Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00961

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-6-42 тоотод оршин суух Нейлбэ овогт Төвсанаагийн Батчимэг /НЭ:85122066/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-5-7 тоотод оршин суух Боржигон овогт Батнасангийн Батцэцэг /ФД:64032001/

            4 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Батчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болдбаяр, хариуцагч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Батчимэг би 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Батцэцэгт 3 000 000 төгрөгийг 30 хоногийн 10 хувийн хүүтэй, 60  хоногийн  хугацаатай зээлдүүлж Б.Батцэцэг зөвшөөрч бид бичгээр гэрээ хийсэн. Б.Батцэцэг 660 000 төгрөг төлөөд өнөөдрийг хүртэл дахин нэг ч төгрөг төлөөгүй. Б.Батцэцэг нь би төлнө мэдэж байгаа төлнө гэсээр өдийг хүрлээ. Би 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд хандсан ч бид эвлэрэлд хүрээгүй тул улсын тэмдэгтийн хураамж 30 000  төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 7 сарын хүү 2 100 000 төгрөг үүнээс  Б.Батцэцэгийн төлсөн 660 000 төгрөгийг хасаад 1 440 000 төгрөг нийт 4 470 000 төгрөгийг Б.Батцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Батцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Батнасан овогтой Батцэцэг нь Т.Батчимэгээс 3 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүгэйгээр зээлсэн боловч, өдөр бүр 60 000 төгрөг төл гэсэн шаардлагын дагуу нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 29-ний өдрийг дуустал 11 өдөр дараалан 60 000 төгрөг нийт 660 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 11- нд 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-нд 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 27-нд З00 000 төгрөг , 2015 оны 11 дүгээр сарын 10-нд 340 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 22- нд 300 000 төгрөг тус тус төлсөн. Нийт 1 800 000 төгрөгийг төлсөн байтал огт мөнгө өгөөгүй хэмээн надаас 4 470 000 төгрөг нэхэмжилж байгааг би үгүйсгэж байна. Өдрийн орлого буурч мөнгөний хомсдол үүсээд байгаа энэ үед Батчимэгт өдөрт 60 000 төгрөг төлөх нь маш хүнд эцэст нь ширхэг  бараа, эргэлтийн мөнгө ч үгүй болсон. Сарын 10 хувийн хүү гэж гэрээ хэлцэл хийсэн мөртлөө өдөр бүр 60 000 төгрөг авч эхэлсэнээр энэхүү зээлийн маргаан эхэлсэн. Гэрээ ч хүчингүй болсон гэж үзэж байна. Батчимэгт: /2015 оны 09 дүгээр сарын 30 нд/ Өдөр бүр ийм их мөнгө төлнө гэж биш, харин сарын 10 хувийн хүүтэй зээлсэн биз дээ, надад зээлийн гэрээний 1 хувийг өгөөч гэхэд гэрээ надад өгөөгүй . Та мөнгө авсан гэж гарын үсгээ зураад авсан , би таныг надаас зээл ав гэж гуйж өгөөгүй шүү гэсэн. Би сард нь хүүгээ төлье, үндсэн мөнгөнөөсөө хасуулна гэж хэлээд хэд хоногийн хугацаа өнгөрсөн.

Ажлын байранд ирж хэл амаар доромжилж , манай нехөр аймаар хүн шүү гэх мэт үгээр айлган сүрдүүлээд , лангуун дээр ирж, өдрийн орлогоо нууж байна, би лангуу дээр чинь сууж барааг чинь зарж мөнгөө авна. Та өдөр бүр 60 000 төлөх л ёстой гээд байдаг тул сүүлдээ би лангуунд сууж ч чадахгүйд хүрсэн. Нөхцөл байдал иймэрхүү байсаар өнөөдрийг хүрч байна. Утсаар холбогдож мөнгийг тань өгнө шүү дээ 10  хувийн хүүтэй гэсэн мөртлөө өдөр бүр 60 000 төгрөг авна гэдэг чинь 20 хувь хүүлээд байна энэ чинь хүнд байдалд оруулаад байна. Бараа эргэлтийн мөнгөгүй болоод хэцүү байна , мөнгөтэй болоод эгч нь өгье гэхэд:  Дахиж надаас 10 хувьтай мөнгө зээлээд, зээлээ хаачих гэсэн санал тавьж байсныг би ойлгоогүй. Өмнөх зээлээ өгч чадаагүй байхад юун дахиж хүүтэй мөнгө авч, өмнөх хүүтэй мөнгийг төлөх вэ? дээ надад улам их өр үүснэ шүү дээ. “Эвлэрүүлэн зуучлах” зөвлөлд хандаад бид мөнгөн дүнд тохиролцоогүй болно. Иргэн Батчимэгт зээлийн үлдэгдэл 1 200 000 төгрөгийг төлнө гэж бодож байна. Учир нь: Анхны гэрээг нотиараатаар батлуулж 1 хувийг авъя гэж 2 удаа санал болгоход гэрээний 1 хувийг өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Батчимэг нь намайг зээл авсан өдрийн маргаашаас нь эхлэн  орсон орлогыг хамж авч, хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтанд оруулж, лангуу дээр ч суух боломжгүй байдалд хүргэсэн тул орлого байхгүй сүүлийн 3 сарын талбайн түрээсээ ч төлж чадахгүй өнөөдрийг хүрсэн тул Батчимэгээс үүдэлтэй амьжиргаагаа залгуулах орлого алдагдуулсаны хохирлыг зохих журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Т.Батчимэг нь хариуцагч Б.Батцэцэгээс 4 470 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Б.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Т.Батчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, 30 хоногт 10 хувийн хүүтэй, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал өдөр бүр 60 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор авсан 660 000 төгрөгөө хасаад 7 сарын хүүгээ тооцоод нийт 4 470 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Т.Батчимэгээс 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай зээлдэж авсан. Зээлийн хүүнд 660 000 төгрөгийг зээл авсан өдрийнхөө маргаашаас нь эхлэн өдөр бүр 60 000 төгрөгөөр төлсөн. Мөн   2015 оны 10 дугаар сарын 11-нд 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-нд 100 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 27-нд З00 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 10-нд 340 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 22-нд 300 000 төгрөг тус тус төлсөн. Нийт 1 800 000 төгрөгийг төлсөн тул 4 470 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Харин 1 200 000 төгрөг төлнө гэж тайлбарлаж байна.

    Зохигчид 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл өдөр бүр 60 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.

    3 000 000 төгрөг зээлдүүлсэн хийгээд өдөр бүр 60 000 төгрөгөөр тооцож 11 удаагийн давтамжтайгаар 660 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй энэ нь талуудын тайлбар болон хэрэгт ирүүлсэн гэрээний эх хувиар тус тус нотлогдож байна.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үндсэн зээл 3 000 000 төгрөг, 7 сарын хүү 2 100 000 төгрөг үүнээс 660 000 төгрөгийг хасаад хүүний төлбөрт 1 440 000, эвлэрүүлэн зуучлалд хандсан улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг нийт 4 470 000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ сард 10 хувийн хүү тохирсон ба зээл өгсөн өдрийн маргаашаас эхлэн хүү тооцож авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй, мөн 2015 оны 10 дугаар сарын 11- нээс  2015 оны 11 дүгээр сарын 22- ны өдөр нийт 1 140 000 төгрөгийг ирж авахдаа  зээлийн гэрээний дор  гарын үсэг зуруулж байсан. Энэ хуудсыг урсан байх тул түүний 4 470 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

    Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

    Хариуцагч Б.Батцэцэг нь  өдөр бүр төлж байсан 660 000 төгрөгөөс гадна 1 140 000 төгрөг өгсөн гэсэн тайлбараа холбогдох баримтаар нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

    Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хүү авах эрхтэй байна.

    Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байх тул      эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөгийг  хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

    Иймд хариуцагч Б.Батцэцэгээс үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүүний төлбөр 600 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөг, үүнээс өдөр бүр хүүнд төлсөн 660 000 төгрөгийг хасвал нийт 2 970 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Батчимэгт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

    Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 86 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцэцэгээс 62 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батчимэгт олгохоор шийдвэрлэв.  

             

             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Батцэцэгээс 2 970 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Батчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 86 470 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцэцэгээс 62 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Батчимэгт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ