Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00157/и |
Дугаар | 001/ХТ2018/00157 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00157
Б.А, Н.Д нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2084 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.А
Нэхэмжлэгч: Н.Д
Хариуцагч: Д.Б
Хариуцагч: Ж.О нарт холбогдох
Үндсэн нэхэмжлэл: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 109.000.000 төгрөг гаргуулах тухай
Сөрөг нэхэмжлэл: Гэрээний үнийн үлдэгдэл 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Ж.Оийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ц, хариуцагч Ж.О, түүний өмгөөлөгч Н.З, хариуцагч Д.Бы төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбарт: “Нарантуул” худалдааны төвийн хүнсний зах дотор байрлах 26 тоот цайны газрыг 80сая төгрөгөөр худалдах-худалдан авахаар Д.Б, Ж.Отганцэцэг нартай тохирсон. 2012-08- 20-ны өдөр 10сая төгрөгийг бэлнээр Ж.От өгөөд улмаар Д.Бы Хаан банкны дансанд 2012-09-05-ны өдөр 30сая төгрөг шилжүүлсэн. Ж.О мөнгөө цувуулж өгөх юм бол 100сая төгрөг өг түүний дараа бичиг баримтыг шилжүүлж өгнө гэсэн. Тиймээс бид 2012-11-06-ны өдөр 40сая төгрөг шилжүүлж нийт 80сая төгрөг өгсөн. Хариуцагч нар цайны газрын бичиг баримтыг шилжүүлэн өгнө гэж хэлдэг. 2013 оны 07 дугаар сард “Нарантуул” худалдааны төвийн хүнсний захад гал гарч цайны газар бүрэн устсан. Ингээд “Нарантуул” худалдааны төвөөс хүнсний захыг дахин барьж ашиглалтад оруулсан ч цайны газрын зориулалтаар талбай өгөөгүй. Ингээд тухайн худалдан авсан цайны газрын бичиг баримтыг авах гэтэл бидэнд худалдсан цайны газрыг Ж.О “Нарантуул” худалдааны төвөөс өөрсдөө түрээсэлдэг байсан. Бусдын хөрөнгийг бидэнд худалдаж биднээс мөнгө авсан. Ж.О миний нөхрийн төрсөн дүү учир тухайн үед цагдаад хандаагүй. Иймд бэлнээр төлсөн 80 сая төгрөг, мөн 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хотод ирж 40 сард сар бүр 650 000 төгрөг төлж амьдарсан хөлс нийт 26сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 сая төгрөг нийт 109 сая төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нарын гаргасан хариу тайлбарт: Эгч Энхцэцэг 2000 оноос хойш “Нарантуул” худалдааны төв дээр цайны газар /28 тоот цайны газар/ түрээсэлж “Нарантуул” худалдааны төвийг шатах хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед 2001 онд Б.А манай эгчийн цайны газарт анх бэлтгэгчээр ажилд орж яваандаа ах Энхтүвшинтэй гэр бүл болсон. Энэ хугацаанд манай эгчийн цайны газарт олон жил ажилласан. Үүнээс хойш би 2006 онд анх “Нарантуул” худалдааны төв дээр 26 тоот цайны газрыг албан ёсоор түрээсийн эрхийг худалдан авч улмаар 2012 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2012 онд цайны газраа ажиллуулах боломжгүй болсон үед ах Энхтүвшин “...манай эхнэрийг ажиллуулаач...” гэсэн санал тавьсаны дагуу Б.Аийг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажиллуулсан. Цайны газрыг ажиллуулах боломжгүй болоход Б.А цайны газрыг худалдаж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2013-09-01-нээс урьдчилгаа мөнгөө авна гэхэд Н.Д нь “..би танд 100сая төгрөг болгоод өгье, та түр хүлээгээч...” гэсэн санал тавьсан. Энэ үлдэгдэл мөнгөнд засварын мөнгө багтсан. Хоёр талын хүсэл зоригийн дагуу амаар хэлцэл хийгдсэн. Б.А цайны газрын түрээсийн эрхийг худалдаж авсан., энэ талаар мэдэж байсан. Байр түрээсэлсэн гэх 26 сая төгрөг болон өмгөөлөгчийн 3сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч нар сөрөг нэхэмжлэлдээ: Цайны газраа 100 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 80 сая төгрөг авсан тул үлдэгдэл 20 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Ж.О, Д.Б нараас 80сая төгрөг гаргуулан Б.А, Н.Д нарт олгож, нэхэмжлэлээс 29сая төгрөгийн шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 702 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ж.Отгончимэг, Д.Б нараас 557.950 төгрөг гаргуулан Б.А, Н.Д нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2084 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2017/02096 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “56 дугаар зүйлийн 56.1.8” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Хариуцагч Ж.О хяналтын гомдолдоо: “... Н.Д бид хоёрын хооронд цайны газрын наймааны талаар яригдаж байсан болохоос Б.А энэ тохиролцоонд оролцож байгаагүй. Би “... та нар бэлнээр авна гэвэл 80 сая төгрөгт өгнө гэхэд Н.Д өөрөө “...бид нарт бэлэн 80 сая төгрөг байхгүй, яаж ийж байгаад танд өгнө 100сая төгрөг болгож өгье. Мөнгөө гүйцээсний дараа гэрээгээ нэр дээрээ шилжүүлье...” гэж хэлсэн. Би тэр болзлыг хүлээн зөвшөөрсөн учраас 2012-09-01-с цайны газрын үйл ажиллагааг Б.А, Н.Д нар нь бие даан явуулж эхэлсэн. Энэ байдлыг ч би зөвшөөрч “Хэлцэл” хийсэн. 80 сая төгрөгийг 3 хувааж авсан өдөр “...урьдчилгаа 80 саяыг хүлээн авсан..” гэж бичиж... Н.Д Ж.От 20 сая төгрөг өгөхөө хүлээн зөвшөөрч байсныг нотолдог... 2012-09-01-с 2013-08-23 -ны өдрийг хүртэл /Нарантуул зах шатах хүртэл/ тасралтгүй цайны газраа Нарантуулын зүгээс ямар ч хориглолт, дарамтгүйгээр явуулж, ашиг орлогоо хүртэж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал өгсөн 80сая төгрөгөө олж авсан гэж би ойлгож байгаа. Би нэхэмжлэгч нарыг цаашид ашиг орлого сайтайгаар цайны газраа ажиллуулах бүхий л бололцоогоор /хоолны технологиудаа зааж өгсөн/ тусалж, зөвлөж байсан. Энэ тухайгаа ч 2016 оны 02 сард уулзах үед Б.А ярьж байсан. Харин Баялаг Ундраа худалдааны төв ашиглалтанд орох хүртэлх хугацаанд Даваажав нь “...Баялаг Ундраа худалдааны төв ашиглалтанд орохоор цайны газраа аваад 2-3 жил ажиллуулж байгаад, зараад, мөнгөө гаргаж авъя, би танд нөгөө 20сая төгрөгөө өгнөө, тэр болтол таны нэр дээр байж байг, харин та нэрийг нь битгий шилжүүлээрэй, ...гэх мэтээр ярьдаг байсан. Б.А 1 жилийн хугацаанд манай цайны газрын өдрийн тооцоог /орлого, зардал, ашиг/ гардаж хийдэг байсан учир гэрийнхэндээ цайны газраас жилдээ 100сая гаруй төгрөг олдог болохыг ойлгуулж, миний орлогыг нотолсон байдаг. Нэхэмжлэгч нар цайны газрын үйл ажиллагааг жил шахуу хугацаанд хамтран ажиллуулж байтал зах шатсан. Нарантуулд гал гарсан шалтгаан нь тогтоогдсон, одоо тухайн хэрэг нь прокурорын хяналтын шатанд явж байгаа. Гал гарсны дараа Нарантуул захын удирдлагууд 500 гаруй хохирогчдийг дуудаж хурал хийсэн. Сайхансамбуу барилгын зураг үзүүлж “..та нарын ажлын байрыг өгнө ...хохирлыг чинь тогтоогоод түрээсийн төлбөрөөс хасаж зохицуулна..” гэж хэлсэн. 2016 оны эхээр барилга ашиглалтанд орж зарим түрээслэгч нар орж эхэлсэн. Энэ үед цайны газрын эзэд Нарантуулын удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан. Уулзах бүрт л “...та нарын ээлж арай болоогүй байна, дуудахаар ирээрэй, та бүхэнтэй холбогдох болно...” гэсэн. Гэтэл сүүлд нь “... дараагийн обьектоос ажлын байр өгнөө, одоо ашиглалтанд орсон барилгаас авна гэвэл 500 сая төгрөгийн үнэтэй, энэ удаа лангуу аваад ажиллуул...” гэж хэлсэн. Үүнийг нэхэмжлэгч нар намайг шүүхэд өгсөн байсан. Анхнаасаа хэлэлцэж тохирсон ярианаасаа буцаж, шүүх хуралдаан болгон дээр янз янзын зүйл ярьж байгаад гайхаж байна. Алтанчимэг нь Нарантуулын цайны газар ашиг орлого их олдог гэдгийг мэддэг учраас өөрсдөө авах саналтай байгаагаа хэлж би ч дэмжсэн. Тухайн үед авах сонирхолтой өөр хүмүүс олон байсан. Гал гарсны улмаас нэхэмжлэгч нар цайны газраа ажиллуулах боломжгүй болсон болохоос биш биднээс шалтгаалж цайны газрын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байгаагүй. Гал надаас шалтгаалж гараагүй, миний хөрөнгө байсан цайны газар, тохижилт, тоног төхөөрөмж, сүүлд өргөтгөл хийсэн засварт оруулсан хөрөнгө одоо юу ч үгүй бүрэн шатсан байхад надаас 80сая төгрөг нэхэж байгаа нь шударга бус байна. Хэрвээ хариуцагч нар өөрсдөө ажиллуулж байсан бол 100сая төгрөг байтугай ашиг олох байсан гэдгийг шүүх харгалзалгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.А, Н.Д нар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Ж.О, Д.Б нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 26 тоот цайны газрын үнэд төлсөн 80.000.000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл сар бүр 650.000 төгрөгийг 40 сарын хугацаанд төлж амьдарсан хөлс нийт 26.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нийт 109.000.000 төгрөг шаардсан байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-ийн 18-20/ маргаж, Ж.О нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 1-ийн 27/ нэхэмжлэгч нараас цайны газар худалдсан үлдэгдэл мөнгө 20.000.000 төгрөг нэхэмжилжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч нар Улаанбаатар хотын, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 26 тоот цайны газар түрээслэх эрхээ 2012 оны 08 дугаар сард худалдсан, талуудын хооронд Иргэний Хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нар 80.000.000 төгрөг төлж, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллуулсан гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь баримтад үндэслэгдсэн байх тул энэ үйл баримтыг нотлогдсон гэж дүгнэв.
Нэхэмжлэгч тал түрээсийн эрхийг шилжүүлэн аваагүй тул гэрээнээс татгалзаж, 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 205, 225 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2084 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ