| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0237/Э |
| Дугаар | 217 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0237/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа
Улсын яллагч М.Гэрэлбадрах
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б холбогдох 1939005................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнө Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багт оршин суух иргэн В.З гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч В.З өгсөн:..Батширээт сумын төвд байх гэртээ 2019 оны 08 дугаар сарын 24-ний орой үл таних хүн зодуулж гэмтэл авсан...Би эмчилгээний зардалд зориулж 500.000 төгрөг нэхэмжилж байна...Тухайн үед Б гэх хүн манай гэрт орж ирчихээд ээжийн маань унтаж хэвтдэг орон дээр унтаж хэвтэх гээд байхаар нь би уг хүнд хандан та чинь яаж байна аа, манайхаас гар, яв гэж хэлсэн, тэгэхэд уг Баярсайхан гэх хүн надад хандан чи намайг танихгүй байна уу гэж хэлсэн, тэгэхээр нь би уг хүнд хандан таныг танихгүй байна гэж хэлсэн, тэгэхэд л уг хүн уурлаад надад хандан чамайг таньдаг болгоно оо гээд намайг зодож цохисон, бодвол уг хүн намайг гэрээсээ хөөлөө гэж бодоод л уурлаад намайг зодож цохисон байх гэж бодож байна...Б гэх хүн намайг үсдэж байгаад миний толгой, чих, нүүр лүү ойролцоогоор 4-5 удаа гараараа цохисон, толгой руу маань 1 удаа өвдөгөөрөө өвдөглөсөн, хөнгөн цагаан таягаар маань толгой, гар, хөл рүү маань ойролцоогоор 3-4 удаа тус тус цохисон, өөрөөр бол зодож цохиогүй...би 2019 оны 07 дугаар сард ажлаа хийж байгаад зүүн хөлөө хугалчихсан юм...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-14 хуу/
Гэрч Б.Солонгийн өгсөн...2019 оны 08 дугаар сарын 24-ний оройн 23 цагийн орчим манай хөрш Ширчмаагийн хүү З гэх залуу гэрийнхээ гаднаас Солонгоо эгчээ хурдан ирээрэй гээд 2-3 удаа дуудсан. Би гэрийнхээ гадаа байсан болохоор яасан талаар асуугаад яваад очиход З хүнд зодуулчихлаа гэхээр нь хэнд гэж асуухад Б гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. З өөрийнхөө гэрийн зүүн хашаан дээр гарсан байсан. Манайх З гэрийн хойд талын хөрш айл. Би хашаан дээрээс нь буулгаад хөтлөөд явах гэсэн чинь эгчээ би явж чадахгүй байна гэхээр нь би өөрийн нөхөр Р.Золбоог дуудаж машиндаа өргөж суулгаад хэсгийн төлөөлөгчид дуудлага өгөөд Золбаярыг авч эмнэлэг явсан. Эмнэлэг дээр хүргэж өгөөд удаагүй байтал З ээж Ширжмаа болон ах Баярхүү нар эмнэлэг дээр хөдөөнөөс удалгүй ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
Гэрч А.Ганбаатарын өгсөн:...би Б ахыг багаасаа мэднэ, Б ах зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи дарсыг бол нэлээн хэрэглэчихдэг боловч архи уухаараа агсам согтуу тавиад байдаггүй л юм шиг байдаг, тамхи татдаг, өөр ямар нэгэн гаж муу зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө нь ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, одоо л зодоон цохионы хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, адуу малд сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй, эхнэр 4 хүүхэдтэй одоо эхнэр хүүхдүүдийнхээ хамт Хэнтий аймгийн Батширээт суманд оршин сууж амьдарч байна, ер нь Б ах даруу төлөв, ажилсаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 439 дугаартай дүгнэлт
Б.Б яллагдагчаар өгсөн:... би 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Батширээт сумын төвд хоёр найзтайгаа архи дарс уусан юм. Тэгээд би уг хоёр найзаасаа салаад Батширээт сумын төвд байдаг манай аавтай сүүлд амьдарч байсан Сэрчмаа гэх эгчийн гэр лүү нь очиж унтахаар явсан, тухайн үед ойролцоогоор 22-23 цагийн үе л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь тодорхой болж хэлж мэдэхгүй байна. Тэгээд Сэрчмаа эгчийнд ирэхэд Сэрчмаа эгч гэртээ байхгүй байсан бөгөөд хүү нь болох Згэх залуу л гэртэй ганцаараа хэвтээд байж байсан тэгээд би Сэрчмаа эгчийн гэрт нь унтах гэхэд З нь намайг унтуулахгүй яв гээд хөөсөн, тэгэхээр нь би уг З гэх залууд уурлаад З хандан танай ах нар чинь намайг хөөж байгаагүй юм шүү гэж хэлсэн, тэгээд З бид хоёр хоорондоо маргалдаж муудалцаад би З заамдаад авсан, тэгэхэд З нь хажууд байсан таягаараа намайг цохихоор нь би уг таягийг нь З-аас булааж аваад З-г үсдэж байгаад уг таягаар нь З-г 3-4 удаа л цохиж зодсон, би З-ыг өөрөөр зодож цохиогүй, би З-ыг зодож цохисоноо бол хүлээн зөвшөөрч байна, ахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна...тухайн үед З намайг гэрээсээ хөөгөөд байсан юм, тэгэхээр нь миний уур хүрээд л З-ыг зодоод цохичихлоо...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Б.Б иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51 хуу/
Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуу/
Хохирогч В.З-ын бичсэн Б.Б-аас нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 58 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний шөнийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр багт оршин суух хохирогч В.З-тай согтуугаар гэрт нь маргалдан түүнийг зодож баруун шанаа, баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, цээж, баруун шуунд зулгаралт, баруун шанаа, чих, баруун хөлөнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч В.З, гэрч Б.Солонго нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч В.З зодсоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Б.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 58 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 63 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.Б нь хүлээн зөвшөөрч /хх-ийн 68 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч В.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ