Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 207/ма2026/00058

 

Хүү 

 

 

 

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 207/МА2026/00058

 

 

Ц.****ын нэхэмжлэлтэй,

хариуцагч  С.****д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 312/ШШ2026/00583 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ц.****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.****д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Охин Б.****, хүү Б.**** нарыг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгох, Орхон аймаг, **** сум, **** баг, ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн болон охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээх, 126,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ц.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.**** нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.****, хариуцагч С.**** хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Ц.****ын нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Ц.**** би хариуцагч С.****тай 2014 онд танилцаж улмаар 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2015 оны 05 сарын 28-ны өдөр том охин Б.**** төрсөн, одоо 9 настай, 8-р сургуулийн 4б ангид суралцдаг, бага хүү Б.**** 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, одоо 6 настай, 8-р сургуулийн 1а ангид суралцдаг. Төрснөөсөө хойш хугацаанд эцэг Ц.**** миний асрамжид байгаа бөгөөд цаашдаа ч аавтайгаа амьдрах хүсэлтэй байгаа болно. Хариуцагч С.**** нь 2019 онд Бүгд найрамдах Солонгос улс руу 3 сарын хугацаатай аяллын визээр яваад 2024 оны 12 cap хүртэл ажиллаж амьдарч байгаад ирсэн бөгөөд БНСУ-д амьдарч байх хугацаандаа надаас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны өдрийн 00524 тоот шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, охин Б.****, хүү Б.**** нарыг Ц.**** миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. С.**** нь 2024 оны 12 сард БНСУ-аас ирсэн бөгөөд дахин хамтран амьдрахгүй гэдгээ хэлсэн, Г.**** гэх хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон талаар сонсож мэдэж, Г.**** гэх хүнтэй нь уулзсан. Охин Б.**** нь “Хану” хэлний сургуульд англи хэлний нэмэлт сургалтад хамрагддаг, мөн сарын 128,000 төгрөгийн төлбөртэй математикийн сонгонд 4 жил хамрагдаж байна. Мөн балет болон бүжгийн дугуйланд тус тус хамруулж эрүүл саруул, боловсролтой хүн болгон төлөвшүүлэхийн тулд миний бие анхаардаг. Хүү Б.**** нь 2022 оноос эхлэн “****” төвд байрлах “****” шатрын дугуйланд 250,000 төгрөгийн төлбөртэй сургалтад 3 жил гаруй хамрагдаж байна. С.**** нь БНСУ байх үедээ 2024 он хүртэл хүүхдүүддээ зориулж тодорхой хэмжээний хэрэглээний мөнгө явуулдаг байсан боловч сүүлийн үед хэрэглээний мөнгө өгөхөө больсон. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдүүдийн төрсөн эхийн хувьд эхийн үүргээ биелүүлж тэтгэлэг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,-д Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно: 40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж заасан. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2025 оны 01 дүгээр сарын 15- ны өдрийн а/09 дугаартай Хүн амын амьжиргааны доод түвшинг тогтоох тухай тушаалаар Хангайн бүсэд буюу Орхон аймагт 488 900 төгрөгийн хэмжээгээр тогтоогдсон байна.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч С.****аас охин Б.****, хүү Б.**** нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч С.****ын тайлбар, татгалзлын агуулга:  

Миний бие нь амьдралын эрхээр 2 хүүхдээ аавд нь үлдээгээд БНСУ-руу ажил хийхээр 2019.02.14-ний өдөр явсан. Ц.**** бид 2 уг нь ярилцаад хоёулаа Солонгос улс руу хамт гарч ажил хийхээр болоод цугтаа БНСУ-руу гарахаар виз мэдүүлсэн ч тухайн үед миний виз гараад ****ын виз гараагүй юм. Ингээд би ганцаараа яваад **** араас ирэхээр болоод 2 хүүхдээ хараад үлдсэн. Тухайн үед миний бие сүлжээний бизнес буюу “Жи-Тайм”-д 2,500,000 төгрөг хүнээс зээлээд орсон байсан ч энэ нь дампуурч, би өрөнд орсон байсан. Ингээд нөхрөөсөө зээл аваад туслаад өгөөч гэхэд өөрийнхөө хийсэн үйлийг өөрөө даа гэж байсан бөгөөд надад тэр үед энэ мөнгө олдохгүй байсан тэгээд ч хүмүүс Солонгос явж ажиллаад мөнгөтэй болж амьдрал ахуйгаа дээшлүүлээд байгааг харж байсан. Тэгээд ****тай ярилцаад цуг явахаар виз мэдүүлсэн. Нэгэнт миний виз гарсан тул **** чи эхлээд ганцаараа явж бай, би дахиад хөөцөлдөж байгаад араас чинь очно гэсэн. Ингээд би ганцаараа явж улмаар тэндээ 3 cap болоод л харлаж, хууль бусаар амьдарч, ажиллах болсон. Ганц бие, 2 хүүхдээ орхиод хүний газар, боолын хөдөлмөр эрхэлж таван төгрөг олж байгаа надад амар байгаагүй, дандаа айж, цочиж, хэзээ ирээд бариад авах бол хэмээх айдастай, нуугдаж ажиллаж, амьдарч байхад заримдаа ингэж үр хүүхэд, гэр орон, эр нөхрөөсөө хол байж байхаар нутаг буцдаг ч юм уу гэж бодож, шөнөжин уйлах өдөр хоног надад их байсан. Намайг явахад миний хүү 8 сартай, хөхнөөсөө гараагүй байсан болохоор надад хүүгээ орхиод явахад маш хэцүү байсан, хөхний сүүгээ асгаруулаад, уйлаад би амьдралын төлөө хүний газар очсон. Түүнээс би зугаа цэнгэл хөөж яваагүйг **** ч өөрөө мэдэж байгаа. Надад **** тэсээд яв л гэж байсан. Гэсэн ч нэгэнт л энд ирсэн юм чинь гүрийгээд хэдэн төгрөгтэй болбол очоод сайхан амьдарна гэж бодож олон жил тэнд ажилласан. 2021 онд **** нь над руу яриад чи харласан болохоор миний виз гарахгүй байна. Гэрлэлтээ цуцлуулбал миний виз гарах юм байна, чи наанаасаа итгэмжлэл өгөөд явуул гэсний дагуу би тэндээс итгэмжлэл хийж өгсөн. Ингээд гэрлэлт цуцлагдсан, эд хөрөнгийн асуудлыг ч шийдээгүй, хүүхдүүдийн тэтгэмж ч нэхэхгүйгээр маш хялбар байдлаар гэрлэлт цуцлагдсан. Ингээд **** ирэх болсон ч бас ирж чадахгүй байсан. Ингэж байсаар миний бие 2024.11.25-нд Монголд ирээд 2 хүүхэд дээрээ гэртээ ирсэн. Ингээд хэсэг хамт байхад буюу 5 хоног байсан. 2 хүүхэдтэйгээ байнга утсаар ярьж, дүрсээ харж ярьж байсан тул 2 хүүхэд маань намайг ирэхэд их баярласан. Одоо **** нь 2 хүүхэдтэй минь ч уулзуулахгүй байна. Одоо миний бие нэгэнт Монголд ирсэн тул охин Б.****, хүү Б.**** нараа би өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний охин Б.****, хүү Б.**** нарыг миний асрамжид өгөхийг хүсэж байна гэжээ.

3.Хариуцагч С.****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

Миний бие С.**** нь нөхөр Ц.****аас Солонгос улсруу гарах зорилгоор хуурамчаар гэрлэлтээ цуцлуулснаа өмнөх тайлбарт дурдсан байгаа. Бид хоёр гэр бүл болоод өөрийн гэсэн орон гэргүй, хүүхдүүд маань нялх, бага насны аль аль нь бага цалинтай ажил эрхэлж байсан учраас арга буюу гадаад улсыг зорьж ажиллавал орон гэртэй болоод хүүхдүүдийн маань амьдрал илүү байх болвуу гэж найдаж, 2019 онд Солонгос улсруу хамтдаа виз мэдүүлсэн. Гэвч минийх гараад, анх удаа хэл мэдэхгүй, таних хүнгүй хүний нутагт хөл тавьж, очсон өдрөө нутаг нэгт ахан дүүст хандаж, ажпын байр хөөцөлдөж, ажилд орж байсан. 8 сартай хөхүүл хүүхдээ орхиод, хүний нутаг зорьж, хөдөлмөр эрхлэхээр очсон. Очсон өдрөөс эхлэн хүүхдүүдээ санах, хөхний сүүгээ зангируулахгүй гэж сааж, ширгэж уйлж суухдаа хүүхдүүддээ болон ханийхаа төлөө зорьж ирсэн зорилгоо биелүүлж, орон байрны өрнөөс гарч, бушуу буцна л гэсэн ганцхан бодолтой зүтгэсэн. Надад инээх, амрах нэг ч өдөр байгаагүй, аятайхан сэтгэл цадтал хооллож суусан өдөр ч байгаагүй. Олдох ажил болгон нь биеийн хүчний хүнд хөдөлмөр байдаг байсан ба хүнд хөдөлмөр эрхлэх тусам цалин хөлс нь илүү байсан учраас уг ажлуудыг хийж, олсон мөнгөө өөрөөсөө харамлан харамлан, хань, үр хүүхдүүдрүүгээ явуулж, сэтгэл онгойж, ханиасаа одоо байрны өр дуусч байна уу, хэр дутуу байна, хүүхдүүдээ амттай юм авч өгөөрэй гээд ярилцах болгондоо дахиад жаахан зүтгэх юм байна, хань минь араас ирээд хамтдаа ажиллахаар хамаагүй сайхан болно, иртэл нь тэснэ гэж бодож, ирэхээр нь ханьдаа эрхэлж хүсснээрээ нэг өдөр сайхан амарнаа гэж өөртөө хэлээд, үүрийн жингээр ажил хийхээр гарч явж, өдөржин ажиллаж байгаад орой ирмэгц, охин яаж байна, хүү минь яаж байна, хоолоо идсэн үү, үймүүлж байна уу, хүүхдүүдээ харья гээд л тэднийгээ жаргалтай байгааг хараад, нулимсаа тэвчиж, удахгүй очноо ээж нь гээд дотроо өөртөө хэлж, сэтгэлээ тайтгаруулдаг байсан. Ийм байдлаар 2021 он хүртэл үргэлжилсэн ба энэ хугацаанд нөхөр маань виз болохгүй байна, чи харласан болохоор болохгүй гэнэ, гэрлэлтээ цуцлуулах өргөдөл хүнээр төлөөлүүлээд явуулчих, ийм хуульчид ханд гэхээр нь уг хүн лүү хандаж, гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө явуулсан. Бүх зүйл одоо боллоо, одоо виз бүтэх байх гэсэн бас л болсонгүй, миний хань тэвчээрэй, хань нь заавал очно гэх үгсийг хэлдэг байсан. Энэ хугацаанд байраа мөн томруулна, машин тэрэг авна гэх зэргээр бүх мөнгөө л нөхөр лүгээ явуулсан хэвээр байсан ба байраа томруулах, хадгаламж бий болгох зорилгоор тасралтгүй мөнгө өгч явуулж байсан, өөртөө юу ч үлдээгээгүй. Багахан амрах боломж гармагц хүүхдүүд болон хань руугаа ярьж, сэтгэлээ онгойлгож санасан бэтгэрсэн сэтгэлээ хуурч, жаахан тайвширч, хүүхдүүдийнхээ инээд, хөөрийг харж сэтгэлээ зогоож зүтгэсэн. Ингээд орон байрны өр дууссан, хадгаламжтай, машин унаатай болохоор болсон гэж бодоод мөн олон жил хүүхдүүдээсээ хол байсан, охин маань өсвөр насных болж байгаа, хүүхдүүд маань намайг гээд илүү их ярих болсон тул Солонгос улсаас буцаж ирсэн. Ирээд 5 хонохдоо нөхрийнхөө гаргаж байгаа ааш араншин буюу сэтгэл хөндийрснийг хараад өөртөө итгээгүй. Солонгост байсан сүүлийн 3 жил орчимд надтай харьцах харилцаа өөрчлөгдсөн, юм бол мөнгө явуул, би хүүхэд хараад хэцүү байна гэх зэргээр уурласан ундууцсан, хүүхдүүдтэй яриулахгүй аашлах зэргээр өөр болоод байгаа нь ажиглагдсан ба хол хөндий олон жил байж болохгүй юм байна гэж ойлгоод аль болохоор өөрийнхөөр нь байх гэж оролдох болсон. Сүүлдээ утсаа авдаггүй, блоклох зэргээр хачин ааш гаргаж эхэлсэн ба өөрийн ах дүүсээсээ асуухад өөр хүнтэй болсон, тухайн хүнтэйгээ амьдраад байгаа юм шиг байна, зарим өдөр гэртээ хоноогүй гэж хүүхдүүд чинь хэллээ гэх болсон. Хүүхдүүдийг маань намайг явсны дараа 3 жил миний аав Б.****, ээж Б.**** харж байсан ба Ц.**** нь нялх хүүхэд харж чадахгүй, ажил хийдэг гэх нэрийн дор хүүхдүүдэд анхаарал тавьж чадахгүй байсан. 3 жилийн дараа аав ээж маань Ц.**** ад үзээд байна гээд ээж аав маань гэр лүүгээ буцсан. 2023 оноос Ц.**** дангаараа хүүхдүүдээ хардаг болсноос хойш миний сэтгэл тайван байгаагүй. Учир нь хүүхдүүдтэйгээ ярих, цахимаар холбогдоод нүүр царайг харахад нүүр нь хөхөрчихсөн, хиртэй уранхай хувцастай, ааваасаа айсан, аав загнасан, зодсон гэх өгүүлэмжтэй, аавд ярьсан гэж битгий хэлээрэй гэх зэргээр хүүхдүүд маань аавтайгаа хэвийн харьцаж чадахгүй байгаа байдал мэдрэгдэх болж, энэ талаар нөхөртэйгөө ярилцаж, муудалцах болсон. Ингээд энэ бүгдийг орхиё гэж шийдээд иртэл, надтай хамт амьдрах хүсэлгүй, сонирхолгүй , хүүхдүүдийг чинь би ганцаараа өсгөсөн, чи баяжих гэж яваад ирээ биз мөнгөө өг, өгөхгүй бол хохино шүү, хэзээ ч хүүхдүүдээ харахгүй гэж мэд, шүүх цагдаа юу юм гэх болсон. Ингээд Ц.****ыг надтай амьдрах хүсэлгүй болсныг мэдээд хүүхдүүдээ авъя гэхэд өгөхгүй, чамаас байнга мөнгө авна, чи юутай юм, мөнгөө өгч байсан бол хохино, бүгдийг нь хүүхдүүд зарцуулчихсан гэх зэргээр авирлах болсон. Мөнгийг хүний амьдрал гэж харж, үр хүүхдүүдээ гэж зорьж ирсэн намайг гудамжинд очих, амьдрах газаргүй болгож, хүүхдүүдтэй маань уулзуулахгүй хүчирхийлж байгаа үйлдэлд нь маш гомдолтой байна. Миний үр хүүхдүүдээ, хань ижлээ сайхан амьдралтай болгоё гэж зуун төгрөг ч өөртөө үлдээлгүй бүх мөнгөө түүнд шилжүүлж, хүүхдүүд маань дутах юмгүй байлгах гэж зүтгэж байсан зүтгэл талаар болсныг мэдээд маш их гомдсон. Хэдийгээр намайг хуурч гэрлэлтээ цуцлуулсан ч гэлээ, бидний гэрлэлтийн харилцаа дахин сэргэхгүй болсныг Монголд ирээд мэдсэн тулд дараах шаардлагыг шүүхэд гаргаж байна. 1.Охин Б.****, хүү Б.**** нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Б.****аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. 2.Орхон аймаг **** сум **** баг ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн болон охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээх, нөхөр Ц.****т ногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй. 3.Байрыг томруулна, хадгаламж бий болгоно, машин авах зорилгоор нөхөр Ц.****т явуулдаг байсан 170,000,000 төгрөгөөс өөрт болон охин Б.****, хүү Б.**** нарт ногдох хэсэг 126,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хүү охиндоо гэх агуулгатай шилжүүлж байсан мөнгө ороогүй болно. Ялангуяа гэрлэлтийг цуцлуулснаас хойших мөнгийг тооцоолсон болно гэжээ.

4. Хариуцагч С.**** сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

Миний бие С.**** нь нөхөр Ц.****аас Солонгос улс руу гарах зорилгоор хуурамчаар гэрлэлтээ цуцлуулснаа өмнөх тайлбарт дурдсан байгаа. Ц.**** нь миний хань тэвчээрэй, хань нь заавал очин гэх үгсийг хэлдэг байсан. Энэ хугацаанд байраа мөн томруулна, машин тэрэг авна гэх зэргээр бүх мөнгөө л нөхөр лүүгээ явуулсан хэвээр байсан ба байраа томруулах, хадгаламж бий болгох зорилгоор тасралтгүй мөнгө өгч явуулж байсан, өөртөө юу ч үлдээгээгүй. Хэдийгээр намайг хуурч гэрлэлтээ цуцлуулсан ч гэлээ, бидний гэрлэлтийн харилцаа дахин сэргэхгүй болсныг Монголд ирээд мэдсэн. Мөн хэрэгт ирсэн дансны хуулгыг шүүж үзээд миний явуулж байсан мөнгийг гэр бүлдээ зарцуулаагүй өөрийнхөө их хэмжээний өр зээлд зарцуулсан байна. Намайг их хэмжээний өртэй байсан мэт худал гүтгэж байх ба миний явуулсан мөнгөнөөс надад хамааралтай гэх мөнгийг шүүн үзэхэд миний бие үр хүүхдүүд болон гэр бүлийн хэрэгцээний мөнгөнөөс гадна орон байраа томруулах машин авах, миний өрийг төлөх нэрийн дор 2019 оноос хойш 174,228,192 төгрөгийг шилжүүлэн өгсөн байх ба үүнээс миний хамаарал бүхий өр, миний дансанд шилжүүлсэн гэх мөнгө нийт 28,557,000 төгрөгийг өгсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 3 дахь шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Өмнө сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа 170,000,000 төгрөгөөс өөрт болон охин Б.****, хүү Б.**** нарт ногдох хэсэг 126,000,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байсан. Үүнийг дараах байдлаар өөрчилж байна. Тухайн мөнгөнүүдийг хүүхдүүдэд болон гэр бүлдээ огт хэрэглээгүй их хэмжээний өр зээлд өгсөн байх ба ялангуяа гэрлэлтийг цуцлуулснаас хойших мөнгийг миний өр зээлийг төлж байна, хүүхдүүд чинь зарцуулж байна гэх нэрийн дор авч байсан. Гэтэл Хаан банкны **** гэх Я.****гэх хуурай ах гэх хүн рүү, Хаан банкны **** тоот данс эзэмшигч Д.****, Хаан банкны **** тоот данс эзэмшигч Д.**** луу, мөн **** тоот данстай гэх ломбард, **** тоот данс эзэмшигч “ЛендМН” ББСБ рүү тус тус их хэмжээний мөнгө удаа дараа шилжүүлсэн, зээл, авдаг, өр өгдөг гэх зэрэг их хэмжээний мөнгө зээлэх, төлөх зэрэг дансны хуулга хэрэгт авагдсантай танилцаад надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг худал хэлж авч байсан байна. Иймд 2021 оны 06 дугаар сарын 10-наас хойш миний шилжүүлж байсан мөнгөнөөс үндэслэлгүйгээр надаас авсан 171,797,131 төгрөгөөс 126,000,000 төгрөгийг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.**** сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

Ц.****ын нэхэмжлэлтэй С.****д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч С.****ын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Охин Б.****, хүү Б.**** нарыг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах шаардлагын тухай: Сөрөг нэхэмжлэлдээ Б.**** намайг өөр хүнтэй болсон. Тухайн хүнтэйгээ амьдарч байгаа гэх мэтээр ор үндэсгүй худал зүйлийг бичжээ. Миний бие 2019 оны 02 сараас хойш охин Б.****, хүү Б.**** нартай хамт амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн өөр хүнтэй гэр бүлийн харилцаа үүсгээгүй, энэ талаар хүүхдүүд болон хөршүүд, ажлын газрын хамт олон минь нотолно. Харин С.**** өөрөө Бүгд найрамдах Солонгос улсаас ирэхдээ өөр залуутай гэр бүлийн харилцаатай болсон байсан ба 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирсэн ба 2025 оны 11 сарын 24-ний өдөр Монгол Улсад ирээд даруй 7 хоног ирээгүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай гэрээс хүүгийн багшийг бүдүүн тарган царай муутай гэх мэтээр хүүхдүүдийн хажууд доромжилж, улмаар би битгий ийм юм хүүхдийн хажууд ярь гэснээс шалтгаалан надтай муудалцаад Хөвсгөл рүү аав, ээж, эмээгээ асарна гэж хэлээд гарсан боловч Булган аймаг ****тосгон руу Гантулгын **** гэх залуугийн гэрт очсон байсан. Үүнийг манай ажлын газрын залуугийн эхнэр надад хэлсэн. Булган аймгийн ****тосгонд 2024 оны 12 сарын 16-ны өдөр Г.**** гэх залуугийнд амьдарч байгаа гэхээр нь үнэн эсэхийг тодруулахаар охин, хүү хоёрын хамт очтол Н****дүү хүүхэн нь нөхөртэйгөө байсан бөгөөд С.****, Н.**** нарыг гэр бүлийн харилцаатай, С.**** манай бэр гэхэд би нөхөр нь байгаа юм. Энэ 2 хүүхэд нь байгаа юм гэж хэлтэл нэг охинтой харин манайд амьдардаг нэг хүү байдаг намайг ээжээ гэж дууддаг юм. Манай ахын хүү байгаа юм гэж хэлсэн гэж байсан. Удалгүй тэр орой 21 цагийн үед С.****, Г.**** гэртээ ирсэн бөгөөд хүүхдүүд болон миний бие байдлыг тодруулахад Г.**** БНСУ-д байхдаа танилцаж, дотноссон гэж хэлсэн. Иймд С.**** нь Хөвсгөлд бүртгэлтэй боловч Булган аймгийн ****тосгонд амьдарч байгаа, өөрөө өөр залуутай гэр бүлийн харилцаатай болсон тул хүүхдүүдийг асрамждаа авах нь хүүхдүүдийн эрх, ашиг сурч боловсрох орчин нөхцөл зэрэгт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. Охин Б.****, хүү Б.Дүүрэн- Эрдэнэ нар Орхон аймгийн 8-р сургуульд суралцдаг, охин Б.**** “Хану” сургалтын төвд англи хэлний дамжаанд явдаг, математикийн сонгон сургалтад хамрагддаг, хүү Б.**** Орхон аймаг, **** сум, Зэст багийн “****” төвийн 1-р “****” шатрын кпубд хичээллэдэг. С.**** өөрийн асрамжид авсан тохиолдолд дээрх сургууль, сургалтдаа хамрагдах боломжгүй болох хүүхдүүдийн сурах, амьдрах орчин солигдох зэргээр сурч боловсрох эрх нь хөндөгдөнө. Түүнчлэн С.**** нь хүүхдүүдээ авна гэхэд чамаас мөнгө авна гэх мэтийн зүйл ярьж хүүхдүүдтэй уулзуулахгүй хүчирхийлж байгаа гэх мэт худал тайлбарыг бичсэн байна. С.**** нь өөрөө өөр амьдралтай болоод хүүхдүүдтэйгээ уулзахгүй байгаа бөгөөд хүүхдүүдийн сургуулийг мэдэх тул хэзээ ч очиж уулзах бүрэн боломжтой. Гэтэл намайг хүүхдүүдтэй уулзуулахгүй байгаа мэт худал тайлбарыг бичсэн байна. Харин би С.****аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж буй нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс гаргасан нэхэмжлэл юм. Мөн С.****ыг БНСУ руу явснаас хойш хүүхдүүдээ сайтар асран хамгаалж, боловсрол мэдлэгт нь ихээхэн анхаарал хандуулахыг хичээж ирсэн. Охин Б.****, хүү Б.Дүүрэн- Эрдэнэ нар цаашид хамт амьдрах сонирхолтой байгаа болно. С.**** 2024 оны 12 сарын 27-ны өдөр хоёулаа шүүх, цагдаа гэж яваад яахав, би хэрэглээний мөнгийг нь өгч байя гэж байсан. Гэтэл одоо хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэх талаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж буйд гайхаж байна. Иймд Охин Б.****, хүү Б.**** нарыг өөрийн асрамжид авах, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00524 тоот шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, охин Б.****, хүү Б.Дүүрэн- Эрдэнэ нарыг Ц.**** миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэр гарснаас хойш хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх хуулийн үндэслэл бий болоогүй. Орхон аймаг **** сум **** баг ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн болон охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээх шаардлагын тухай: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00524 тоот шийдвэрээр эд хөрөнгийн маргаангүй гэж үзэж шийдвэрлэсэн бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар шаардлага гаргаагүй орон сууцыг миний болон охин Б.****, хүү Б.Дүүрэн- Эрдэнэ нарын өмчлөлд үлдээх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Байрыг томруулна, хадгаламж бий болгоно, машин авах зорилгоор явуулдаг байсан 150,000,000 төгрөгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухай: С.**** нь 2019 оны 02 сард БНСУ руу явахдаа “Ж тайм” гэх хууль бус сүлжээнд орж их хэмжээний өр төлбөрт орсон бөгөөд олон хүнээс их хэмжээний хүүтэй мөнгө зээлсэн байсан. БНСУ-аас шилжүүлсэн гэх мөнгөнүүдийг С.****ын бусдад төлөх өр зээлийг төлөх, Хас банкнаас авсан С.****ын цалингийн зээлийг төлөх, “Лэнд.мн” аппликейшнээс авсан болон хувь хүмүүсээс авсан зээл төлбөрийг төлөхийн тулд бусдаас мөнгө авч түүний хүүг төлөх, хүүхдүүдэд сургалтын төлбөр, хувцас, хүүхдийн сүү, цэцэрлэгийн хоолны мөнгө, хичээлийн хэрэглэл, сургууль, цэцэрлэг, дамжаанд зөөх, таксины мөнгө өгөх, эм тариа авах, витамин, ашигтай бактери хүүхдүүдэд авч өгөх, хүүхдүүдийг эмнэлэгт үзүүлэх, харшлын тос авах, хүүхдүүдэд утас, таблет, компьютер авч өгөх, С.****ын сайн дурын нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 04 сараас 2024 оны 12 cap хүртэл төлөх зэрэгт зарцуулсан бөгөөд хувьдаа завшсан, нуусан, үл хөдлөх эд хөрөнгө, машин худалдан авсан, хадгаламж бий болгосон зүйл огт байхгүй. Зарцуулсан мөнгөний дэлгэрэнгүй тайланг бичсэн дэвтрийг нотлох баримтаар гарган өгч байна. Байраа томруулах, хадгаламж бий болгох, машин авах зарцуулж байсан бөгөөд С.**** дээрх мөнгөнүүдийг өр төлбөрөө төлөх, үр хүүхэд ар гэртээ зарцуулахаар явуулсан ба хадгалах талаар ярилцаж байгаагүй. Мөн нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн Хаан банкны дансны хуулган дээр байгаа 2021 оны 07 сарын 06-ны өдөр 4,990,220 төгрөг миний данс руу огт ороогүй, 5097078445 тоот дансыг би эзэмшдэггүй, уг данс нь Б.**** гэх С.****ын аавын данс байхад надад мөнгө шилжүүлсэн мэтээр тодруулсан байна. С.**** 2024 оны 12 сарын 06-нд гэрээс явахдаа хүүхдийн хичээлийн ширээн дээр байсан 300 юань болон Samsung s20 ultra ,S 10 ultra загварын 2 ширхэг rap утсыг аваад явсан байсан. Хэлтэл 2 хүүхдийн утсыг янзлуулна гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч Ц.**** сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Ц.****ын нэхэмжлэлтэй С.****д холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.****ын гаргасан “Сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг өөрчлөх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд: С.**** нь 2021 оны 06 сарын 10-наас хойш шилжүүлсэн 126,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг Ц.**** намайг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн үзэж нэхэмжилсэн байна. Гэвч С.**** бид хоёр хэдийгээр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч 2 хүүхэд буюу охин Б.****, хүү Б.**** нарын өмнө үүрэг хүлээсэн эцэг, эх нь юм. Энэ утгаараа гэрлэлтээ цуцлуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш байнгын харилцаа холбоотой байж ирсэн. Харин С.**** нь Бүгд найрамдах Солонгос улсаас 2024 оны 11 сарын сүүлээр Монгол Улсад ирээд дараа нь 12 сарын 02-ны өдөр Орхон аймаг охин, хүү бид 3 дээр гэртээ ирсэн. 2024 оны 12 сарын 04-ний үед гэртээ байхад Б.****багш нь царай муутай, бүдүүн, хачин хүүхэн байна лээ гэж хүү Б.****хажууд хэлэхээр нь тэгж болохгүй, сайн ч муу ч хүүхдэд маань эрдэм ном зааж байгаа хүн, хүүхдийн хажууд багшийг нь муу хэлж болохгүй гэж түүнд хэлээд бид хэрэлдэж, маргалдсан. Үүний дараа би Хөвсгөл явж эмээ, аав хоёрыгоо асарна, аавын даралт ихсээд байгаа гэх мэт зүйл ярьж гэрээсээ явна гэдгээ хэлэхээр нь би түүнд олон жил явж ирчхээд хүүхдүүдтэйгээ хамт хэд хоночхоод яв, чи үнэхээр явмаар байвал хэд хоноод яв, чамгүй болоод байсан болох л байлгүй гэж түүнд хэлсэн. Тэгээд явна гэж зүтгэсээр маргалдаж, би, чи цаанаа хүн амьтантай болсон юм уу тэгвэл үнэнээ хэлээрэй гэхэд үгүй гэж хэлсэн. Хоёр хүүхдээ бодоод хамтдаа амьдаръя гэхэд би явна гэж зүтгэсээр байсан тул үнэхээр явна гэж байгаа бол орой ирэхэд явсан байгаарай гэж хэлсэн. Ингээд ажилдаа яваад орой ирэхэд явсан байсан. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа манай хамт ажилладаг хүний эхнэр **** хаана байгаа вэ гэхээр нь би мэдэхгүй ээ аав, ээж, эмээгээ асарна гээд Хөвсгөл явсан гэж хэлсэн. Гэтэл тэр хүн **** Булган аймгийн ****тосгонд нөхөртэй болсон, тэнд амьдарч байна, манай дүү хэлсэн гэж хэлсэн. Үүний дараа би өөрийн найз ****хамт, 2 хүүхдээ дагуулан ****тосгонд **** гэх залуугийнд очсон бөгөөд тэр үед ****ийн төрсөн дүү эмэгтэй нь нөхрийн хамт гэрт нь байсан ба танайд **** гэж хүн байна уу гэтэл байгаа гэж хариулсан. Тэгэхээр нь би танай юу юм бэ гэж асуутал манай бэр, манай ахтай гэр бүл болж байгаа юм гэж хэлсэн. Би наад хүүхний чинь нөхөр би байна, энэ хүүхэд хүүхэд нь байгаа юм гэж хэлэхэд нөхрөөсөө салсан гэсэн ганц охинтой гэж хэлж байсан. Манайд нэг хүү байдаг тэр хүү миний хүүхэд биш манай ахын хүүхэд юм. Намайг ээжээ гэж дууддаг гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгж байтал гаднаас ****, **** нар орж ирсэн бөгөөд би ****д хандан чи охиныхоо өмнө нүүр бардам байгаа чинь энэ үү гэж асуусан ч дуугараагүй, би охин Б.****д хандан аавын чинь буруу биш шүү, би хөөж явуулаагүй шүү, нөхөр аваад ингээд явж байна чи нүдээрээ харлаа шүү гэж хэлээд бид 3 гараад явсан. Тэр үед шинэ нөхөр гэх **** гэж залуу гарч ирэхэд нь наад хүнээ сайн судлаарай, өр шир тавьчхаад 3 настай, 10 сартай 2 хүүхдээ орхиод явсан, та 2 яаж танилцсан юм гэхэд **** Бүгд найрамдах Солонгос улсад хараар буюу хууль бусаар ажиллаж байгаад 2024 оны 3 сард баригдаад ирсэн, ирэхээсээ 3 сарын өмнө найзуудынхаа шугамаар танилцсан юм гэж хэлсэн ба ийнхүү бид гэр рүүгээ харихаар явсан. Тэр шөнө 1 цагийн үед **** араас ирэхээр нь ярих юм байна гэхээр нь юу ярих гэсэн юм гэтэл юм ярихгүй зогсож байгаад гараад явсан ба цонхоор хартал шинэ нөхөр болох ****тойгоо хамт ирсэн байсан. Араас нь гарч очоод уулзаж ярих юм байвал ярь гэтэл юм ярихгүй болохоор нь би хоёр хүүхдийнхээ тэтгэмжийг хуулийн дагуу нэхэмжилнэ гэдгээ хэлээд гэр рүүгээ орсон. С.**** нь 2021 оны 06 сарын 10-наас хойш шилжүүлсэн 126,000,000 төгрөгийг хүү, охин бид 3 руу хэрэгцээндээ хэрэглээрэй гэж шилжүүлдэг байсан. Дээрх шилжүүлсэн мөнгийг охин, хүү бид 3 хоол хүнс, ахуйн хэрэглээ, тог цахилгааны төлбөр, хүүхдүүдийн сургалтын төлбөр, хүүхдүүдийг сургуульд нь ****аас **** баг 2-р хороололд байрлах 8-р сургуульд зөөх, олимпиад, шалгалтад оруулах, тэмцээн уралдаанд оруулах гэх мэт өдөр тутмын хэрэгцээнд зарцуулсан. Дансны хуулгуудыг шүүж үзвэл С.**** тус мөнгөнүүдийг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр нь “төрсөн өдрийн бэлэг, хүүд, охинд, мах, такси, сургалтын төлбөр, зардлын мөнгө, хоолны мөнгө, цэргийн баярын бэлэг, охин үзвэр, эмнэлэгт хэвтэхэд битгий өвдөөд байгаач ээ, хүү шатар, охины шүд, 2 зулзагадаа бүсний мөнгө, 3-н мөнгөний хүүдийд, 3-н мөнгөний дайсанд, зардлын мөнгө, 2 зулзагадаа, хүү чихэр, хүү утас, охин төлбөр, хүүгээ үзүүл, 2 хүүхдэдээ, ****аас” гэх мэтээр бичсэн байгаа нь уг шилжүүлж буй мөнгийг Ц.**** надад болон охин Б.****, хүү Б.**** нарт зориулж, буцаан авах зорилгогүйгээр шилжүүлсэн тул буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2019оноос хойш С.****ийн шилжүүлсэн мөнгө болон өөрийн цалингийн орлогоор гэртээ 65 инчийн зурагт, хөлдөөгч 2 ширхэг, Мечта плитка, ванн, хөшиг, туль, гэрийн дэвсгэр дрож, унтлагын ор, компьютерын ширээ, компьютер, угаалгын машин, гал тогооны ширээ, сандал, будаа агшаагч, тоос, сорогч, 2 ширхэг унадаг дугуй, 2 хүүхдэд нийт 4 ширхэг гар утас зэргийг авсан болно. Мөн охин Б.**** 2020 оноос хойш математикийн сонгон сарын 120,000 төгрөгөөр одоог хүртэл, бүжгийн дугуйлан 200,000 төгрөгөөр 1 сарын явсан, англи хэлний сургалтын төв 2024 оноос хойш 3 сарын 600,000 төгрөгийн төлбөртэйгөөр одоог хүртэл, Б.**** 4 настайгаасаа хойш 2021 оноос хойш нэг сарын 250,000 төгрөгийн төлбөртэй шатрын дугуйланд одоог хүртэл, Улаанбаатар хот, Дорноговь аймаг руу эмээ, өвөө, ах эгчийндээ очихоор амралт болгоноороо явдаг, Хэнтий аймагт Жаргалт хаан сумын Аварга тосон рашаан сувилалд охин Б.**** диатизтай учир 2024, 2025 онд тус бүр 7 хоног охин, хүү 2-тойгоо хамт явсан бөгөөд нийт зардал 4,000,000 төгрөг орчим болдог гэх мэтээр үр хүүхдүүдэд зарцуулдаг. 2019 оноос хойш 2 хүүхдийн сүү, живх, эм, тариа, цэцэрлэг, сургуулийн хэрэгслээ, хувцас, цэцэрлэг, сургуулийн фонд болон хоолны мөнгө, эмчид үзүүлэх төлбөр гэх мэтээр 10 сартай, 3 настай хүүхдүүдийг өдий зэрэгтэй болгож ганцаараа өсгөж хүмүүжүүлэхэд их хэмжээний зардал гарсан. Мөн ****ийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг хүүтэй нь төлөх, сайн дурын нийгмийн даатгалд хамруулж шимтгэл төлөх, банк болон банк бусаас авсан зээлийн төлбөрийг төлөх зэргээр зарцуулсан Сөрөг нэхэмжлэлд дурдсан Я.****гэх хүнд их хэмжээний мөнгө удаа дараа явуулдаг тухайд Я.****гэж өөрийн танил 10 хувийн хүүтэй мөнгийг зээлдэг байсан бөгөөд тодорхой хугацааны дараа түүн рүү зээлсэн мөнгөө хүүгийн хамт буцаан шилжүүлдэг байсан. Тодруулбал 2021 оны 07 сарын 22-ноос хойш 2024 оны 09 сарын 23-ны хооронд 69,700,000 төгрөг авч, түүнийг 87,300,000 төгрөг болгон буцаан төлсөн. Харин ****аас ирсэн мөнгийг Я.****руу шилжүүлдэггүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “buya axiin mungu” гэсэн гүйлгээний утгатайгаар 8,000,000 төгрөг шилжүүлснийг миний бие Я.****ын Хаан банкны **** тоот дансанд 9,000,000 төгрөг болгон шилжүүлсэн байна. Я.****гэх хүнээс мөнгө зээлж, ****ийн тавьсан өрнүүдийг дарсан, мөн заримдаа зээл авч амьдрал ахуйдаа хэрэглэж байгаа талаар С.****д хэлдэг байсан. Түүнээс нууцаар Я.****гэх хүн рүү үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлж байгаагүй. Д.**** гэх хүнд мөнгө шилжүүлж байсан тухайд мөн л ахуй амьдралдаа хэрэглэх зорилгоор хааяа нэг мөнгө зээлээд буцаагаад 10 хувийн хүүтэй төлдөг байснаас тэр хүн рүү үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө шилжүүлж байгаагүй. Д.**** гэх хүнд мөнгө шилжүүлсэн тухайд ****ын өндөр настай буюу тэтгэвэрт гарсан хүмүүс дундын сан маягаар сарын эхэн болон дундуур 50,000 төгрөг хураалгаж хүмүүст шилжүүлдэг байсан бөгөөд хэрэгцээ гарсан үед бага хэмжээний мөнгө аваад, буцаагаад 5 хувийн хүүтэй төлдөг байсан. **** тоот данстай ломбардад мөнгө шилжүүлсэн тухайд Орхон аймгийн 4-р хороолол, 4-14-р байранд байрлах “Түмэн зоос” барьцаалан зээлдүүлэх газарт “монетон бөгж, алтан гинж, мөнгө аяга” зэргийг барьцаалан зээл авч, ахуйн хэрэглээ, хоол хүнс, хүүхдүүддээ зарцуулдаг байсан. Уг мөнгийг 5-6 хувийн хүүтэй буцаан төлдөг байсан. Дээрх мөнгөнүүдийг С.**** шилжүүлсэн нь үнэн боловч, буцаан авах, эсхүл зээлдүүлэхээр анхнаасаа ярилцаж тохиролцоогүй, ар гэр, амьдрал ахуй, хоёр хүүхдэдээ зарцуулахаар авч зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд миний бие С.****ын бичиж буй шиг хувьдаа завшсан, хэрэглэсэн, үл хөдлөх эд хөрөнгө, машин худалдан авсан, хадгаламж үүсгэсэн зүйл огт байхгүй. С.**** нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байх зорилгоор бидэнд сайн дураараа, эргүүлэн төлөхгүйгээр өгсөн мөнгөө нэхэмжилж буйд гайхаж байна. Иймд өөрчилсөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.****, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.**** нарыг эцэг Ц.****ын асрамжид хэвээр байлгаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.**** /****/, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.**** /****/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эх С.****аар cap бүр тэжээн тэтгүүлж,  Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар Орхон аймаг **** сум **** баг ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.****, охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээж, Ц.****аас орон сууцнаас оногдох 17,575,000 төгрөг, гэрлэлтээ цуцлуулснаас хойш шилжүүлсэн 54,716, 823 төгрөг, нийт 72,291,823 төгрөг гаргуулан хариуцагч С.****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 71,283,177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан арга хэмжээ авсан шүүгчийн 312/Ш32025/01978 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2.-т заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

8.Нэхэмжлэгч Ц.****, түүний өмгөөлөгч Э.**** нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 14-ний өдрийн 583 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт Ц.****аас 54,716,823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1.Хариуцагч С.**** БНСУ-д ажиллаж байх үедээ 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгч Ц.**** болон охин Б.****, хүү Б.Дүүрэн- Эрдэнэ нарын өдөр тутмын ахуй амьжиргаанд зориулан дансны гүйлгээний утган дээр нь “төрсөн өдрийн бэлэг, хүүд, охинд, мах, такси, сургалтын төлбөр, зардлын мөнгө, хоолны мөнгө, цэргийн баярын бэлэг, охин үзвэр, эмнэлэгт хэвтэхэд битгий өвдөөд байгаач ээ, хүү шатар, охины шүд, 2 зулзагадаа бүсний мөнгө, 3 мөнгөний хүүдийд, 3 мөнгөний дайсанд, зардлын мөнгө, 2 зулзагадаа, хүү чихэр, хүү утас, охин төлбөр, хүүгээ үзүүл, 2 хүүхдэдээ, ****аас” гэх мэтээр бичиж шилжүүлдэг байсан болох нь хэрэгт авагдсан С.**** болон нэхэмжлэгч Ц.****ын дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байхад нэхэмжлэгч Ц.****ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнээс 54,716,823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Ц.****, хариуцагч С.**** нар нь шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч бодит байдал дээр С.****ийг Монгол Улсад ирж өөр хүнтэй хамтран амьдрах хүртэл гэр бүлийн харилцаатай байсан болох нь С.****ийн тайлбар, Ц.****ын тайлбар, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байхад опг таньдаггүй, хамааралгүй хүмүүс нэгэндээ мөнгө шилжүүлсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн мэтээр хуулийн агуулгыг гуйвуулан тайлбарлаж буй нь буруу юм. "Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж тодорхой хуульчилсан байтал ямар ч хамааралгүй хүмүүст үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлж байсан мэт үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүний зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ц.**** уг мөнгийг огт аваагүй гэж маргадаггүй, харин уг мөнгийг гэр бүлийн хэрэгцээнд буюу охин Б.****, хүү Б.**** нарыг энэ хугацаанд өсгөж хүмүүжүүлэхтэй холбоотой гарсан хоол хүнс, ахуйн хэрэглээ, сургалтын төлбөр, сургуульд зөөх унааны төлбөр, ****ийн бусдаас зээлсэн зээлийн төлбөрийг хүүтэй нь төлөх, сайн дурын нийгмийн даатгалд хамруулж шимтгэл төлөх, банк болон банк бусаас авсан зээлийн төлбөрийг төлөх зэрэгт зарцуулсан талаараа байж болох бүхий л тайлбар, өөрт байх боломжтой баримтуудаа гарган өгсөн байтал үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж буй нь үндэслэл муутай байна. Нэхэмжлэгч С.**** ч мөн анхнаасаа тус мөнгөнүүдийг ар гэр рүүгээ тэдний өдөр тутмын амьжиргаа болон өөрийн өр төлбөрт явуулж байсан талаараа тодорхой дурддаг. Дээрх хугацаанд нийт 151 удаагийн гүйлгээгээр 125,978,480 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд дээрх гүйлгээнүүдээ яг аль гүйлгээг нь үндэслэлгүйгээр шилжүүлсэн, аль гүйлгээг нь ар гэр рүүгээ шилжүүлсэн гэж үзэж буй нь ойлгомжгүй бөгөөд анхан шатны шүүх зөвхөн С.****ийн хүлээн зөвшөөрсөн дүнг ар гэр рүүгээ шилжүүлсэн, хүлээн зөвшөөрөөгүй дүнг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж хэт нэг талыг барьж нотлох баримт болон хуульд үндэслэхгүйгээр дүгнэлт хийсэнд гомдолтой байна. 2.Хариуцагчийн өмгөөлөгч миний зүгээс Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.2.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн” бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан боловч анхан шатны шүүх энэхүү үндэслэлийг няцаасан дүгнэлтийг огт хийлгүйгээр нэхэмжлэгч Ц.****аас 54,716,823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу хууль хэрэглээний алдаа юм. Өөрөөр хэлбэл 2021 оны 06 сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд нэхэмжлэгч Ц.**** болон охин Б.****, хүү Б.**** нарын өдөр тутмын ахуй амьжиргаа болон бусдаас авсан зээл, түүний хүүг төлөхөөр шилжүүлсэн мөнгө нь С.**** нь гэр бүлийнхээ өмнө болон мөнгө зээлдүүлсэн зээлдүүлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн хууль, гэрээ, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн үйлдэл тул буцаан шаардах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. С.**** нь охин Б.****, хүү Б.**** нарын төрсөн эх, Ц.****тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хувьд ар гэр рүүгээ мөнгө шилжүүлэх явдал нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээний дагуу хийгдэж буй үйлдэл тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж 54,716,823 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. 3.Нэхэмжлэгч Ц.**** хариуцагч С.**** нар нь хэдийгээр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан боловч 2 хүүхэд буюу охин Б.****, хүү Б.**** нарын өмнө үүрэг хүлээсэн эцэг, эх тул гэрлэлтээ цуцлуулах шүүхийн шийдвэр гарснаас хойш байнгын харилцаа холбоотой байж ирсэн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” хүмүүс болох нь хэрэгт авагдсан баримтаар болон талуудын тайлбараар хангалттай нотлогдож байхад нэг нэгэндээ гэр бүлийн хэрэгцээнд зориулан шилжүүлж байсан мөнгийг үндэслэлгүй шилжүүлэг байсан мэтээр тайлбарлаж буй нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.**** нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.       

2.Нэхэмжлэгч Ц.**** С.****д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “..эхнэр С.****тай 2014 онд танилцаж, улмаар 2015 оны 05 сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2015 оны 05 сарын 28-ны өдөр том охин Б.**** төрсөн, бага хүү Б.**** 2018 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн...гэрлэлтээ 2021 онд цуцлуулсан.Тухайн үед хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн.Хүүхдүүд төлбөртэй сургалтууд, математикийн сонгонд хамрагдаж байна.Мөн балет болон бүжгийн дугуйланд тус тус хамруулж эрүүл саруул, боловсролтой хүн болгон төлөвшүүлэхийн тулд миний бие анхаардаг.Хүү Б.**** нь 2022 оноос эхлэн “****” төвд байрлах “****” шатрын дугуйланд 250 000 төгрөгийн төлбөртэй сургалтад 3 жил гаруй хамрагдаж байна....Иймд хариуцагч С.****аас охин Б.****, хүү Б.**** нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон./1хх1-2х/

 

Хариуцагч “...2021 онд **** нь над руу яриад чи харласан болохоор миний виз гарахгүй байна. Гэрлэлтээ цуцлуулбал миний виз гарах юм байна, чи наанаасаа итгэмжлэл өгөөд явуул гэсний дагуу би тэндээс итгэмжлэл хийж өгсөн. Ингээд гэрлэлт цуцлагдсан, эд хөрөнгийн асуудлыг ч шийдээгүй, хүүхдүүдийн тэтгэмж ч нэхэхгүйгээр маш хялбар байдлаар гэрлэлт цуцлагдсан. Ингээд **** ирэх болсон ч бас ирж чадахгүй байсан. Ингэж байсаар миний бие 2024.11.25-нд Монголд ирээд 2 хүүхэд дээрээ гэртээ ирсэн. Ингээд хэсэг хамт байхад буюу 5 хоног байсан. 2 хүүхэдтэйгээ байнга утсаар ярьж, дүрсээ харж ярьж байсан тул 2 хүүхэд маань намайг ирэхэд их баярласан.Одоо **** нь 2 хүүхэдтэй минь ч уулзуулахгүй байна. Одоо миний бие нэгэнт Монголд ирсэн тул охин Б.****, хүү Б.**** нараа би өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”гэсэн үндэслэл зааж маргаж, /хх32,33х/

 

Нэхэмжлэгч Ц.****т холбогдуулан охин Б.****, хүү Б.**** нарыг өөрийн асрамжид авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Орхон аймаг **** сум **** баг ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг өөрийн болон охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээх, 126,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй гэж маргасан./хх40-42х, 108-110х/

3. Ц.****, С.**** нар нь 2014 онд танилцан, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр охин Б.****, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү Б.**** нар төрсөн,

3.1 Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2021/00524 дугаартай шийдвэрээр С.****, Ц.**** нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийн асрамжийг эцэг Ц.****т үлдээж, хариуцагч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдаж шийдвэрлэсэн,

3.2 Хариуцагч С.**** 2019 онд БНСУ-д ажиллахаар явж, 2024 оны 12 дугаар сард Монголд ирсэн, энэ хугацаанд хүүхдүүдийг эхний хэдэн жил С.****ын аав, ээж болон Ц.**** нар хамтран харж хандаж байгаад, 2023 оноос Ц.**** хүүхдүүдээ асран хамгаалж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

4. Зохигчид охин Б.****, хүү Б.**** нарын асрамжийн асуудлаар маргасан тул хариуцагчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилсон, шүүх хүүхдийн санал, Орхон аймаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, хүүхдүүдийн дасан зохицсон орчин нөхцөлийг өөрчлөх шаардлагагүй гэж дүгнэж хүүхдүүдийг эцгийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6., 14.7.-д нийцсэн байна.

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.2.2.-т: эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, 38 дугаар зүйлийн 38.1.-т: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байхаар тус тус заасан.

5.1 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан хуульд заасан хэмжээгээр эх С.****аар сар бүр тэтгэлэг гаргуулж, насанд хүрээгүй охин Б.****, хүү Б.**** нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв байна.

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгөөс ногдох хэсгийн хувьд Орхон аймгийн **** сум 13-р баг **** 4-р байр 32 тоот орон сууц нь Ц.****, С.**** нарын гэрлэлтээ бүртгүүлснээс хойш бий болсон хөрөнгө байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэж, ногдох хэсгийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн 17,575,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д нийцсэн бөгөөд нэхэмжлэгч энэ шаардлагын талаар маргаагүй.

7.Хариуцагч С.**** гэр бүл цуцалснаас хойш шилжүүлсэн 126,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.****аас гаргуулахаар шаардаж үндэслэлээ “...Тухайн мөнгөнүүдийг хүүхдүүдэд болон гэр бүлдээ огт хэрэглээгүй их хэмжээний өр зээлд өгсөн байх ба ялангуяа гэрлэлтийг цуцлуулснаас хойших мөнгийг миний өр зээлийг төлж байна, хүүхдүүдэд чинь зарцуулж байна гэх нэрийн дор авч байсан. Гэтэл Хаан банкны **** тоот дансанд Я.****гэх хүн рүү удаа дараа, Хаан банкны **** тоот данс эзэмшигч Д.****, Хаан банкны **** тоот данс эзэмшигч Д.**** гэгчид мөнгө шилжүүлсэн, мөн **** тоот данс руу /ломбард гэх/ рүү мөнгө шилжүүлсэн, **** тоот данс эзэмшигч “ЛендМН” ББСБ их хэмжээний зээл, авдаг, өр өгдөг гэх зэрэг их хэмжээний мөнгө зээлэх, төлөх зэрэг дансны хуулга хэрэгт авагдсантай танилцаад надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгийг худал хэлэн авч байсан байна. Иймд гэрлэлтээ цуцлуулсан 2021 оны 06 дугаар сарын 10-наас хойш миний шилжүүлсэн мөнгөнөөс үндэслэлгүй авсан” гэж тодорхойлсон,

Нэхэмжлэгч Ц.**** “...С.****ын шилжүүлсэн мөнгийг түүний Солонгос явахаасаа өмнө тавьсан өрийг төлсөн, хүүхдүүдэд зарцуулсан, хэрэгт нотлох баримтаар өгсөн дэвтэрт зарцуулалтыг бичсэн, буцааж авна гэж шилжүүлээгүй... “ гэх агуулгаар хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

7.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.**** “....Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа" гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно гэж тодорхой хуульчилсан байтал ямар ч хамааралгүй хүмүүст үндэслэлгүйгээр мөнгө шилжүүлж байсан мэт үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан байхад түүний зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ....Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1. дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн” бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй талаар хууль зүйн үндэслэлийг тодорхой тайлбарласан боловч анхан шатны шүүх энэхүү үндэслэлийг няцаасан дүгнэлтийг огт хийгээгүй” гэсэн агуулгаар гомдол гаргасан.

7.2 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д зааснаар энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарахыг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.-д зохицуулсан.

7.3 Түүнчлэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.-д Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг эдийн засгийн хүчирхийлэл гэнэ гэж заасан.

7.4 С.**** 126,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэр бүлийн эдийн засгийн хүчирхийлэл гэж тодорхойлоогүй бөгөөд дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй, харин нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан тул С.**** Ц.****ын өмнө үүрэг хүлээгээгүй, тэдний хооронд хуулийн дагуу болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн  харилцаа үүсээгүй. Иймд С.****ийн дээрх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэстэй.

7.5 Б.**** Хану хэлний сургууль болон математикийн сонгонд 4 жил, мөн балет, бүжгийн дугуйланд, хүү Б.**** нь 2022 оноос эхлэн **** шатрын дугуйланд тус тус төлбөртэй суралцаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Хану хэлний сургууль, **** шатрын академийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна./хх9,10х, 2хх157х/

7.6 Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн 126,000,000 төгрөгийн хувьд Ц.****ын тэмдэглэсэн тэмдэглэлд бичигдсэн н.****1,100,000 төгрөг, н.**** 4,360,000 төгрөг, н.**** 3,000,000 төгрөг, н.**** 9,000,000 төгрөг, н.**** 3,160,000 төгрөг, н.**** 1,500,000 төгрөг, н.****, н.****г 2,500,000 төгрөг, н.**** 5,000,000 төгрөг, Хаан банк 5,081,000 төгрөг, н.****119,260, н.****110,000 төгрөг, н.**** 2,650,000 төгрөг, н.**** 2,900,000 төгрөг, н.**** 10,500,000 төгрөг, 2 хүүхэд зарцуулсан 18,129,000 төгрөг, сайн дурын даатгал 2,173,917 нийт 71,283,177 төгрөгийг С.**** зөвшөөрсөн тул нэхэмжилсэн 126,000,000 төгрөгөөс хасч 54,716,823 төгрөгийг Ц.****аас гаргуулахаар шийдвэрлэсэн.

7.7 Давж заалдах шатны шүүх хуралдаанд гэрч Д.Б****гийн 4,000,000 төгрөгийг хасаж тооцохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа, хүүхдүүд эцгийн асрамжид өсөж торинох хугацаанд гарсан дээрх сургалтын төлбөр, эрүүл мэнд болон бусад амьдралын явцад гарах тодорхойлох боломжгүй аливаа зардал, С.****ийн тэтгэлэг төлөөгүй байдал зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ц.****аас гаргуулахаар шийдвэрлэсэн 54,716,823 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг хасаж үлдэх 50,716,823 төгрөгийн 30 хувь буюу 15,215,046 төгрөгийг дээрх харгалзан үзэх үндэслэлээр хариуцагч С.****д хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7.8 Иймд орон сууцнаас оногдох хэсэг 17,575,000 төгрөг, гэрлэлтээ цуцлуулснаас хойш шилжүүлсэн мөнгөнөөс дээрх үндэслэлээр хасаж тооцон үлдэх 35,501,707 төгрөг, нийт 53,076,777 төгрөгийг нэхэмжлэгч Ц.****аас гаргуулж хариуцагч С.****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 72,923,223 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.**** нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  312/ШШ2026/00583 дугаар шийдвэрийн 3 дахь заалтыг “...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2., 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар Орхон аймаг **** сум **** баг ****ын **** тоот 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.****, охин Б.****, хүү Б.**** нарын өмчлөлд үлдээж, Ц.****аас орон сууцнаас оногдох 17,575,000 төгрөг, гэрлэлтээ цуцлуулснаас хойш шилжүүлсэн 35,501,707 төгрөг, нийт 53,076,707 төгрөг гаргуулан хариуцагч С.****д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 72,923,223 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

Шийдвэрийн 5 дугаар заалтыг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 985,050 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 423,334 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 522,566 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Ц.****, түүний өмгөөлөгч Э.**** нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 432,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОЮУНЦЭЦЭГ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БАТТӨР

                                               ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА