Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00968

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-89 тоотод байрлах Хөхүйн ХХК, захирал Ө.Хишигжаргал 

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 14 дүгээр байр 86 тоотод оршин суух Бууч овогт Лхагважавын Цэвэлмаа

            3 124 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Хишигжаргал, хариуцагч Л.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 6 дугаар сард Л.Цэвэлмаа нь монетон ээмэг, бөгж, виза карт зэргийг тавьж Хөхүйн ХХК-ны ломбарднаас нийт 2 600 000 төгрөг авсан. Мөнгө авахынхаа урьд өдөр Хөхүйн ХХК-ны ломбард дээр Л.Цэвэлмаа нь хамт ажилладаг Г.Хишигбаатарыг дагуулж ирж мөнгө өгчих гэсэн би ганц бие залууд мөнгө өгөхгүй, чи өөрөө л ав гэсэн. Маргааш нь мөнгө авах өдөр Цэвэлмаа цайны цагаараа виза иргэний үнэмлэх авчихсан орж ирж Хишигбаатарын нэр дээр бичиг хийгээд өгчих би өөрт нь авсан гэж бичгийг нь харуулна гэж Л.Цэвэлмаа өөрөө гарын үсэг зурж авсан. Дараа нь 2014 оны 09 сард ломбарданд тавьсан монет, виза, иргэний үнэмлэх хэрэгтэй гэхээр нь Л.Цэвэлмаад буцааж өгсөн, гэрээ хийсэн. Надад тухайн үед мөнгө өгч байсныг хүүндээ авсан. Сүүлийн 1 жилд надад нэг ч төгрөг өгөөгүй. Саяхан 3 сард би 4 000 000 төгрөг авах болсон гээд шийдвэрээ барьчихсан явж байсан. Тэр мөнгөө орохоор надад өгнө гэсэн өгөөгүй. Л.Цэвэлмаа нь өөрөө гарын үсэг зурж авсан атлаа Хишигбаатараас л мөнгө авч өгнө гээд байдаг. Хишигбаатарт би гарын үсэг зуруулж мөнгө өгөөгүй, танихгүй. Одоо Л.Цэвэлмаагаас 2 600 000 төгрөг, хүү 260 000 төгрөг, алданги 200 000 төгрөг, төрийн санд  улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 64 700 төгрөг нийт 3 124 000 төгрөг гаргуулж авна гэв.

Хариуцагч Л.Цэвэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ө.Хишигжаргалаас би мөнгө аваагүй. Хишигжаргал нь 3-р хороололын 17-р байранд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг. Би түүнээс хааяа мөнгө зээлж аваад хугацаанд нь буцаан төлдөг байсан. Тийм учраас Хишигжаргал намайг авсан зээлээ хугацаанд нь буцаан төлдөг гэж найддаг байсан байх. Надтай хамт ажиллаж байсан Ганбаатар овогтой Хишигбаатар нь 2015 оны 5-р сард мөнгө хэрэгтэй байна, та таньдаг ломбарднаас мөнгө зээлээд өгөөч гэж хүссэн. Би Хишигбаатарыг дагуулаад ломбардны Хишигжаргал дээр дагуулж очоод надтай хамт ажилладаг энэ хүнд мөнгө хэрэгтэй байна, Энэ хүн Эрдэнэт үйлдвэрийн фондны орон сууцанд амьдардаг, удахгүй орон сууц нь хувьчлагдаад түүнийгээ худалдаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн, Хишигжаргал энэ хүн чинь найдвартай юм уу гэж асуухаар нь найдвартай надтай хамт ажилладаг юм гэж хэлсэн. Ингээд Хишигжаргал эхлээд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 900 000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудсан дээрээ Ганбаатар Хишигбаатар гэж бичээд, мөнгийг Хишигбаатар тоолж авсан, харин Цэвэлмаа чи барьцаанд нь гарын үсэг зур гээд надаар зуруулсан. Дараа нь 700 000 төгрөг мөн л Хишигбаатар өөрөө тоолж авсан, барьцаанд нь би гарын үсэг зурсан. Би өөрөө Хишигбаатарт цалингийн зээл аваад өгчихсөн байсан, тэрээр байраа хувьчилж аваад зарчихвал бүх өрөө дарна гэдэг байсан. Гэтэл 2015 оны 07 дугаар сард Хишигбаатар ажлаасаа халагдсан. Ингээд л Хишигбаатар зугатаад алга болсон. Харин ломбардны эзэн Хишигжаргал чи л найдвартай гэж хэлж мөнгийг маань өгүүлсэн хүү төл гэж надаас шаардсан. Гэхдээ Хишигбаатар эхний авсан 1 900 000 төгрөгний хүүг 6 сард 190 000 төгрөг, 7 сард 190 000 төгрөг төлсөн, Хишигбаатарыг алга болсоноос хойш надаас байнга мөнгө нэхэж утасддаг, ажил дээр ирж нэхэх, гэрт хүрч ирээд нэхэх зэргээр маш их дарамтанд байсан учир би аргаа барж 2013 оны 10 дугаар сарын 16-нд 100 000 төгрөгийг дансанд нь хийсэн, 2014 онд сарыг нь санахгүй байна охин Энхмаагаар 300 000 төгрөг бэлнээр ломбард дээр аваачиж өгсөн, үүний дараа Хишигжаргал орон сууцны мөнгө төл би хотод явж байна гэхээр 63 000 төгрөгийг Капитал банкинд хийж баримтыг өөрт нь өгсөн. Мөн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 150 000 төгрөгийг дансанд нь хийсэн. Нийтдээ би 613 000 төгрөг, Хишигбаатар байхдаа 380 000 төгрөг бүгд 993 000 төгрөг төлсөн. Би өөрөө Хишигбаатарт 20 гаруй сая төгрөг өгөөд алдсан, аргаа бараад шүүхээр эрэн сурвалжлуулах захирамж гаргуулж Тахарын албаар эрэн сурвалжилж байгаа Хишигбаатар мөнгийг тоолж авсан, би өөрөө Хишигбаатарт залилуулж өчнөөн мөнгөө алдсан , цалингийн зээл болон бусад өрийг нь дарах гэж одоо цалин авдаггүй, Үүнийг Хишигжаргал мэддэг байтал намайг мөнгө авсан мэт шүүхэд хандсаныг зөвшөөрөхгүй. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн баримт нь надад байсан үүнийг харахад зээлдэгч Хишигбаатарт гэж бичсэн байна, мөн хэдэн хувийн хүүтэй өгсөнөө бичээгүй байгааг шүүх анхаарахыг хүсэж байна. Нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Хөхүйн ХХК нь хариуцагч Л.Цэвэлмаагаас 3 124 000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Л.Цэвэлмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Хөхүйн ХХК-н захирал Ө.Хишигжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Л.Цэвэлмаа нь нийт 2 600 000 /1 900 000 +700 000/ төгрөгийг хамт ажилладаг Хишигбаатарт өгөх зорилгоор надаас 10 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлж авсан. Гарын үсгээ өөрөө зурсан.  Г.Хишигбаатарт үзүүлэх нэг хувь хэрэгтэй гэхээр нь баримт бичиж өгсөн. Иймд үндсэн мөнгө 2 600 000 төгрөг, нэг сарын хүү 260 000 төгрөг, алданги 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 64 700 төгрөг бүгд 3 124 000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Надтай хамт ажилладаг Г.Хишигбаатарт мөнгө хэрэг болоод Ө.Хишигжаргалаас мөнгө асууж, авсан нь үнэн гэхдээ уг мөнгийг би аваагүй Г.Хишигбаатар авсан. Энэ хүн байраа хувьчилж авахаар төлнө гээд банкнаас надаар мөн зээл авахуулсан. Г.Хишигбаатараас болж би их хохирч байгаа тул энэ нэхэмжлэлийг хариуцахгүй. Ө.Хишигжаргалын ломбарднаас мөнгө аваад хүү болон зарим нэгэн мөнгийг чадлынхаа хирээр төлж байсан. Г.Хишигбаатар ч хүүгээ мөн өгч байсан. Капитрон банкаар 60 000 төгрөг, Хаан банкны виза картнаас 300 000 төгрөг, 30 000 төгрөгөөр зарж байсан унтлагын хувцас, 100 000 төгрөг, 150 000 төгрөг тус тус өгч байсан. Мөн хүү гэж төлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Л.Цэвэлмаа нь Хөхүйн ХХК-н барьцаалан зээлдүүлэх газраас нийт 2 600 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдэж авсан болох нь зохигчийн тайлбар, Хөхүйн ХХК-н барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудасаар тус тус нотлогдож байна.

Хариуцагч Л.Цэвэлмаа нь дээрхи мөнгийг би аваагүй, Г.Хишигбаатар авсан гэж тайлбарлаж байгаа боловч үйлчлүүлэгч гэсэн хэсэгт гарын үсэг зурсан, уг гарын үсгийн талаар маргаагүй, түүнчлэн хүүний төлбөрийг бэлэн болон бэлэн бусаар өгч байсан гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Хөхүйн ХХК-ийн дүрмийн 1.5.1, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2011004144 дугаартай гэрчилгээний хуулбараас  үзвэл нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэдэг хуулийн этгээд байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан хэмжээний мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг талууд бичгээр хийсэн, хүчин

төгөлдөр бус гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Хөхүйн ХХК болон Л.Цэвэлмаа нарын хооронд байгуулагдсан уг гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

            Хүчин төгөлдөр гэрээний заалтыг талуудын хэн аль нь биелүүлэх үүрэгтэй ба зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид өгсөн үйл баримт нотлогдсон тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

            Л.Цэвэлмаагаас үндсэн зээл 2 600 000 төгрөг, хүү 260 000 төгрөг, алданги 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 64 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Хөхүйн ХХК гаргасан бөгөөд хариуцагч нь хүүний төлбөрт бэлнээр болон бэлэн бусаар нийт 640 000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг /капитрон банкаар 30 000 төгрөг, Хаан банкны виза картнаас 300 000 төгрөг бэлнээр, 30 000 төгрөгийн унтлагын хувцас, Худалдаа хөгжлийн банкаар 100 000 төгрөг, Хаан банкаар 150 000 төгрөг/ нэхэмжлэгч маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

            Хариуцагч Л.Цэвэлмаа нь дээрхи мөнгөнөөс гадна хүүнд мөнгө төлсөн гэж тайлбарлаж байх боловч  тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38. 1-д заасан ...татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

            Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудасны арын хэсгийн санамжинд  2 хувийн алданги тооцно гэж заасны дагуу 200 000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан ...хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн заалттай зөрчилдөж байна. Мөн санамж гэсэн хэсэг буюу алдангийг хүлээн зөвшөөрсөн бол үйлчлүүлэгч гарын үсэг зурж баталгаажуулах байтал хариуцагч Л.Цэвэлмаа нь гарын үсэг зураагүй тул алдангийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон нэхэмжилсэн 64 700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иймд хариуцагч Л.Цэвэлмаагаас үндсэн зээл 2 600 000 төгрөг, хүү 260 000 төгрөг гаргуулахаас хариуцагчийн төлсөн 640 000 төгрөгийг хасч нийт 2 220 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөхүйн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 904 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 64 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 225 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Л.Цэвэлмаагаас 50 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөхүйн ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л.Цэвэлмаагаас 2 220 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөхүйн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 904 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 64 710 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 225 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч Л.Цэвэлмаагаас 50 470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хөхүйн ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ