| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0191/Э |
| Дугаар | 218 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0191/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Э.Мичидмаа
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.М-с Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-д холбогдох эрүүгийн 1940... тоот дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.З
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.З нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг 6-619 тоотод байрлах хашааны зүүн талд байрлах иргэн Б.Ц-ын эзэмшлийн гахайн байрнаас Б.Ц-ын эзэмшлийн 6 хоногтой таван тооны тооройг нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 8 наас 9 нд шилжих шөнө иргэн Б.Ц-ын эзэмшлийн эзэмшлийн 2 тооны эм гахайны цээжин тус газарт, болон 3 сартай нэг тооны тооройны зүүн гуян тус газарт буюу нийт 3 тооны гахайг тус тус хутгаар зүсэж гэмтээн 1.150.000 төгрөгийн буюу иргэн Б.Ц-д нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.З нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг 6-619 тоотод байрлах хашааны зүүн талд байрлах иргэн Б.Ц-ын эзэмшлийн гахайн байрнаас Б.Ц-ын эзэмшлийн 6 хоногтой таван тооны тооройг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 04 дүгээр сарын 8 наас 9-нд шилжих шөнө иргэн Б.Ц-ын эзэмшлийн эзэмшлийн 2 тооны эм гахайны цээжин тус газарт, болон 3 сартай нэг тооны тооройны зүүн гуян тус газарт буюу нийт 3 тооны гахайг тус тус хутгаар зүсэж гэмтээн 1.150.000 төгрөгийн буюу иргэн Б.Ц-д нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 онд манай хүү Ц.Хүрэлсүх нь тус сумын 3 дугаар баг Нарлаг хороолол 6-619 тоотод хашаа байшин худалдаж аваад хөгшин бид хоёр хүүгийнхээ хашаанд бууж хашаанаасаа зүүн тийш 30 орчим метр зайд гахайн байр бариад тэндээ гахайгаа тэжээдэг болсон юм. Өчигдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед гахайндаа хоолыг нь өгчихөөд байж байгаад орой 19 цагийн үед гахайнуудаа байранд нь оруулаад тоолоход 21 тооны гахай байсан. Тэгэхээр нь дотор талын хаалгыг нь хаагаад уяагаар уяад мөн гадна талын сараалжин хаалгыг нь хааж уяагаар уяад орхисон. 21 цагийн үед хүү Хишигтогтохын хамт Дорноговь аймгийн Айраг сум руу ачаа тосох гэж яваад Бор-Өндөр суманд 00 цагийн үед ирсэн. Ирээд хүү Хишигтогтох гахайныхаа байрыг нь очиж эргэхэд зүгээр байсан. Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг өнгөрөөгөөд гахайн байраа очиж шалгахад үүдний хаалга онгорхой, дотор талын хаалга нь бас онгорхой дунд талын тасалгаанд гурван тоорой байсны нэг нь алга болчихсон байсан. Тэгэхээр нь хашаанаас гараад урагшаа харсан чинь урд талын дэрсэнд гэдсийг нь гаргаад тавьчихсан, хажуу талд нь 1 метр орчим зайд хүзүүн тус газраа зүсүүлсэн, үхчихсэн тоорой байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Цагдаа нар ирээд үзлэг хийж байх үед 6 хоногтой таван тоорой, 3 сартай нэг тоорой алдагдсанг олж тогтоосон. Мөн 2 настай эр гахайны маань цээжин тус газар нь хурц үзүүртэй зүйлээр хатгачихсан бас 3 сартай нэг тооройны зүүн хойд талын гуянд нь хатгачихсан цус гараад явж чадахгүй байгаа” ...
... гахайн хашааны ойр орчмыг шалгахад гахайн хашаан дотор пүүзний мөр бололтой мөр гарсан, хашаан дотуур явсан байдалтай байсан. Мөн хашааны гадна талаар шалгахад хашаанаас 1 тооны гахайг чирж явсан бололтой мөр үүсэж, хашаанаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт буюу манай гэрийн урд талын хашаа руу орсон байсан. Тэгэхээр нь тэр мөрийг дагаад явтал манай урд талын хашаанд орсон. Тэр хашаан дотор уг гахайг алсан бололтой цус болсон байсан. Тэгсэн эргээд уг хашаанаас цус гоожуулж чирж явсан мөр байхаар нь уг мөрийг дагахад гахайн хашаанаас 3-4 метр орчимд 2 сартай 1 тооны гахайг алаад хаячихсан байсан. ...би гахайнуудаа бүртгэхэд 5 хоногоос 2 сартай 5 ширхэг тоорой, хулгайд алдагдаж, 3 гахайг хутгалж шархдуулсан байсан. Уг шархдуулсан 3 тооны гахайнаас 2 тооны эм гахай нь үхчихсэн, харин 1 тооны эр гахай буюу бухан гахай нь амьд үлдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18х/, /хх-ийн 19-20х/
Гэрч Ц.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цагийн үед гэртээ унтаж байтал аав Б.Ц гаднаас орж ирээд “гахайны байрны хаалгыг онгойлгоод 1 тоорой аваад гахайн байрны урд талын дэрсэнд гэдсийг нь гаргаад алаад хаячихсан байна” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаа нар ирээд үзлэг шалгалт хийж байх үед 2 настай гахайны өвчүү хэсэгт нь хурц үзүүртэй зүйлээр хатгаад цус нь гоожчихсон, мөн 1 тооройны зүүн хойд талын хөлөнд нь хатгачихсан цус гарсан байдалтай, саяхан төрсөн 6 хоногтой 5 тооны тоорой алдагдсанг мэдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 тал/,
Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “манай гахайн байрнаас нийт 8 тооны гахай алга болсон байсан. Үүнээс нэг гахай нь үхсэн тэр нь айлын хөргөгчинд байсан. Тэр залуугийн гэрээс 4 ширхэг жижиг гахайн тоорой байсныг амьдаар нь эргүүлж авсан.Мөн манай гахайнуудаас 3 гахайг тус тус бие рүү нь хутгалсан байсан. Ингээд манайхаас нийт 5 гахай хулгайлагдаж, 3 гахайг зүсэж гэмтээсэн... манай гахайн байр 1 том хаалгатай... гахайн байрны хаалга хаалттай үед гаднаас хүн нэвтрэх боломж байхгүй. Гахайн байраа хаагаад хаалгаа онгойхгүйгээр төмөр утсаар уясан. Цоож хийх боломжгүй учраас төмөр утсаар хүн гаднаас орох болон гахайнууд гарахаас сэргийлдэг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 143 тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9х/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 148-149 тал/
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15х/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 26 тал/
Яллагдагч Б.З-шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.....гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокурор Г.М нь Б.З-ын хулгайн үйлдэлд ял өөрчлөн сонсгох тухай тогтоолоороо болон яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгтээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон, дүгнэсэн атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр зүйлчилэн алдаатай бичсэн, яллагдагчид яллах дүгнэлтийг гардуулж өгөхдөө засаж өгсөн байдлууд байсныг шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Бямбасүрэн техникийн шинжтэй алдаа гэж залруулсан тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.З-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.З-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.З-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийн устгаж гэмтээсэн үйлдэлд нь 400 /дөрвөн зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 хоногийг 8-н цагаар тооцож нэмж нэгтгэн 1 жил 2 сарын хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт нь 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тус ялыг нэмж нэгтэн 1.200 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх хэсэгт зааснаар нйитэд тустай ажил хийлгэх ялын 1 хоногийг ажлын 8 цагаар тооцож цагдан хоригдсон хугацаанд шилжүүлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол төлбөрийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан бодит хор уршиг болох үхсэн нэг тоорой 100 000 / нэг зуун мянга/ төгрөг, 2 эм гахай нэг нь 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг нийт 1 000 000 /нэг сая / төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн бариултай, 17.5 см урттай 1 ширхэг хутгыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.З нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З-ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.З-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг устгах гэмтээх буюу Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 /таван зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.З-н нийтэд тустай ажил хийх ялын хугацааг нийт 1240 /нэг мянга хоёр зуун дөчин/ цагаар тогтоож, нийт 1240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 хоногийг ажлын 8 цагаар дүйцүүлж нийт 155 хоногт тооцон Б.З-г шүүх хуралдааны танхимаас сулласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.З-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.000.000 /нэг сая / төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ц-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг журамлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор энэ тогтоолын 5 дахь хэсэгт заасан хохирлыг төлж барагдуулахыг шүүгдэгч Б.З-од үүрэг болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн бариултай, 17.5 см урттай 1 ширхэг хутгыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгасугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.З-д авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА