийн талаар явуулах үйл ажиллагаанд заавал мөрдөх зүйл нь “хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах” зарчим бөгөөд энэ нь шүүхийн үйл ажиллагаанд шууд хамааралтай. Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т заасан төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах хүүхдийн эрхийн үндсэн зарчмыг баримтлан шүүх Б.****ийн нэхэмжлэлтэй хэрэгт түүний 2 хүүхдийг амьдрах орон сууцтай байлгах шийдвэр гаргавал, Б.****аас хүүхдийн тэтгэлэг cap бүр мөнгөн хэлбэрээр гаргуулахаас илүү ач холбогдол бүхий хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангах шийдвэр болно. 4.2 Шүүх дээр дурдсан шийдвэрийг гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 4.4-т заасан хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах зарчим бодитой хэрэгжих бөгөөд Б.Амин- Эрдэнэ, Б.****нарын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2-т заасан хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх хангагдаж хамгаалагдана. 4.3 Б.****, Б.**** нарын хүүхдүүд өөрийн гэсэн орон сууцтай байснаар, хүүхдүүд бусдыг царайчлахгүй, бусдад дорд үзэгдэхгүйгээр Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6.1.6-д заасан хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх эрхээ эдэлж, хүүхдийн хөгжих эрх хангагдана. 4.4  Хэрэв Б.****, Б.**** 2 зохих ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн бол, тэдний дундаас төрсөн хүүхдүүд Б.****ын нэр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгээ авах эрхтэй. Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 21.5.-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэхээр хуульчлагдсан. Иймээс Э.****, **** нарын хүүхдийн тэтгэлгийг шүүх cap бүр мөнгөн хэлбэрээр биш, харин 1 удаа эд хөрөнгөөр гаргуулах нь холбогдох хууль тогтоомжтой огт зөрчилдөхгүй. Хүүхдийн эцэг, эх 2 гэрлэлтээ зохих ёсоор бүртгүүлээгүйд хүүхдүүд буруугүй бөгөөд эцэг, эхийн харалган шийдвэрийн улмаас хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, хүүхдүүд нь амьдрах орон байраар гачигдаж, бусдын аясаар түрээсийн байр хэсүүчилж байх ёсгүй. 4.5 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 .1 Эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчныг бүрдүүлэх, 10.1.3 Хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах гэж тус тус хуульчилсан үүргийг эцэг, эх хүлээнэ. Мөн зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг энэ зүйлийн 10.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Б.**** бага насны охидоосоо нүүр буруулж, тэднийг гэр бүлдээ аз жаргалтай байлгах эцгийн үүргээ умартан татгалзаж, үр хүүхдээ орхиж явсан. Ингэснээр хариуцагч нь охидыг аавын хайр халамжаар дутааж, улмаар хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироох нөхцөл байдал бий болгосон нь үнэн. Ийм учраас Б.**** ядаж охидоо өөрийн гэсэн орон гэртэй үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж түүнд хуулиар хүлээлгэсэн эцгийн үүргийн зарим хэсгийг биелүүлэх нь шударга бөгөөд хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд нийцнэ. 4.6 Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасны дагуу эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах бөгөөд 25.2-т гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно гэжээ. Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах энэхүү үүргийн хүрээнд нэхэмжлэгч Б.**** хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хэлбэрээр, охидын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болох амьдрах орон байр буюу эд хөрөнгөөр 1 удаа хариуцагчаас гаргуулахаар, үрээ гэдэг эх хүний хүсэл зоригоо шүүхэд маш тодорхой илэрхийлсэн байна. Иймээс шүүх бага насны хүүхдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг, өөр хэн нэгэн насанд хүрсэн этгээдийн шунал хүслээс дээгүүрт эрэмбэлэн шийдвэрлэх нь хүүхдийн эрхийн талаарх олон улсын болоод дотоодын хууль тогтоомжид бүрэн дүүрэн таарч зохицно. 5.Дээр дурдсан нөхцөл байдлууд, хууль зүйн үндэслэлүүдийг харгалзан үзэж Б.****ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүүхдийн хууль ёсны эрх, дээд ашиг сонирхолд нийцүүлэн хангаж, Б.****, Б.****нарын одоогийн амьдарч байгаа ****дугаарт Б.****ын нэр дээр бүртгэлтэй, №000815536 эрхийн гэрчилгээтэй ****, ****тоот хаягт байршилтай 610 м.кв талбайтай газар, мөн хаягт ****дугаарт бүртгэлтэй, №001179791 эрхийн гэрчилгээтэй 69,3 м.кв талбайтай хувийн байшинг хүүхдийн тэтгэлэгт тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг 1 удаа, эд хөрөнгөөр олгох шийдвэр гаргуулж,  шүүхийн шийдвэрийг өөрчлүүлэхээр энэхүү гомдлыг гаргаж байна. 6.Хариуцагч Б.****ын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбогдох нотлох баримтыг Б.**** өөрөө олж авах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар уг нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэхийн тулд анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Гэвч шүүх нэхэмжлэгчийн уг хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэрэв давж заалдах шатны шүүх  шүүхийн шийдвэрт дээрх 5 дугаар хэсэгт дурдсан өөрчлөлтийг оруулах нь Б.****ийн хүүхдүүдийн эцгээс нь тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад шууд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдаагүй, давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэж үзвэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д заасныг баримтлан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргаж өгнө үү. Гомдолд холбогдох хууль тогтоомжийн жагсаалтыг хавсаргав гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т “...гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянана...”  гэж зааснаар хянан шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Б.**** шүүхэд “...охин Б.****, Б.****нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох асуудлыг зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү...”             гэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч  Б.**** шүүхэд  “...миний бие эцэг хүний үүргээ биелүүлж хүүхдүүддээ тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна”  гэх  тайлбар гаргасан байна.

3.Шүүх 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.****, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Э.****нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Балыкчи овогт Баатарцогтын **** /регистрийн дугаар: ****/-аар сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

4.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч Б.**** хариуцагч Б.****  нар  2019 оноос хойш хамтран амьдарч,  охин  Э.**** 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, охин  Э.****2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус төрсөн, зохигч нар 2024 оны 10 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа,  хариуцагч Б.****ын нэр  дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй тус сумын, 26-р баг, ****хаягт байршилтай, 6106100927 нэгж талбарын дугаартай 610м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000815536 дугаартай гэрчилгээ, мөн хаягт байршилтай Б.****ын нэр дээр улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй 69,3м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 001179791 дугаартай үл хөдлөх хөрөнгө Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн болох нь батлагдсан байна.

  5.Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1., 41.1.2.-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг  тэтгэвэр төлөгч нь  мөнгөн  хэлбэрээр, эд хөрөнгөөр, мөн хуулийн 41.2.1., 41.2.2.-д зааснаар сар, улирал, хагас жил, жилээр, нэг удаа төлөхөөр  зохицуулагдсан.

  6.Гэтэл  шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн  өмгөөлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан “...хүүхдийн тэтгэлгийг нэг удаа эд хөрөнгөөр гаргуулж өгнө үү” гэх  тайлбарыг анхаарч үзээгүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлгийг  эд хөрөнгөөр, нэг удаа гаргуулахаар нэхэмжилж буй үндэслэлийг тодруулалгүйгээр зөвхөн хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг сар бүр, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 7.Нэхэмжлэгч Б.**** нь шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохын тулд шүүхэд “... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нотлох баримт гаргуулах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах“-аар хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг  шүүх  “...газар болон хашаа байшингийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээ нь хэрэгт хамааралгүй“ гэсэн  дүгнэлт хийж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь   нэхэмжлэгчийн  хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

8.Түүнчлэн хүүхдийн тэтгэлгийг эд хөрөнгөөр гаргуулахаар тэтгэвэр авагч нэхэмжилж буй үед  төлбөр төлөгч өөрийн өмчлөлийн  эд хөрөнгийн байдлын талаар    буюу тухайн эд хөрөнгө нь өөрийнх нь хуваарьт эд хөрөнгө, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг нотлох,  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг шүүхэд гаргах ,цуглуулах үүргээ хэрэгжүүлэх ёётой юм

9.Гэвч  шүүх хуралдаанд гэрчээр Б.****ыг оролцуулах тухай гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  зөрчсөн байна.

10.Иймд анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдлыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11.Дээрх байдлаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагчийн эд хөрөнгийн байдал тодорхой бус өөрөөр хэлбэл тухайн хөрөнгийн талаар маргаан байгаа эсэх, үнэ, хөрөнгийн шинж байдлын талаарх нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул эрх зүйн дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “..өөрчлөлт оруулах боломжгүй бол шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү“ гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 312/ШШ2026/00274 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч,  тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.БАТТӨР                

                                                        ШҮҮГЧ                                  Р.ҮҮРИЙНТУЯА  

                                                           ШҮҮГЧ                                Б.ОЮУНЦЭЦЭГ