| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2018/02391/И/Н |
| Дугаар | 210/МА2026/00970 |
| Огноо | 2026-05-01 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00970
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01706 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******өд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд хариуцагчаас 319,403,782 төгрөг гаргуулан *******д, 238,931,795 төгрөг гаргуулан *******т тус тус олгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь эцэг *******ын хүсэлтээр өөрийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны ******* хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн *******дугаартай, ******* талбайтай, хүнсний агуулахын зориулалттай барилгыг *******, ******* нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан 55,000,000 төгрөгийн үүргийг хангуулан барьцаалахыг зөвшөөрч, *******т 2017.02.02-ны өдөр итгэмжлэл олгосон. Харин тухайн газар, агуулахыг худалдах хүсэл зориг байгаагүй. Гэвч ******* нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн өмчлөлийн газар, агуулахыг барьцаалахдаа хариуцагчийн шаардлагаар 2017.02.03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлсэн байсан. Энэ нь *******гийн хүсэл зоригт үл нийцэх, барьцааны гэрээг халхавчилсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Хариуцагч нь *******ыг зээлээ хугацаандаа төлөөгүйг шалтаглаж, нэхэмжлэгч нарт мэдэгдэж, зөвшөөрлийг нь авалгүйгээр 2017.06.27-ны өдөр хүнсний агуулахын барилгыг буулган ачиж явсан, мөн газрын өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нь агуулахын барилгыг 2014 онд өөрийн ******* ХХК-ийн нэр дээр 319,403,782 төгрөгийн өртгөөр шинээр барьж 2017 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тухайн агуулахыг 2014 оны өртгөөр нь тооцоход хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 319,403,782 төгрөгийн хохирол учирсныг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна.
Иймд *******, ******* нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан 2 үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, дээрх газар, агуулахын барилгыг буулган авч явснаас учирсан хохиролд 319,403,782 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Одоогийн байдлаар шинжээчийн тогтоосон үнээр тооцон учирсан хохиролд 238,931,795 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.
2.Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******тэй 2017.02.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний үүрэгт охин *******гийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны ******* хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн *******дугаартай, ******* талбайтай, хүнсний агуулахын зориулалттай барилга, цэвэр усны худгийн хамт барьцаалсан ба харин *******т худалдах хүсэл зориг байгаагүй. Гэтэл ******* нь газар, агуулахыг худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардсан тул тухайн үед *******т мөнгөний хэрэгцээ их байсан учир *******ийн шаардлагын дагуу худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулсан. Иймд энэ гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
******* нь өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг буулган авч явсан бөгөөд тэдгээр хөрөнгийг буцаан өгөх боломжгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор томилогдсон шинжээч ******* ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ШД-325-911876 дугаартай дүгнэлтээр *******ийн буулгаж авч явсан барилгыг барихад гарах зардлын хэмжээг 238,931,795 төгрөгөөр тогтоосон. Иймд дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр бус тул үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 238,931,795 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь *******тай 2017.02.03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөг зээлдүүлсэн. Гэрээний үүргийг хангуулахаар ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны ******* хаягтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* талбайтай газар, мөн хаягт байх улсын бүртгэлийн *******дугаартай, ******* талбайтай, хүнсний агуулахын зориулалттай барилгыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээнд заасан 2 сарын хугацаанд зээлдэгч үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр болно. Талууд хэн нэгэнд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах гэж, эсхүл татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор энэ гэрээг байгуулаагүй, харин илүү итгэлцлийг бий болгох үүднээс худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Барьцааны гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******өөс 238,931,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар хариуцагч *******тэй байгуулсан 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, 238,931,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ын төлсөн 1,785,950 төгрөг, нэхэмжлэгч *******гийн төлсөн 1,754,970 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч *******өөс улсын тэмдэгтийн хураамж 1,352,609 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нараас тус бүр 200,000 төгрөг гаргуулан шинжээч ******* хөрөнгө үнэлгээ ХХК-д төлүүлэхээр шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэг. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухайд
Шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүнээс хэд хэдэн удаа нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******гийн 238,931,795 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, *******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдаанд оролцох тухайгаа илэрхийлсэн. Энэ дагуу хариуцагчийн өмгөөлөгчөөс *******гийн нэхэмжлэлд хариу тайлбар өгч, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд бус нэхэмжлэгчийн гаргаагүй шаардлагыг шийдвэрлэж *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарч байна. Тодруулбал, шүүх сайн дураар нэхэмжлэгч *******г худалдах-худалдан авах гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохирол нэхэмжилсэн гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Хоёр. Хариуцагч ******* нь *******д хохирол учруулаагүй тухайд
Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож худалдах-худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээний хүчин төгөлдөр байх нөхцөлийг талууд тохиролцсон нь хууль зөрчсөн, хориглосон харилцаа биш юм. Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний чөлөөт байдлын зарчмын үүднээс энэ тохиролцоог хийсэн гэж үзэж байна Хариуцагч нь нэхэмжлэгчийг дарамтлан худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй ба үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавих ч үнэ хүрэхгүй байна, яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан гэж зээлийн гэрээ байгуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч тал хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй гэдгээ нотлоогүй ба гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж улмаар худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй бол захиран зарцуулах эрх олгосон хөрөнгөө буцаан авах, хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс илүү мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хариуцагчийг худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн гэж үзсэн атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг үндэслэн хууль хэрэглээний уялдаа холбоогүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Энэ нь гэм хор учруулсан байхыг шаардаж байгаа ч хариуцагч нь *******гийн хөрөнгөд хууль бусаар халдсан, гэм хор учруулсан зүйлгүй харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд ******* буулгаж явсан байхад энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
Мөн анхан шатны шүүх үнэлгээний компанийн үнэлгээнд талууд маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч ******* тухайн хохирлыг шаардах эрхгүй, *******ийн буруутай үйлдэл байхгүй, хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Энэ нь үнэлгээний дүнг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй юм.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг батлах байтал түүнийг нэхэмжлэл гаргасан гэж үзэж, процессын хуулийн ноцтой зөрчил гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч гомдолдоо *******г 238,931,795 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэсэн ч ******* 238,931,795 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй 319,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 238,931,795 төгрөгийн хэмжээнд хохирлоо гаргуулахаар тайлбарласан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан гэж буруу ойлгосон байна. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч энэ тухай асуухад нь би бүтэн татгалзаагүй, 238,931,795 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар гэрээний чөлөөт байдал гэж тайлбарладаг ч хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан үйл баримт тогтоогдож байгаа.
Зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь 2017.02.03-ны өдөр буюу нэг өдөр байгуулагдсан. Хоёр үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнийг 1,000,000 төгрөгөөр хийсэн нь тухайн гэрээ бодит байдалд хэрэгжээгүйг харуулдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлт бүртгүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчиж хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн нь тогтоогдсон гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс *******д хохирол учруулаагүй, хөрөнгийг бид буулгаагүй гэж тайлбарладаг ч гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж байгаа учраас гэрээ байгуулсан *******өөс хохирлын төлбөрийг нэхэмжилж байгаа. Гуравдагч этгээд тухайн агуулахын барилгыг буулган авч явсан гэсэн баримт хэрэгт авагдаагүй учраас хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******өд холбогдуулан 2017 оны 02 сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, *******т 238,931,795 төгрөгийг, *******д 319,403,782 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар хариуцагчаас 238,931,795 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ******* надтай байгуулсан 55,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт ******* аймгийн ******* сумын 4-р багийн ******* гудамжны ******* ******* талбайтай газар, уг газарт баригдсан ******* талбайтай агуулахын барилгыг тус тус барьцаалсан. Зээлээ төлөөгүй бол барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж зээлийн гэрээнд заасан. Хүчин төгөлдөр бусд тооцуулах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болж харагдах эсхүл татвар төлөхөөс зайлсхийх гэж байгуулаагүй, гэрээ хүчин төгөлдөр гэж тайлбарлан маргажээ.
3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхээ хэрэгжүүлэх баталгааны нэг арга нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан барьцаа юм. Энэ агуулгаар үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгох, гэрээний талуудын харилцан итгэлийг хамгаалах зорилгоор талууд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохирдог.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хувьд 2017.02.03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* гудамжны ******* ******* талбайтай газар, уг газарт баригдсан ******* талбайтай агуулахын барилгыг барьцаалах, барьцааны зүйлийг зээлдүүлэгчийн өмчлөлд фидуцийн нөхцөлөөр шилжүүлэхийг зээлийн гэрээний 3.1-д тохиролцжээ. ******* энэ үүргийг хэрэгжүүлэхдээ *******гоос олгосон итгэмжлэлийг үндэслэн түүний нэрийн өмнөөс *******тэй мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулан дээрх хөрөнгүүдийг хариуцагчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний шинжийг агуулсан, үр дагаврыг үүсгэсэн байна.
Энэ тохиолдолд гэрээний талуудын тохиролцоо хуулиар хориглоогүй, хязгаарлалт тогтоогоогүй, бусдын эрх ашгийг зөрчөөгүй, харилцан хүсэл зоригоо тэгш эрхийн үндсэн дээр илэрхийлсэн болон нэг талдаа шударга бус, хохиролтой нөхцөл тавьсан зэрэг шинжийг агуулаагүй байх учиртай.
Нэхэмжлэгч нар дээрх газар, агуулахын барилгыг хариуцагчид худалдах хүсэл зориг байгаагүй, түүний шаардлагаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж, хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн харилцан итгэлцлийн баталгаа болгон худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж шаардлага, татгалзлын үндэслэлээ илэрхийлсэн нь талууд зээлийн гэрээг байгуулах үедээ үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тохиролцсон хэдий ч уг аргыг хэрэглэлгүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцааны зорилгод нийцээгүй байна.
4.Анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээгээр газар, агуулахын барилга хариуцагчийн өмчлөлд шилжсэн нь дүр үзүүлсэн хэлцлээр талууд үр дагавар үүсгэхийг зорьдоггүй, гадаад илэрхийллийг бий болгодог шинжгүй ба худалдах-худалдан авах гэрээ хэрэгжсэн гэсэн үндэслэлээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим зөрчигдсөнийг анхаарсангүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бөгөөд худалдах-худалдан авах гэрээ энэ шинжийг агуулжээ.
*******, ******* нарын хувьд газар, агуулахын барилгад барьцааны үүрэг ногдуулахаар тохирсонд маргаагүй бөгөөд эдгээр хөрөнгүүдийн өмчлөлийг өөрчлөх үр дагавар үүсгэхийг хүсээгүйг талууд мэдэж байсан, ийм төрлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй боловч зээлдүүлэгчийн шаардлагаар зээлийн гэрээний үүргийг илүү баталгаатай хангуулахын тулд барьцааны гэрээ бус худалдах-худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийн өмчлөгчийг хэлбэрийн төдий өөрчилсөн зэргээс үзэхэд ийм хэлцэл хийх хүсэл зоригийг агуулаагүй, дүр үзүүлсэн шинжтэй байсан гэж дүгнэнэ.
Мөн талууд үүргийн гүйцэтгэлийг газар, агуулахын барилгаар хангахаар тохиролцсон атлаа тухайн барьцаа болгох хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих нөхцөлийг тохиролцон гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн болон хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж хийгдсэн гэж үзэхээр байна.
Ийнхүү нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн газар, агуулахын барилга хариуцагч *******ийн өмчлөлд шилжсэнээс дүгнэвэл талууд барьцааны гэрээгээр барьцаагаар хангагдах аргаар хөрөнгө шилжих нөхцөлийг хүссэн хэдий ч ийнхүү худалдах-худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шууд шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно.
5.Нэхэмжлэгч нар нь *******, ******* нарын хооронд 2017.02.03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хариуцагч уг хөрөнгүүдийг бусдад шилжүүлснээр хөрөнгийг биет байдлаар нь буцаан шаардах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар 238,931,795 төгрөгийг хариуцагчаас шаарджээ. Давж заалдах шатны шүүхээс *******, ******* нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй учир нэхэмжлэгч ******* нь уг хэлцлийн улмаас учирсан хохирлоо өмчлөгчийн хувьд хэлцлийн нөгөө тал болох хариуцагч *******өөс шаардах эрхтэй.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар ******* аймгийн ******* сумын 4-р багийн ******* гудамжны ******* ******* талбайтай газар, уг газарт баригдсан ******* талбайтай агуулахын барилга нэхэмжлэгч *******гийн өмчлөлд 2017.02.01-ны өдөр бүртгэгдсэн ба дээрх хэлцлийн дагуу 2017.02.03-ны өдөр *******ийн өмчлөлд шилжин бүртгэгджээ. Улмаас 2017.06.21-ны өдөр *******ын өмчлөлд, 2017.10.30-ны өдөр гуравдагч этгээд *******ы өмчлөлд бүртгэгдсэн нь тогтоогдсон. Мөн шинжээч ******* ХХК-ийн 2025.05.06-ны өдрийн дүгнэлтээр газар, агуулахын барилгын үнэ цэн 2017.05 сарын байдлаар 238,931,795 төгрөг байсныг тогтоосон байна.
Нэхэмжлэгч нар 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй. Учир нь нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 238,931,795 төгрөгийн хэмжээгээр хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн ба энэхүү шаардлагын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлага гэж тодорхойлохгүй.
Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шилжүүлэх харилцаа үүсэх бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хууль зүйн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхийн хууль зүйн үндэслэлүүдийг эдгээр нөхцөл байдал гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч *******өөс 238,931,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэнэ.
Анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч *******гийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж дүгнэхдээ 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр боловч хариуцагч гэрээний үнийг төлөөгүй байхдаа гэрээний зүйлийг устгасан үйлдэл нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна гэж эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг залруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангана. Энэ нь гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгох, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл болохгүйг дурдав.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Түүний хувьд 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний тал болохгүй, уг гэрээгээр хариуцагчийн өмчлөлд шилжсэн хөрөнгийн өмчлөгч биш тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг мөнгөн хэлбэрээр шаардах эрхийг эдлэхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч *******т холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.
7.Нэхэмжлэгч нар анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017.02.03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түүний үр дагаварт *******т 238,931,795 төгрөгийг, *******д 319,403,782 төгрөгийг тус тус хариуцагч *******өөс гаргуулахаар шаарджээ. Харин анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар, агуулахын барилгын үнэ цэнийг 238,931,795 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нар уг мөнгөн дүнгийн хэмжээгээр хохирлоо хамтран шаардаж байгааг тодруулсан нь 2026.02.06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 240-241 талд тодорхой тусгагджээ.
Нэхэмжлэгч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025.11.03-ны өдөр олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх, багасгах эрх олгогдсон байх тул шүүх нэхэмжлэгч талын нэхэмжлэлээ тодруулж гаргасан шаардлагыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т нийцжээ. Иймээс нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байхад анхан шатны шүүх хариуцагч *******өөс 319,403,782 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн шаардаагүй шаардлагыг шийдвэрлэсэн гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасан дүгнэлт нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагч талын хууль хэрэглээний асуудлаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч бусад асуудлаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тогтоох хэсгийн зарим заалтыг нэгтгэж, дугаарлалтыг өөрчилсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01706 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******өөс 238,931,795 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, 3, 4, 5 гэсэн дугаарлалтыг 2, 3,4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,352,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Э.ЭНЭБИШ