Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00972

 

 

 

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01707 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ОНӨААТҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 72,371,283 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь 2024.11.22-ны өдөр 22:45 цагийн үед Хан-Уул дүүргийн 20-р хороо, ******* төвийн хойд замд замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн *******ын унаж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Энэ хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.20-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор ******* гэм буруутайд тооцож, хохирогч ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн.

******* нь Эко хотын тээвэр ААТҮГ-д жолоочоор ажилладаг ба сарын дундаж цалин 4,921,029 төгрөг бөгөөд 2024.11.22-ны өдрөөс хойш хөдөлмөрийн чадвараа алдаж хөдөлмөр эрхлээгүй учир орлогогүй болсон. Тиймээс энэ өдрөөс хойш 2025.06.25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж ажилгүй байсан хугацаанд авах ёстой байсан цалин 34,447,203 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 36,424,080 төгрөг, мөн зам тээврийн ослын улмаас эрүүгийн хэрэгт өмгөөлөгч оролцуулж өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 72,371,283 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас цалингийн орлого 34,447,203 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршиг 36,424,080 төгрөгийг тус тус зөвшөөрөхгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийг 2-р зэрэг гэж тогтоосон бөгөөд энэ зэргээр тооцоход өөр дүн гарна. Цалин хөлсний дунджийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын А/192 тоот тушаалын хавсралтад дундаж цалингаар тодорхойлон 2025.06-р сар дуустал төлөх боломжтой. Сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээр тооцож төлөх боломжтой, харин өмгөөлөгчийн хөлс эрүүгийн хэрэгт төлөгдсөн гэж үзэж байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хариуцагч *******ОНӨААТҮГ-аас 44,735,287 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 37,498,104 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******ОНӨААТҮГ-аас 381,626 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хариуцагчаас 44,735,287 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь тус тооцоог нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэж шийдвэрлэсэн ба эмчилгээний баримтуудыг нягтлан шалгалгүйгээр, эх сурвалжийг нь тогтоолгүйгээр шийдвэрлэсэн. Тодруулбал нэхэмжлэгчээс гаргасан эмнэлгийн картыг хариуцагч талд бүрэн танилцуулаагүй, тухайн картад тэмдэглэсэн өвчтөний акттай байх хугацааг сунгасан эмнэлгийн дүгнэлтийг үнэн зөв, бодитой эсэхэд тайлбар хийх мэтгэлцэх боломж олгоогүй. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан өөрийн тээврийн хэрэгсэлд удаа дараа шатахуун хийсэн баримтаас үзвэл тэрээр өөрийн хэрэгслээр хэвийн зорчиж байсан нь тогтоогдох ба зөвхөн ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, сэтгэл санааны байдлаас болж тасралтгүй 7 сар ажил хийгээгүй гэх тайлбарыг хэт нэг талыг барьж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдсэн. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Шүүх энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцвол зохих ******* оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бөгөөд зам тээврийн осол гаргасан жолоочийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасны дагуу ашиглаж буй этгээд гэм хорыг арилгах үүрэгтэй бөгөөд ******* нь тухайн гэм хорын хохирлыг барагдуулах эсэхийг нэг мөр шийдвэрлэх ёстой атал шүүх ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Хариуцагчаас гаргасан хүсэлтэд дурдсанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллагаасаа авсан тэтгэмж, цалин, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж авсан зэргийг тодруулах байтал хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж мэтгэлцэх зарчмыг хангаагүй.

Сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэгчийн хувийн байдал шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн Улсын дээд шүүхийн 2023.07.03-ны өдрийн 25 дугаар тогтоолд заасан жишиг аргачлалд заасан доод хэмжээгээр тогтоох боломжтой байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх процессын зөрчил гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогддог. Шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргах нь нэхэмжлэгчид олгогдсон эрх учраас өвчтэй байсан хугацааны эмчийн дүгнэлт, өвчтөний картад бичигдсэнийг гаргасныг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэжээ. Тус картад эрүүл мэндийн байгууллагын тэмдэг, эмчийн дүгнэлт бичигдсэн бөгөөд тус баримтыг нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Мөн шатахууны баримтыг хэрэгт гаргаж өгсөн гэсэн ба шүүхээс тус төлбөрийг хангаж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирол болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой асуудлыг л шүүх шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцуулаагүй гэсэн. Хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан О.Гантулгын гэм бурууг эрүүгийн хэргийн шүүх шийдвэрлэгдсэн ба хохирол, хор уршигтай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх эрхийг нээлттэй үлдээсэн тул нэхэмжлэгч нь гэм буруутай этгээд ******* ажиллуулж байсан байгууллагыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, хариуцагч *******ОНӨААТҮГ-т холбогдуулан тус байгууллагын ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорыг ажил олгогчоос нь мөнгөн хэлбэрээр буюу 72,371,283 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн цалин 2,470,000 төгрөгийг түүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн доод хэмжээгээр тооцуулах, осол гаргасан жолооч ажлаасаа гарсан, өмгөөллийн хөлс эрүүгийн хэрэгт төлөгдсөн гэж тайлбарлан маргажээ.

 

3.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 20-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор ******* нь ажил олгогч *******ОНӨААТҮГ-ын өмчлөлийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Тус тогтоолд хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн үр дагаврыг хариуцах үүрэг бүхий этгээдээс иргэний журмаар нэхэмжлэл гарган шаардах эрхтэй байна.

 

4.Нэхэмжлэгч гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж дутуу авсан цалин хөлс, сэтгэцэд учирсан хор уршгийн үр дагаврыг арилгуулахаар хариуцагч *******ОНӨААТҮГ-д холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэнд, сэтгэцэд хууль бус үйлдлээрээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй боловч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад учруулсан гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь *******ын бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажил олгогчоос шаардсан нь хуульд нийцнэ.

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жолооч ******* гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргаагүй байх тул шүүх уг этгээдийг өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхгүй ба хэргийг нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэсэн нь хэргийн байдалд нийцжээ.

Иймд анхан шатны шүүх хариуцагч байгууллагаар уг гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүх энэ хэрэгт оролцвол зохих этгээдийг оролцуулаагүй, зам тээврийн осол гаргасан жолооч ******* гэм хорыг хариуцах эсэхийг нэг мөр шийдвэрлэх байсан гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.Нэхэмжлэгч 2024.11.24-ний өдөр зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 36,424,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан ба мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар бусдын сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээхээр хуульчилжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан ба нэхэмжлэгч энэ зүйлд заасан гэмт хэргийн хохирогч болсон учир шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчээр тогтоолгож, шинжээч нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлд хамаарч байгааг тогтоожээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.07.03-ны өдрийн хуралдааны 25 дугаар Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал батлах тухай тогтоол-оор сэтгэцийн эмгэгийн 2-р зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтоосон. Иймээс гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлэн тооцоход 8,573,400 төгрөг болж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр тооцсон гэж дүгнэсэн боловч 2025 онд мөрдөгдөж байсан 792,000, төгрөгийн хэмжээгээр тооцож гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Энэ үндэслэлээр анхан шатны шүүх гэм хорын хэмжээг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд зөвтгөн залруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Харин эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлснийг тогтоож, дүгнэсэн байдал тогтоогдоогүй учир хариуцагч давж заалдах гомдолд дурдсанаар нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг түүний хувийн байдалд үндэслэн багаар тогтоох буюу Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хорын хэмжээг анхан шатны шүүхийн тогтоосон 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээнээс багасгах үндэслэл тогтоогдоогүй тул энэ тухай гомдлыг хангахгүй.

 

6.Нэхэмжлэгч зам тээврийн осолд орж хүнд гэмтэл авсны улмаас 2024.12-р сараас 2025.06-р сарыг дуустал хугацаанд хөдөлмөр эрхлээгүй нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдсон байна. Тэрээр энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс 34,447,203 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг хохирогчид төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн бүтэн авсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцон нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалинг 4,921,029 төгрөгөөр тогтоохдоо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаартай тушаалын хавсралт Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-д зааснаар тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1-д заасанд нийцжээ.

Шүүх улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлээгүй 7 сарын хугацаагаар уг дүнг тооцон 34,447,207 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн цалин хөлсний тооцооллын талаархи хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн, шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлсний хэмжээг зөв тогтоосон байна.

Хариуцагч талаас нэхэмжлэгч 2024.12-2025.06 сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй буюу орлогогүй байсан нь түүний худалдан авалт хийсэн тухай и-баримтаар үгүйсгэгдсэн гэж маргажээ. Хэргийн 62-63 дахь талд авагдсан баримт нь нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа алдаагүй, тогтмол орлоготой байсныг нотлохгүй, мөн түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг үгүйсгэх баримт болохгүй тул шүүх нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлээгүй хугацааг үндэслэлгүйгээр 7 сараар тооцсон нь буруу гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хариуцагч талд хэргийн баримтыг бүрэн танилцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй тухай гомдлыг хангахгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2026.02.26-ны өдрийн шүүх хуралдаанд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх мөн өдрийн ******* дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. Учир нь хүсэлтэд дурдсан баримтууд хэрэгт авагдсан байх тул уг нотлох баримтын хүрээнд шүүх хэргийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөн зарим баримтыг гаргуулах хүсэлтийн ач холбогдол, хэрэгт хамааралтай байдал тодорхойгүй гэж дүгнэсэн үндэслэлтэй байна. Түүнчлэн хариуцагч талаас тухайн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхээ хангуулах тухай хүсэлтийг гаргаагүй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гомдолд дурдсан эмнэлгийн баримтад үндэслэгдээгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлээгүй гэж дүгнэхгүй.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******ОНӨААТҮГ-аас 43,020,607 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс 29,350,676 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/01707 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...44,735,287 төгрөг... гэснийг 43,020,607 төгрөг" гэж, ...37,498,104 төгрөг... гэснийг 29,350,676 төгрөг гэж өөрчилж,

2 дахь заалтын ...381,626 төгрөг... гэснийг 373,053 төгрөг гэж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,627 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ