| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0235/Э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0235/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б холбогдох 1939004.............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймаг Баянхутаг сумын 1 дүгээр баг Хужирт цагаан толгой гэх газар иргэн Г.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Э өгсөн: .....гомдол санал байхгүй ээ... гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/
Гэрч Ч.Мөнхцэцэгийн өгсөн:...би 2019 оны 08 дугаар сарын 04-ний 19 цагийн үед Баянхутаг сумын 1 дүгээр баг Цагаан толгойн ар гэх газар нөхөр Э хамтаар Б хүүгээ авах очсон тэгтэл Б уурлаад та хоёр яах гэж ирсэн Манлай ярьсан уу гэсэн тиймээ маргааш манай хүү Манлай наадам үзмээр байна гэхээр авах гэж ирлээ гэсэн тэгвэл танай хүүхэд чинь манайд байхгүй хүн байна та аваад яв гэхээр тэгвэл манай нөхөр Э тэгвэл би хүүгээ аваад явлаа чи ер нь манай хүүхдийг дуртай үедээ аваад явдаг дургүй үедээ хөөдөг хэн бэ гэж хэлсэн чинь Б та юу гээд хуцаад байгаа юм бэ хоёулаа гадаа гарья гээд Э Б хамтаар гадаа гараад гэрээс нь урагшаа явж байгаад Б манай нөхөр Э шууд боож унагаад манай нөхрийн нүүр лүү өшиглөөд бас шүд рүү өшиглөсөн тэгээд манай нөхөр Э босож чадахгүй хэвтээд байсан нэлээн удаан хэвтэж байгаад босож ирээд бид хоёрыг аваад хөдлөөд явсан замдаа явж байтал манай нөхрийн амнаас зөндөө цус гарсан тэгээд бид 3 гэртээ ирээд байж байтал 22 цагийн үед манай нөхрийн толгой өвдөөд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн удалгүй цагдаа ирсэн...Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Гэрч Д.Төмөрхуягийн өгсөн:...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хүү Б-ын хамт хотоос 14 цагийн орчимд ирээд гэртээ байж байтал манай танил Э аймгаас хүүгээ авах гэж ирлээ гээд манайд орж ирсэн. Манайд орж ирэхдээ Э халамцуу байсан тэгээд манайхаас гараад манай хажуу талын айл болох Батбаатарынд ороод архи ууж байх шиг байсан. /Би гэртээ байсан болохоор сайн мэдэхгүй байна/ Тэгээд удалгүй манай хүү Б адуунаасаа ирээд Батбаатарынхаас дуран авна гээд л тэднийх руу орсон. Төд удалгүй манай хүү Б болон Э 2 Батбаатарынхаас муудалцаад гарж ирээд гэрийн гадаа зодолдож эхэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч Д.Батбаатарын өгсөн:...2019 оны 08 дугаар сарын 04-ны өдөр 14 цагийн орчимд манай хөрш Б хотоос ирсэн тэгээд адуундаа яваад ирэхэд нь тэднийд байдаг Энхманлайгийн аав, ээж болох Энхбат, Мөнхцэцэг нар аймгаас хүүгээ авахаар ирлээ гээд ирсэн. Тэгээд тэр 2 манайд орж ирээд ганц шил юм уугаад байж байтал гаднаас Б дуран авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгээд л гэнэт Э, Б 2 маргалдаж эхэлсэн. Би яг юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би манайхаас гарч маргалд гээд гэрээсээ гаргатал тэр урд зодолдоод байх шиг байсан би хол байсан болохоор хэн нь эхэлж цохисон зодсоныг сайн мэдэхгүй байна. Тэр үед бол тэгэж айхтар бол цусаа гартал зодолдсон асуудал байхгүй ээ...Э манайд ирэхдээ жаахан халамцуу байсан. Тэгээд надтай хамт нэмж жоохон юм уусан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 369 дугаартай дүгнэлт
Ц.Б яллагдагчаар өгсөн:...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 09 цагийн орчимд Улаанбаатар хотоос ээж 3 хүүхдийн хамт гараад 14 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 баг Хужирт цагаан толгой гэх газарт гэртээ ирсэн. Тэгээд гэртээ иртэл бороо их ороод манай гэр бараг усанд автах гэж байсан болохоор гэрээ нүүлгэх гээд адуундаа яваад иртэл манай хуурай ах Э эхнэр Мөнхцэцэгийн хамт Advan маркийн автомашинаа халамцуу бариад Хэнтий аймгаас ирсэн байсан. Тэгээд манай хажуу талын айл болох Батбаатар ахынд ороод архи ууж байсан. Тэгээд би адуунаас ирээд Батбаатар ахынхаас дуран авах гээд ортол тэдний гэрт Батбаатар ах, Анхбаяр болон Батбаатар ахын эхнэр 4-н хүүхэд нь мөн Э ах эхнэр Мөнхцэцэг хүү Энхманлайгийн хамт байж байсан. Тэгээд л намайг ортол Энхбат ах над руу агсраад элдвээр хэлээд байсан тэгэхээр нь би Э ах руу хандаж та нар манай адууг харвал харж чадахгүй бол боль гэж хэлэхэд Э ах чи муу дандаа ингэж хэлдэг гээд над руу дайрсан. Тэгтэл гэрийн эзэн Батбаатар ах та нар манайхаас гараад муудалц гэхээр нь бид 2 гараад тэдний гэрээс урагшаа алхаж байтал Э ах шууд миний нүүр лүү мөргөөд боож эхэлсэн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд биеэ хамгаалах зорилгоор эргүүлж цамцнаас нь боогоод бид 2 газар унаад дээр доороо оролцоод Э ах миний цээж рүү цохиод л байсан. Тэгээд бид хоёрыг Анхбаяр, манай ээж Төмөрхуяг болон Батбаатар ах салгасан ... би Э ахыг цээж рүү 1 удаа өшиглөсөн мөн өөрийгөө хамгаалах зорилгоор нүүр лүү нь мөн цохисон асуудал гаргасан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/
Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуу/
Ц.Б иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 39 хуу/
Хохирогч Г.Э гаргасан “ Ц.Бгомдол, саналгүй” тухай хүсэлт /хх-ийн 44 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Хэнтий аймаг Баянхутаг сумын 1 дүгээр баг Хужирт цагаан толгой гэх газар хохирогч Г.Э маргалдан зодож уруулын салстанд язарсан шарх, зүүн дээд 2-р шүдний сулрал, баруун нүдний гадна буланд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Э болон гэрч Ч.Мөнхцэцэг, Д.Төмөрхуяг, Д.Баярбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Э-ыг зодсоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ц.Б-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого болох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ