Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ХШТ/126

 

И.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Н.М, түүний өмгөөлөгч Г.Цолмон, шүүгдэгч И.Ц, түүний өмгөөлөгч Б.Мандхай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 834 дүгээр магадлалтай, И.Ц-д холбогдох 2305013910419 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эх, эгч, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И.Ц

Шүүгдэгч И.Ц нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны гадаа Н.М-тай автомашины зогсоолоос болж маргалдан, унаж явсан автомашиных нь толийг өшиглөж хугалсны улмаас хагарсан толины хэлтэрхий хохирогчийн баруун нүдэнд орж эвэрлэг, салстын улайлт, шарх бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч И.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 96,470 төгрөг гаргуулж хохирогчид олгох, хохирогч Н.М цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Ц, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч И.Ц нь хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хохирогч Н.М-тай “олон автомашин авч ирж зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, автомашиных нь толийг өшиглөж хагалсан. Энэ үед нүдэнд шилний үртэс орж гэмтээсэн асуудал яригдаагүй бөгөөд Н.М автомашинаа асаагаад давхиад явсан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн нэхэмжилсэн толины 450,000 төгрөгийг төлсөн.

Шүүх эмнэлгийн 4715 дугаар шинжээчийн дүгнэлтэд “Баруун нүдний эвэрлэг салстын улайлт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө ямар эмнэлэгт хандан шилний хэлтэрхийг авхуулсан талаар нотлох баримт авагдаагүй нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна. Энэ талаар шинжээчээс тодруулаагүйд гомдолтой. Хохирогч Н.М-д учирсан хохирол, гэмтлийн зэргийг хэрхэн, ямар нөхцөлд учирсныг бүрэн тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг үүсгэх гол үндэслэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг ашигласан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа тул Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шүүгдэгчийн зүгээс нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүрдүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа. 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед хохирогч “...байрны гадаа миний машины толийг өшиглөж хугалаад, намайг цохичихлоо” гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн. Тухайн нөхцөл байдалд И.Ц тийм ч согтуу байгаагүй бөгөөд автомашины толийг өшиглөж хугалснаа хүлээн зөвшөөрдөг. Харин хохирогчийн биед гэмтэл учруулаагүй, толь хугалсан төлбөрийг төлөөд энэ асуудал дууссан гэж ойлгож явсан. Толь бутарч хохирогчийн нүдэнд үртэс орсон асуудал тухайн үед  яригдаагүй бөгөөд хохирогч машинаа асаагаад явсан. Гэтэл зориуд зохион байгуулалттай худал мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөс шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдсөн асуудал байна.

Шүүгдэгч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид шинжилгээ хийлгэх шийдвэрийг танилцуулна” гэж заасан байхад шинжээч томилсон шийдвэртэй танилцах, шинжилгээ хийх үед эдлэх эрх, шинжээчээс татгалзах, асуулт тавих, тайлбар гаргах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах зэрэг зайлшгүй эдлэх эрхээ эдэлж чадаагүй. Тийм учраас мөрдөн шалгах ажиллагаа удааширч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Мөн хохирогч нь тухайн үйл явц болохоос өмнө Болор мэлмий нүдний эмнэлгийн эмчийн хяналтад байсан талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг нарийн тогтоогоогүйгээс шүүгдэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Хохирогч Н.М хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би гомдолтой байна. Нүд маань сайн харж чадахгүй байгаа бөгөөд цаашид хагалгаанд орох хэмжээнд хүрсэн гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Цолмон хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Шүүгдэгч И.Ц нь Н.М-ын автомашины толийг өшиглөж гэмтээсэн. Улмаар толины хэлтэрхий Н.М-ын нүд рүү орж, хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Учир нь гэмт хэрэг гэж Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай тодорхой үйлдэл буюу объектив, субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгоно. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийн объектив талд түлхүү хууль зүйн дүгнэлт хийж, хохирогчид учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой гэдэг агуулгаар тайлбарласан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах субъектив талын шинжид хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох дүгнэлтийг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч И.Ц-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Хэргээс үзэхэд шүүгдэгч И.Ц нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, .... дугаар байрны гадаа Н.М-тай автомашины зогсоолоос болж маргалдах явцдаа унаж явсан автомашиных нь толийг өшиглөж хугалсны улмаас толины хэлтэрхий хохирогчийн баруун нүдэнд орж эвэрлэг, салстын улайлт, шарх бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх зөв тогтоожээ.

Харин дээрх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүхүүд алдаатай хууль зүйн дүгнэлт хийсэн нь холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болов.

Энэ хэргийн хувьд автомашины толийг өшиглөж гэмтээсэн, үүний улмаас хагарсан толины хэлтэрхий хохирогчийн нүдэнд орж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг шүүхүүд гэм буруугийн санаатай хэлбэрээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

3.Шүүгдэгч И.Ц-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, хохирогчийн биед халдсан үйлдэл нь учирсан хохиролтой шалтгаант холбоотой байхыг шаарддаг билээ.

Аливаа гэмт хэргийн үндсэн шинж болох гэм буруу нь Эрүүгийн хуулийн 2.3, 2.4 дүгээр зүйлд зааснаар санаатай, эсхүл болгоомжгүй гэсэн үндсэн төрөлтэй бөгөөд үйлдэлдээ санаатай боловч хор уршигт болгоомжгүй хандсан бол гэм буруугийн холимог хэлбэр гэж үзэж энэ төрлийн гэмт хэргийн шинж, оногдуулах ялыг тусгайлан авч үзэхээр хуульчлагджээ. Гэм буруугийн эдгээр төрлөөс санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч И.Ц нь маргааны улмаас хохирогчийн автомашины толийг өшиглөж хугалсан хэргийн үйл баримтаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулах гэсэн гэмт санаа, зорилго агуулаагүйн гадна уг үйлдлийн улмаас хүн бэртэж, гэмтэнэ гэдгийг урьдаас мэдэх боломжтой байхад мэдэлгүй үйлдсэн нь автомашины эд ангийг эвдэх үйлдэлдээ санаатай, хүний эрүүл мэндэд хохирол учрахад болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэм буруугийн холимог хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй тул И.Ц-д холбогдох хэргийн талаар гарсан анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгон түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 834 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос И.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                    С.БАТДЭЛГЭР

                                                                     Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ