Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 207/ма2026/00055

 

 

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 207/МА2026/00055

 

 

 

Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

     хариуцагч Ж.Шинэчимэгт холбогдох

     иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2026/00929 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Шинэчимэгт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 14.493.502.25 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго, Б.Ундармаа, хариуцагч Ж.Шинэчимэг, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Зээлдэгч Н.Эрдэнэбат нь 2024 оны 10 дугаар сарын 09-нд Төрийн банкнаас МN480034130001879534 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 6.2.1 заалтыг зөрчиж, хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байсан бөгөөд  банкны зүгээс удаа дараа утсаар ярьж, мөн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл 5 удаа өгсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.Эрдэнэбат нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул түүний эхнэр Ж.Шинэчимэг нь зээлдэгчийн эхнэр бөгөөд өв залгамжлагч нь тул өвлөгч өвлөн авсан эд өхрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу түүнээс Н.Эрдэнэбатын зээлийн үндсэн төлбөрийн өр 13,635,479.65 төгрөг, зээлийн хүүгийн өр 845,538.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,483.99 төгрөг, нийт 14,493,502.25 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ж.Шинэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 

Манай нөхөр Н.Эрдэнэбат Төрийн банктай 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, Төрийн банкинд хэлж зээлийн хүүг зогсоохыг хүсч өргөдөл бичиж өгсөн боловч зогсоогоогүй, ...зээлийг авахад би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, ...нөхрийгөө нас барснаас хойш хоёр, гурван удаа зээлийн төлбөрийг боломжоороо төлсөн боловч өөрөө бас банкны зээлтэй учир давхар энэ зээлийг төлөх боломжгүй болсон, иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2026/00929 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 515 дугаар зүйлийн 515.2, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн хариуцагч Ж.Шинэчимэгт холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,418 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШШ2026/00929 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. 2026 омы 03 дугаар сарын 13-ны одрийн 312/Ш1112026/00929 дугаар шийдвэрийи Үндэслэх хэсгийн 13-т “Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Ж.Шинэчимэг нь гарын үсэг зураагүй бөгөөд Н.Эрдэнэбатын ирээдүйд авах цалин орлогыг барьцаалж олгосон зээл байх тул уг зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2н-т "үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ... түүнчлэн нас барсан, ...” гэсэн үндэслэл дуусгавар болсон байна” гэж заасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тодруулбал Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийи 240.1.1.-д заасан “үүрэг гүйцэтглчийн хувийн байдалтай салшгүй холбоотой" гэдэг ойлголт нь хувь хүний байгалиас заяасан ур чадвартай холбоотой үүргийн талаарх зохицуулалт тул зээлийн гэрээний үүрэг энэ ойлголттой хамааралгүй юм. Иймд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШIШ2026/00929 дугаар шийдвэрийг хүчиигүй болгож Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2-т тус тус заасны дагуу Н.Эрдэнэбатын хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэчимэгээс 14,493,502.25 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч  Төрийн банк ХК нь  хариуцагч  Н.Эрдэнэбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14.493.502.25 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго нь  хариуцагч Н.Эрдэнэбатыг түүний эхнэр Ж.Шинэчимэгээр солиулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.  

Шүүх хэргийг Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 515 дугаар зүйлийн 515.2, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг нэхэмжлэгч “Төрийн банк” ХК-ийн хариуцагч Ж.Шинэчимэгт холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 Зээлдэгч Н.Эрдэнэбат нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  Төрийн банктай  МN480034130001879534  дугаар цахим зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг цалингийн зээлээ барьцаалан  жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай  авсан ба  2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зээлдэгч Н.Эрдэнэбат нь нас барж зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болжээ.

Хариуцагч Ж.Шинэчимэг нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төрийн банкинд дээрх зээлийн гэрээний хүүг зогсоолгох тухай  хүсэлт гаргасан боловч Төрийн банк зээлийн хүүг зогсоогоогүй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар хариуцагч  Н.Эрдэнэбатын хууль ёсны өвлөгч нь хариуцагч Ж.Шинэчимэг мөн болно.

Зээлийн гэрээний 3.2.4.-т “ ...Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах... зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан барагдуулах” гэх заалт болон Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т “Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ...” гэж зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК нь зохигчдын хооронд байгуулагдсан 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг  хариуцагч Ж.Шинэчимэгээс нэхэмжилжээ.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Төрийн банк” ХК-ийн хариуцагч Ж.Шинэчимэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт  14.493.502.25  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонго нь “...2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 312/ШIШ2026/00929 дугаар шийдвэрийг хүчиигүй болгож Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 515 дугаар зүйлийн 515.2-т тус тус заасны дагуу Н.Эрдэнэбатын хууль ёсны төлөөлөгч Ж.Шинэчимэгээс 14,493,502.25 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал   биелүүлээгүй байна. 

Нас барагч Н.Эрдэнэбатын өвлөгдөх эд хөрөнгийг хариуцагч Ж.Шинэчимэг хүлээж авсан эсэх, түүний эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримт болон өв, хөрөнгө хүлээж авсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, Н.Эрдэнэбатын банкны өмнө хүлээсэн үүргийг түүний эхнэр болох өвлөгч Ж.Шинэчимэг ямар хэмжээгээр хүлээх нь тодорхойгүй, зохигчдын  хооронд байгуулагдсан  зээлийн гэрээнд хариуцагч Ж.Шинэчимэг хамтран хариуцагч болон батлан даагчаар оролцоогүй,  гарын үсэг зураагүй,  банк нь хариуцагч Н.Эрдэнэбатын ирээдүйд авах цалингийн  орлогыг барьцаалж зээл  олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын шүүхэд гаргасан  давж заалдсан гомдлын үндэслэл нь няцаагдаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар  сарын 13-ны өдрийн 312/ШШ2026/00929 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын  шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162  дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Солонгын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 230.418 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА

 

 

                                             ШҮҮГЧ                                        Б.ОЮУНЦЭЦЭГ

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.БАТТӨР