| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 144/2025/00348/И |
| Дугаар | 203/МА2026/00002 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 203/МА2026/00002
2025 оны 12 сарын 24 өдөр Дугаар 203/МА2026/00002 Даланзадгад сум
Ц.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2025/00379 дугаар шийдвэртэй,
Ц.*******ын нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
*******" ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, 2025 оны 1-6 сарын хугацааны олгоогүй цалин болон ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.******* миний бие нь "*******" ХХК-ний менежерийн ажилд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Миний бие нь тухайн компанийн мод үржүүлгийн газарт мод үржүүлгийн газарт өдөр тутам хийгдэх ажлыг агрономичийн зааврын дагуу удирдан зохион байгуулах, машин трактор болон бусад тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа бүрэн бүтэн байдлыг хариуцах, мод үржүүлгийн газрын түр болон улирлын ажилтнуудад зааварчилгаа өгөх гүйцэтгэх ажлын хуулийг нарийвчлан гаргаж, удирдлагаар батлуулан ажлын гүйцэтгэлд хяналт тавих аюулгүй байдлын дүрэм заавруудыг дагаж, мөрдөх ажилтнуудын аюулгүй ажиллагаанд хяналт тавих, заавар өгөх гэх мэт үндсэн үүрэгтэй ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ тухай бүр тасралтгүй гүйцэтгэж байсан. Тухайн компани хөдөлмөрийн гэрээ байгуулсан ч ажилд авсан тушаал гаргаагүй, хөдөлмөрийн хөлсийг сар бүр олгоогүй, 2024 оны 09-12 дугаар сарын цалинг 2025 оны 03 дугаар сарын 24-нд бөөн өгсөн. Түүнээс хойш 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өд бөөнд нь олгосон. Нийгмийн даатгалын шимтгэл огт төлөөгүй. Цалинг сарын 2 300 000 төгрөг байхаар тохиролцож гэрээнд тусгасан. Гэтэл "Инкомэкс" ХХК-ний захирал нь намайг 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №04 дугаартай тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Үүнийг миний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Намайг ажлаас ямар шалтгааны улмаас ажлаас чөлөөлж байгаа үндэслэлээ надад өмнө нь мэдэгдээгүй, энэ талаар тайлбар аваагүй, 2025 оны 06 дугаар сарын 01- ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй ба 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалыг 2025 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 16-ны өдөр надад гардуулсан. Тиймээс "Инкомэкс" ХХК-ний захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилж, ажлаас халагдсанаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус компанийн захирал 2024 оны 9 сарын 1-ний өдрийн 4 дугаартай тушаалаар Ц.*******ыг ажилд томилсон. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6.1.7, 6.1.8 дахь заалтуудыг удаа дараа зөрчсөн. Тодруулбал: Ажил олгогчийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй байж сумын удирдлагууд болон ******* ХХК-ийн ажилтнуудтай уулзаж ярилцлага зохион байгуулж, байгууллагын бусад ажилтнуудаас хувийн шинжтэй асуулт асуух, ажил олгогчийн өмнөөс шийдвэр гаргах, байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудалд дураараа оролцсон эдгээр үйлдэлтэй холбоотойгоор ажил олгогчоос тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлээгүй бөгөөд энэ байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Өдөр тутам өглөө ажилдаа 9 цаг 30 минутаас ирээд 14 цагт ажлаасаа явдаг байсан. Ажлын цагийн хуваарь, үүрэг гүйцэтгэлд нийцэхгүй алдаа гаргасан. 2025 оны 6 сарын 1-нээс 6 сарын 9-ний өдрийг хүртэл ажилдаа огт ирээгүй. Энэ хугацаанд ажиллаж байсан бусад ажилтнууд үүнийг нотолно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээг баталсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 10.3.1.7-т зааснаар ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажилдаа ирэхгүй байвал ноцтой зөрчил болохыг тодорхой заасан. Хөдөлмөрийн дотоод журмын 5.5.1-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт ажлын өдрийн 3 өдөртэй тэнцэх хугацаанд ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмыг ******* 31-с 6 сарын 9 хүртэл ажилдаа ирээгүй. Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг ноцтой зөрчсөн, зөрчлийг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Дээрх зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах бүрэн үндэслэл болж 2025 оны 6 сарын 10-ны өдрөөс 4 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар ******* ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Мөнхжин овогт Цэдэнхүүгийн *******ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мод үржүүлгийн газрын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******ад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 200,073.2 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын давж заалдах гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "..Хариуцагч "******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т Ажил олгогч энэ хуулийн 65.4.2. 78.1.5. 80.1.2. 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлax тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг зөрчсөн, хөдөлмөрийн харилцааг цуцлax талаараа нэхэмжлэгч Ц.*******ад Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хугацаанд нь мэдэгдээгүй байна. гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, Хөдөлмөрийн гэрээний 10.3.1.7-д Ажилтан нь ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцална. Ноцтой зөрчилд дараах үйлдлүүдийг хамааруулна: ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гурваас дээш өдөр ажилдаа ирээгүй байх" гэж заасан байдаг. Иймд ажилтан нь дээрх заалтад заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-ийн дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан.
Тиймээс шүүхийн зүгээс 80.4-т заасан 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх журам нь зөвхөн хуульд заасан бусад (65.4.2, 78.1.5, 80.1.2, 80.1.3)-д хамаарах үндэслэлүүдэд хэрэглэгдэх бөгөөд 80,1.4-т заасан ноцтой зөрчил"-ийн тохиолдолд хамаарахгүй билээ. Иймд шүүхийн энэхүү дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.
Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Хариуцагч "******* XXК нь нэхэмжлэгч Ц. *******ыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэж маргаж энэ талаараа тайлбар гаргасан боловч бичгийн нотлох баримтаар /цагийн бүртгэл/ хангалттай нотлоогүй, ажилтанд энэ талаар мэдэгдэж тайлбар аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д ажил олгогч хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж, уу дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр эсхүл uaxim хэлбэрээр гаргана. гэж заасантай нийцээгүй байна гэсэн нь үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч Ц.******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчин, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, тасалсан болно. Ц.******* нь өөрийн тайлбартаа ...Намайг 06.01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй. ...Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. гэх зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгч, ажил тасалсан үйлдлээ нуух, өөрийгөө зөвтгөх зорилготой зөрчилтэй тайлбар өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа юм.
Иймд нэхэмжлэгч нь ажилдаа ирээгүй, тасалсан, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчсөн нь түүний өөрийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа.
Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон Хөдөлмөрийн гэрээний 10.3.1.7-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр гурваас дээш өдөр ажилдаа ирээгүй гэсэн ноцтой зорчил гаргасанд үндэслэн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах журмыг зохицуулдаг бөгөөд 123.2-т дараах таван төрлийн шийтгэлийг заасан байдаг:
1. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
2. нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
3. үндсэн цалинг гурван cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
4. албан тушаал бууруулах;
5. ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах.
Эдгээр нь ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулах дараалал, шат дараатай үйл ажиллагаанд хамаарах зохицуулалт бөгөөд 80.1.4-т заасан ноцтой зөрчил-д хамаарахгүй юм.
Иймээс уг тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах журам (123 дугаар зүйл) хэрэглэх шаардлагагүй бөгөөд шүүхийн зүгээс уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэг ...Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй,ажил тасалсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан Хас банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар цалингийн үлдэгдэл гэж 10.091,140 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******ад олгожээ. /хавтаст хэргийн 62 дахь тал/, Өөрөөр хэлбэл хариуцагч. ...баримтаар нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй болно. гэсэн нь үндэслэлгүй. Учир нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатаа ...******* ХХК-аас... .2025 оны 1-6 сарын хугацааны цалинг... .гаргуулах. гэж тусгасан боловч, Хас банкны мөнгөн шилжүүлгийн баримт нь 2025 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны цалин бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ цалинг бүрэн хүлээн авсан гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлан мэдэгдсэн байна.
Иймд энэхүү шилжүүлгийн баримт нь тухайн хугацааны цалинг нэхэмжлэгч бүрэн авсан гэдгийг нотолж байгаа бөгөөд шүүх талуудын нотолгоо, тайлбарыг бүрэн үнэлэлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлэгт тулгуурлан дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, бодит нөхцөлд нийцээгүй гэж үзэж байна.
Мөн Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэг "...Мөн нэхэмжлэгч Ц.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж тайлбар гаргасан боловч энэ талаарх үйл баримт талуудын мэтгэлцээн болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна," гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч ******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж бус, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр ажилдаа ирээгүй, ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.
Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ ...2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс намайг ажилд оруулаагүй. гэж бичсэн байдаг. Гэтэл энэ нь өөрөө ажилдаа ирээгүй, тасалсан гэдгээ шууд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд, "ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэж тайлбар гаргаж байгаа нь ч мөн адил ажилдаа ирээгүй болохыг нотолж байгаа үйл баримт юм.
Ийм нөхцөлд шүүхийн зүгээс ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нь нотлогдоогүй" гэж үзэх нь энэхүү маргааны бодит нөхцөл байдалд нийцэхгүй бөгөөд ажилдаа ирээгүй, ажил тасалсан зөрчлийг андуурсан буруу дүгнэлт гэж үзэж байна.
Тиймээс уг дүгнэлт нь хууль зүйн буруу хэрэглээтэй, үндэслэлгүй болно.
Мөн шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй, нэг талыг баримтлан дутуу дүгнэлт хийсэн. Гэтэл нэхэмжлэгч Ц.******* 2025.05.31-2025.06.10-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, тасалсан нь гэрч нарын мэдүүлэг болон өөрийнх нь мэдүүлгээр нотлогдсон бөгөөд, ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн дагуу зөв үйлдэл юм. Иймд шүүхийн дээрх дүгнэлт нь бодит нөхцөлд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 144/ШШ2025/00379 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өнгө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах гомдолд өгсөн хариу тайлбартаа:
Хариуцагч нь хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх гэснийг зөрчсөн нь үндэслэлгүй гэсэн нь үндэслэлтэй ба энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.
Харин хуулийн дээрх заалтыг буруу тайлбарласан гэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх заавал 30 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй талаар дүгнэлт хийгээгүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нь 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэггүй ч ямар үндэслэлээр халах болсон үндэслэлээ ажлаас халахаас өмнө танилцуулж, мэдэгдэж, тайлбар авах талаар хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т хуульчилсан.
Тиймээс анхан шатны шүүхийн "...хөдөлмөрийн харилцааг цуцлах талаараа нэхэмжлэгч Ц.*******ад Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хугацаанд нь мэдэгдээгүй байна гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Ц.*******ыг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэх хугацаанд ажилдаа ирээгүй ажил тасалсан, Ц.******* нь өөрийн тайлбартаа ..намайг 06,01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй. ...Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан ажилтны үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэх зэрэг зөрүүтэй мэдүүлэг өгч, ажил тасалсан үйлдлээ нуух, өөрийгөө зөвтгөх зорилготой зөрчилтэй тайлбар өгсөн нь гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа гэжээ.
Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлсийг тогтмол хугацаанд өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан гарч байсан ба үүнээс болж нэхэмжлэгч нь ажилдаа очихгүй, хариуцагч нь ажилд нь гаргахгүй, ажлаас чөлөөлсөн гэх маргаан болсон байдгаас ажилдаа очоогүй. Энэ талаараа нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийн ажилд гаргахгүй, ажлаас чөлөөлсөн гэдгийг дурдсан, харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь цалин олгохгүй байсан учир ажилд очоогүй гэдгээ нэмж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлдээ ажилд гаргаагүй шалтгааныг, шүүх хуралдаан дээр ажиллаагүй шалтгаанаа нэмж хэлсэн байдгаас зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй юм.
Гэсэн ч энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарыг шүүх хүлээж аваагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, харин хариуцагчийн ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас халахдаа нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар аваагүй, ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэдгээ нотлох үүргээ нотлох баримтаар нотлоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 1 4-ийн дагуу шууд цуцалсан, сахилгын шийтгэл ногдуулах журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123,2-т тусгасан, энэ нь 80.1.4-т хамаарахгүй, иймээс энэ тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах журам /123 дугаар зүйл/ хэрэглэх шаардлагагүй, шүүхээс уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх мэтээр ойлгомжгүй, зөрүүтэй, хууль зүйн үндэслэлгүй зүйлийг гомдолдоо дурдсан байна.
Өөрөөр хэлбэл дээрх тайлбарыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй юм.
Хариуцагч талаас нэхэмжлэгч нь "ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан" гэж тайлбар гаргаж байгаа нь ажилдаа ирээгүй болохыг нотолж байгаа үйл баримт юм гэх тайлбарыг гомдолдоо дурдсан ба энэ нь ажилд ирээгүй шалтгааны нэг хэсэг, нөгөө талаар ажилд гаргаагүй талаар дээр дурдсан, ажиллаагүй талаар аль аль тал маргаагүй, өөрөөр хэлбэл ажилд ирээгүй шалтгаан нь дээрх 2 шалтгаантай холбоотой. Цалин олгохгүй байгаагаас ажилдаа очихгүй, ажлаас халсан гээд ажилд нь гаргахгүй гэж маргалдсаны эцэст ажилдаа ирээгүйн төлөө зөвхөн ажил гүйцэтгэхээс татгалзсан гэх үндэслэлээр ажилдаа ирээгүйг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлөх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл ажлаас чинь халсан, ажилдаа битгий ирээрэй гээд ажилд нь гаргахгүй байх үед нэхэмжлэгч нь ажил таслаагүй байсан ба дээрх хоёр шалтгааны улмаас ажилдаа ирээгүй байхад зөвхөн нэг шалтгаан буюу цалингаа өгөхгүй байхаар нь ажилдаа очоогүй гэдгийг ажил тасалсан гэж үзэж ажлаас чөлөөлж, энэ талаар гомдолдоо дурдаж, шийдвэрийг хүчингүй болгуулахаар санал гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Тиймээс анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2025/001379 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэг 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-д заасан заалтууд л хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг нь Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэгт хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлд хамаарах заалт бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт юу гэж заасан байдаг вэ гэхээр ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авч, сахилгын зөрчлийг шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан учир зөвхөн сахилгын шийтгэлд хамаарах заалт байна.
Гэтэл манай ажлаас халсан үндэслэл нь сая дурдаад байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3, 123.3 бол биш 80.1.4 буюу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан учраас халсан. Гэтэл шүүхээс буруу дүгнээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь буруу тайлбар гаргаад байгааг гайхаж байна. Мөн давж заалдах гомдлын хариу тайлбартаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгч ажилд очихгүй, хариуцагч ажилд гаргахгүй, ажлаас чөлөөлсөн гэх маргаан болсон байдлаас ажилдаа очоогүй. Энэ талаараа нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч нь ажилд гаргахгүй, ажлаас чөлөөлсөн гэдгийг дурдсан. Харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь цалин олгохгүй байсан учир ажилдаа очихгүй байсан гэдгээ нэмж хэлсэн байдаг.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс намайг ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй гэж бичсэн байдаг. 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай ачааллын үе байсан бөгөөд Ц.*******ад манай зүгээс чөлөөлсөн гэж мэдэгдэж, ажилд гаргаагүй зүйл огт байхгүй. Тухайн үед Ц.******* нь өөрөө ажилдаа огт ирээгүй. Мөн шүүх хурал дээр нэхэмжлэгчийн зүгээс би Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу ажлаасаа өөрөө татгалзсан гэж тайлбарлаад байсан. Өмгөөлөгчийн бичээд байгаа шиг нэмж хэлсэн зүйл огт байхгүй. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу эрхээ эдлээд ажлаасаа татгалзсан гэж тайлбар гаргаж хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээрээ хариуцагч намайг чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй гэж манай буруу юм шиг бичээд шүүх хурал дээр би Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу ажлаасаа өөрөө татгалзсан, надад тийм эрх байгаа гэж хэлээд байдаг. Энэ хоёр тайлбар нь хоёулаа худлаа, манай зүгээс чөлөөлсөн гэж мэдэгдэн ажилд гаргаагүй зүйл огт байхгүй.
Гэхдээ дээрхээс харахад нэхэмжлэгч нь 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны хооронд эд ачааллын үед нэг ч удаа ажилдаа ирээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэдэг нь үнэн. Хоёр гэрчийн мэдүүлгээр ч нотлогддог. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч ажилдаа очоогүй, хариуцагч нь ажилд гаргаагүй гэх маргаан болсон гэх агуулгатай зүйл бичээд байдаг. Энэ бол бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө ажилдаа ирээгүй тохиолдолд хариуцагч тал түүнийг ажилд гаргахаас татгалзсан гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 144/ШШ2025/00379 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2025 оны 1 дүгээр сараас эхлээд ******* ХХК-ийн захирал надтай харьцаж ямар ажил хийх гэж байгаа, хэчнээн хүн хэрэгтэй байгаа талаар хэлж, ярьдаггүй. Ямар ч ажил төрлийн холбоо байхгүй. Улаанбаатарт байж байгаад нэг мэдэхэд ирдэг.
Тэгээд би 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бүтэн ажилласан. Цалингаа 5 сар огт аваагүй. Тэгээд би 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаасаа татгалзаад Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ажлаас түр татгалзаад байж байсан. Татгалзсан хойгуур буюу 06 дугаар сарын 12-ны өдөр ******* ХХК, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газраас компанийн үйл ажиллагаатай танилцаж, ажлын тайланг сонсоно гэсэн.
Намайг 06 дугаар сарын 10-ны өдөр халчихсан байсныг надад мэдэгдээгүй. Өмнө нь хулгайчтай хамтарч ажиллахгүй гээд нөхөр нь хүртэл хэлсэн. Би нөхөртэйгөө хамт байхад нь уулзсан. Та нар чинь яагаад ажлаа хамтарч хийхгүй байгаа юм бэ, юу хийх ёстой юм бэ, яах ёстой юм, яагаад ярилцахгүй байгаа юм бэ гээд уулзсан чинь хулгайчтай хамтарч ажиллахгүй гэсэн. Тэгээд хоорондоо маргаж байсан. Түүнээс хойш би 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Намайг 05 дугаар сарын 31-ний өдөр ажиллаагүй гэж яриад байна. Би 05 дугаар сарын 31-ний өдрийн 4 цаг хүртэл ажиллаад, 06 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан. Тэрнээс хойш 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажилдаа очихгүй татгалзаад л байж байсан. Тэр хооронд компанаас хэн ч яриагүй. Тэгээд 06 дугаар сарын 12-ний өдрийн хурал дээр очсон чинь чамайг 06 дугаар сарын 10-ны өдөр халчихсан гэж хэлсэн. Ийм л асуудал болсон гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хөдөлмөрийн гэрээний 10.3 дугаар зүйлд гэрээг дуусгавар болгох талаар тусгасан. Компани дараах тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэл өгч ажилтны хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгоно гээд 10.3.1 дэх хэсэгтээ заагаад, мөн 7 үндэслэл заасан байдаг. Үүний 7 дахь заалтад ажилтан ноцтой зөрчил гаргасан гээд тусгаад өгчихсөн. Тэгэхээр энэ хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн асуудал байгаа.
Тэгэхээр гаргасан зөрчилтэй нь холбогдуулаад сахилгын шийтгэл оногдуулж байгаа үйлдэл. Тэгэхээр сахилгын шийтгэл оногдуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцалсан гэдэг тайлбарыг хэлээд байгаа нь үндэслэлгүй. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.
Нэхэмжлэлдээ өмнө нь цалин өгсөнгүй, цалингаа авъя гэдэг байдлаас хоорондоо маргалдаад ажилдаа очихгүй, хариуцагч нь ажилд гаргахгүй гэдэг байдлаар маргалдаад үүний улмаас ажилдаа очоогүй. Мөн хариуцагч тал нь цалин олохгүй байгаа учраас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил гүйцэтгэхээс нэхэмжлэгч татгалзсан асуудал байгаа. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө мэдэгдсэн байдаг. Түүнээс хойш 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 09-ний хооронд ажилдаа ирээгүйг үндэслээд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүхээс ажилд нь эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь мод үржүүлгийн газрын менежерийн албан тушаалд гэх буюу ******* ХХК гэдгийг нэмж оруулах саналтай байна. Зөвхөн Өмнөговийн аймгийн Ханбогд сумын Мод үржүүлгийн газар гээд тухайн компани нь байхгүй болохоор энэ тушаалыг биелүүлэхэд эргэлзээ төрөхөөр байгаа учраас өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Ц.******* нь ******* ХХК-д холбогдуулан тус компанийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №04 тушаалыг хүчингүй болгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, тус компанийн менежерийн ажилд эргүүлэн томилуулах, 2025 оны 1-6 сарын хугацааны олгоогүй цалин болон ажлаас халагдсанаас хойших ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Б.******* нь нэхэмжлэгч Ц.*******ыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл бүхий зөрчлүүдийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Анхан шатны шүүх ******* ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.*******ыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Мод үржүүлгийн газрын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,500,000 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахад хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.******* нь 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Б.Аюурзаныг, 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийг төлөөлөн оролцуулахаар тус тус итгэмжлэл олгожээ.
Анхан шатны шүүх 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгчөөс гаргасан гэрчээр П.*******, Д.******* нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхээр хойшлуулж, тухайн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, гэрч Д.*******, П.******* нарыг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагт товлогдсон шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул цахимаар оролцуулж өгнө үү гэх хүсэлт /хх-ийн 96-р тал/-ийг ирүүлсэн боловч шүүх энэ хүсэлтийг шийдвэрлээгүй бөгөөд шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга ирц илтгэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй байна /хх-ийн 109-р тал/ гэж, шүүх хуралдаанд оролцогчдоос ирцтэй холбоотой санал байхгүй гэснээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аюурзаныг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг зөвтгөн засах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ын гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 144/ШШ2025/00379 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Т.ДЭЛГЭРМАА