| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/0244/Э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0244/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа
Улсын яллагч Б.Бямбасүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан
Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э холбогдох 1939000........... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11 дүгээр гудамжны 05 тоотод иргэн Б.Э хувийн таарамжгүй харьцааны улмаар маргалдаж түүний цээжин тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Э өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнхийн 11-05 тоотод найз Энхтөрийн гэрт очиход, түүний гэрт цуг амьдардаг Пүүжээ ганцаараа сууж байсан. Энхтөр гэртээ байхгүй байсан. Тэр үед гаднаас Э орж ирээд бид нар юм яриад сууж байсан юм. Гэтэл гаднаас Оюунбаатар орж ирээд 2 хос пүүз Пүүжээд өгөөд явсан. Тэгээд удахгүй Э явсан. Ингээд би Пүүжээтэй юм ярьж сууж байгаад би Пүүжээгээс нэг пүүзийг нь надад өгчих би гутал муутай гэсэн чинь тэг, тэг нэгийг нь ав гэсэн нэг пүүзийг нь гартаа бариад гэрээс гараад явж байхад хашаан дотор Э тааралдсан. Тэгтэл Э гэнэт чи муу ядарсан хүний пүүзнээс нь булаацалдаад байгаа юм уу гэж хэлээд миний цээжний зүүн хэсэгт нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед би гүйцэт амьсгал авч чадахаа больж байснаа арай дээрдсэн. Ингээд би гэртээ хариад маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Э зодуулах үедээ архи уучихсан байсан. Би хүний хуучин пүүзийг хулгайлах хүн биш би пүүзийг нь хэлж авсан. Э намайг өөрөөр цохиж, зодоогүй, одоо миний зүүн талын 6 дугаар хавирга хугарч, зөрөөгүй эвэндээ орсон байна гэж эмч оношилж байсан...би эмчилгээний болон бусад ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн, хохиролын талаар ямар нэгэн маргаан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/
Гэрч Т.Өнөржаргалын өгсөн...Намайг 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ байх үед 12 цагийн үед манай нөхөр Э над руу яриад би хүнд зодуулчихлаа гэж утсаар ярьсан Тухайн үед архи уусан бололтой байсан. Ингээд би ажлаа тараад гэртээ очсон чинь манай нөхөр Э гэртээ байсан. Тэгэхээр нь юу болсон яасан бэ гэж гэж асуусан чинь намайг Мөрөн сумын Э гэх хүн зодсон. Миний зүүн хавирга руу хөлөөрөө өшиглөсөн өөр бол зодоогүй, архи уугаад л өшиглөсөн гээд яг юунаас болсныг нь нуугаад хэлэхгүй байсан. Ингээд тэр оройдоо өвчин намдаах эм өгөөд унтуулсан. Өглөө нь орноосоо босохгүй ёолоод байхаар нь эмнэлэг рүү очиж үзүүл, тэгээд цагдаад хэлээрэй гэж хэлээд яваад өгсөн. Сүүлийн үед манай нөхөр архи дарс уугаад үгэнд орохгүй байгаа юм. Тэр байдалд миний уур хүрээд түргэн дуудаагүй, чи өөрөө үзүүл гэж хэлсэн. Гэрийнхээ урд эгнээнд байдаг Цогоо гэдэг айлын хашаанд өшиглүүлсэн байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/
Гэрч Д.Пүрэвдоржийн өгсөн...Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай найз Э гаднаас орж ирээд сууж байтал манай найз Оюунбаатар орж ирээд надад хоёр хос пүүзэн гутлыг чи ажилд өмс гэж өгөөд гараад явсан. Дараа нь Э ч гэсэн гараад явсан. Тэр үед Э зөрж орж ирээд надтай юм ярьж байгаад надад нэг хос пүүзийг нь өгчих найз нь гутал муутай гэж гуйхаар нь тэг тэг гээд өгөхөөр болсон. Ингээд 12 цагийн үед Энхцогт надаас пүүз аваад гараад хашаан дотор Энхбаттай тааралдсан юм байна лээ. Тэгээд зөрөөд Э орж ирээд Э чиний пүүзийг хулгайлаад явж байхад нь цээж рүү нь нэг өшиглөчихлөө гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 450 дугаартай дүгнэлт
Г.Э яллагдагчаар өгсөн:...Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Баянмөнхийн 11-05 тоотод найз Энхтөрийн гэрт очсон юм. Тэгээд би Батбэхийн Э Энхтөрийн пүүзэн гутлыг хулгай хийгээд явж байна гэж бодоод чи муу яагаад хүний пүүз аваад яваад байгаа юм бэ гэж хэлээд, пүүзийг нь булааж аваад цээжний зүүн хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөөд Энхтөрийн гэрт орсон...Э чи хүний гутлыг хулгайлаа гэж хэлэхэд надад ямар нэгэн тайлбар хэлээгүй, дуугарахгүй байсан. Би Э цээжин тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөж хавиргыг нь хугалсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтэй гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/
Г.Э иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22 хуу/
Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуу/
Хохирогч Б.Э бичсэн Г.Э сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11 дүгээр гудамжны 05 тоотод хохирогч Б.Э бусдын гутал хулгайлсан гэх шалтгаанаар цээжинд нь өшиглөж зүүн талын VI-р хавирганы далд хугарал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Б.Э, гэрч Т.Өнөржаргал, Д.Пүрэвдорж нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Э нь хохирогч Б.Э өшиглөсний улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Г.Э үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 46 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 50 хуу/ гарган 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Г.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн 54 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 47 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ