| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/02079/И |
| Дугаар | 210/МА2026/01012 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01012
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01540 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний бие 2024 оны 12 дугаар сард ээлжийн амралтын үлдэгдэл 3 өдрийн амралтаа эдлэхээр байгууллагын Хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн *******д мэдэгдэж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд биеэр эдэлсэн. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байхад ямар ч мэдээлэл өгөөгүй, тухайн сарын 26-ны өдрөөс ээлжийн амралтын үлдсэн хоногийг биеэр эдэлж байх үед буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр огноолон *******ийн захирлын Б/89 дугаар хөдөлмөрийн гэрээ цуцалж, тэтгэмж олгох тухай тушаал гаргасан.
Ээлжийн амралттай байх хугацаанд хүний нөөцийн ахлах мэргэжилтэн ******* байгууллагын viber групп дэх өөрийн хаягаар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 14:50 цагт системээс ажилласан жил татагдаад санхүүгээс төрд ажилласан 26 жилээр мөнгө нь бодогдоод данс руу нь орох юм байна. Гэнэт юун мөнгө, яав ийв гэх вий гэсэн мэдээллийг над руу явуулсан. Улмаар дээрх тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монгол шуудан компанийн хүргэлтээр намайг эзгүй байх хугацаанд гэрт хүргэгдсэнээр мэдсэн. Энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.
1.2 Ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг баримталсан боловч эдгээр заалтыг баримталсан үндэслэл нь буюу нотлох баримт нь тогтоогдохгүй. Учир нь, хэрэв ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа бол ажилтны гэрээ цуцлах тухай хүсэлтийг албажуулах үүрэгтэй. Гэтэл тушаалд намайг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан гэж тушаалын хууль зүйн үндэслэх хэсэгт заасан ба миний гаргасан өргөдлийг ажил олгогч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 16 дугаар зүйлд заасан хугацаанд мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй атлаа өргөдөл гаргасан мэтээр тушаалд үндэслэсэн нь дээрх хууль тогтоомж болон Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.4 дэх заалтыг зөрчсөн.
Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллахаар тэтгэвэр тогтоолгох асуудлыг хойшлуулах, мөн 2006, 2009 оны бүрэн төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бичгээр гаргасан. Гэтэл уг хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй бөгөөд би хүсэлт өгснөөс хойш үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн учраас хүсэлтийг хангасан гэж үзэх үндэслэл бүрдэнэ.
1.3 Мөн Хөдөлмөрийн тухай хуульд тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй. Тушаалын 2 дахь заалтад нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцож олгохоор заасан нь Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан буцалтгүй тусламж олгох журмын 2.1, 3.1, 4.2, 5.3, 5.4 дэх заалтыг тус тус зөрчсөн. Тухайн буцалтгүй тусламж тооцох цалингийн хэмжээг тогтоохдоо үндэслэл нь ойлгомжгүй буруу тогтоосон. Дээрх журмын 5.3-т заасны дагуу миний бие тэтгэмж авах талаар хүсэлт огт гаргаагүй. Иймээс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тэтгэмж 27,040,693.33 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
Түүнчлэн, миний бие байгууллагын ЭБАТ-ын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тухайн байгууллагын удирдлага Эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх, албан тушаалаас чөлөөлөх, шинээр томилох тохиолдолд Авлигатай тэмцэх газарт мэдэгдэх үүрэгтэй атал энэ үүргийг албан ёсоор биелүүлээгүй.
1.4 Би ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай гомдлыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг ******* хангаагүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар *******ийг *******ийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтийн дагуу *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргаж *******т танилцуулж улмаар үдэн гаргах ёслол хийгдэх бэлтгэл ажил хангагдсан байхад тэрээр тушаалтай танилцахгүй хэмээн ажлаас гарч явсан. 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын эдлээгүй үлдсэн 3 хоногийг нөхөн амарсан гэдэг нь үндэслэлгүй. Харин тэрээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалтай танилцахгүй хэмээн ажилдаа ирээгүй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажил цуглахад ирсэн атлаа мөн тушаалтай танилцахгүй гарч явсан бөгөөд гадуур ажилтай хэмээн танилцуулах боломж олгоогүй.
2.2 Мөн тэрээр өөрийн гаргасан хүсэлтдээ ...2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэж дурдсан байдаг бөгөөд 2024 оны 11 дүгээр сар хэмээн тодруулан бичиж өгсөн. Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан хүсэлтийн дагуу өөрийнх нь тогтоосон хугацааны дагуу бүхий л зүйлийг төлөвлөж, 2024 оны төсөвт түүнд олгох тэтгэмжийг суулган өгч, хүсэлтэд нь дурдагдсан 2024 оны 11 дүгээр сар хүртэл ажил үүргийг нь гүйцэтгүүлж, улмаар тус хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргах гэтэл ******* нь 2024 оны 10 сарын 07-ны өдөр дахин ...хуульд заасан үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 7 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэж өргөдөл гаргасан.
Ажил олгогчийн зүгээс түүний гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч 2024 оны 11 сард багтаан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байсныг хойшлуулж хүсэлтэд дурдагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдсон асуудлыг бүрэн судалж, хүлээн авч, нөхөн төлөлт хийж шийдвэрлэж өгсөн. Түүний нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлтийг алдангийн хамт 131,231.25 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр холбогдох дансанд төвлөрүүлж, ийнхүү шийдвэрлэсэн тухайгаа *******т 2024 оны 11 сарын 27-ны өдөр Захиргаа, санхүү, удирдлагын алба /хуучнаар/-ны дарга *******, хүний нөөцийн ахлах мэргэжилтэн *******, нягтлан бодогч ******* нар биечлэн уулзаж мэдэгдсэн.
Ийнхүү төвийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцалж, тэтгэмж олгох тухай Б/89 дугаар тушаалыг мөн өдрийн 12 цагийн үед танилцуулах гэсэн боловч тэрээр ажлын байрандаа байхгүй байсан тул Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасны дагуу хүний нөөцийн мэргэжилтний цахим шуудангаас тушаалыг хүргүүлсэн. Мөн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтэн ******* тушаалыг түүнд гардуулахаар уулзахад тэрээр хүлээн авахаас татгалзаж, мөн өдөр төвийн захирал 11:00 цагт хүлээн авч уулзахаар хэд хэдэн удаа залгаж дуудуулахад түүний зүгээс гарч явсан байна, уулзах боломжгүй гэсэн хариуг өгсөн тул аргагүйн эрхэнд тушаалын эх хувийг *******т 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр, ажил хүлээлцэх мэдэгдэх хуудсыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монгол шуудангаар тус тус хүргүүлсэн.
2.3 Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагүй буцалтгүй туслах олгох журам-ын 2.1, 2.2-т заасны дагуу үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын /ТҮ-8 зэрэглэл/ сүүлийн 3 жилийн дунджаар тооцсон. Ингээд сүүлийн 3 жилийн Засгийн газрын тогтоолоор батлагдсан ТҮ-8 зэрэглэлийн цалин 2022 оны Засгийн газрын 472 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар 832,357 төгрөг, 2022 оны Засгийн газрын 107 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар 832,357 төгрөг, 2022 оны Засгийн газрын 488 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар 898,946 төгрөг, 2023 оны Засгийн газрын 241 дүгээр тогтоолын 10 дугаар хавсралтаар 1,114,000 төгрөг, 2024 оны Засгийн газрын 128 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтаар 1,337,000 төгрөг буюу дундаж нь 1,040,026 төгрөгийг *******ийн төрийн албанд ажилласан 26 жилээр үржүүлэн нийт 27,040,693 төгрөгийг шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийг *******ийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 45,924,300 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ийн болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэхийг хариуцагч *******д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул хариуцагч *******өөс 387,571 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******д гаргасан өргөдөлдөө Миний бие ******* нь тус төвд 2003 оноос өнөөдрийг хүртэл мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би холбогдох хууль, журамд заасны дагуу 2024 онд багтаан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байх бөгөөд энэхүү өргөдөлд дурдсаных нь дагуу бид 2025 оны төсөвт түүнд олгогдох 27,040,693.33 төгрөгийг өндөр насны тусламжийг тусгуулж байсан. Мөн тэрээр 2025 оны 10 дугаар сард багтаан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлж байсан тул бид ажлаас чөлөөлөх, үдэн гаргахтай холбоотой хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байтал *******ийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргаж, 2004, 2005, 2006, 2009 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, дутуу байгааг шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Гэтэл анхан шатны шүүхээс *******ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан, хойшлуулсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан талаар амаар болон бичгээр хүсэлт, өргөдөл гаргаагүй юм. Харин миний ажилласан жилийг буруу тооцоолсон, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дутуу, нэг удаагийн тусламжийг дутуу тооцоолсон гэх зэргээр тайлбар, хүсэлтийг гаргаж байсан. *******ийн зүгээс *******ийг өндөр насны тэтгэвэрт гарахыг шаардаж байгаагүй бөгөөд түүний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөл нь зөвхөн өөрийнх нь хүсэл зоригийн илэрхийлэл байсан юм.
4.2 Мөн анхан шатны шүүх *******ийг 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын дутуу хоногийн амралтыг эдэлж байсан хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрч *******гийн өгсөн мэдүүлгүүдийг бүхэлд нь үнэлж дүгнээгүй, холбогдох бусад баримтуудтай харьцуулж дүгнээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч нь 55 нас хүрсэн бөгөөд хэрэв 60 нас хүртэл ажиллах бол энэ талаар хүсэлт гаргах боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч тэтгэвэрт гарах хүсэлт гаргаагүй байхад ажил олгогчийн зүгээс ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтуудыг үндэслэн зөв шийдвэр гаргасан. Тухайлбал, Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1-д заасан насанд хүрсэн ахмад настныг 65 насанд хүрээгүй бөгөөд өөрөө хүсэлт гаргаагүй байхад тэтгэвэрт гарахыг шаардах, энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлахыг хориглоно гэж заасан. Хариуцагч тал нэхэмжлэгчийг хүсэлт гаргасан байхад ажлаас чөлөөлсөн мэтээр тайлбарлаж байгаа боловч уг хүсэлт нь тэтгэвэр тогтоолгохыг хойшлуулах тухай агуулгатай байсан.
5.2 Хариуцагч тал 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдийг ээлжийн амралтын үлдэгдэл хоногийг эдлээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн өдрүүдэд ээлжийн амралт олгосон албан ёсны тушаал гараагүй бөгөөд нэхэмжлэгчийг ажилдаа ирээгүй гэж үзэн ажил тасалсан гэж дүгнэсэн. Үүнийг үндэслэн сахилгын арга хэмжээ авч, улмаар тэтгэвэрт гаргах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг, түүний дотор гэрчийн мэдүүлгийг, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хуульд заасны дагуу иж бүрэн үнэлж шийдвэрээ гаргасан. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, *******ийн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанд хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/89 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.2, 2.3, Эрүүл мэндийн яамны Чиглэл хүргүүлэх тухай 2024 оны 7/327 дугаар албан бичиг, *******ийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/26 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 4.7.3, 4.7.6 дахь заалт болон 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******ийн гаргасан өргөдлийг үндэслэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын албанд Хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн ******* нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, албан тушаалаас нь чөлөөлсөн. /1хх 7/
Дээрх тушаалын дагуу *******т 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 27,040,693 төгрөгийг Өндөр насны тусламж гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлснийг ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******д буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /1хх 12-13/
3.1 Ажил олгогчийн дээрх тушаалын агуулга нь ажилтан *******ийн тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өөрийнх нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй. Өөрөөр хэлбэл, ажилтны санаачилга нь түүний хүсэлтээр илэрхийлэгдэх бөгөөд энэ нь түүний хүсэл зоригийн илэрхийлэл болсон байх учиртай.
4. ******* нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдөлдөө Миний бие ******* нь тус төвд 2003 оноос өнөөдрийг хүртэл мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Би холбогдох хууль, журамд заасны дагуу 2024 онд багтан өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /1хх 69/ Улмаар, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өргөдөлдөө Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын ахлах мэргэжилтэн ******* би тодорхой шалтгааны улмаас холбогдох хуульд заасан журмын дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. Би Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 07 сарынх тус тус төлөгдөөгүй, 2006 оны 5, 11 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн байна. /1хх 196/
4.1 Ажил олгогчоос дээрх хүсэлтийн дагуу ажилтан *******ийн 2004 оны 10, 11, 12 сар, 2005 оны 02, 05, 06, 07 сар, 2006 оны 03, 06, 07, 08, 09 сар, 2009 оны 07 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн тайлан гарган нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлсөн. /хх 71-75/
4.2 Хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн гаргасан өргөдлийг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг хариуцагч шийдвэрлэхээс өмнө нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг хүсэлтээсээ татгалзсан агуулга бүхий хүсэлтийг гаргасан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн сүүлд гаргасан уг хүсэлтийг харгалзахгүйгээр, мөн тодруулахгүйгээр анхны гаргасан хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. Нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, түүнийг хариуцагч хүлээн авсан. Уг хүсэлтийг хариуцагчийн зүгээс шийдвэрлэхээс өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нь уг хүсэлтээрээ хойшлуулсанд хариуцагч тодорхой үйлдэл гаргаагүй, хүсэлтийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан үйлдэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
4.3 Түүнчлэн, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.
Нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ...******* би тодорхой шалтгааны улмаас холбогдох хуульд заасан журмын дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ хойшлуулж байна. Би Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт нийгмийн даатгалын шимтгэлийг шүүлгэхэд миний ажиллаж байсан хугацааны 2006 оны 6, 7, 8, 9, 10 сарынх, 2009 оны 07 сарынх тус тус төлөгдөөгүй, 2006 оны 5, 11 сарынх дутуу төлөлттэй байх тул энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж өгөхийг хүсье гэсэн хүсэлтийн агуулгаас үзвэл тэрээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг цуцлах хүсэлтээсээ татгалзсан байна.
4.4 Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн нөхөн тайлан гарган нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлсөн нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлтийн агуулга нь нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нөхцөлд өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах болзол тавьсан хүсэл зориг гэж үзэхээргүй байх тул анхан шатны шүүх *******ийг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх *******ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан, хойшлуулсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд түүний зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсан талаар амаар болон бичгээр хүсэлт, өргөдөл гаргаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 45,924,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг үнийн дүнгээс шимтгэл төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.
6. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын дутуу болох 3 хоногийн амралтыг эдэлж байсан нь тушаалын үндэслэл болоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******ийг 2024 оны 12 дугаар сарын 26, 27, 30-ны өдрүүдэд ээлжийн амралтын дутуу хоногийн амралтыг эдэлж байсан хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрч *******гийн өгсөн мэдүүлгүүдийг бүхэлд нь үнэлж дүгнээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
М.БАЯСГАЛАН