| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01054/И |
| Дугаар | 00989 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 00989
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-100 тоотод оршин суух Сандуйжавын Отгонцэцэг
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнж 4б-21 тоотод оршин суух Цэвээнравдангийн Батхүүд холбогдох
1 060 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Батхүү нь 2015 оны 09 сарын 02-нд 922 100 төгрөгийг банкнаас зээл аваад өгнө, цаад хугацаа нь сарын хугацаатай гээд өдрийн 0.5 хувийн хүүтэй харилцан тохиролцсон боловч нэг ч төгрөгийн тооцоо хийхгүй өдийг хүрлээ. Энэ хооронд удаа дараа утсаар ярьж уулзаж тооцоо дуусгахыг шаардахад “зээл гарахгүй байна, цалин буугаад өгье” гэж худлаа ярьж залилан мэхлэж өнгөрсөн 9 сарын хугацаанд намайг сэтгэл санаа эдийг засгаар хохироож байгаа тул Ц.Батхүүгээс үндсэн мөнгө 922 100 төгрөгийг нэг сарын хүү 138 300 төгрөгийн хамт нийт 1 060 400 төгрөгийг гаргуулж эдийн засгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Цэвээнравдан овогтой Батхүү би Сандуйжав овогтой Отгонцэцэгээс 1 060 400 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. 8 сараас хойш сар болгон 200 000 төгрөгөөр төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч С.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Батхүүгийн хариу тайлбартай танилцаж зөвшөөрч байгаа тул 2016 оны 08 сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгийг авч төлбөрөө барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Ц.Батхүү нь нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 060 400 төгрөгийг 2016 оны 08 сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж байхаар хүсэлт гаргасаныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Отгонцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага 1 060 400 төгрөгийг хариуцагч Ц.Батхүү нь 2016 оны 08 сараас эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж байхаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, тал хувь болох 15 000 төгрөгийг төрийн сангаас, тал хувь болох 15 000 төгрөгийг хариуцагч Ц.Батхүүгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Отгонцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ