Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00988

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-23 тоотод оршин суух Хариат овогт Галсангийн Энхсаран /РЮ:68062220/

Хариуцагч: Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Энхсаран, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Цэвэгмэд, гэрч Б.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энхсаран шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Энхсаран миний бие Орхон аймгийн МСҮТөвд оёдлын технологич мэргэжлийн багшаар ажиллаж байгаад МСҮТ-ийн захирал Д.Бүүвэйбаатарын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 тоот тушаалаар “орон тоо хасагдсан” гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Энэ үед Монгол улсын Хөдөлмөрийн яамны сайд Г.Баярсайханы гаргасан 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалаар МСҮТ-ийн захиралын тушаалд дурдагдсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/126, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны А/16 тоот тушаалууд хүчингүй болсон. Үүний дагуу Монгол улсын Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргалын үүрэг болгосноор бидний хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан багш нарыг ажилд эргүүлж авахаар болсон. Уг нь бол МСҮТ-ийн бүтцэд орон тооны ямар нэгэн өөрчлөлт орохоор шийдвэр гараагүй байсан ба төсөв нь хуучин хэвээрээ батлагдсан байсаар байхад /2015-2016 оны хичээлийн жилд/ ийм ойлгомжгүй байдлаар  хандсан. Ингээд 2016 оны 04 дүгээр сарын 15-наас МСҮТ-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаярын тушаалаар “Амьдрах ухаан” сургалтын төслийн ажилтны орон тоон дээр ажиллах болсон. Ажилд орох үедээ МСҮТ-ийн удирдлагад ажилгүй байсан үеийн цалин, НДШ-ийг нөхөн төлүүлэх хүсэлт тавьсан. Удирдлагын зүгээс боломжгүй гэсэн хариулт өгсөн. Үүний учир надад ажилгүй байсан үеийн 2016 оны 01 дүгээр сарын 26-наас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин, НДШ-ийг нөхөн олгуулах хүсэлтэй байгаа тул энэхүү хүсэлтийг минь хүлээн авч туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:  2016 оны 01 дүгээр сарын 26-наас 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин 63 хоногийн 2 100 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

  Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Цэвэгмэд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тус шүүхэд иргэн Г.Энхсарангийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Багш Г.Энхсаран нь тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/11 тоот тушаалаар тус сургуулийн “Амьдрах ухааны боловсрол” төслийн сургалтын багшийн орон тоон дээр хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болно. Г.Энхсаранг тус сургуулийн захирал асан Д.Бүүвэйбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр багшийн ажлаас чөлөөлжээ. Тухайн үед Г.Энхсаран багш нь ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ хүлээн зөвшөөрч ямар нэгэн гомдол санал гаргаагүй. Багш нар нь хичээл заах цаггүй болсон үед цалин хөлс авах боломжгүй болох нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн А/251 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-аар батлагдсан ба үүнийг дагаж мөрдөж ажилладаг болохыг багш Г.Энхсаран нь мэдэж байсан учраас хүлээн зөвшөөрч, уг тушаалд ямар нэгэн гомдол санал гаргаагүй гэж үзэж байна.

2.Зөвхөн цалин хөлстэй холбоотой маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах комисс урьдчилан шийдвэрлэх журамтай болохыг багш Г.Энхсаран зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Г.Энхсарангийн 3 сарын цалин хөлс болох хэдэн төгрөг нэхэмжилж, хэдэн төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь тодорхойгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй нэхэмжлэлийг хүлээн авсан байна.

Иймд дээрхи үндэслэлүүдээр багш Г.Энхсарангийн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ нь:

          

Нэхэмжлэгч Г.Энхсаран нь Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 63 хоногийн цалин 2 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Энхсаран багшийн цагийн норм хүрэхгүй, дааж авсан анги нь төгсөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Энхсаран нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Орон тоо хасагдсан гэсэн шалтгаанаар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 10 дугаартай тушаал гарч оёдолчин мэргэжлийн ангийн багшийн орон тоог хассанаар намайг үүрэгт ажлаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Гэтэл Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаартай тушаалаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн баталж, 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/126, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгосон. Гурван сарын дараа буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс МСҮТ-ийн захиралын үүрэг гүйцэтгэгч Б.Төгсбаярын тушаалаар Амьдрах ухааны боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг дэмжих сургалтын багшаар 3 сарын хугацаатай түр ажиллах болсон. Ажилд орох үедээ ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэх тухай хүсэлтийг удирдлагад тавьсан боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан ажилгүй байсан хугацааны мөнгө 2 100 000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Цэвэгмэд  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Багш нар хичээл заах цаггүй болсон үед цалин хөлс авах боломжгүй болох нь Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/198/215 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн сургалтын ажлыг багц цагаар тооцох журам, Хөдөлмөрийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн А/251 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн ур чадварын түвшин, ажлын ачаалал тогтоох журам”-аар батлагдсан ба үүнийг дагаж мөрдөж ажилладаг болохыг багш Г.Энхсаран нь мэдэж байсан учраас хүлээн зөвшөөрч, ажлаас чөлөөлсөн тушаалд ямар нэгэн гомдол санал гаргахгүй гэж тухайн үеийн удирдлагад хэлж байсан. 810 цагийн хичээл заах нормтой байтал Г.Энхсаран багшийн цаг хүрээгүй. Үүнийгээ ойлгож байсан. Нэхэмжлэлийн шаардлага 2 100 000 төгрөгийг хариуцах үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай  тушаалаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/170 тушаалаар батлагдсан элсэлтийн хяналтын тоогоор ...оёдолчин мэргэжлээр нэмэлт элсэлт хийгдэхгүй, хичээлийн жилийн анги нь төгсөж хичээлийн нормт цаг байхгүй болсон ...Оёдолчин мэргэжлийн ангийн багшийн нэг орон тоог хасаж, багш Г.Энхсаранг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, захирлын тушаалаар /хх-3/ нотлогдож байна.

Ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн яаманд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гаргасан болох нь гэрч Б.Төгсбаярын ...яамнаас Энхсаранг ажлын байраар хангах хүсэлтийг стратеги төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Байгалмаа надад утсаар санал тавьсан гэсэн мэдүүлэг, тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гардаж авсан гэсэн нэхэмжлэгчийн  тайлбарыг хариуцагч байгууллагын төлөөлөгч үгүйсгээгүй зэргийг үндэслэн нэхэмжлэгч Г.Энхсаран нь тушаалаа 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гардаж аван гомдлоо Хөдөлмөрийн яаманд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Г.Энхсарангийн гаргасан өргөдлийг яамны ажилтан Б.Байгалмаа хүлээн авч шийдвэрлэх хугацааг 1 сараар сунгаж, Г.Энхсаранг Орхон аймгийн МСҮТ-д амьдрах ухааны багшаар авсан тухай захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Б.Төгсбаяртай 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр утсаар мэдээлэл аван өргөдлийн хариуг мөн өдрөө амаар өгч хаасан болох гэрч Б.Төгсбаярын мэдүүлэг, хэрэгт хавсаргасан өргөдөл гомдлын хяналтын картаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Г.Энхсарангийн ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Хөдөлмөрийн яам 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаартай сайдын тушаалаар хүчингүй болгосон ба ажилтанг ажлын байраар хангах тухай үүргийг холбогдох яамны мэргэжилтэн амаар өгч байсан, мөн Г.Энхсаранг Амьдрах ухааны боловсрол, амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг дэмжих сургалтын багшаар 3 сарын хугацаатай түр ажиллуулахдаа оёдлын багшийн цалингаар цалинжуулж байсан зэргээс үзвэл хариуцагч байгууллагын төлөөлөгчийн цалинг заасан цагаар нь олгох, багшийн зэрэглэл хамааралтай байдаг гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.Энхсаранг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол бус цалин хөлсний маргаан байх бөгөөд уг асуудлаар заавал хөдөлмөрийн маргаан таслах комиссд урьдчилан хандсан байх шаардлаггүй юм.

Иймд нэхэмжлэгч Г.Энхсарангийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч байгууллагаас 2 100 000 /нэхэмжлэгчийн 3 сарын дундаж цалин 755 066 төгрөг/ төгрөг гаргуулан, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хариуцагч Орхон аймгийн МСҮТөвөөс 48 550 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 2 100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхсаранд олгож, дээрх олговроос шимтгэл тооцон эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 48 550 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр ньтанилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ