Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01014

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02080 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******д 2015 онд 80,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******, *******, *******, , хаягт байршилтай, 53.47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2 ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр *******, -д холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрийг гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэрээр үндсэн зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүү 106,880,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,034,667 төгрөг, нийт 199,914,667 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1686 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01867 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.3 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* улсын хилээр гарч, өнөөдрийг хүртэл ирэхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг хурааж, битүүмжилсэн. Гэтэл бодит нөхцөл байдалд манай компанийн барьцаа хөрөнгө болох орон сууцыг эзэмших эрхгүй ******* эзэмшиж, ашиглаж, оршин сууж байна.

1.4 Манай компани болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох орон сууцыг сайн дураар чөлөөлөхийг хариуцагчид удаа дараа бичгээр болон утсаар, биечлэн мэдэгдэж шаардсан боловч үндэслэлгүйгээр татгалзсан.

Иймд барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь өнөөдрийн байдлаар тус хаягт оршин суудаггүй. Тус орон сууцанд одоо , гэх хүмүүс амьдардаг. Тухайн үед ******* нь хамаатныхаа хүүхдээс тус орон сууцыг худалдан авсан боловч мөнгийг нь аваад гадаад руу оргон зайлсан. *******-ийн орон сууцанд ******* хууль бусаар амьдраагүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, буруу хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 157 дугаар зүйлийн 157.4-т зааснаар *******гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, , *******, , 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг хариуцагч *******д даалгаж, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь өөрийн хүүгийн хүүхэд болох *******гээс маргааны зүйл болж буй орон сууцыг 65,000,000 төгрөгөөр худалдан авч, тус орон сууцанд 13 жил амьдарч байна. ******* нь орон сууцны өмчлөх эрхийг *******д удахгүй шилжүүлж өгнө гэсэн боловч 2018 онд гадаад улс руу яваад алга болсон.

******* нь одоогоор бие муу байгаа тул ахынхаа гэрт асаргаанд байгаа талаарх одоо оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн тус орон сууц нь *******гийн өмчлөлд байхад шаардах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

4.2 Мөн шүүх хуралдааны үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж мөн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хуралдаан даргалагч шүүгчээс татгалзсан боловч шүүхээс хүсэлтийг хүлээж авахгүй гомдол гаргах эрхгүй гэж хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 ******* тухайн орон сууцыг худалдаж авсан гэх нөхцөл байдлыг нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй. Хавтаст хэрэгт худалдах, худалдан авах гэрээ байхгүй, мөнгө төлсөн баримт байхгүй, түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагад хандаж байсан талаарх баримт огт байхгүй. Иймээс уг тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг тодорхойлолт дээр гэх этгээдийн гарын үсэг зурагдсан. Гэтэл нийтэд илэрхий баримтаар тус хорооны Засаг дарга нь гэх хүн байдаг нь тогтоогддог. Иймээс уг тодорхойлолтын үнэн зөв байдал эргэлзээтэй бөгөөд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, хуурамч байх магадлалтай гэж үзэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Түүнчлэн, эд хөрөнгийг битүүмжлэх үед ******* өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдож байна.

5.2 Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны хүчин төгөлдөр шийдвэрээр нь *******-д 199,000,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий хоёр өрөө орон сууцаар хангуулахыг даалгасан. Уг шийдвэр нь гурван шатны шүүхээр хянагдан хүчин төгөлдөр болсон шийдвэр юм. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх явцад төлбөр төлөгч, тухайн орон сууцны өмчлөгч болох ******* нь 2018 онд гадаад улс руу явсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах бодит боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүний улмаас ******* нь өөрийн хохирол болон төлбөрийн мөнгийг өнөөдрийг хүртэл гаргуулан авч чадахгүй байна.

Түүнчлэн тухайн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас *******д хариуцуулан үлдээсэн байхад уг хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх нөхцөл байдал мөн үүссэн. Иймээс Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, 92 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг нэхэмжлэгч өөрөө хариуцах, улмаар тухайн орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

5.3 Мөн шүүх хуралдаан эхлэх үед шүүгч талуудаас татгалзал байгаа эсэхийг тодруулан асуухад хариуцагч тал татгалзалгүй гэж мэдэгдсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Үүний дараа хариуцагч талаас өөр газар оршин суудаг үндэслэлээр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх уг хүсэлтийг хэлэлцээд, нэхэмжлэл гардуулах ажиллагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэмдэглэлээр ******* тухайн хаяг дээр оршин суудаг нь тогтоогдож байгаа тул хүсэлтийг хангах боломжгүй гэх захирамж гаргасан. Харин үүнтэй холбоотойгоор хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Ийм нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, *******, *******, , хаягт байршилтай, 53.47 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...******* нь өнөөдрийн байдлаар тус хаягт оршин суудаггүй. Тус орон сууцыг хамаатныхаа хүүхдээс худалдан авсан гэж үгүйсгэн маргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ төлбөр төлөгч буюу маргааны зүйл болж буй барьцаа хөрөнгө болох дээрх орон сууцны өмчлөгч ******* шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Монгол улсын хилээр гарч, буцаж ирээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон нь барьцаалагчийн буюу нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн агуулгаар тайлбарлаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ гэж заасны дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.

3.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/01315 дугаар шийдвэрээр *******гээс 174,154,667 төгрөг гаргуулан *******-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд барьцааны зүйл болох дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1686 дугаар магадлалаар 195,715,215 төгрөгийг *******гээс гаргуулан *******-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2018/01867 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2019/02741 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 263 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 25-34/

3.2 Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19290420 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 35/

3.3 Төлбөр төлөгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Гашуунсухайт авто замын боомтоор Монгол улсын хилээр гарсан байна. /хх 36/

4. Дээрх баримтуудаас үзвэл мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн явагдаж байгаа үйл баримтыг бүрэн тогтоох нь хэрэгт ач холбогдолтой.

Түүнчлэн, төлбөр төлөгч ******* Монгол улсын хилээр гарсны улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах боломжгүй болсон гэж үзэх үндэслэл, мөн тэрээр Монгол улсын хилээр орж ирсэн эсэх үйл баримт тодорхойгүй байна.

5. Дээрх үйл баримт тодорхой болсноор нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдэнэ.

6. Иймд тухайн баримтыг давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, үйл баримтыг бүрэн тогтоож, маргаанд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/02080 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН