Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 207/ма2026/00052

 

 

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 207/МА2026/00052

 

 

2026 04 23 207/МА2026/00052

 

О.****, Т.**** нарын нэхэмжлэлтэй,

    хариуцагч А.****т холбогдох

   иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/00470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : О.****, Т.**** нарын нэхэммжлэлтэй,

Хариуцагч: А.****т холбогдох,

Орхон аймаг **** орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, банкны хүү төлсөн 1,700,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.О.****, Т.**** нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А.****т өөрийн эзэмшлийн **** апартмент 4 м.кв өрөө орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Анх тохиролцоход **** нь орон сууцны зээл бүтсэн, одоо байгаа байрнаасаа цагаан сараас өмнө нүүвэл түрээс төлөхгүй, та нарт урьдчилгаа мөнгө өгөх боломжтой тул түрүүлж ормоор байна гэж огт мөнгө өгөлгүйгээр 2 сарын 28-нд орон сууцанд нүүж орсон. Төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 10-нд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, банканд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нүүж орсноос хойш урьдчилгаа 30 хувь буюу 52,920,000 төгрөг өгөх ёстой байсан ч боломжгүй гзж учирлан гуйсаар байгаад 30,000, 000 төгрөгийг 3 сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа ипотекийн шийдвэрийг хүлээхээр болсон. Улсын комиссын акт 4 сарын 10-ны өдөр гарч 4 сарын 11-ний өдөр банканд өгсөн. Гэвч зээл нь бүтээгүй бөгөөд бүтээнэ гэж бид нарт удаа дараа хүндрэл учруулж худлаа ярьсаар өдийг хүрсэн. Нийт 40,000,000 төгрөг авч одоо үлдэх төлбөр болох 136,400,000 төгрөгийг авч чадаагүй тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж би уг орон сууцны төлбөрийг банк бусаас болон бусад хүмүүсээс зээлж нэхэмжлэгч О.****д төлсөн бөгөөд орон сууцны өмчлөгч болж миний нэр дээр гэрчилгээ гарсан. Иймд уг орон сууцнаас хариуцагчийг албадан гаргаж, түүний уг орон сууцанд амьдарсан хугацаа буюу 6 сарын хугацаагаар 1 сарын түрээсийн төлбөр 1,200, 000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг, банк бусын хүүний зардал 1,700,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг өгсөн 40,000,000 төгрөгөөс хасаж тооцож үлдэх мөнгийг өгнө гэжээ.

2. Хариуцагч Ө.****ийн тайлбар татгалзлын агуулга:  

О.****д  30,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг банкаар шийдүүлнэ гэж харилцан тохиролцож 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ипотек /орон сууцны/ зээлийн зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны зөвшөөрч шилжүүлж өгсөн. Комиссын актын дүгнэлтийг 03 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээг О.**** Ипотек болон орон сууцны зээлийн зөвшөөрлийн дагуу О.****аас шаардсан боловч 2025 оны 04 дүгээр сррын 10-ны өдөр зээлийн зөвшөөрлийн хугацаа дуусмагц комиссын актын дүгнэлт гарсан байсан. Дахин ипотекийн орон сууцны зөвшөөрөл хүссэн хүсэлтээ өгчихсөн хариуг нь хүлээж байгаа. Мөн дахин 10,000,00 төгрөгийг О.****ын Хаан банкны дансанд щилжүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн түрээсийн тохиролцоо байхгүй учир нзхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106, 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч А.****ийн эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум **** баг **** хороолол эрх чөлөөний өргөн чөлөө гудамж ****байр **** тоот 49 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч ****ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг А.****т даалгаж, нэхэмжлэгч ****ээс  31,100,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.****т олгож, нэхэмжлэгч О.****ын хариуцагч А.****т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Түшинтөгсийн давж заалдах гомдлын агуулга:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 03-ны өдрийн 312/ШШ2026/00470 тоот шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.2.зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн мөн хуулийн 168.1.3.хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн зэрэг үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ мөн 6.2-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж тус тус заасан байх бөгөөд миний үйлчлүүлэгч өөрийн эрх хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Монгол Улсын үндсэн хууль Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн эрхийн хүрээнд өөрийн өмгөөлөгчөөр МӨХ гишүүн хуульч өмгөөлөгч Б.Түвшинтөгс намайг сонгон авч улмаар миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцох болж хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 2026.2.3 өдөр товлон зарлагдсан байсан боловч өмгөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгаан /Улсын дээд шүүхэд П.Батбаярын нэхэмжлэлтэй Иргэний хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцсон/-ы улмаас очих боломжгүй тухай илэрхийлж холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн аваагүй эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байсан. а.Өмгөөлөгч бидний хувьд шүүх хуралдаан давхацсан тохиолдолд тус шүүх хуралд зэрэг оролцох боломжгүй бөгөөд аль нэг хуралд оролцох нөхцөл байдал үүсдэг билээ. Өмгөөлөгч хүний хувьд хурал давхацсан асуудал нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн атал шүүх уг асуудалд буруу дүгнэлт хийж улмаар бидний мэтгэлцэх эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил төдийгүй биднийг нотлох баримт гаргах, хүсэлт гаргаж баримт цуглуулах эрхийг хязгаарласан нөхцөл байдалд оруулсан явдалд гомдолтой байна. б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч хурал давхацсан тохиолдолд заавал түрүүлж товлон зарлагдсан хуралд оролцох зохицуулалт байхгүй. Учир өмгөөлөгч нь давхацсан хурлуудын шүүх, хэргийн оролцогчид тэгш бус хандах гэхээс илүүтэй аль хуралд оролцож аль хуралд баримт хүсэлтээ хүргүүлэх нь өмгөөлөгчийн эрхийн асуудал. Нөгөө талаас зарим хурлын оролцогч нар өмгөөлөгчгүйгээр процесс ажиллагаанд оролцох боломжгүй, айдас түгшүүр ихтэй, цаашлаад амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой хүртэл байж болдог. Гэвч шүүх түрүүлж товлогдсон хуралд ирж оролцоогүй нь хүсэлтийг хүлээж авахаас татгалзах үндэслэл гэж дүгнэж буй явдал нь хүний эрх цаашлаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Өрөөр хэлбэл анхан шатны миний үйлчлэгч А.****т эрх гэж байхгүй өмгөөлөгч миний өмгөөллийн үйл ажиллагааг үл хүндэтгэсэн үйл явдал боллоо. С.Нөгөө талаараа өөрийнхөн товлон зарлагдсан хурал явж байвал бусад шүүхийн үйл ажиллагаа болоод товлон зарлагдсан хурал хамаагүй гэсэн асуудлаар хандаж буй нь шүүхийн тогтолцоо уялдаа холбоо зэргийг үгүйсгэж буй хэрэг гэж харахаар байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд: 2026 оны 02 сарын 03 өдрийн товлон зарлагдсан шүүх хуралдаан миний үйлчлүүлэгч А.****ийн хувьд үр хүүхдүүдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах, өрх гэрийн гал голомт, түүний гэр бүлийн болоод өөрийнхөн амин чухал хэрэгцээтэй холбоотой маш чухал асуудал байсан боловч түүний эрхэм нөхөр дотны гэр бүлийн найз бурхан болж ажил явдалтай байх үе таарсан бөгөөд уг шалтгааны улмаас очих боломжгүйгээ илэрхийлж хүсэлт холбогдох мэдээлэл, баримтыг хүргүүлсэн атал уг асуудалд хүнлэг бус хүний ёсноос гашууд дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Тус процесс ажиллагаанд хэнээс ямар баримт бүрдүүлж байж шүүх хүлээн авах байсан эсэх тодорхойгүй хэрэв ирүүлсэн баримт хүсэлтийг үндэслэлгүй гэж дүгнэсэн бол шүүх ямар баримт байж хүлээн авах байсан болохоо дурдах нь зүйтэй. Хүн болгон үхэл хагацал үзэж хорвоогийн хатуутай нүүр тулж уй гашуу зовлон жаргалын хуваалцаж ирсэн ард түмэн атал хүний амьдралаас тасарсан хийсвэр дүгнэлт хийж эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчимд үл нийцэх байдалд хүрлээ. Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа явуулахад хэргийн материалтай танилцах, судлах, бэлтгэл хангах боломжит хугацаа хэрэгтэй бөгөөд шийдвэрлэх шүүх хурлын өмнөх хурлаас миний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай олон хүсэлт, баримт материал байсан боловч шүүх хуралдаан давхацсан шалтгааны улмаас тус хурлаар хэлэлцүүлж, гаргаж өгч чадаагүй. Учир нь Өмгөөлөгч миний бие тус хэрэгт Улаанбаатар хотоос очиж туслалцаа үзүүлж ажиллаж байгаа бөгөөд ирж очих нэг талдаа 1,000 гаруй км туулж бүтэн нэг өдрийг зарцуулдаг. Урьдчилгаа төлбөрт төлсөн төлбөрөөс 8,900,000 төгрөгийг хасаж тооцсон үндэслэлийн тухайд: Талуудын хооронд иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь хэсэгт заасан гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд талууд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан ХХАГ эрх зүйн харилцаа үүссэн. Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж өгсөн авснаа буцаах үр дагавар буюу байраа буцаан авч албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш бид худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж эхэлсэн бол уг гэрээний дагуу урьдчилгаанд төлсөн төлбөрийг нэхэмжлэгч мөн адил харилцан адил ашиглаж үр шимийн хүртэж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл талууд харилцан үр шимийн хүртэж байсан. Түүнчлэн нэхэмжлэгч урьдчилгаанд авсан төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй байгаа болохыг дурдах зүйтэй. Орон сууцыг хөлслөх зах зээлийн ханш болох 1,200,000*6 төгрөгөөр тооцож нийт 7,200,000 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж. Орон сууц хөлслөх зах зээлийн үнэ ханшийг тогтоосон баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүх энэ талаарх ямар баримтыг иш татаж буй тодорхой. Орон сууцны хөлслөх төлбөрийг тогтоох нь шинжээч болон бусад этгээдийн чиг үүрэгт хамаарахгүй бөгөөд энэ нь гагцхүү гэрээний талууд болох хөлслөгч хөлслүүлэгчийн харилцан тохиролцох гэрээний чөлөөт байдалд хамаардаг билээ.  ББСБ-с авсан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 1,700,000 төгрөгийн хувьд. Манайтай хамааралгүй болохыг анхаарч үзэхийг хүсэж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.**** давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо түүний гаргах гэж байсан баримт хүсэлтийг нь шүүх аваагүй мэтээр бичсэн байна, өмнөх хурал дээр нь зөндөө юм гаргана гээд байхаар нь би маш их зүйл өгсөн байх гээд хурлын өмнөх өдөр очиж асууж танилцах гэтэл нэг ширхэг ч баримт хүсэлт ирээгүй байсан. Гэтэл шүүхэд юм өгөхөд шүүх аваагүй мэтээр ор үндэсгүй зүйл бичсэн байна, шүүх харин материалтайгаа танилцаад наад яриад байгаа хүсэлт баримт, сөрөг нэхэмжлэлээ егөх боломжийг хангалттай 14 хоногоор өмнө нь хойшлуулсан. Зөндөө их хуралтай бас хотоос ирнэ гэж хэлээд өмгөөлөгч нь өөрөө хэлж ярьж 14 хоногоор хойшлуулсан. Ер нь өмгөөлөгч хуралтай ч **** өөрөө шүүхэд ирэх ёстой, гэтэл өөрөө хуралдаа ирээгүй. **** бол миний энэ хэргийг удаашруулаад зун болж дулаарах хүртэл л байранд байх санаа зорилготой л байгаа гэж би бодож байна. Учир нь миний гаргасан хуралд ирэхгүй ирээгүй байж маргааш нь өөрөө хурал дээр өөрийнхөө хуралд оролцоод явж л байсан. Аль хуралдаа очих уу аль хуралдаа очихгүй хойшлуулж удаашруулах уу гээд өөрийнх нь хийж байгаа санаатай үйлдэл. Мөн шүүхийг өөрийнх нь хурал чухал, бусад хурал хамаагүй гэж хандсан, А.****т эрх гэж байхгүй мэтээр шүүх шийдвэрлэсэн гэж тусгаж Шүүхийг буруутгаж байна. Бие нь өвдөөд байна гэхээр ямар ч баримтгүй байхад шүүх хуралд оролцох эрхээр нь хангалаа гээд хойшилсон, өмгөөлөгч авна гэхээр нь эрхээр нь хангаад хойшилсон, өмгөөлөгч нь материалтай танилцъя баримт егмөөр байна гэхээр нь эрхийг нь хангаад хойшлуулсан энэ мэт байдлаар эрхийг нь шүүх хангаагүй тохиолдол байхгүй гэж ойлгосон. Баримт өгөхөд ч гэсэн хурал эхлэхийн өмнө шүүхэд өгөх ёстой, шүүх танилцана бусад хүн танилцана, хурал дээр өгвөл нөгөө тал танилцах боломжгүй гээд манай өмгөөлөгч надад хүртэл тайлбарлаж байсан, тийм учраас би эрт бүх баримтаа өгсөн. Тэгсэн **** болохоор хуралдаа өөрөө ч ирээгүй байж миний баримтыг шүүх аваагүй, намайг хохироолоо миний эрхийг зөрчлөө гээд байгаа нь буруу гэж харж байна. Энэ хүний эрх өнөөдөр миний эрх ашгийг ноцтой хохироож байна, энэ хүн эрхээ эдлээд хангуулаад би хохироод яваад байх хэрэг үү. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч айдас түгшүүр ихтэй, амь нас эрүүл мэндтэй шууд холбоотой тул гэж бичсэн байна. Энэ хүний бие өвдлөө айлаа эмзэг байлаа гээд би өчнөөн олон саяын хөрөнгөө авч чадахгүй, хүнд үнэ төлбөргүй хэрэглүүлээд хуучруулаад гаргаж ч чадахгүй хохирсоор цаг хугацаа мөнгөөрөө хохирсоор байх уу. Шүүх энэ байдлыг маш сайн анхаарч өгөөсэй. Хүн амьдраагүй шив шинэ байрыг мөнгийг нь сарын дараа өгнө гэж орчхоод мөнгөө өгөөгүй өнөөдөр бүгэн жил амьдарч байна, одоо шүүхийн шатанд ямар ч хугацаа болохын энэ хугацаанд би л хохирч байна. Эсрэгээрээ гэр бүл үр хүүхдүүдтэйгээ аятай тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдлөө гээд хүртэл ярьж байна. Хүний өмчлөлийн байранд хүний гэрт ингэж эрхээ эдлэх нэрийдлээр бусдыг хохироож болохгүй байх. Хүний хүн чанар ёс суртахуун байх ёстой. Би маш их гомдолтой байна гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд: Хариуцагчийн өмгөөлөгч өөрийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэргийн материалтай танилцах, хүсэлт, нотлох баримт гаргаж өгөхөд боломжит хугацаа шаардлагатай гэж тайлбарласан байна. Анхан шатны шүүх хариуцагч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах, хүсэлт, баримт гаргаж өгөх бүх эрхийг хангаж, шүүх хурлыг 2026.01.16-ны өдрөөс 2026.02.03-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан. Ингэж хойшлуулахдаа нэхэмжлэгчийн зүгээс богино хугацаанд хойшлуулж өгөөч гэсэн саналыг гаргахад шүүх 14 хоногийн буюу урт хугацаагаар хойшлуулахдаа хариуцагчийн өмгөөлөгчийн гаргах тэрхүү олон хүсэлт олон баримт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах зэрэг байр суурьтай байгааг мөн хариуцагчийн өмгөөлөгчийн Улаанбаатар хотоос ирэх болон өмнө нь авсан хурлын товыг нь тус тус харгалзан удаан хугацаагаар хойшлуулсан бөгөөд уг хугацаандаа хариуцагчийн зүгээс шүүхэд шинээр нотлох баримт болон холбогдох хүсэлт баримт гаргаж ирүүлээгүй, шүүхээс энэхүү эрхийг нь хязгаарлаагүй. Гэвч хариуцагч болон түүний өмгөөлөгчид шүүх хурал болох хүртэлх 14 хоногийн хугацаанд хэргийн материалтай танилцах, хүсэлт, баримт гаргаж өгөх хангалттай боломж байсан. Хариуцагч болон түүний өмгөөлөгч нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй Хэргийг хянан хэлэлцэх хурал эхлэхийн өмнө уг хүсэлт нотлох баримтаа гаргаж өгөөгүй мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт, баримт гаргаж өгөх боломжтой бөгөөд үүнийгээ хэрэгжүүлээгүй атлаа шүүхийг буруутгаж, эрхийг нь хязгаарласан мэтээр тайлбарласан үндэслэлгүй, учир нь заавал шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгөх шаардлагагүй. Иймд хариуцагч болон түүний өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах болон нэмэлт хүсэлт гаргаж өгөхөд хэдий хугацаа шаардлагатай байсныг тодорхойлох боломжгүй боловч шүүхээс тэдэнд эрхээ хэрэгжүүлэхэд хангалттай, боломжит хугацаа олгосон гэж үзэж байна. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийн тухайд: Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар хариуцагчийн дотны гэр бүлийн найз бурхан болж ажил явдалтай байх үе таарсан бөгөөд уг шалтгааны улмаас тус шүүх хуралд очих боломжгүйгээ илэрхийлж хүсэлт, холбогдох мэдээлэл баримтыг хүргүүлсэн гэж тайлбарлаж байна. Гэвч бодит байдал дээр хариуцагчийн ойр дотны хүн нас барсан талаар зөвхөн хүсэлтэд дурдсанаас өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хариуцагчийн шүүх хурлыг хойшлуулах тухай хүсэлтэд 2026.02.03-ны өдрийн 13:00 цагт Арьс, харшлын кабинетын амбулаторийн үзлэг, 15:20 цагт Уушги судлалын эмчийн үзлэгт цаг захиалсан баримтууд хавсаргасан байна. Өөрөөр хэлбэл, ойр дотны хүн нас барсан талаар нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүхээс хариуцагчийг шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болохыг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх уг хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025.12.23-ны өдөр - хариуцагчийн эрүүл мэндийн шалтгаанаар, 2026.01,08-ны өдөр - өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, 2026.01.16-ны өдөр өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж олгох зорилгоор нийт 3 удаа хойшлуулсан байна. Эдгээр нь бүгд хариуцагчаас шалтгаалсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илтэд удаашруулж байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Мэтгэлцэх эрх зөрчигдсөн талаар. Шүүх хэргийн оролцогчдод цаг хугацааны хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны дотор мэтгэлцэх боломжийг олгосон. Шүүх хурал эхлэхийн өмнө хариуцагчийн гаргах нотлох баримт хүсэлт зэрэгтээ шүүгч өөрөө шүүх хуралдаанд бэлтгэхээс гадна хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох бэлтгэл хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой тул тул боломжит хугацаагаар эрхийг хангасан. Мэтгэлцэх зарчмын хувьд дан ганц шүүх хуралдаанд биечлэн оролцохоор хязгаарлахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд мэтгэлцэх хэлбэрээр илрэн гарч, явагдана. Тодруулбал, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээнэ. Мэтгэлцэх ажиллагаа хэрэгжихэд өөрийн шаардлага, татгалзлаа нотлохдоо нотлох баримтаа гаргасан байх, тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байх, хуульд заасан арга, хэлбэрээр бэхжүүлж гарган өгсөн байх ёстой. Энэ утгаараа шүүх хөндлөнгийн байр сууринаас хариуцагчийн өөрийн эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангах үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж байна, харин хариуцагч тал энэхүү эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн  гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.****, Т.**** нар хариуцагч А.****т холбогдуулан Орхон аймаг **** орон сууц албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг, банкны хүү төлсөн 1,700,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А.****т өөрийн эзэмшлийн **** апартмент 4 м.кв өрөө орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Анх тохиролцоход **** нь орон сууцны зээл бүтсэн, одоо байгаа байрнаасаа цагаан сараас өмнө нүүвэл түрээс төлөхгүй, та нарт урьдчилгаа мөнгө өгөх боломжтой тул түрүүлж ормоор байна гэж огт мөнгө өгөлгүйгээр 2 сарын 28-нд орон сууцанд нүүж орсон. Төлбөрийг 2025 оны 4 дүгээр сарын 10-нд бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, банкинд бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нүүж орсноос хойш урьдчилгаа 30 хувь буюу 52,920,000 төгрөг өгөх ёстой байсан ч боломжгүй гэж учирлан гуйсаар байгаад 30,000,000 төгрөгийг 3 сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа ипотекийн шийдвэрийг хүлээхээр болсон. Улсын комиссын акт 4 сарын 10-ны өдөр гарч 4 сарын 11-ний өдөр банкинд өгсөн. Гэвч зээл нь бүтээгүй бөгөөд бүтээнэ гэж бид нарт удаа дараа хүндрэл учруулж худлаа ярьсаар өдийг хүрсэн. Нийт 40,000,000 төгрөг авч одоо үлдэх төлбөр болох 136,400,000 төгрөгийг авч чадаагүй тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж би уг орон сууцны  төлбөрийг банк бусаас болон бусад хүмүүсээс зээлж нэхэмжлэгч О.****д төлсөн бөгөөд орон сууцны өмчлөгч болж миний нэр дээр гэрчилгээ гарсан. Иймд уг орон сууцнаас хариуцагчийг албадан гаргаж, түүний уг орон сууцанд амьдарсан хугацаа буюу 6 сарын хугацаагаар 1 сарын түрээсийн төлбөр 1,200, 000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг, банк бусын хүүний зардал 1,700,000 төгрөг, нийт 8,900,000 төгрөгийг өгсөн 40,000,000 төгрөгөөс хасч тооцож үлдэх мөнгийг өгнө...” гэж тодорхойлсон./хх39-45х/

Хариуцагч А.**** “...О.****д 30,000,000 төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл төлбөрийг банкаар шийдүүлнэ гэж харилцан тохиролцож 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ипотек /орон сууцны/ зээлийн зөвшөөрөл ирсний үндсэн дээр 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр захиалгын гэрээг О.**** зөвшөөрч шилжүүлж өгсөн. Ипотек болон орон сууцны зээлийн зөвшөөрлийн дагуу комиссын актын дүгнэлтийг О.****аас шаардсан боловч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн зөвшөөрлийн хугацаа дуусмагц комиссын актын дүгнэлт гарсан байсан. Дахин ипотекийн орон сууцны зөвшөөрөл хүссэн хүсэлтээ өгчихсөн хариуг нь хүлээж байгаа. Мөн дахин 10,000,00 сая төгрөгийг О.****ын Хаан банкны дансанд шилжүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн түрээсийн тохиролцоо байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн агуулгаар тайлбар гаргаж, маргасан./хх99,100х/

3.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч О.**** болон хариуцагч А.**** нарын хооронд 2025 оны 03 дугаар сарын 18-нд Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багт байрлах **** апартмент орон сууцны 4 давхар **** тоот 2 өрөө 49 м.кв талбай бүхий орон сууцыг 176,400,000 төгрөгөөр худалдахаар, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг төлөх, үлдэх төлбөрийг банкны орон сууц барьцаалсан зээлд хамрагдан хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх талаар тохиролцсон,

 

3.2 Дээрх гэрээний дагуу хариуцагч А.****ээс нэхэмжлэгч О.****д 40,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн, орон сууцанд А.**** 2025 оны 03 дугаар сараас эхлэн амьдарч байгаа,

 

3.3 Нэхэмжлэгч О.**** нь ****ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 05-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багт байрлах **** апартмент орон сууцны 4 давхар **** тоот 2 өрөө 49 м.кв талбай бүхий орон сууцыг 147,000,000 төгрөгөөр төлбөрийг бүрэн төлж худалдаж авсан,

 

3.4 Хамтран нэхэмжлэгч Т.****ийн хувьд анх А.****тэй харилцаж, О.****ын дээрх орон сууцыг түүнд зарж борлуулах үйл явцыг зуучилж оролцсон,

3.5 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.**** нь маргааны зүйл болсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багт байрлах **** апартмент орон сууцны 4 давхар **** тоот орон сууцыг өөрөө худалдан авч гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч О.****д төлж барагдуулж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

 

4.Нэхэмжлэгч Т.**** нь орон сууцыг өөрөө худалдан авч гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч О.****д төлж барагдуулж, уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул тэрээр А.****т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 106 дугаар зүйлийн 106.1.-д нийцсэн.

 

4.1 Өмчлөгч Т.**** нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч О.**** уг орон сууцны худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй болсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

5. Хариуцагч А.**** нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үлдэгдэл  төлбөрийг төлж чадаагүй байх ба нэхэмжлэгч тал орон сууцыг хугацаанд нь улсын комисст хүлээлгэж өгөөгүй буюу улсын комиссын акт гараагүй удсаны улмаас банкинд хүлээгдэж байсан ипотекийн зээлийн хүсэлт цуцлагдсан гэж тайлбарлаж байх боловч түүний тайлбар татгалзал хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны болон Хаан банкны албан бичиг болон нэхэмжлэгч талын тайлбараар няцаагдаж байх ба, талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.-д заасан зохицуулалтын дагуу хариуцагч А.**** маргаан бүхий орон сууцны өмчлөгч болж чадаагүй байна.

 

5.1 Хариуцагч А.****ийн орон сууцны зээлийн хүсэлт шийдвэрлэгдээгүй нь түүнээс өөрөөс нь шалтгаалсан байх бөгөөд тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломжгүй болсны улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д нийцжээ.

 

5.2 Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзахад хариуцагчийн буруутай үйлдэл буюу орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс болсон гэж үзэх үндэслэлтэй, учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5.3 Хэдийгээр нэхэмжлэгч учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй боловч хохирол нь баримтад үндэслэсэн байх, нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-д заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх учиртай.Тодруулбал нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр 7,200,000 төгрөг гаргуулах шаардлагаа үндэслэж буй хэргийн 138 дугаар талд авагдсан баримт нь бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгож үнэлэх боломжгүй байна.

 

5.4 Түүнчлэн маргаан бүхий байрыг худалдан авахад банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан, энэ зээлийн хүүд 1,700,000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч нэхэмжлэгч Т.**** нь О.****д 176,400,000 төгрөгийг төлөөд 2025 оны 08 дугаар сарын 08-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын **** багт байрлах **** апартмент орон сууцны 4 давхар **** тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болсон байна.

 

5.5 Иймд өмчлөгч болсны дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 12-нд Очир-Ундраагаас авсан зээлийг орон сууцыг худалдан авахад зориулсан гэж үзэх боломжгүй тул зээлийн хүүг мөн А.**** төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нийт 8,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, А.****ийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.****ээс гаргуулж, хариуцагч А.****т олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

6.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 19, тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтад нэхэмжлэгч Т.****ийн нэрийг **** гэж ташаа бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй байна.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгч “...миний бие Улсын дээд шүүхэд П.Батбаярын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцсон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас очих боломжгүй тухай илэрхийлж холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн аваагүй эзгүйд хэргийг шийдвэрлэсэн байсан...Өмгөөлөгч хүний хувьд хурал давхацсан асуудал нь зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан мөн атал шүүх уг асуудалд буруу дүгнэлт хийж улмаар бидний мэтгэлцэх эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан боловч шүүх тус хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1000 цагт товлон зарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг шүүх хуралдааны оролцогч нарт мэдэгдэхэд хариуцагч А.**** нь эрүүл мэндийн шалтгаанаар тус тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 08 хүртэл хойшлуулсан, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.**** өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг шүүх мөн хүлээн авч түүний өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан, 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг дахин хүлээн авч шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 03 хүртэл хугацаагаар хойшлуулсан, ийнхүү хойшлуулахдаа Б.Түвшинтөгс өмгөөлөгчийн өөрийнх нь саналыг харгалзан хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 03-нд товлосон байна.

 

7.1 Ийнхүү хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчийн хэргийн материал танилцах эрхийг хангаж хуралдааныг удаа дараа хойшлуулсан, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны товыг тогтоохдоо Б.Түвшинтөгс өмгөөлөгчийн өөрийнх нь саналыг асууж, тодруулсны үндсэн дээр хуралдааны товыг тогтоосон байх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар  сарын 03-ны  өдрийн 312/ШШ2026/00470 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., 106 дугаар зүйлийн 106., 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч А.****ийн эзэмшлээс Орхон аймаг Баян-Өндөр сум **** баг **** хороолол эрх чөлөөний өргөн чөлөө гудамж ****байр **** тоот 49 м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Т.****ийн эзэмшилд шилжүүлж өгөхийг А.****т даалгаж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага 8,900,000 төгрөг болон нэхэмжлэгч О.****ын хариуцагч А.****т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.****ээс 40,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч А.****т олгосугай...” гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтанд “...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 7305 дугаар шүүгчийн захирамж нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй...” гэж нэмж,

Шийдвэрийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгч О.****, Т.**** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.****ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.****т олгосугай гэж,

 

шийдвэрийн 2,3 дахь заалтыг 3,4 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Түшинтөгсийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 385,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАТТӨР

                                                                 ШҮҮГЧ                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                    ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА