Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 456

 

 П.Өлзийсайхан, О.Батсүх нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Н.Дамбадаржаа,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан П.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлоор, П.Өлзийсайхан, О.Батсүх нарт холбогдох эрүүгийн 201726020074 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Монгол овогт Пүрэвбатын Өлзийсайхан, 1989 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг Хайрханы 39 дүгээр байр, 10 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 34 дүгээр байрны 60 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТЯ89011912/,

Боржигон овогт Очирваанийн Батсүх, 1989 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Шарын гол сум 1 дүгээр баг Хайрханы 8 дугаар байр, 56 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 33 дугаар байрны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТЯ 89031410/,

П.Өлзийсайхан, О.Батсүх нар бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Мөнгөнтулгын толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөн бие махбодид нь зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод 2 шүдний сулрал бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газар: П.Өлзийсайхан, О.Батсүх нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Өлзийсайхан, О.Батсүх нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар П.Өлзийсайхан, О.Батсүх нарыг тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Өлзийсайхан, О.Батсүх нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар П.Өлзийсайхан, О.Батсүх нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Батсүх, П.Өлзийсайхан нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар О.Батсүх, П.Өлзийсайхан нар нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Батсүх, П.Өлзийсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Ялтан П.Өлзийсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2016 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Б.Мөнгөнтулгад хэл амаар доромжлуулж, газар унаж, өөрөө босч чадахгүй болтлоо зодуулсан болохоос түүнд ямар нэг гэмтэл учруулаагүй. Намайг мөрдөн байцаалтын шатанд үнэнийг хэлсний төлөө мөрдөн байцаагч батлан даалтад авахаар ирсэн эхнэр хүүхдийг маань дарамталж, үүнээс нь болж түүнтэй маргаснаас хойш мөрдөн байцаагч Хосбаяр нь цагдаагийн албан хаагчид баймааргүй зүй бусаар хандах болсон. Гэвч би энэ тухай юу ч яриагүй. Б.Мөнгөнтулга агсам тавьж бусдыг болон намайг доромжлон зодохоос өмнө би бүгдийг нь орхиод явах бодол байсан боловч найз О.Батсүхийг орхиж явж чадаагүй юм. Үүнд л харамсаж байна. О.Батсүх бид хоёрыг бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж яллаж байгаад гомдолтой байх ба шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтэл нь яг хэн яаж цохисны улмаас учирсан гэмтэл гэдгийг нотлоогүй, харин хүндэвтэр болон хөнгөн гэмтлүүд учирсныг тогтоодог гэж ойлгож байна. Би тухайн үед газар унасан байсан учир О.Батсүх, Б.Мөнгөнтулга нарыг яаж зодолдож байхыг сайн хараагүй. Хамгийн сүүлд тэдний зодолдсоноор маргаан дуусаад, найз Ундрал намайг татаж босгоод бүгд харьцгаасан. Би түүнийг өшиглөөгүй. Шүүх шүүгдэгч нарын хэн нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг огт тогтоолгүй ганц хохирогчийн худал мэдүүлгээр хомроглон шийтгэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэг болсон орой хохирогчийн зан авир бол галзуу юм шиг байсан  ч бааранд тооцоогоо хийж гартлаа би түүний үйлдэлд хүлээцтэй хандаж байсан ба гараад маргасан нь миний буруу байсан. Би зөвхөн миний удам судар хэн гэдгийг хэлээд өгчих л гэсэн. Би Б.Мөнгөнтулгыг шүүх хуралдаан дээр үнэнийг хэлэх байх гэж бодож байсан боловч О.Батсүх бид хоёрыг 2 талаас нь өшиглөсөн мэтээр ярьсаар байсан ба зөвхөн түүний худал мэдүүлгээр шийтгэж байгаад гомдолтой байна. Би эхнэр хүүхдийн хамт тайван амьдралыг хүсч, бусдыг гүтгэж, гүтгүүлэхгүй гэж бодож явдаг ч дээрх шийтгэх тогтоол нь амьдралыг минь маш их харлуулж байна. Би өшиглөсөн бол үнэнээ хэлнэ. Миний өмгөөлөгч шүүх хуралдааны явцад хохирогчийн биед учирсан хөнгөн ба хүндэвтэр гэмтлүүдийг чухам хэн учруулсныг зайлшгүй тодруулах шаардлагатай, гэрчээр тухайн үед хараад зогсож байсан мөн намайг татаж босгоод хохирогчийг аваад явсан гэх Ундралыг асуух зайлшгүй шаардлага байна. Үүний дараа зохих шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж өмгөөлсөн ч шүүхийн шийтгэх тогтоолд мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалтад буцаахгүй гэх үндэслэлээ шүүх тодорхойлж чадаагүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжоор хангаж өгөхийг хүсье ...” гэжээ.

Прокурор Н.Дамбадаржаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... П.Өлзийсайханд холбогдох хэрэг нь 3 хүний хооронд үүссэн маргааны үр дүнд үүссэн гэж үзсэн. Иймд хувийн сэдэлттэй гэж тооцох шалтгаан байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дэх хэсэгт зааснаар үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж хэргийг зүйлчлэн ял сонсгож, шүүхэд шилжлүүлсэн. П.Өлзийсайханы гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. О.Батсүхийг П.Өлзийсайханы талд орж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Ганц Б.Мөнгөнтулгын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж болохгүй. О.Батсүхийн мэдүүлэгт караокенд байх үеэс эхлэн хохирогч, П.Өлзийсайхан нар хоорондоо маргалдаж, барилцаж авсан, мөн гарч ирээд хоорондоо маргалдаж, бие биенийхээ биед халдан цохисон гэсэн асуудал байдаг. Зүүн хацар ясны гэмтэл нь дангаараа хүндэвтэр зэргийн гэмтэл юм. Бусад гэмтэл нь хөнгөн гэмтэл гэж шинжээчийн дүгнэлт гарч, тайлбар өгсөн байгаа. Зүүн хацар ясны гэмтлийг хэн учруулсан бэ гэдгийг хохирогч тодорхой хэлдэг. Хохирогч “О.Батсүхтэй зодолдоод газар хальтирч унах үед П.Өлзийсайхан зүүн хацар луу нь өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Мөн энэ мэдүүлэгтээ “зүүн хацар яс хугарч байгаа нь мэдэгдсэн” гэж хэлсэн. Үүний дагуу шинжээчийн дүгнэлт гаргахад “зүүн хацар ясны хугарал гэсэн гэмтэл” тогтоогдсон. Иймд энэ хэрэг хохирогчийн зүүн хацар ясанд гэмтэл учирснаар дуусгавар болсон. Иймд энэ үйлдлийг үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж зүйлчилсэн. Анхан шатны шүүх бүлэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоол гарсан. Ял шийтгэлийн хувьд хэргийн зүйлчлэл, хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

П.Өлзийсайхан, О.Батсүх нар бүлэглэн согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла” төвийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Мөнгөнтулгын толгой, нүүр хэсэг рүү гараараа цохиж, өшиглөн бие махбодид нь зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний салст, баруун зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод 2 шүдний сулрал бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Мөнгөнтулгын “... Дархан-Уул аймгийн Шарын гол сумынхан 7 хоног бүрийн Лхагва гаригт заал авдаг ба 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай сургуулийн зааланд тоглож байгаад шөнийн 00 цагийн үед дууссан. Заалаа авчихаад 25 дугаар эмийн сангийн урд талын “Меланж” пабад ороход Батсүх, Өлзийсайхан, Ундрал нар бас ганц нэг танихгүй залуучууд байсан ба би таньдаг учраас ширээнд нь суухад надад архи хийж өгөөд би уусан. Тэгээд уулзалдаагүй удсан болохоор ойр зуурын юм ярьж байгаад хажуу талынх нь караокены өрөөнд орсон. Уг караокед Ундрал, Өлзийсайхан, Батсүх бид 4 орсон ба дахин 1 шил архи авсан. Тэгээд би цаашаа хараад Ундралтай юм ярьж байгаад инээчихсэн чинь Өлзийсайхан өөрийнхөө талаар ярьж байна гэж ойлгоод үл ойлголцол болоод “чи яагаад инээгээд байгаа юм бэ, чи хүн доромжлоод байна уу” гэхээр нь би “...чамайг мэднэ шүү дээ. Хоёулаа багадаа тоглож өссөн шүү дээ. Эцэг, эх, удам судрыг чинь мэднэ...” гэхэд Өлзийсайхан “...чи намайг муулаад л байх шиг байна даа” гэж уурлаад чи миний удам судрыг мэддэг хэн юм бэ, мэддэг юм бол хэлчих гээд над руу дайраад байсан. тэгэхээр нь би нэг их тоохгүй, цаашаа хараад байж байхад Өлзийсайхан над руу ойртож суугаад “чи миний удам судрыг одоо хэлчих” гэсэн. Тэгэхээр нь бид хоёр босч ирээд чи ер нь юу гээд байгаа юм бэ гээд бие биеэ заамдалцаад, цохилцохгүй зууралдаж байгаад салсан. Тэгээд караокены цаг ч дуусаад, тэндээс гарах болоод тооцоогоо хувааж төлөөд бүгдээрээ гарцгаасан. Караокенаас гараад үүдэнд байж байтал Өлзий над руу дахин ойртож ирээд “чи миний удам судрыг мэддэг юм бол одоо хэлчих” гэхэд бид хоёр дух духаараа мөргөлдөөд “чи миний удмыг хэлчихээ” гээд намайг түлхэхээр нь би зөрүүлж түлхсэн. Тухайн үед хэн нь хэнийгээ эхэлж цохисныг санахгүй байна. Бид 2 зодолдоод эхэлсэн. Тэгээд би Өлзийсайханыг газар унагаагаад хөл рүү нь өшиглөөд татаж чирсэн. Тэгтэл Батсүх хүрч ирээд миний араас тэврээд намайг салгаад холдуулсан. Тэгэхээр нь би Батсүхийг чи яагаад байгаа юм бэ, хоёр хүний голоор орлоо” гэхэд Батсүх “чи муу хэзээ ийм том болчихсон юм бэ” гэхээр нь хоёулаа зодолдъё, гомдолгүй гээд үзье гэхэд Батсүх бас куртикээ тайлаад миний толгой руу эхэлж цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь цохисон. Батсүх бид хоёр барьцалдаж аваад бие биеэ цохиж байгаад би мөсөн дээр хальтираад уначихсан ба босч ирэх гэж байтал Батсүх миний баруун шанаа руу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл толгой манарсан ба хажуу талаас Өлзийсайхан орж  ирээд зүүн талын шанаа руу өшиглөсөн. Тэгээд Батсүх гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Өлзийсайханыг өшиглөх үед зүүн талын шанаа орчим яс хугарах шиг мэдрэмж төрөөд хөндүүр болоод манарсан. Би яг энэ үед 4 хөллөсөн, доош харсан байрлалтай байсан. Олон өшиглүүлснээс болоод ямар нэгэн үг хэлж чадахгүй, дуу гарахгүй байсан. Ундрал харин хүрч ирээд салгаад, намайг татаж босгосон. Би босч ирээд фудболкоо тайлаад цусаа арчаад шууд гэртээ харъя гэж бодоод Ундрал намайг өөрийнхөө машинаар хүргэж өгсөн. Өлзийсайхан, Батсүх нар караокены үүдэнд үлдсэн...” /хх-14-16/,

Гэрч Б. Сэлэнгийн “... 2016 оны 12 дугаар сард Өлзийсайхантай явж байгаа нэг залуутай зодолдсон, манай нөхөр Батсүх нь Өлзийсайханыг зодоод байхаар нь “би салгах гэж очоод зодуулчихлаа” гэж хэлж байсан. Хэн юм бэ гэхэд манай нутгийн залуу байгаа юм, 2 нүд нь хөхөрч хавдсан гэж ярьж байсан...” /хх-18-19/,

Гэрч Б.Одмаагийн “... 2016 оны 12 дугаар сард сагс тоглоно гэж гараад явсан ба шөнө үүрээр 4-5 цагийн үед Батсүх гэж найзтайгаа хамт орж ирсэн. Батсүхийн нүд хөхөрсөн, Өлзийсайханы нүүр хавдсан, хүзүү нь багалзуурдсан юм шиг улайсан байдалтай байхаар нь “яасан бэ” гэж асуухад “сагс тоглож байсан найзтайгаа зодолдоод ийм болчихлоо” гэж хэлсэн. Зодолдсон гэх залуу нь хэл амаар доромжлоод, бутачийн хүүхэд гээд байсан гэсэн. Харин Батсүх тэр залуутай нь Өлзийсайханыг өмөөрч зодолдсон гэсэн...” /хх-20-21/,

П.Өлзийсайханы сэжигтнээр өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр манай Шарын гол сумынхан 20 дугаар сургууль дээр заал авч тоглож байгаад тараад найз Батсүх, Ундрал нарын хамт “Меланж” нэртэй паабад сууж байхад Мөнгөнтулга ганц хоёр залуутай хамт орж ирээд тэр залуучууд нь удалгүй явчихсан. Харин Мөнгөнтулга үлдсэн. Тэгээд хажуу талын караокед орж суугаад дахин 1 шил архи авсан. Караокед орохоос өмнө би Тэмүүжинтэй юм яриад инээлдэж байтал Мөнгөнтулга зүгээр байж байснаа “чиний удмыг би мэднэ. Би чамаас ах шүү” гэхээр нь “юу яриад байгаа юм бэ” гээд инээгээд өнгөрсөн. Гэтэл би караокед Мөнгөнтулгын хажууд суугаад чи юу яриад байгаа юм бэ гэхэд Мөнгөнтулга “би чиний удмыг мэднэ шүү” гэхээр нь би юуг нь мэдэх юм бэ гэж асуухад бутачын хүүхэд шүү дээ гэж доромжилсон. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм бэ гээд босоход Мөнгөнтулга босч ирээд өөд өөдөөсөө хараад нэг их олон зүйл ярихгүй зогсож байгаад миний нүүр лүү цохисон. Би унахдаа Мөнгөнтулгыг зуураад унасан ба хоолойгоор нь боох гэж оролдсон ба Мөнгөнтулга миний дээр байсан. Ингэж ноцолдоод салсан. Тэгээд бүгдээрээ караокенаас гараад Мөнгөнтулга гадаа зогсож байхаар нь би очоод “чи миний удмын яг юуг нь мэдээд байгаа юм бэ” гэж асуухад Мөнгөнтулга миний нүүр лүү мангасдаад, зайл, ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахин нөгөө асуултаа асуугаад яг юуг нь мэдэх юм бэ гэхэд Мөнгөнтулга гадуурх куртикээ тайлаад миний нүүрэн тус газарт дахин нэг удаа цохисон. Би Мөнгөнтулгыг зөрүүлээд нэг удаа цохисон. Бид 2 барьцалдаж аваад, би газарт унаад Мөнгөнтулга дэвсээд, үстээд босгохгүй дээрээс өшиглөөд байсан. Миний толгой руу өшиглөж байхдаа сэмжтэй чинь холино шүү гээд орилоод байсан ба Батсүх 2 удаа салгах гэж оролдоход ойртвол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Гэтэл Батсүх Мөнгөнтулгыг татаад салгасан ба Батсүх, Мөнгөнтулга 2 барилдаад ноцолдоод эхэлсэн. Гэтэл Ундрал намайг татаж босгосон. Батсүх, Мөнгөнтулга 2 салсан ба би хувцас урагдсан байхаар нь куртикээ тайлаад зогсож байсан. Намайг харж байхад Мөнгөнтулга, Батсүх хоёр зодолдоод байсан. Бие биеэ цохисон байх, би сайн хараагүй. Тэгээд Ундрал Мөнгөнтулгыг хүргэж өгнө гээд аваад явсан. Батсүх бид 2 манайх руу явсан...” /хх-42-43/,

О.Батсүхийн сэжигтнээр өгсөн “... 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын хэсэг нөхдүүд заал авсан ба уг заалыг Мөнгөнтулгаар дамжуулж олсон. Зааланд тоглож байгаад шөнийн 00 цагт тараад, ойрд уулзалдаагүй гээд манай найз Ундрал, Батмөнх, Өлзийсайхан бид нар пабад ороод архи, пиво захиалаад сууж байсан. Тэгтэл удалгүй Мөнгөнтулга орж ирээд манай ширээнд суусан ба бөөнөөрөө юм яриад сууж байсан. караокед орох болоход Батмөнх яваад Ундрал, Өлзийсайхан, Мөнгөнтулга бид 4 үлдээд дахин 1 шил архи авсан. Архи уугаад сууж байтал Өлзийсайхан, Мөнгөнтулга нар муудалцсан. Би тэр хугацаанд хэсэгхэн унтаж байсан ба сэрэхэд Мөнгөнтулга нь Өлзийсайханыг “би чамайг хэний хүүхэд вэ гэдгийг чинь мэднэ шүү” гэхэд Өлзийсайхан “би хэний хүүхэд юм бэ” гэж хэлж байсан. Тэгтэл хэн нь эхэлж цохисныг би хараагүй, миний дээр хоёулаа унаад ирсэн. Тэгэхээр нь би салгах гээд Мөнгөнтулгыг хойноос нь татаад хажуу тийш холдуулсан. Гэтэл Мөнгөнтулга Батсүхээ би чамайг ална шүү тайрдас минь, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг, зүгээр бид хоёрыг орхи” гэсэн. Би Мөнгөнтулгыг тайвшруулж гайгүй болгосон. Өлзийсайханыг Ундрал татаж авч байсан. Тэгээд тэр газраасаа гараад караокены гадна гарч ирээд байж байхад Өлзийсайхан Мөнгөнтулга нар дахин муудалцаад Өлзийсайхан “би хэний хүүхэд юм бэ” гэхэд Мөнгөнтулга Өлзийсайханыг мангастаад, дахин ойртоход нь нүүр лүү нь шууд цохисон. Гэтэл Өлзийсайхан зөрүүлээд цохилцоод, тэр хоёр заамдалцаад бие биеэ цохисон. Өлзийсайханыг Мөнгөнтулга газар унагаагаад дээр нь гараад өшиглөөд гараараа цохиод байсан. Би тэгэхээр нь одоо болноо гээд харж тэсэлгүй Мөнгөнтулгын цээжний хойноос гараараа холбож тэврээд одоо болно, хангалттай гээд цааш нь болготол Мөнгөнтулга Батсүхээ муу лалараа би чамд хэлээ биз дээ, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж хэлээ биз дээ, алнаа чамайг гээд миний нүүр лүү шууд цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Мөнгөнтулга бид хоёр харилцан бие биеэ 3-4 удаа цохисон. Сүүлдээ ядраад больсон ба Ундрал биднийг салгасан. Тэндээсээ Өлзийсайхан бид хоёр гэр лүүгээ харьсан. Ундрал Мөнгөнтулгыг хүргэж өгөх гээд явсан. Тэндээс явахад Мөнгөнтулгын уруул нь хавдсан, хамраас нь цус гарсан, нүд нь бага зэрэг хавдсан байсан. Миний хоёр нүд гайгүй харин хөлийнхөө шагайг би өөрөө бага зэрэг эвгүй гишгээд хөндүүр болгосон. Өлзийсайхан нуруу нь өшиглүүлсэн учраас бага зэрэг хөндүүр байсан, уруул нь хавдсан харагдсан ...” /хх-37-38/,

Шинжээч Б.Ганзоригийн “... Зүүн хацар ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал нь хүндэвтэр гэмтэл үүсэх үед үүссэн байж болно. Зүүн хацар ясны нум хэсэгтээ 2 ширхэг ясны хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугаралттай байна. Зүүн хацарт хүч үйлчлэх үед хугарал үүсэх боломжтой, харин баруун хацарт хүч үйлчлэх үед зүүн хацар яс хугарахгүй. Зүүн хацар ясны хугарал гэмтэл нь нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” /хх-28/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Мөнгөнтулгын биед зүүн хацар ясны хугарал, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхинд нөсөө, баруун доод хоёр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2016 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-27/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь шалгажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн П.Өлзийсайхан, О.Батсүх нарыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, П.Өлзийсайхан, О.Батсүх нарт оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, тэдний гэм бурууд тохирсон байна.

П.Өлзийсайхан, О.Батсүх нарыг гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн гэж үзэн, прокуророос тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар П.Өлзийсайхан, О.Батсүх нарт тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэдэнд оногдуулсан хорих ялыг тус тус тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан нь үндэслэл бүхий болжээ.

Иймд ялтан П.Өлзийсайханаас “ ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан П.Өлзийсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНСҮХ

             ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН