| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0239/Э |
| Дугаар | 221 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0239/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Уртнасан,
Өсвөр насны шүүгдэгч Л.З нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1. дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Л.З-д холбогдох 193900............... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Л.З
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.З нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Я.У-ын эзэмшлийн “Содон” барааны дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 847050 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.З нь 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 9-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт үйл ажиллагаа явуулдаг иргэн Я.У-ын эзэмшлийн “Содон” барааны дэлгүүрт нэвтрэн орж эд зүйлийг хулгайлан 847050 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт:.../хх-ийн 11-17 тал/
2. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл:.../хх-ийн 19 тал/
3. Хохирогч Я.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ байж байтал шөнө 01 цагийн үед манай гэрийн доод давхарт байх дэлгүүрт маань чимээ гарч паар дуугараад дараа нь хөлийн чимээ, янз янзын юм дуугараад байсан.Тэгээд би тэр чимээ гарахаар нь хулгай орж байна гэж бодоод өөрийн нөхөр Чингэс рүү залгаж дуудсан. Манай нөхөр тухайн үед 3 нуур амралтын бааз дээр амарч байсан юмаа. Манай нөхөр тэндээс ирэх хүртэл 30 минут болсон. Тэгэхэд доор юм дуугараад байсан. Би сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн утсыг мэдэхгүй болохоор нөхөрөө ирэхийг хүлээсэн. Тэгээд 30 минутын дараа манай нөхөр гэртээ орж ирэхэд доод давхарт дуугараад байсан дуу чимээгүй болоод хүн гараад гүйчихсэн. Тэгээд нэг давхарын дэлгүүрийн хаалга татаж үзэхэд цоожтой байсан гэсэн. Тэгээд дээшээ хоёр давхарлуу гарах хооронд цонхоор гараад зугтаасан байсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээ онгойлгоод үзтэл лангууны арын бүх зүйлийг нураасан, өлгөөтэй хувцаснуудаас өм өм авсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 6 ширхэг пүүз, эмэгтэй жинсэн яак, жилэтка 2 ширхэг, спорт хослол 2 ширхэг, улаан цэнхэр өнгийн, дотортой саарал өмд 1 ширхэг, биеийн тамирын өмд 2 ширхэг, эрэгтэй саравчтай малгай 1 ширхэг, эрэгтэй шар өнгийн сандаал 1 ширхэг, оймс 3 ширхэг, эдгээр хувцаснууд алга болсон. Дээрээс нь загасны СС-60 буюу өгөөш 11 ширхэг, дамар 1 ширхэг, повер банк 1 ширхэг, бэлэн 137050 төгрөг тус тус алга болсон. Нийт 847050 төгрөгийн хохирол учруулаад байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/
Иргэний нэхэмжлэгч Я.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай “Содон“ барааны дэлгүүрт хулгай орж дараах эд зүйлс алдагдсан. Үүнд:
4. Л.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны орой 22-23 цагийн орчимд Довруу П бид хоёр Ундаахай ахын ажилтны гэр лүү очсон. Тэгээд очтол хүн байгаагүй. Тэгээд буцаад алхаад явж байгаад П шавар, усанд гутлаа норгочихсон. Тэгээд П доороосоо даараад байна гээд сумын төв орж хувцас авъя гэхээр нь би тэгдэг ч юм уу гээд хамт явсан. Тэгээд бид хоёр Ундрах эгчийн дэлгүүрлүү зөвшөөрөлгүй орсон. Ундрах эгчийн барааны дэлгүүрлүү орохдоо П цонхыг нь дээд модноос нь барьж байгаад хөлөөрөө хүчтэй өшиглөөд онгойлгосон. Тэгээд бид хоёр дэлгүүрлүү орсон. Эхлээд би ороод миний араас П орж ирсэн. Би лангуу хавиар юм аваад П хувцаснууд авсан. Тэгээд П хувцаснуудаа том гялгар уутанд хийгээд аваад гарсан. Би авсан эд зүйлсээ халаасандаа хийгээд гараад явсан. Мотоцикль ирэх дуунаар бид хоёр хоёулаа баруун тийшээ зугтаагаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа бид хоёр дэлгүүрийн ойролцоо уулзаад сургуулийн хашаан дотор бид хоёр цагдаа нарыг хэсэг харж хэвтсэн. Тэгээд явахгүй болохоор нь хойд модоо дагаад гэрлүүгээ явсан. Бид хоёр хулгайлж авсан эд зүйлсээ бүгдийг нь сургуулийн урд гуанз, дэлгүүрийн араар нуугаад үлдээгээд явсан...П дандаа хувцаснууд авсан. Намайг харахад пүүзнүүд, өмд, цамц авч байсан. Би П-т нэг өмд, оймс аваарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
5. Насанд хүрээгүй гэрч О.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 08-ны орой 22-23 цагийн орчимд довруу З ах бид хоёр Ундаахай ахын ажилтангынхруу очсон. Тэгээд очтол хүн байгаагүй. Тэгээд буцаад алхаад явж байгаад би шавар, усанд гутлаа норгоод даараад байсан. Тэгээд сумын төв ороод дэлгүүр ухаад гутал хувцас авъя гэж бодоод З ахад хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр У эгчийн дэлгүүрлүү зөвшөөрөлгүй орсон. У эгчийн барааны дэлгүүрлүү орохдоо би цонхыг дээд модноос нь барьж байгаад хөлөөрөө хүчтэй түлхэхэд онгойсон. Тэгээд бид хоёр дэлгүүрлүү орсон. Эхлээд З ах ороод би араас нь орсон. Тэгээд З ах лангуу хавиар юм аваад би хувцаснууд авсан. Тэгээд би хувцаснуудаа том гялгар уутанд хийгээд аваад гарсан. Би авч гарсан гялгар ууттай хувцасаа Ундрах эгчийн хажуу талын Бүдүүн авгайн дэлгүүрийн ард түшүүлээд тавьсан. З ах мотоцикль ирэх дуунаар зугтаагаад явсан. Би баруун тийшээ Болороо эгчийн гуанзны араар гүйгээд зугтаасан. Тэгээд явж байхдаа би нэг шар ахтай тааралдаад баригдсан. Тэгээд би ахаа би ахыгаа хайж явнаа явчихъя тэгэх үү гэж хэлээд зугтаагаад явсан. Би цаашаа тоглоомын талбай ороод З ахыг хайтал байгаагүй. Тэгээд буцаад У эгчийн дэлгүүрийн ойролцоо иртэл З ах намайг дуудсан. Тэгээд бид хоёр сургуулийн хашаа руу ороод нилээн удаан хэвтсэн. Тэгтэл цагдаа нар ирсэн. Тэгээд бид хоёр нуусан юмнуудаа авч чадалгүй шууд гэрлүүгээ явсан...Би хулгай хийчихээд гараад асуухад З ах надад загасны хэрэгсэл авсан гэж хэлсэн. Өөр юу юу авсаныг нь би хараагүй ээ. Яагаад гэвэл дэлгүүр дотор харанхуй байсан. Бас гараад шууд зугтаасан болохоор хараагүй ээ. Хар өнгийн пүүзтэй орсон. Тухайн пүүзээ явахдаа гялгар ууттай хувцасны хажууд үлдээгээд шинэ шар өнгийн сандаал өмсөж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
6. Гэрч Б.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө хотоос ирсэн найзындаа очих гээд гэрээс гараад явж байхад манай хамаатны эгч У чатаар надруу “Манай гэрийн доод дэлгүүрт юм дуугараад, түжигнээд, паар дуугараад байна. Нөхрийгөө дуудсан чинь ирэхгүй удаад байна. Тэгээд би айгаад байна. Чи нэг ирээд хараад өгөөч” гэсэн тэгэхээр нь би замдаа очиж явтал яг У эгчийн дэлгүүрийн тэндээс нэг хүүхэд гүйгээд гараад ирсэн. Тэгээд хартал манай сумын О-ийн хүүхэд П байсан. Их айчихсан зугтааж явсан. Тэгээд би юу хийж яваан гэтэл “З” мөн үү би “З” ахыгаа хайж явна гээд гүйж байсан. Тэгээд би явуулсан. Бага зэргийн архи үнэртэж байсан. Тэгээд удалгүй У эгч залгаад манай дэлгүүрт хулгай ороод хулгайч сая зугтаачихсан байна. Манай нөхөр ирсэн. Бас цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд би шууд найзуудруугаа яваад өгсөн...Улаан өнгийн цамцтай, шар өнгийн арьсан сандаалтай, биеийн тамирын өмдтэй их яарсан гүйж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/
7. Гэрч Г.Чингэсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ажил дээрээ буюу 3 нуур амралтанд хонож байсан. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрч байхад манай эхнэр над руу утасдаад доор дэлгүүр дотор юм дуугараад байна. Хурдан ирээ гэж хэлсэн. Тэгээд би гарч яваад төврүү гэртээ очсон. Очоод би гэрийн гадаа мотоциклоо тавиад гэрлүүгээ дээд давхарт гараад эхнэртэйгээ хамт түлхүүр аваад буухад цонх онгорхой болсон байсан. Тэгээд эхнэр бид хоёр дэлгүүрээ онгойлгоод ороход дэлгүүрт хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Урд талын 2 цонхны баруун талын цонхоор нэвтэрсэн байсан. Цонхыг түлхэж хөшиж онгойлгосон байсан. Хэрэг болдог орой манай сумын залуу Баясгалантай манай дэлгүүрийн ойролцоо О-ын хүү П гүйж яваад тааралдсан байна лээ. Би энэ хүүхэд үйлдсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/
8. Хөрөнгийн үнэлгээний Фейр Валуэшн ХХК-ны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаартай:
“...2019 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багт байрлах “Содон” барааны дэлгүүрээс хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 847050 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.У-д 847050 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 105 тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.З нь 2003 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 16 настай болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар /хх-ийн 81 тал/ нотлогдож байгаа бөгөөд өсвар насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, түүний гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт заасан үүргүүдийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1, 18.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.З-ыг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.З-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн Гэр, бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг аав Д.Л-д нь үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.З-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ