Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00887

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01743 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Би 2018 онд ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ахлах худалдааны зөвлөхийн ажилд томилогдон ажиллаж байгаад компанийн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын 2025.4.10-ны өдрийн ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Намайг 2024.4.24-ний өдөр дэлгүүрээ хоцорч нээсэн гэсэнтэй маргахгүй байгаа, өөр хүнээр дэлгүүр нээлгэсэн, хариуцагч байгууллагын цахим хаягт хүмүүстэй зохисгүй харилцсан гэсэн шалтгаанаар 3 сар хүртэлх үндсэн цалингийн 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Өөр лангууны худалдагчаар дэлгүүрээ нээлгэсэн гэх тухайд нэг компанийн 2 давхарт байрлах дэлгүүр бөгөөд дэлгүүрийн зөвлөхүүд бие биеэ таньдаг ба би хоцорч байгаа шалтгаанаа хэлж нэг хүнээс дэлгүүр нээж өгөхийг гуйсан, дэлгүүр нээгээд 5 минутын дараа би дэлгүүрт ирсэн. Өмнө нь байгууллагын ажилтнуудын дунд ийм тохиолдол гардаг байсан ч зөвхөн надад сахилгын шийтгэл ногдуулж, ялгаварлан гадуурхсан. Цахим хаягт үйлчлүүлэгч гутлын хэмжээ асуухад нь манай салбарт байхгүй, Бишрэлт их дэлгүүрийн салбарт байгаа гэж тайлбарласан ч үйлчлүүлэгч олон дахин явдал болж, бухимдаж бичсэнд намайг буруутгасан. Тэр хүн нь манай ахлах брэнд менежерийн найз байсан. Тухайн хүн ажлаа аваад удаагүй байсан тул дэлгүүрүүдээр явуулж шалгалт хийлгэсэн байх. Ингээд худалдааны зөвлөхүүд хүнийг тоож харьцаагүй гэж миний алдаа мэтээр танилцуулж байсан.

Хөдөлмөрийн дотоод журамтай танилцаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн 20 хувь хүртэл 3 сараар бууруулна гэсэн ч 2024.04.24-ний өдөр дуудаж сахилгын шийтгэл ногдуулахдаа 05, 06 сарыг хасаж тооцсоныг асуухад сахилгын шийтгэлтэй бол илүү цаг, урамшууллыг олгодоггүй, нэмэгдэл өгдөггүй гэж хүний нөөц хэлсэн. Улмаар 2025.04.03-ны өдөр гэнэт намайг дуудан гурван хүний бүрэлдэхүүнтэй суулгаад сахилгын зөрчил гэсэн баримтад гарын үсэг зуруулж ажлаас халж байгааг хэлсэн. Энэ тушаалаа бичгээр 2025.04.10-ны өдөр өгсөн ба 04.03-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулж энэ өдрөө халсан. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь манай компанид 2010 оноос хойш ажиллаж байгаа ба Шангрилагийн *******эд ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг болох ажлын байрны өдөр тутмын үйл ажиллагааг хангаж ажиллах, дэлгүүрээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, санал болгох зэрэг тодорхой үүргүүдээ зөрчсөн тул 2024.05.13-ны өдөр сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн гэрээний 7.4.17-д өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан нь 2024.04 сард 184 минут буюу 3:04 цагийн хоцрогдол илэрсэн. Мөн хэрэглэгч нарт үйлчлэхгүй гэх шалтгаан, харилцагч нараас удаа дараа гомдол ирсний дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Улмаар 2025.02.19-ний өдрийн Б/0504 тоот тушаалаар компани хооронд шилжүүлэн томилох тушаалаар ******* нь ******* ХХК-д ажиллахаар болсон. 2025.04.10-ны өдрийн ******* дугаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 01 сард 107 минут, 02 сард 103 минут, 03 сард 110 минут тус тус хоцорч хөдөлмөрийн гэрээ болон Бишрэлт группийн харьяа компаниудын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 8.17.1-д заасны дагуу сард 60-аас дээш минут хоцорсон, эрт тарсан гэсэн заалтуудыг зөрчсөн учир сахилгын зөрчилд тооцсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д зааснаар сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажлаас чөлөөлсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн ахлах худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 21,210,436 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 269,243 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт "Ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй холбоотой хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтлаагүй байх бөгөөд тушаалын нэг үндэслэл болсон удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг даалгавар зааврыг биелүүлээгүй" гэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй байна. Тодруулбал, тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмын 6.37-д заасан сахилгын ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байх ноцтой зөрчил " гэдгийг хөдөлмөрийн гэрээнд оролцогч талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг тохиролцож, уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг хуулиар зохицуулсан. Иймд ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2025.04.10-ны өдрийн ******* тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн баримтаар тушаалын үндэслэл болсон "удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг, даалгавар, зааврыг биелүүлээгүй гэсэн үндэслэл нотлогдохгүй гэснийг эс зөвшөөрч байна.

Ажил олгогч 2024.05.09-ний өдрийн ******* тоот шийдвэрээр үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын зөрчил гаргасан тул ажил олгогч 2025.04.10-ны өдрийн ******* тоот шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулж, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон. Ажилтан сахилгын зөрчилтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний /7.4.19/, хөдөлмөрийн дотоод журам /6.36.11/, ажлын байрны тодорхойлолтод заасан "ажил эхлэхээс 15 минутын өмнө ажлын байран дээр ирж, дүрэмт хувцсаа бүрэн өмсөж, ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хэрэгслүүдээ байршуулан ажлаа эхлэхэд бэлэн байна" /Тав. Үндсэн үүргийн хүрээнд хийгдэх ажлууд/ гэж заасныг зөрчсөн нь сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй болохыг нотолж байна.

Мөн шүүхийн шийдвэрт, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэсэн заалттай нийцэхгүй гэж тайлбарласан ч ажил олгогчийн 2025.04.10-ны өдрийн ******* тоот шийдвэр нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан сахилгын шийтгэл юм. 2025.04.02-ны өдрийн "Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах хуудас"-т Ахлах худалдааны албан тушаалтай ******* сар бүр өндөр хоцрогдолтой байдаг ба удаа дараа засан сайжруулах талаар өөрт нь сануулсан ч ахиц гараагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 6.36.16, Хөдөлмөрийн гэрээний 7.4.17-д зааснаар ноцтой зөрчилд хамаарахыг зааж өгсөн. Тодруулбал, ******* нь 2025.01 сард 107 минут, 02 сард 103 минут, 03 сард 110 минут тус тус хоцорсон нь компанийн дотоод журам, дүрэм, зааврыг зөрчиж тус үйлдлийн улмаас дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, ажлыг хугацаанд нь гүйцэтгэхгүй, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл юм.

Зөрчил ногдуулах хуудаст Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасанчлан дэлгүүрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг удаа дараа алдагдуулсан гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэлийг ногдуулсан. Хөдөлмөрийн дотоод журмын 6.36-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан сахилгын ноцтой зөрчилд мөн журмын 6.36.16, хөдөлмөрийн гэрээний 7.4-д мөн гэрээний 7.4.17-д заасан хамаарч байгаа ба ажлаас хоцрох нь дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөл горимыг алдагдуулж байгаа ноцтой зөрчил юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж ойлгож байна. Хариуцагч 2 дахь удаагаа сахилгын шийтгэл ногдуулсны дараа ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан. Гэвч тухайн зүйлс нэг өдөр болж өнгөрсөн нь үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.1-д зааснаар сард 60-аас дээш минут хоцорсон, эрт тарсныг сахилгын зөрчилд тооцсон ба сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Хариуцагч ******* ХХК-ийн 2025.04.10-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.36, 6.38, 6.40-д заасныг тус тус үндэслэн ******* ХХК-ийн Ахлах худалдааны зөвлөх ажилтай ******* нь удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг, даалгавар, зааврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Тушаалд хариуцагч компанийн Захиргаа, Хүний нөөцийн хэлтсийн дарга З.Даваацэцэг гарын үсэг зурсан боловч тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.02.01-ний өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой ажилд томилох, чөлөөлөх эрхийг олгосон байх тул ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасанд нийцсэн буюу ажил олгогчийг төлөөлөх эрх бүхий этгээд шийдвэрийг гаргасан гэж үзнэ.

 

4.Ажилтан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, тус хорооны 2025.05.12-ны өдрийг 2025.06.18-ны өдөр гардан авч шүүхэд 2025.06.27-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд багтсан байх тул нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхтэй байна. Энэ тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

5.Хариуцагч нь удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг, даалгавар, зааврыг биелүүлээгүй, сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөс нэхэмжлэгч удирдах ажилтны ажил үүргийн дагуу өгсөн үүрэг, даалгавар, зааврыг биелүүлээгүй тухай зөрчил тогтоогдоогүй буюу ажил олгогчийн ямар тодорхой үүрэг, даалгаврыг ажилтан биелүүлээгүй нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн зүгээс энэ зөрчлийг тогтоосон болон ажил олгогчийн үүрэг болгосон ажилтны ажил үүргийн хуваарьт нь хамаарах ямар даалгавар, зааврыг нэхэмжлэгч биелүүлээгүй болохыг шүүхэд нотлоогүй байна. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцэхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

6.Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Зохигчийн хооронд 2024.03.01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4.19-д сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын зөрчилд хамруулжээ.

 

7.Хариуцагч *******ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.05.13-ны өдрийн Б/04/99 дугаар тушаалаар ажилтан *******ийн үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Энэ шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн, ажил олгогч шийдвэрээ өөрчилсөн талаархи баримт хэрэгт авагдаагүй ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсонд зохигч маргаагүй байна. Хариуцагч компани нь *******ХХК гэх оноосон нэрээ ******* ХХК болгон өөрчилсөн тухай хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрч энэ тухай маргаагүй.

Нэхэмжлэгч ******* нь 2025.01 сард 107 минут, 02-р сард 103 минут, 03-р сард 110 минут тус тус ажлаас хоцорсон сахилгын зөрчлийг гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025.04.02-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах хуудас, тус баримтын хавсралт болох Шангри-Ла *******-үүдийн ажиллах цагийн хуваарь гэсэн баримтын 2025.01, 02, 03-р саруудад нэхэмжлэгчийн ажлаас хоцорсон байдлыг бүртгэсэн цаг бүртгэлийн хуудсаар тогтоогджээ. Мөн нэхэмжлэгч нь ийнхүү ажлаас хоцорсон үйл баримтад маргаагүй байна.

Иймд хариуцагч байгууллагын ******* дугаар тушаалын сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан зөрчил хэргийн баримтаар тогтоогдсон, энэ үндэслэлээр нэхэмжлэгч *******той үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хариуцагч дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т нийцсэн байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2026/01743 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,202 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА

 

 

С.ЭНХБАЯР

 

 

Э.ЭНЭБИШ