| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/00952/И |
| Дугаар | 00966 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00966
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум захиргааны 5-р байр 206 тоот Хөх тэнгэрийн заяа ХХК
Хариуцагч: Орхон аймаг Бүрэнбүст баг Залуус хотхон 23а-8 тоотод оршин суух Төмөрбаатарын Саранцэцэг
1 464 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөх тэнгэрийн заяа ХХК-аас Т.Саранцэцэг нь барьцаат зээлийн гэрээ байгуулан 1 500 000 /нэг сая таван зуун мянган / төгрөг 60 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн эргэн төлөлтийг зээл авснаас хойш өдөрт 30 000 төгргөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 22 өдрийн зээлийн төлөлт 660 000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл үндсэн зээл зээлийн хүү болох 1 140 000 төгрөгийг төлөлгүй хохироож байна.
Барьцаат зээлийн гэрээний 10-т зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги бодохоор тохиролцсон байх тул гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд байгуулсан ба түүнээс хоош өнөөдрийг хүртэл 57 хоног, өдрийн алданги 5 700 төгрөг нийт 57*5700=324 900 төгрөг болж байна.
Иймд Саранцэцэгээс зээлийн үндсэн үүрэг 1 140 000 төгрөг, алданги 324 900 төгрөг нийт 1 464 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлтэй Саранцэцэг хариуцагчтай иргэний хэрэгт бид доорхи нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Саранцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 1 464 900 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцлоо. Тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК нь хариуцагч Т.Саранцэцэгт холбогдуулан 1 464 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-г төлөөлж Г.Эрдэнэзул, хариуцагч Т.Саранцэцэг нар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна.
Хөх тэнгэрийн заяа ХХК нь шүүхэд төлөөлөх эрхийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Г.Эрдэнэзулд олгосон нь хуульд нийцсэн байна
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38 388.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас тал хувь болох 19 194.2 төгрөг, хариуцагчаас тал хувь болох 19 194.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1 464 900 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хариуцагч Т.Саранцэцэг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 388.40 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас тал хувь болох 19 194.20 төгрөг, хариуцагч Т.Саранцэцэгээс тал хувь болох 19 194.20 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хөх тэнгэрийн заяа ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ