Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 60

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй тус аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад холбогдох Захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дахь XV-013719 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр анх авсан бөгөөд түүнээс хойш хуулийн дагуу зохих шатны геологи хайгуулын ажил хийж ирсэн ба ямар нэгэн байгаль орчинд хортой үйл ажиллагаа хийж байгаагүй болно. Дээрх хугацаанд нийт геологи хайгуулын ажилд 146.386.600 төгрөг зарцуулаад байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5 заалтын дагуу сүүлийн 3 жилийн сунгалтаа хийлгэхээр Сантмаргаз сумын төр захиргааны байгууллагад сунгуулах хүсэлт, мөн хуулийн 38.1.3 заалтын дагуу 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн боловч татгалзсан хариу өгсөн. Энэ татгалзсан хариунаас болоод манай компаний хайгуулын зөвшөөрөл 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр цуцлагдах нөхцөл бүрдээд байна. Манай компани XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн сүүлийн 3 жилийн сунгалт, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахад дэмжлэг авахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Завхан аймгийн Засаг даргад Сантмаргаз сумын Засаг даргаар манай компаний эзэмшилд байдаг XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн сүүлийн 3 жилийн сунгалт, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахад дэмжлэг үзүүлнэ үү гэсэн албан бичгийг тус тус хүргүүлсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн сүүлийн 3 жилийн хугацаа сунгахыг үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг тогтоож XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн сүүлийн 3 жилийн сунгалт, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү. Шүүхээр асуудал шийдэгдэх хугацаанд XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахгүй, түдгэлзүүлэх хүсэлтийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст 2017 оны 5 дугаар сарын 22-ны дотор албан тоот гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******* компани нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага бол ******* ХХК-ийн эзэмшлийн XV013719 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын үйлдлийг хууль бус байна гэж үзээд, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгуулах юм. Нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлая. Анх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Сантмаргаз сумын Сант гэдэг нэртэй талбайд олгосон. Тэгээд 2012 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаар шийдвэрээр ******* ХХК-нд шилжүүлсэн байдаг. Иймд ******* ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсны дараа 2012-2016 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Ашигт малтмалын газар болон Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргаар батлуулж ирсэн. 2008 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр удаа сунгуулсан байгаа. Ийнхүү сунгалт хийлгэх бүртээ байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлуулж байсан. Харин 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах байсан. Иймд гурав дахь удаагийн сунгалт хийгдэхийн өмнө 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулаад, дээрх төлөвлөгөөг батлуулахаар Сантмаргаз сумын Засаг даргад хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Сантмаргаз сумын Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл тус сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 дугаар албан бичгээр батлахаас татгалзсан хариу өгсөн. Энэхүү албан бичгийг тухайн үед нь өгөөгүй, харин 2017 оны 4 дүгээр сар гаргаж өгсөн байгаа. Ийм учраас Сантмаргаз сумын Засаг даргын эс үйлдэхүйг эс зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Тэгэхэд Завхан аймгийн Засаг дарга нь уг асуудлыг судлах чиглэлийг мэргэжилтнүүдэдээ үүрэг өгсөн байдаг. Гэтэл гомдлын хариуг албан бичгээр бид нарт өгөөгүй. Ийм учраас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар тайлбарлая. Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-т зааснаар энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулахаар заасан. Ийнхүү сунгалт хийлгэхдээ энэ хуулийн 22.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт байна. Мөн энэ хуулийн 40.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан. Үүний дагуу ******* ХХК нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн баталж Сантмаргаз сумын Засаг даргад хүргүүлсэн байгаа. Харин сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 40.3-т зааснаар энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална. Үүнийг дагуу сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлах ёстой байсан. Тодруулбал хянах гэдэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнөөс ойлгомжгүй байгаа зүйлийг асууж тодруулна гэсэн үг. Гэтэл сумын Засаг даргын зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй холбоотой зүйлийг нэг ч удаа асууж тодруулж байгаагүй. Мөн энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Тухайн татгалзсан албан бичигт юу гэж заасан байдаг вэ? гэхээр малчид, иргэд хайгуулын үйл ажиллагаа хийхийг зогсоохыг шаардсан. Үүний дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан гэж хариу өгдөг. Ийнхүү тогтоол гаргахдаа нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн үү? үгүй юу? байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулсан уу? үгүй юу? гэдгийг шалгах шаардлагатай байсан. Тиймээс дээрх үндэслэлээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх ёсгүй юм. Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл байдаг. Энэхүү тэмдэглэлээс харахад Баяннуур багийн нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хориг тавих, уг нутаг дэвсгэрийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцсэн байна. Гэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гарын үсэг байхгүй байдаг. Тусгай хамгаалалтад авсан тогтоолоос харахад яг хаана, ямар хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл авсан газрыг тусгай хамгаалалтад авсан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайг тусгай хамгаалалтад авсан гэж дурдаагүй байдаг. Мөн Баяннуур багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоход хориг тавих асуудлыг ярьсан. Түүнээс биш нэгэнт олгочихсон хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал яригдаагүй. Ийм учраас сумын Засаг дарга байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй татгалзаж байгаа үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Тийм учраас Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна. Иймд сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй байгаа. Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг заагаагүй. Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх үндэслэлийг сумын Засаг даргад хуулиар олгоогүй. Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар тусгай зөвшөөрөл олгочихсон тухай асуудал яригдаж байгаа. Түүнээс биш тусгай зөвшөөрөл шинээр олгох гэж байгаа асуудал яригдаагүй. Тийм учраас нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг даргын үйлдэл нь хууль бус байна. Иймд 2017 оны ******* ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Сантмаргаз сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* ХХК нь 2011 оноос эхлэн хайгуулын үйл ажиллагаа явуулж 2014 онд тус талбайд 2 цооног өрөмдсөн явдал нь нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж нилээд эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Мөн 2017 онд батлуулахаар ирүүлсэн төлөвлөгөөндөө 6 цооногт өрөмдлөг хийнэ гэсэн байсныг нутгийн иргэд, малчид эсэргүүцэж байгаа ба цаашид тус компанийн энэ үйл ажиллагаа нь хүн ам, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа тул орон нутагт хайгуулын үйл ажиллагаа хийлгэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн албан бичиг, гарын үсэг бүхий жагсаалтыг баг, сумын иргэдийн хурал, Засаг даргад удаа дараа тавиад байгаа болно. Иймээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.1.5 байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах, байгаль орчинд хортой нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсоох шийдвэр гаргахыг болон байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй аж ахуйн нэгж, байгууллагыг шинээр байгуулах зөвшөөрөл олгохгүй байхыг холбогдох эрх бүхий байгууллагаас шаардах, Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 2 эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасны дагуу багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гарч сумын Засаг даргад биелүүлж ажиллахыг даалгасан болно. Энэ дагуу сум орон нутгийн нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3-ын г-д газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг хангуулах эрхийн хүрээнд хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. ******* ХХК нь 1. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8 байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, 2. Ашигт малтмалын тухай хуулийн 39.1.7 уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх, 3. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлэх, 4. Ашигт малтмалын тухай хуулийн 48.1.2 хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй. Мөн ******* ХХК нь үйлчилгээний хөлс, хайгуулын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлангаа ирүүлээгүй, түүнийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй тул тусгай зөвшөөрлийн сунгалт, 2017 оны байгаль орчны төлөвлөгөөг батлаагүй болно. Цаашид уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авахаар сумын иргэдийн хурлын шийдвэр гарсан тул дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар холбогдох материалыг Ашигт малтмал, газрын тосны газар, Байгаль орчны яам зэрэг байгууллагад хүргүүлсэн. Одоогоор хариу ирүүлээгүй байна. Иймд ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Сантмаргаз сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл бол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудад зааснаар тухайн шатны Хурлын газрын талаар гаргасан шийдвэрийг Засаг дарга нь биелүүлж ажиллах үүрэгтэй. Тиймээс дээрх үүргийг Сантмаргаз сумын Засаг дарга хэрэгжүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь тухайн сумын нутаг дэвсгэр дээр байрладаг Баяннуур багийн Өнгөт гэх газарт 2300 орчим га талбайд 2008 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Гэтэл Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/01 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа талбайтай давхцуулан Баяннуур багийн Өнгөт гэх газрын 10400 га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа. Мөн дээрх шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах талаар сумын Засаг даргад үүрэг болгосон байдаг. Тэгэхээр сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын биелэлтийг хуульд заасны дагуу хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Энэхүү сумын Засаг даргын үйл ажиллагаа нь хууль ёсны юм. Иймд сумын Засаг дарга нь тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй. Түүнээс биш бусад тайлан, төлөвлөгөө, татвар төлөлтөнд сумын Засаг дарга хяналт тавих үүрэг хүлээхгүй гэж хэллээ. Энэхүү тайлбар нь үндэслэлгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 12.1-т зааснаар ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд энэ хуулийн 12.1.3-т зааснаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина гэж заасан. Иймд нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хоёр дахь үндэслэл бол ******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8-т зааснаар байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Яагаад гэвэл ******* ХХК нь 2008 оноос хойш тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулахдаа 2014 онд буюу ганцхан удаа байршуулсан баримт байдаг. Өөрөөр хэлбэл ******* ХХК нь 2008-2017 он хүртэл хайгуулын зардлын доод хэмжээгээ сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд ганцхан удаа байрлуулсан байна. Ийм учраас ******* ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан байна. Гуравдугаарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэл буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, тэмдэглэлүүдийг үндэслэлгүй гэж тайлбарлалаа. Гэтэл нэхэмжлэгч компани нь өнөөдрийн шүүх хуралдаанд Сантмаргаз сумын Засаг даргын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйл ажиллагааг үндэслэлгүй болохыг тогтоолгож, акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Тийм учраас өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4/01 дүгээр тогтоолыг хүчинтэй эсэх талаар маргах шаардлага байхгүй. Яагаад гэвэл 4/01 дүгээр тогтоолыг тухай шатны Хурал хүчингүй болгоогүй, өөрчлөөгүй, мөн хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй. Тийм учраас 4/01 дүгээр тогтоолыг сумын Засаг дарга нь биелүүлж ажиллахаас өөр аргагүй юм. Хэрвээ 4/01 дүгээр тогтоолыг сумын Засаг дарга биелүүлэхгүй бол хариуцлага тооцуулах, огцруулах хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр ******* ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа сумын Засаг даргын үйл ажиллагаа нь уг компанид шууд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Харин Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4/01 дүгээр тогтоол нь нэхэмжлэгч компанид эрх зүйн шууд үр дагаварыг үүсгэж байна. Тийм учраас эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тогтоолыг хүчингүй болгуулаагүй мөртлөө сумын Засаг даргын үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгасан захиргааны акт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Чулуун Цаг ХХК-ийн XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь удаагийн 3 жилийн сунгалтын хугацаа 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болж байсан тул 2017 оны 3 дугаар сард хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн 3 жилийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулахаар Сантмаргаз сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 албан бичгээр тус компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу авсан байна.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үндэслэлээ тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 09, 18 дугаар тогтоол, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 4/01 дүгээр тогтоолуудыг хэрэгжүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8-д заасан ... байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Сантмаргаз сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоол нь Суманд ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа цаашид явуулахгүй байхыг дэмжсэн, хурлаас гарсан тогтоол, багуудийн иргэдийн гарын үсгийн баталгаажилт бүхий хавсралтууд бусад бичиг баримтыг бүрдүүлж зохих шатны эрх бүхий байгууллагад уламжилж хариуг эргэж тайлагнах, мөн тус Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол нь Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудалд хориг тавьж ажиллахыг Засаг дарга А.Жанцанбазарт үүрэг болгосон агуулгатай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гээд 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасны дагуу тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ, 40.3-т энэ хуулийн 40.1-д заасан төлөвлөгөөг ....мөн хуулийн 38.2-т заасны дагуу батална, 38.2-т сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ. гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын Засаг даргаар батлуулахаар байна.

Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулиар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хүргүүлэх, батлах нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, хайгуулын талбай байршиж буй сумын Засаг дарга нарын хуулиар хүлээсэн үүрэг, зөвхөн тэдгээрийн хооронд үүсэх эрх зүйн харилцаа байх тул хариуцагч Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Чулуун Цаг ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй шалтгаанаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн шийдвэрийг биелүүлсэн гэж тайлбарлаж, хуулиар өөрт тухайлан олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь хууль бус байна.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8-д үүргээ биелүүлээгүй 2014 онд буюу ганцхан удаа байршуулсан баримт байдаг тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэж тайлбарлаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ гээд 38.1.8-д байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн жилийн хайгуулын ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг сумын Засаг даргын нээсэн тусгай дансанд шилжүүлэх бөгөөд байгаль орчинд нөлөөлөхүйц хайгуулын өрөмдлөгийн болон хээрийн ажил хийгээгүй бол уг зардлыг байршуулах шаардлагагүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай 4/01 дүгээр тогтоолыг Засаг дарга хэрэгжүүлсэн гэж тайлбарлаж энэхүү тогтоол нэхэмжлэгч компанид эрх зүйн шууд үр дагаварыг үүсгэж байна. Тиймээс энэхүү тогтоолыг хүчингүй болгуулаагүй мөртлөө сумын Засаг даргын үйл ажиллагаанд гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байна. 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 албан бичгээр тус компаний байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу авсан байна. Нэхэмжлэгч Чулуун Цаг ХХК нь XV-013719 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн 3 дахь удаагийн 3 жилийн сунгалтыг хийлгэхээр Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлуулахаар Сантмаргаз сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/70 албан бичгээр тухайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу авсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдаж буй тогтоол нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гарсан байх тул Засаг даргын 1/70 албан бичгээр өгсөн татгалзсан хариу өгсөн үйлдэлтэй цаг хугацааны хувьд хамаарахгүй байх тул шүүхийн зүгээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар, үндэслэлээр нэхэмжлэгчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх нөхцөл тогтоогдохгүй байх тул 1/70 албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус гэж үзэж Чулуун Цаг ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нөхцлөөр нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ашигт малтмалын асуудлаар эдлэх эрхийг хуульчилсан ба гагцхүү дээрх бүрэн эрхүүдийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга нар хуульд заасан журмаар хэрэгжүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Чулуун Цаг ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Чулуун Цаг ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР