Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн 1-2 тоотод оршин суух Хотгойд овогт Хандын Оюунтөгс /ФА:68030701/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4-44 тоотод оршин суух Олхнууд овогт Чойжилжавын Болдбаатар /ДЮ:67010137/

Охин О.Халиунаагийн эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Оюунтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Х.Оюунтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Болдбаатартай үерхэж байгаад 2008 онд жирэмсэн болж охин Халиунаагаа 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрүүлсэн. Энэ тухайгаа Болдбаатарт хэлсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Би охиныхоо гэрчилгээг чиний нэр дээр авмаар байна гэсэн чинь хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн. Болдбаатар өөрөө огт хүүхэдгүй, хүнтэй ч суугаагүй байсан. Болдбаатар тэр үед чи охиноо нөхрийнхөө нэр дээр гэрчилгээ авчих, би яахав охиноо харж хандана, охиндоо нэг өрөө байр хүртэл авч өгнө гэж хэлж байсан. Тэгээд охиндоо гэрчилгээ авах болсон учраас яалт ч үгүй Отгонсүрэнгээр овоглож гэрчилгээ авсан. Одоо хүртэл Отгонсүрэнгээр овоглож явж байна. Гэвч би охиныхоо жинхэнэ эцгийг тогтоолгож, охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Болдбаатар нь одоо Эрдэнэт үйлдвэр ХХК-д ажиллаж байгаа. Намайг чи амласан юмаа өгөө ч гэхээр юу ч хэлдэггүй. Тэгээд хүүхдийн тэтгэлэг ядаж төлөөч гэхээр эцэг тогтоолгох шинжилгээ өгье. Тэгээд минийх байвал би тэтгэлэг төлье гэдэг юм. Иймд охин Халиунаагийн эцгээр Ч.Болдбаатарыг тогтоож, Болдбаатараас охин Халиунаад хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

      Хариуцагч Ч.Болдбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч.Болдбаатар миний бие 2008 оны үед Х.Оюунтөгстэй дотно харьцаатай байсан нь үнэн болно. Х.Оюунтөгс охиноо төрүүлсэний дараа энэ хүүхэд чинийх байх магадлал 70 хувь гэж хэлдэг байсан. Эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад   

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Х.Оюунтөгс нь хариуцагч Ч.Болдбаатарт холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Зохигчид 2008 онд дотно харилцаатай болж, нэхэмжлэгч Х.Оюунтөгс нь 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин Халиунааг төрүүлсэн, хариуцагч Ч.Болдбаатар нь О.Халиунаагийн  төрсөн эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4318 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

            О.Халиунаа нь төрсөн цагаасаа эхлэн эх Х.Оюунтөгсийн асрамжид эрүүл өсөж байгаа болох нь зохигчийн тайлбар, Учралт баяр өрхийн эмнэлгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хүүхдийн насны байдал, эхийн асаргаа болон ээнэгшин дассан орчин нөхцлийг харгалзан охин О.Халиунааг эх Х.Оюунтөгсийн асрамжид байлгах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ч.Болдбаатар нь охин О.Халиунааг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу тэтгэлэг гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Хариуцагч Ч.Болдбаатар өөрийгөө байлцуулахгүйгээр  хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгч Х.Оюунтөгс хүсэлтийг хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч Ч.Болдбаатарыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Болдбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунтөгсөд олгож, тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэмжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, төрийн сангийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.

               

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн Отгонсүрэнгийн Халиунаагийн төрсөн эцэг нь Ч.Болдбаатар мөн болохыг тогтоосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин О.Халиунааг эх Х.Оюунтөгсийн асрамжид үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  охин О.Халиунааг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Ч.Болдбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Оюунтөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Болдбаатараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Оюунтөгсөд, 26 092 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

\\ 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ