Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1133

 

                                                                              

                                                                 

 

 

 

 

Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03741 дүгээр шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: Д.Жаргалсайханы нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “Модерн тайга” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, учирсан хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Д.Жаргалсайхан,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Д.Очирваань,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Модерн тайга” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 9 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Бэлхид 2 давхар, монсард бүхий 96 м.кв талбайтай, канад модон технологийн амины орон сууц бариулахаар тохиролцсон билээ. Энэхүү гэрээний 3.2-т заасны дагуу дээрх барилгын ажлын гүйцэтгэлийг эхлэхдээ нийт төлбөрийн 60 хувийг буюу 40 320 000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 4 000 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 36 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болно. Үүнээс хойш гэрээний 2.2-т заасны дагуу барилгын ажлын ерөнхий хугацаа 45 хоног байсан бөгөөд 45 хоногийн дараа гэрээний дагуу барилгын ажил дуусах ёстой байсан. Гэтэл барилгын ажил удааширч 60 хоногийн дараа гэхэд барилгын ажил бидний тооцоогоор 50 хувьдаа ч хүрээгүй байх төдийгүй барилгын зураг төслийн дагуу баригдаагүй, чанарын шаардлага хангаагүй байсан. Миний бие нь барилгын ажлыг ажлын зураг, чанарын шаардлага хангахуйц байхаар хийх талаар шаардлага тавихад хариуцагч ажлаа хаяж явсан төдийгүй өдий хүртэл барилгын ажил зогсонги байдалтай байна. Ажлаа хийж дуусгах талаар удаа дараа утсаар болон өөрийн биеэр мэдэгдэж байсан бөгөөд хавар болохоор барьж дуусгах хугацааг өгсөн байхад хариуцагч утсаа авахгүй, ажлаа ч хийхгүй одоо бүр ямар ч сураггүй алга болсон. Одоогоор “Модерн тайга” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь миний тооцоогоор 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж миний бие үзэж байна. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд хана, хамар ханын ажил 15 хувь байхаас 10,5 хувийг хийж гүйцэтгэсэн гэж гарсан. Яг үнэндээ 6,5 хувь л хийгдсэн байгаа. Дүгнэлтийн энэ хэсгээс бусад хэсэгт маргаан байхгүй, хүлээн зөвшөөрнө. Иймд “Модерн тайга” ХХК-тай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 9 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өөрт учирсан хохиролд 10 000 000 төгрөгийг шаардаж байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Жаргалсайхантай 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн. Захиалагч тал барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг удаа дараа зөрчсөн, гэрээний үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй, гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгүүлж ажлыг хэвийн хийх нөхцөл бололцоог олгоогүй. Гэрээнд заасан тохиролцооны дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй болгож гүйцэтгэлийн явцад олон янзын саналын тулгалт хийж, нэмэлт ажлуудыг хийлгэсэн, гэрээний үлдэгдэл санхүүжилтийг хийгээгүй. Бидний зүгээс ажлыг орхиж явсан зүйл огт байдаггүй бөгөөд 30 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй байна. Үүнийг мэргэжлийн байгууллагын шинжээчээр томилуулж тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

                 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан “Модерн тайга” ХХК-аас 2 600 000 төгрөг гаргуулж Д.Жаргалсайханд олгож, Д.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 400 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Жаргалсайханаас 740,000 төгрөг, хариуцагч “Модерн тайга” ХХК-иас 260 000 төгрөг тус тус гаргуулж, шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх 9 тоот гэрээгээр хариуцагч “Модерн тайга” ХХК нь 43 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч тал гэрээгээр тохиролцсон хугацаандаа барилгын санхүүжилтийг хийгээгүй тул ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй байдаг. Улмаар манай байгууллагын зүгээс шүүх хуралдаанд барилгад орсон материалын үнэлгээ, тооцоо мөн барилгын ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа талаар мэргэжлийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч
хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг бүхэлд нь 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч талд танилцуулалгүй шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т заасныг тус тус зөрчиж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, мөн хуулийн 77.2 “... зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ …” гэж хуульчилсан байх ба хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Д.Жаргалсайхан нь хариуцагч “Модерн тайга” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

                                                                                                                                                              

Шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 32079 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хариуцагч “Модерн тайга” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын төсвийн хэмжээг тогтоолгохоор шинжээч томилжээ. /хх-ийн 42 дугаар тал/

 

Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иас 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дүгнэлтээ ирүүлсэн ба шүүх шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулалгүйгээр шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 48-78 дугаар тал/

 

Түүнчлэн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар захирамжид гомдол гаргах зохигчдын эрхийг хязгаарлаж 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3 дахь заалтыг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/03741 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 600 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                       

                                                          ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ                                                                                                        

                                                                                                          Г.ДАВААДОРЖ