| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00456/И |
| Дугаар | 210/МА2026/01021 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01021
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, ******* /*******/, *******ийн*******дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах, 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ы хууль эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, ******* /*******/, **************дүгээр гудамж, ******* тоот хувийн сууцны хууль ёсны өмчлөгч юм.
Уг хувийн сууцанд хариуцагч ******* нь 2013 оноос амьдарч байгаа бөгөөд боломжтой болохоороо мөнгийг нь бүрэн өгнө гэж орсон боловч одоо хүртэл төлбөрийг төлөөгүй, энэ олон жилийн хугацаанд миний бие түүнд удаа дараа шаардлага тавьж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд, хариуцагчийг өөрийн өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, мөн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө ямар ч түрээс, хөлсгүйгээр олон жил хариуцагчид ашиглуулж хохирч ирсэн, энэ хугацаанд миний алдагдсан боломж маш их, хариуцагч нь ийм байдлаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, өөрийн зардлыг хэмнэж байна.
Иймд, хариуцагчийг миний өмчлөлийн хөрөнгөөс албадан чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2013 онд энэ орон сууцыг худалдах, худалдан авахаар талууд гэрээ байгуулж, нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь надад худалдсан орон сууцаа миний зөвшөөрөлгүйгээр 2013 болон 2019 онд банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж их хэмжээний орлого олж, миний хууль ёсны эзэмших эрхэд маш ноцтойгоор, бүдүүлгээр халдаж байсан тул амины орон сууцыг бусдад алдах вий гэж эмээн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр, аль аль талаас гэрээнээс татгалзъя гэж бичгээр болон амаар санал гаргаж байгаагүй.
Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээнээс үүдээд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр хууль ёсоор надад орон сууцыг худалдах зорилгоор миний өмчлөлд шилжүүлсэн байхад үүнийг хууль бус гэж үзэх боломжгүй. Магадгүй талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг ч юм уу, эсхүл үнэхээр гэрээнээс татгалзаж байгаа бол хэрхэн татгалзах бэ, татгалзъя гэж нэхэмжлэгч нь яриад байгаа бол өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх ёстой байх. Тэгэхээр 150,000,000 төгрөгөө нэхэмжлэгчээс өгөх юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Зээлээр худалдах худалдан авах гэрээний гол онцлог бол өөрөө сайн дураараа эзэмшлийг урьдчилаад шилжүүлдэг. Төлбөрийг дараа төлбөрт байдлаар хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэгч болон хариуцагч нар гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгчээс гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах эсхүл гэрээнээс татгалзъя гэдэг шаардлага гаргаагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, ******* ******* *******ийн*******гудамж, -3 тоот хаягт байрлах 121 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдан авах зорилгоор нэхэмжлэгчид 150,000,000 төгрөг шилжүүлээд орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж, өөрийн гурван хүүхэд нөхрийн хамт амьдарч байна. Хэрэв нэхэмжлэгч нь худалдах зорилгогүй, эсхүл гэрээнээс татгалзсан, дуусгавар болгохоо ядаж нэг удаа ч болов мэдэгдэж байсан бол үлдэгдэл төлбөрийг яаралтай төлөх, эсхүл зээл авах, эсхүл урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан шаардах зэрэг боломжит хувилбаруудыг хайж нэхэмжлэгчтэй тохиролцож болох байсан.
Түүнчлэн анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 183.3-т заасан заалтуудыг баримталж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь, талууд улсын бүртгэлийн гэрчилгээний талаар огт маргаагүй, гэрчилгээ үнэн зөв бичигдсэн талаар маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Мөн талуудын хооронд хууль ёсоор Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээний үүргээ талууд биелүүлж байгаа, тус гэрээ хүчин төгөлдөр, аль нэг талаас гэрээг дуусгавар болгосон, татгалзсан зүйл байхгүй буюу үүргийн гүйцэтгэл хэвээр үргэлжилж байгаа энэ тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид 272,250,000 төгрөгөөр зарсан боловч тус орон сууцаа 10,000,000 төгрөгөөр үнэлж, тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг төлж, шүүх болоод хариуцагчийг хууран мэхэлсэн.
Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчаас орон сууцны бодит үнэлгээг гаргуулах, шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ талаарх шийдвэрлэсэн ямар ч баримт байхгүй нь процессын алдаа гэж үзэж байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
5. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Миний төлсөн мөнгө өнөөдрийн зах зээлийн ханшаар байрны үнэд хангалттай хүрсэн гэх шалтгаанаар хариуцагч мөнгө төлөхөө больсон бөгөөд бид үүнээс хойш гэрээнээс татгалзаж, байр чөлөөлж өгөх, холбогдох хугацааны төлбөрөө авах шаардлага тавьсан. 2013 онд хариуцагчийн нөхөр маргаан бүхий эд хөрөнгийг авахаар гэрээ байгуулсан бөгөөд үүний дараа 2019 онд эхнэртэй нь буюу *******тай гэрээ байгуулсан. Иргэний үйлийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч өөрийн өмчлөлийн эд зүйлийг чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Бид зэргэлдээ хаалганд амьдардаг тул миний бие хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд хариуцагчид олон удаа боломж олгосон. Сүүлийн байдлаар 2019 онд гэрээ байгуулсан бөгөөд тухайн үед төлбөрийг 2020 онд төлж барагдуулна гэж хэлж байсан боловч төлбөрөө төлж барагдуулаагүй. Хариуцагч болон түүний нөхөртэй ярилцаж байх үед шүүхэд хандах болсон талаар манай эхнэр хэлсэн. Бид 2023 онд шүүхэд хандсан бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, ******* /*******/, **************дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах 121 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түүний хууль эзэмшлээс чөлөөлүүлэх тухай гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь ... миний өмчлөлийн хувийн сууцанд хариуцагч нь 2013 оноос амьдарч байгаа, тэрээр төлбөрийн боломжтой болохоороо төлбөрөө төлнө гэсэн боловч төлөөгүй, миний бие олон жилийн хугацаанд удаа дараа түүнд шаардлага тавьж байсан хэдий ч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзсан. Иймээс Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан... гэсэн бол,
хариуцагч нь ...талууд 2013 онд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, миний зүгээс нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийг өгсөн, тухайн гэрээ хүчин төгөлдөр, хэн, хэн нь гэрээнээс татгалзъя гэж санал гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр гэрээний дагуу тус хувийн сууцыг надад шилжүүлсэн тул үүнийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй... гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны зүйлийн талаарх эрх зүйн дүгнэлт буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Талууд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******оос Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, *******, **************дүгээр гудамж, ******* тоот хаягт байрлах 121 м.кв талбайтай хувийн сууцыг 272,250,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ. /х.х-ийн 25/
Хэдийгээр зохигч дээрх гэрээг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж тайлбарлаж байгаа ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.
Тодруулбал, талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон болохоос гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг зөвхөн худалдах үеийн үнийг ийнхүү хожим төлөхөөр тохирсон байхын сацуу зээлээр худалдаж буйн төлөө нэмж төлөх төлбөр хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй болно.
Харин талуудын хооронд худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
5. Зохигчийн байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид маргаан бүхий амины орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн бол хариуцагч нь гэрээний үнэ болох 272,250,000 төгрөгөөс урьдчилгаа 150,000,000 төгрөгийг төлсөн ба үүнээс ам.долларын зөрүү 3,105,000 төгрөгийг хасаж, үлдэх 119,145,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.
Тодруулбал, хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн, тухайн амины орон сууцыг 2013 оноос хойш эзэмшиж байгаа, үлдэгдэл төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй.
Гэвч нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон орон сууцны эзэмшлийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн бол хариуцагч ******* нь үлдэгдэл төлбөр 119,145,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.
Хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон тухай баримт авагдаагүй боловч түүний ...энэ олон жилийн хугацаанд би удаа дараа хариуцагчид шаардлага тавьж байсан хэдий ч үр дүнд хүрээгүй... гэх тайлбар үндэслэлтэй. Учир нь,
Маргааны зүйл болох амины орон сууц нь Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, *******, **************дүгээр гудамж, ******* тоот хаягт байрладаг бөгөөд нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг,*******дугаар хороо, *******, **************дүгээр гудамж, тоот хаягт оршин суудаг буюу зэрэгцээ амьдардаг тул нэхэмжлэгчийн ...би өдөр тутам хариуцагчаас үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэсэн... тайлбарыг хүлээн авна.
Иймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгож байсан гэж үзнэ.
7. Хариуцагч ******* нь маргаан бүхий хувийн сууцанд 2013 оноос хойш амьдарч эхэлсэн, улмаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр үлдэгдэл төлбөр 119,145,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч тийнхүү төлөөгүй байна.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******од 119,145,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан, улмаар гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байх тул дээр дурдсан хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д Дараахь нөхцөл байдал байвал энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гээд 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол гэж зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч *******ыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэв.
Тиймээс нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан учир хариуцагчийн ...гэрээ хүчин төгөлдөр, хэн, хэн нь гэрээнээс татгалзъя гэж санал гаргаж байгаагүй... гэх тайлбарыг хүлээн авахгүй.
8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын хувь өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд хариуцагч *******ы эзэмшил хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.
Зохигч 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч хариуцагч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байхад хариуцагч ******* нь амины орон сууцыг үндэслэлгүйгээр чөлөөлөхгүй байгаа үйлдлийг нэхэмжлэгч *******ын өмчийн зүйлийг хууль бусаар эзэмшсэнд тооцно.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул уг шийдлийг хэвээр үлдээж, энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
9. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан бусад гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
9.1. Анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/23292 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 58-59/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, процессын зөрчил гаргасан гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
9.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өмчийн нэхэмжлэл буюу хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөх бөгөөд тэрээр улсын тэмдэгтийн хураамжид 175,000 төгрөг төлснийг буруутгахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/04722 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР