Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/222

 

                        

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал

Улсын яллагч Г.Түвшинбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд

Шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хт холбогдох эрүүгийн 1925001650160 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Х

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Э.Хыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Амгалан” хүнсний дэлгүүрийн гадаа Н.Алтанхуягийг зодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хын мэдүүлсэн: Хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээж байгаа. Хүүхэд ахуй насандаа ял шийтгүүлж байсан. Одоо их гэмшиж байна. Хохиролд 2,500,000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Н.Аптанхуягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн”... 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр би хамт ажилдаг Ууганбаяр, Ганзориг, Эрдэнэсайхан нарын хамт билльярд тоглож байгаад 0,75 граммын архи хувааж уусан. Тэгсэн манай ажпын Давааням гэж залуу Энхсайхантай утсаар яриад байсан. Тэгээд Давааням “Энхсайхан ярьж байна хорооллын эцэс дээр уулзъя гэж байна гэж хэлсэн...Ингээд Рашаант багийн 3-19 тоотод байх Базарсадын гэрт хүргүүлсэн юм. Тэгээд Базарсадын гэрт орсон чинь Базарсад өөрөө, Энхмөнх, Энхмөнхийн эхнэр нь, Давааням нар байсан бөгөөд архи пиво уугаад сууж байсан. Бид нар хамт суугаад архинаас уусан... Ингээд бид дээшээ өгөөд эцсийн буудал өөд өгсөөд “Сайн-Амгалан” гэх дэлгүүрийн урд явж байсан чинь Энхмөнх 2 залуу дагуулж ирсэн. Тэгээд хоорондоо маргалдаад зодолдох гээд байсан бөгөөд Даваанямыг нэг залуу нь зодох гээд байхаар би битгий зодоо гээд дундуур нь орсон чинь намайг түлхээд унагаасан. Би дэлгүүрийн урд байрлах цементэн дээр унасан чинь цөлийн шар гутал өмссөн залуу ирээд миний тархины зүүн хэсэгт маш хүчтэй өшиглөж авсан. Тэгээд ухаан балартаад юу болсныг мэдээгүй хальт ухаан орсон чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан.Тэгээд дахиад ухаан алдаад нэг ухаан орсон эмнэлэгт хэвтэж байсан тархины хагалгаанд орсон гэж байсан ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 9-10-р хуудас/

-Гэрч Э.Хүрэлцоожийн "... өндөр нуруутай залуу нь яах аргагүй Аптанхуяг ахыг нүүр рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас /

-Гэрч Д.Базарсад ....”тэгээд Билгүүн шууд намайг цохиж унагаасан бөгөөд унасан хойно Хүрэлбаатар миний нүүр рүү 2 даа өшиглөж авсан. Тэгээд би босоод ирсэн чинь Алтнхуяг ах газар уначихсан хажууд нь Давааням салгаад зогсож байсан бөгөөд Хүрэлбаатар хажууд нь байж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

-Гэрч Э.Билгүүний "... эргээд харсан чинь нэг ах нь дэлгүүрийн урдхан талд унасан байсан бөгөөд Хүрэлбаатар тэр хүнийг унасан байхад өшиглөж авч байх шиг байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/

-Гэрч А.Батцэцэгийн “... дэлгүүрийн урд хэсэгт нэг ах их согтуу байсан бөгөөд нэг ах түшээд зогсож байгаад тавиад цаашаа явсан чинь нөгөө согтуу ах дэлгүүрийн урд талын хашлага налаад газар суусан бөгөөд энэ үед шар өнгийн хагас түрүүтэй гуталтай, хар өнгийн савхин куртиктэй залуу гүйж очоод нүр рүү өшиглөөд явсан. Тэгсэн өшиглүүлсэн ах газар ухаан алдаад унасан бөгөөд хөдлөхгүй байсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-р хуудас/

-Гэрч Б.Мядагмаагийн "... дэлгүүрийн урд нэг залуу газар унасан бөгөөд энэ үед нөгөө хар савхин куртиктэй, шар гуталтай залуу газар унасан залуу дээр гүйж очоод нүүр рүү нь өшиглөсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 204 дугаартай ”... Н.Алтанхуягийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн дух чамархай ясыг хамарсан бяцарч цөмөрсөн хугарал, тархины эдийн зүүн дух чамархай хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гавлын зүүн дух-чамархай ясыг хамарсан бяцарч цөмөрсөн хугарал, тахины эдийн зүүн дух-чамархай хэсгийн цусархаг няцрал нь тус бүрдээ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,- зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананы хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана ...” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

-Хохирогч Н.Алтанхуягийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухайөвчний түүхийн хуулбар /хх-ийн 33-64-р хуудас/

-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн...”Н.Алтанхуягийн биед үүссэн гэмтлүүд нь толгойн зүүн хэсэгт нэг дор харалдаа байрлаж байгаа тул мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүсгэгдэх боломжтой гэмтлүүд байна. Хохирогч эмнэлэгт хэвтэх үед хийсэн эмчийн үзлэгт чамархайн зүүн талд хавдсан гэсэн бичлэг өвчний түүхэнд бичигдсэн байгаа. Тийм учраас нүүр хэсгийн гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр, зүүн чамархайн хавдарыг 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой тул 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн. Хүнд болон хөнгөн зэрэгт хамаарагдаж байгаа гэмтлүүд нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140-р хуудас/

-Хохирогч Н.Алтанхуягийн гаргаж өгсөн хохирлын баримтууд, хагалгаа хийлгэсний дараах үеийн гэрэл зургууд /хх-ийн 144-186-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг,өвчний түүхийн хуулбар зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Э.Х нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Амгалан” хүнсний дэлгүүрийн гадаа ямар нэг шалтгаангүйгээр Н.Аптанхуягийн толгойн тус газарт өшиглөж биед нь гавал тархины битүү гэмтэл, гавлын зүүн дух чамархай ясыг хамарсан бяцарч цөмөрсөн хугарал, тархины эдийн зүүн дух чамархай хэсгийн цусархаг няцрал, зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананы хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Хын үйлдлийн улмаас хохирогч Н.Алтанхуягийн биед хүнд гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч Э.Хын, хүний эрүүл мэндийн эсрэг энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч гэм буруутай байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                     

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян Өндөр сум Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн-Амгалан” хүнсний дэлгүүрийн гадаа Н.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 уилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гэм буруугийн талаар маргахгүй.Хувийн байдлын хувьд 2 удаагийн ял шийтгэлтэй боловч тухайн үед насанд хүрээгүй байсан. Мөн энэ хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролыг төлсөн. Цаашид гарах хохиролыг төлнө. Өөрийн үйлдлийг ухаарч маш их гэмшиж байгаа. Ажил хийж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялын доод хэмжээээр ял оногдуулна уу гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” зохицуулалтыг хэрэглэж хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч 5,300,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч хагалгаа, эмчилгээний зардал 2 500,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Харин цаашид гарах зардал 3,000,000 төгрөгийг тухайн үед нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэйг дурьдаж, шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй,төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс 3,000,000 төгрөгний хэсгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Мөнхийн болор” ХХК-д борлуулалтын менежер ажилтай, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 25-р хороо 13-р хороололын 98-3-р байрны 24 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгуй, Бүргэд овгийн Чойбалсангийн Эрхэмбаяр, регистрийн дугаар /ФМ87061432/

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд Д.Далайбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхиийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эрхэмбаярын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байгаа. Миний үйлдлийн улмаас гэмтэл учирсан нь үнэн. Тоглож байхад орж ирээд “надтай тоглох, үзэх хүн байна уу гээд байхаар нь  гаргаж өрөөнд нь оруулаад нэг цохисон. Хөмсөгнөөс нь цус гарсан гэх мэдүүлэг болон хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 6-10-р хуудас/

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/

- Хохирогч Д.Далайбаярын “...Тэр өрөөнд байсан үл таних залууд толгой болон нүүрэн тус газартаа цохиулсны улмаас ухаан балартсан. ...Би толгойдоо 5 оёдол тавиулсан. ...Намайг Эрхэмбаяр гэдэг хүн зодсон байсан. Би Эрхэмбаяртай Улаанбаатар хотод уулзсан бөгөөд Эрхэмбаяр миний эмчилгээний зардал болох 800,000 төгрөгийг төлсөн. Надаас уучлалт гуйсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх- ийн 14-16-р хуудас/

- Гэрч Ж.Амаржаргалын ...Орой 01 цаг 10 минутын үед биллъяарднаас хүмүүсээ гаргахад 411 тоот өрөөнд байсан залуу доошоо бууж ирсэн. Тэгээд тэр залуугийн зүүн хөмсөгнөөс цус гоожсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч Б.Соёл-Эрдэнийн ... Орой 00 цаг өнгөрч байхад 411 тоот өрөөнд байсан хүн биллъяардны өрөө рүү орж нөгөө хүмүүстэй маргалдсан юм шиг байна лээ. Доошоо бууж ирэхдээ зүүн байсан байх хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Тэгээд би нөгөө биллъяарданд тоглож байсан залуучуудыг та нар хүн зодчихсон байна шүү дээ гэсэн чинь нэг залуу наад залуу чинь өөрөө орж ирээд бид нартай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би цохисон юм гэсэн. Тэгээд би тэр цохисон гээд байгаа залууг чамайг хэн гэдэг юм бэ гэсэн чинь  өөрийгөө Эрхэмбаяр гэж хэлж байсан. Тэгээд би тэр цохиулсан ахаас танд цагдаа дуудаж өгөх үү гэсэн чинь хэрэггүй надад ямар нэгэн номдол санал байхгүй цагдаа дуудаад хэрэггүй гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

-Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 363 дугаартай....Д.Далайбаярын биед хуйх болон нүүрэнд 3 тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 3үсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хуйхны зүсэгдсэн шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/

-Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл/ “Молор-Эрдэнэ” зочид буудлын бүртгэлийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 79-80-р хуудас/

-Хохирогч Д.Далайбаярын санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт /хх-ийн 91-р хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Эдгээр хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд шүүгдэгч Ч.Эрхэмбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Далайбаярыг “тоглож байхад саад боллоо” гэсэн шалтагаар зодож биед нь хуйх болон нүүрэнд 3 тооны зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Ч.Эрхэмбаярын хүний эрүүл мэндийн эсрэг энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.              

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Молор-Эрдэнэ” зочид буудлын 411 тоот өрөөнд Д.Далайбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

           Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн эмчилгээнд 800,000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бүргэд овгийн Чойбалсангийн Эрхэмбаярыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эрхэмбаярыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Ч.Эрхэмбаярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 сарын хугацаанд сард 183,333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрхэмбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ