Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00987

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-12-13 тоотод оршин суух Зундуйн Хэнзээ

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-14-4 тоотод оршин суух Магсарын Түмэннасан

3 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Түмэннасан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдөр З.Хэнзээ надаас 2.0 сая төгрөгийг сарын 4.5%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авсан. Гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо огтхон ч хийж дуусгахгүй гэрээний үүргээ зөрчиж намайг хохироосоор байна. М.Түмэннасангаас авах учиртай мөнгөө тооцвол:1.Үндсэн зээл 2.0 сая төгрөг: зээлийн хүү 540.000 төгрөг, алданги 1.0 сая төгрөг нийт 3 540 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.Түмэннасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэгч З.Хэнзээ гуайн нэхэмжилсэн үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 540 000 төгрөгийг миний бие эргүүлэн төлөхөөр Хэнзээ гуайтай тохирлоо. Энэ 2 540 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор өгнө. Харин алданги 1 000 000 төгрөгийг надаас бэлэн мөнгөөр авна гэвэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний дотор өгч болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М.Түмэннасан нь нэхэмжлэгч З.Хэнзээгийн нэхэмжлэлийн шаардлага  3 540 000 төгрөгийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71 590 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35 795  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 35 795 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч З.Хэнзээгийн нэхэмжлэлийн шаардлага 3 540 000 төгрөгийг хариуцагч М.Түмэннасан нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2 540 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1 000 000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 71 590 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35 795  төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 35 795 хариуцагч М.Түмэннасангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Хэнзээд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ