Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00159/и |
Дугаар | 001/ХТ2018/00159 |
Огноо | 2018-01-25 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2018/00159
“Б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2117 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “Б” ХХК
Хариуцагч: Г.М
Хариуцагч: М.М нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 65.482.900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Г.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Г.М Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байр, 51 тоот орон сууцыг барьцаалан 2014-04-28-с 2014-08-28 хүртэл 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй 30сая төгрөг зээлсэн. Зээл олгосноос хойш үндсэн зээлийн төлбөрт 3 сая төгрөг, хүүд 5.183.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 349.000 төгрөг, нийт 8.532.500 төгрөг төлсөн. Г.М зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27 сая төгрөг, 2017-07-21-н хүртэл 32 350 500 төгрөг, 2017-07-21-ны өдөр хүртэл нэмэгдүүлсэн хүү 5.132.400 төгрөг, нийт 64.482.900 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-тай байгуулсан ЗГ.14/0060-р гэрээгээр 30сая төгрөгийг авч эгч Алтанцэцэгт өгсөн. Алтанцэцэг дээрх зээлийг өөрийн барьж байсан барилгад зарцуулсан боловч барилгын үйл явц удааширч, ашиглалтанд ч түрээслэгч нарын шахалтаар түрээсийн төлбөрөө бууруулсан нь зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн. 30сая төгрөгийн үндсэн зээлээс 8 532 500 төгрөг төлсөн боловч хүүгээс 3сая төгрөг хасаж тооцон, үлдэх 5 532 500 төгрөгийг хүү болон нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь үндэслэлгүй. Нэхэмжилж байгаа 27 сая төгрөгийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 26.648.100 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч өгөхийг хүсье. 2016-11-22-ны өдөр шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, үндсэн зээлд 27 сая төгрөг, хүү 22.365.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.283.100 төгрөг, нийт 53.648.100 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гарсан. “Б” ХХК 2017-05-04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 9.037.600 төгрөг нэмэгдүүлжээ. Шүүхээс шийдвэр гарсан байхад нэхэмжлэлийг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-аас зээлж авсан 30 сая төгрөгийг бид өөрсдөө ашиглаагүй. Зээл авсан үеэс эгч Г.Алтанцэцэг нь зээлийн төлбөрт 15.104.200 төгрөг төлсөн гэдэг. “Б” ХХК нь 8.532.500 төгрөг төлсөн гэж тооцож үлдэх төлбөрийг нэхэмжилж, бидний орон сууцаар зээлийг төлүүлэх гэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Г.Мээс 50.055.056 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 14 427 844 төгрөгийн шаардлагыг М.Мд холбогдох хэсгийн хамт хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны 2 өрөө орон сууцыг худалдан үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 666 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Мээс улсын тэмдэгтийн хураамжинд 408 225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2117 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Мээс 63 779 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1 703 500 төгрөгт болон хариуцагч М.Мд тус тус холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “408 225” гэснийг “476 847 ” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.М хяналтын гомдолдоо: “...гэрээний дагуу 30сая төгрөг авч өөрийн эгч н.Алтанцэцэгт өгсөн. Алтанцэцэг үндсэн зээлээс 8.532.500 төгрөг төлсөн ч хүүгээс 3сая төгрөгийг хасаж тооцон, үлдэх 5.532.500 төгрөгийг хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. 2016-11-22-ны өдөр шүүхээс нэхэмжлэлийг бүрэн хангаж, үндсэн зээлд 27сая төгрөг, хүү 22.365.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.283.100 төгрөг, нийт 53.648.100 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.Нэхэмжлэгч нь 2017-05-04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргаж, 9.037.600 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх 50.055.056 төгрөг гаргуулсан нь зөв байхад давж заалдах шатны шүүх 63.779.400 төгрөг болгосныг зөвшөөрөхгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Б” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Г.Мээс 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг, хүү 22.365.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.283.100 төгрөг нийт 53.648.100 төгрөг шаардсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.Мг хариуцагчаар татан, зээлийн хүүд 7.528.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1.509.100 төгрөг /хх 77-78,86/, 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүүд 2.457.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 340.200 төгрөг нэмж /хх 121/ нийт үндсэн зээлийн үлдэгдэл 27.000.000 төгрөг, хүү 32.350.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.132.400 төгрөг бүгд 65.482.900 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 25, 99, 100, 129, 135/
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...Г.М 30 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан нь нотлогдсон... үндсэн зээлийн төлбөрт 24 738 100 төгрөг төлөгдөөгүй байна... гэрээний хугацаа 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дууссан бөгөөд сунгаагүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөр буюу ... 24 сар 11 хоногоор тооцоход нийт 21 097 463 төгрөгийн хүү төлөхөөр байна... нэмэгдүүлсэн хүүд 4 219 493 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус төлөх үүрэгтэй... дээрх үүргийг хариуцагч М.Мгаас шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байв.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “... үндсэн зээлийн үлдэгдлийг буруу тодорхойлсон байна... үүргээ гүйцэтгээгүй хэтэрсэн хугацааг 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тооцоход нийт 34 сар 16 хоногт 32 634 000 төгрөг болох ба үүнээс хариуцагчийн төлсөн 1 984 500 төгрөгийг хасвал хариуцагч хэтэрсэн хугацааны хүүд 30 649 900 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6 129 900 төгрөг, үндсэн зээлд 27 сая төгрөг нийт 63 779 400 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй...” гэжээ.
Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. 2014 оны ЗГ/14/0060 дугаар зээлийн гэрээний талаар:
а/. Зохигчид 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/14/0060 дугаар гэрээ байгуулж, Б ХХК нь 30.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлүүлэх, Г.М зээлэх талаар харилцан тохиролцсон байх бөгөөд, гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч нь ЗГ/14/0060 дугаар гэрээний үүргээ биелүүлж, 30.000.000 төгрөгийг Г.Мт хүлээлгэн өгсөн /хх 19/ байх тул үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанд биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй.
б/. Нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэлд 27.000.000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.
Зээлийн гэрээнд зааснаар Г.М нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүү 1.050.000 төгрөг., 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүү 1.050.000 төгрөг., 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 1.085.000 төгрөг., 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээл 15.000.000 төгрөг, хүү 542.500 төгрөг төлөх үүргийг хүлээжээ. /хх 8/
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зээлдэгч 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 1.134.000 төгрөг., 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 4.127.900 төгрөг., 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2.438.200 төгрөг., 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 2.644.100 төгрөг нийт 10.344.200 төгрөг /хх 16-19/ төлжээ. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн гэх 4.760.900 төгрөг нь энэ зээлийн гэрээнд хамааралгүй байна.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 30.000.000 төгрөг, хүү 4.200.000 төгрөг нийт 34.200.000 төгрөг төлөхөөс 5.261.900 төгрөг төлсөн байгаа тул гэрээний хугацааны хүү төлөгдсөн, харин үндсэн зээлээс 28.938.100 төгрөг үлдсэн гэж үзнэ.
Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2, 216.4 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ. Г.М 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ/14/0060 дугаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 5.082.300 төгрөг /2.438.200+2.644.100/ төлсөн тул уг мөнгийг 28.938.100 төгрөгөөс хасаж тооцно. Иймд хариуцагч нь үндсэн зээлд 23.855.800 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлөгдсөн 1 134 000 төгрөг, 4 127 900 төгрөг, нийт 5 261 900 төгрөгийг үндсэн зээлийн хэмжээнээс хасаж, үлдэгдэл мөнгийг 24 738 100 төгрөг гэж тооцсон нь буруу болжээ. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх үндсэн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр тооцохдоо үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
в/. Нэхэмжлэгч зээлийн хүүг 2017-07-21-ний өдөр хүртэл тооцож нийт 32.350.500 төгрөг шаардсаныг бүрэн хангах боломжгүй байна.
Хариуцагч 2014-08-01-ний өдрөөс 2014-09-15-ны өдөр хүртэл 28.938.100 төгрөгийн хүүд 1.519.250 төгрөг., 2014-09-15-ны өдрөөс 2014-10-15ны өдөр хүртэл 26.499.900 төгрөгийн хүүд 927.496 төгрөг., 2014-10-15-ны өдрөөс 2017-07-21-ны өдөр хүртэл /33 сар 6 хоног/ 23.855.800 төгрөгийн хүүд 27.720.439 төгрөг нийт хүүд 30.167.185 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүүд нийт 32.350.500 төгрөг шаардсан байхад давж заалдах шатны шүүх шаардсанаас их хэмжээгээр буюу 32.634.000 төгрөг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзсэн нь буруу байна.
Дээр дурдсанаас үзвэл, хариуцагч нь үндсэн зээлд 23.855.800 төгрөг, хүү 30.167.185 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.033.437 төгрөг нийт 60.056.422 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзлээ. Барьцааны гэрээний талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2117 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/02213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...50 055 056 төгрөг...” гэснийг “...60.056.422 төгрөг...” гэж, “...14.427.844 төгрөг..” гэснийг “...4.426.478 төгрөг...” гэж, 3 дахь заалтын “...408 225 төгрөг...” гэснийг “... 458.232 төгрөг...” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 226.572 төгрөгийг Г.Мт захирамжаар буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ