Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01013

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01433 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 68,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн барилга байгууламж барьж байгуулах төслийн ажлын ачилтын тойргийг ПК4-000-ПК8-351 км хүртэлх 4.35 км төмөр замын далангийн ажилд хамаарах мал амьтны доогуур гарц, дугуй хоолой болон дөрвөлжин хоолойн барилга угсралтыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр тохирсон үнийг төлөх нөхцөлтэйгөөр 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан. Гэрээний дагуу ажлыг бүрэн хийж дуусгасан боловч нийт ажлын хөлс 40,000,000 төгрөгийг дутуу өгсөн.

1.2 Гүйцэтгэгч талаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бетон зуурмагаа авахад бэлэн болсон боловч захиалагч тал бетоноо өгөөгүй 7 хоногийн дараа манай ажлыг зогсоож, энэ ажлыг дараа жилийн 03 дугаар сард эхлүүлэх болсон талаар бидэнд хэлсэн. Гэтэл манай талаас ажил хийхэд шаардагдах бүхий л бэлдэц, хэв хашмалаа Улаанбаатар хотоос авчирсан, бэлтгэлээ бүрэн хангасан байсан. Үүнээс шалтгаалж бэлдэц, хэв хашмалуудаа дахин буулгаж, Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөсөн.

Ийнхүү захиалагчийн хариуцлагагүй, гэрээгээ зөрчсөнөөс болж манай ажиллах хүчний зардал ID-3, ID-6 хэв хашмал бэхэлгээнд 7 хоног 8 хүн ажилласан зардал 4,480,000 төгрөг, хэв хашмал, тулаас, бусад бэхэлгээний материал Улаанбаатараас-Цогтцэций, ТТ төмөр зам, Цогтцэцийгээс-Улаанбаатар, ТТ төмөр зам хүртэлх ирэх, буцах зөөвөр, тээврийн зардал, мөн Улаанбаатар хот дотор ачиж буулгах ажлын хөлс, шатахууны үнэ, бусад зардалд 8,000,000 төгрөг, ажлын талбай дээр тухайн ажилд хэрэглэгдэх арматур буусан ч ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон учир хадгалалт хамгаалалтад зориулж 20x10 метр харьцаатай 4 ширхэг бүтээлэгний үнэ болох 600,000 төгрөг, хэв хашмалын түрээс 15,200,000 төгрөг, нийт 28,280,000 төгрөгийн ажлын зардал гарсан.

Иймд *******-иас ажлын хөлсний дутуу төлбөр 40,000,000 төгрөг, хохирол 28,280,000 төгрөг, нийт 68,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Ажил гүйцэтгэх гэрээ бүрэн биелэгдээгүй. ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. *******-ийн одоогийн гүйцэтгэх удирдлага нь уг хуулийн этгээдийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг гэрээнд ...ямар нэгэн байдлаар гэрээний маргаан үүсэх бол өмнөх хувьцаа эзэмшигч буюу *******, гэдэг хүмүүс хариуцах талаар заасан.

2.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнөх хувьцаа эзэмшигч ******* гэрчээр ...нэхэмжлэгчийг ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй,...ажлын алдаа дутагдал гаргасан талаар мэдүүлсэн. Нэхэмжлэгч нь ажлаа гүйцэд хийгээгүй орхиод явсан, түүний үлдээсэн ажлыг өөр хүн хийж гүйцэтгэсэн болох нь гэрчийн мэдүүлэг, мөн мөнгө шилжүүлсэн баримтуудаас тодорхой харагдана. Тодруулбал, ажлыг орхиод явсантай холбогдуулан тухайн төслийн ажлыг явуулдаг багийн ахлагч ******* ажлыг дуусгасан тул ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 68,280,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүдээр ******* ажлыг дуусгасан гэж үйл баримтыг зөв дүгнэсэн бөгөөд ******* нь *******-ийн инженер байсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Тодруулбал, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн дуусгасан болох нь тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч компаниас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 11 үйлдлээр *******, *******, ******* нарын Хаан банк ХХК дахь дансаар дамжуулан 165,924,790 төгрөгийн ажлыг хүлээн авсан бөгөөд ажлын хөлсийг нэхэмжлэгч талыг ажлаа хийж гүйцэтгэсний дараагаар өгч байсан нь банкны гүйлгээний утга хэсгээс тодорхой харагддаг. Ингээд гэрээний үлдэгдэл төлбөр болох 76,899,980 төгрөгөөс хариуцагч талаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн тусгай хэв хашмал буюу ханжны үнэ 36,899,980 төгрөгийг хасч, 40,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэхүү үйл баримт нь хариуцагч *******-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9/02 тоот албан бичгээр энэ цаг хугацаанд үлдэгдэл хөлсөө төлөөгүй байсныг нотолсон буюу зөвшөөрсөн байдаг.

Иймд нэхэмжлэгч талаас барилгын даамал инженер ******* нь өөрийн ажилчдын хамт ажлаа бүрэн хийж дуусгасан тул гэрээний үлдэгдэл хөлс болох 40,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

4.2 Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бетон зуурмагаа авахад бэлэн болсон боловч ******* нь бетоноо хүлээлгэж өгөөгүй байж байгаад 7 хоногийн дараа манай ажлыг зогсоож, энэ ажлыг дараа жилийн 03 дугаар сард эхлүүлэх болсон тухай бидэнд мэдэгдсэн. Гэтэл манай талаас ажил хийхэд шаардагдах бүхий л бэлдэц, хийсэн ажил хэв хашмалаа буцаагаад буулгаж, Улаанбаатар хот руу буцаан зөөвөрлөсөн. Хариуцагч бетоноо хугацаандаа нийлүүлээгүйгээс болж нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлж хийх боломжгүй болж, барьсан хэв хашмалаа буулгах, буцааж зөөх, ажилласан ажилчдад цалин хөлс өгөх, машин шатахуун гаргах гэх мэт зардал гарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримт дансны хуулга, гүйлгээний утга, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог.

Мөн дээр дурдсан хариуцагч *******-ийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 9/02 тоот албан бичигт ...2020 оны 10 болон 11 дүгээр сард ажил зогссоноос үүдэн гарсан үргүй зардлын хэсэг болох ажиллах хүч болон арматур арчилгаанд гарсан зардал зэргийг захиалагчийн зүгээс нөхөн олгох бололцоотой эсэхийг судлах болсон гэж бичсэн нь нэхэмжлэгч өөрт учирсан хохирол болон үлдэгдэл төлбөрөө хариуцагчаас шаардаж байсан болохыг нотолно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар маргаан байхгүй. Мөн тухайн ажил бүрэн гүйцэт хийгдээгүй болох нь *******, нарын гэрчийн мэдүүлэг, түүнчлэн барилгын даамлын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Тодруулбал, барилгын даамал нь өөрөө үлдэж, бусад ажилчдыг авчирч ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгасан талаар мэдүүлсэн.

5.2 Харин нэхэмжлэгчийн шаардсан 28,280,000 төгрөгийн хохирлын тухайд тухайн хохирол яг ямар үндэслэлээр, ямар баримтаар тогтоогдож байгаа талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Тухайн ажлыг бүрэн хүлээлгэн өгсөн талаар баримт хэрэгт байхгүй. Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас -тай гэрээ дүгнэсэн актыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас уг баримтыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг дахин хойшлуулах, нэмэлтээр нотлох баримтын шаардлага хангуулах хүсэлт гаргаагүй. Учир нь, тухайн ажлыг хийсэн талаар маргаагүй болно.

Хариуцагч талын зүгээс нь тухайн үед компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд ажлын гүйцэтгэлтэй холбоотой 11 удаагийн мөнгөн гүйлгээг хүлээн зөвшөөрч байна.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, ажлын хөлсний дутуу төлбөр 40,000,000 төгрөг, хохирол 28,280,000 төгрөг, нийт 68,280,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төмөр замын далангийн доод бүтцийн барилгын ажилд гүүр хоолойн мэргэжлийн баг ажиллуулах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь захиалагчийн даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн барилга байгууламж барьж байгуулах төслийн ажлын ачилтын тойргийн ПК4+000-ПК8+351 км хүртэлх, 4.35 км төмөр замын далангийн ажилд хамаарах мал амьтны доогуур гарц, дугуй хоолой болон дөрвөлжин хоолойн барилга угсралтыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэхээр, ******* нь ажлын хөлсөнд гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан үнэ буюу 219,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 4-6/

3.1 Мөн талууд 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төмөр замын далангийн доод бүтцийн барилгын ажилд гүүр хоолойн мэргэжлийн баг ажиллуулах гэрээний нэмэлт гэрээг байгуулж, гэрээгээр ******* нь захиалагчийн даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн барилга байгууламж барьж байгуулах төслийн ажлын ачилтын тойргийн ПК4+000-ПК8+351 км хүртэлх, 4.35 км төмөр замын далангийн ажилд хамаарах 2 ширхэг дугуй хоолой, 3 хос хоолой болон хос хоолойтой мал амьтны гармын угсралтыг хийж гүйцэтгэхээр, ******* үндсэн гэрээний тооноос нэмэгдсэн арматурын ажлын үнэ 15,000,000 төгрөг, үндсэн гэрээний тооноос нэмэгдсэн хоолойн сунасан хэсгийн ажлын үнэ 8,824,770 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. /хх 7-8/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

4.1 Ажлын үр дүнг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримтад зохигч маргаагүйгээс гадна ажлын үр дүнгийн талаар нэхэмжлэгч гомдлын шаардлага гаргаагүй. Харин дээрх гэрээний нийт ажлын хөлс 242,824,770 төгрөгөөс үлдэх 40,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

4.2 Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хаан банк дахь *******ын эзэмшлийн дугаар дансанд 47,524,790 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 83/

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Харин мөн зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

Гэрч *******ын шүүхэд гаргасан ...*******ын удирдлага доор төмөр замын гүүр, хоолойн ажил хийсэн гэх, гэрч *******ийн ...ажлыг туслах гэж хүн дуусгасан гэх, гэрч ...нэг өглөө босоод ирсэн чинь нь байхгүй болсон, ... нь нэг портер оруулсан бүх юмаа ачаад явж байсан, ...хаачих гэж байгаа юм гэсэн чинь Эрдэнэт хотод өөр барилгын ажил авсан, тийшээ явсан, ...манай ажил яах юм бэ гэхэд нь би дуусгаад өгчихье гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийг ажлын хөлс төлөх үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрч ******* нь нэхэмжлэгчийн удирдлага доор гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд оролцсон үйл баримт болон нэхэмжлэгч нь тухайн ажлыг хариуцагчид хүлээлгэн өгснөөр тэрээр ашиг олсон нөхцөл бүрдсэн байна.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар ажлын хөлс төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө биелүүлсэн гэж үзэх тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлс төлөх хариуцагчийн үүрэг дуусгавар болсон байна. Анхан шатны шүүх хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас 40,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр *******-иас *******од шилжүүлсэн 47,524,790 төгрөгийг төлснөөр нэхэмжлэгчид төлөх төлбөргүй болсон гэж дүгнэсэн нь буруу гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Гэрээний явцад хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид 28,280,000 төгрөгийн хохирол буюу нэмэлт зардал гарсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Иймд анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хариуцагч бетоноо хугацаанд нийлүүлээгүйгээс болж нэхэмжлэгч ажлаа үргэлжлүүлж хийх боломжгүй болж, барьсан хэв хашмалаа буулгах, буцааж зөөх, ажилласан ажилчдад цалин хөлс өгөх, машин шатахуун гаргах гэх мэт зардал гарсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН