| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0240/Э |
| Дугаар | 223 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0240/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч М.Гэрэлбадрах,
Хохирогч Ц.Э,
Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Э.Л-д холбогдох 193900.............дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Э.Л
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг .........................тоотод эхнэр Ц.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа цохиж, архины шилний хагархайгаар зүүн гарыг нь зүсэх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Л нь 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой согтуугаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ..................... тоотод эхнэр Ц.Э-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний зүүн нүд хөхөрсөн. Зүүн гар бугалаг хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн. 10 ширхэг оёдол тавиулсан. Одоо миний биеийн байдал хэвийн болж байна. Би нөхөр Л-д гомдолгүй. Бид хоёр учраа олсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай нөхөр Л надад гэмтэл учруулсан. Л намайг урьд өмнө нь зодож байгаагүй. Бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
2. Гэрч М.Ишийгудаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймагт ирсэн. Би Хэнтий аймагт нутгийн дүү Э-ын гэрт ирсэн...Э-ыг бүжгэнд явсан үед түүний нөхөр болох залуу Л хөдөөнөөс ирсэн. Л хөдөөнөөс ирэхдээ архи уучихсан ирсэн...Сүүлийн шил архийг уугаад дуусах гэж байхад Э гэртээ ирсэн. Э 22 цагийн орчимд ирсэн байх гэж бодож байна: Тэгсэн Л Э-ыг хаагуур явсан гэж уурласан. Э бүжгинд яваад ирлээ, яасан сүртэй юм бэ гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Энхээ, Ганбаатар гэх хоёр хүн гэрлүүгээ яваад өгсөн. Л эхнэр Э-ыг цохисон. Дараа нь гэрт байсан архины шилийг орны хөл модон дээр цохиж хагалаад зүүн гар хэсэгт нь цохиж зүссэн. Нэг харсан Э-ын гарнаас цус гарч байсан.Л бид хоёр Э-ын гарыг даавуугаар боосон. Л гэрээсээ гараад явсан. Хаашаа явсан гэдгийг нь мэдэхгүй ...2019 оны 08 дугаар сарын 23-ны өглөө Э-ын гарнаас цус гараад байсан. Л өглөө гэртээ ирсэн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Би Э-ын гэрт хагарсан архины шилнүүдийг түүгээд хогийн саванд хийсэн. Шалан дээгүүр дусалсан цусыг нь арчиж цэвэрлэсэн ...Э-ыг бүжгэнд яваад ирэхэд хаагуур явсан гэж Л хардаж хэрүүл маргаан үүсгэсэн. Хэрүүл маргаан нь хардалтаас болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/
3. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 404 дугаартай:
-Ц.Э-ын биед зүүн бугалганд шарх, зулгаралт, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
-Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 тал/
4. Шүүгдэгч Э.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой хөдөөнөөс гэртээ ирсэн. Манай гэр Хэнтий аймгийн төвд Хэрлэн сумын 4 дүгээр баг.............. тоотод байдаг юм.Намайг гэртээ ирэхэд манай эхнэр Э, Ганбаа, Энхээ эгч Ишийгудаа эгч нар архи уугаад сууж байсан. Би хөдөөнөөс ирэхдээ архи уугаагүй эрүүл байсан. Би тэд нартай нийлж архи уусан. Тухайн үед орой болж байсан. 21 цаг өнгөрч байхад би эхнэрээс мөнгө аваад дэлгүүр хаахаас өмнө архинд явсан. Хараа нэртэй 750 граммтай архи худалдаж аваад гэртээ очсон. Намайг гэртээ буцаад очиход Ганбаа ах Энхээ эгч хоёр явчихсан байсан. Ишийгудаа эгч манай эхнэр Э хоёр гэртээ байсан. Манай эхнэр Э, Ишийгудаа эгч бид гурав авчирсан архиа задлаад ууж байхад манай эхнэр намайг Ишийгудаа эгчтэй хардаж уурлаж хэрүүл хийсэн. Намайг гэрээс хөөсөн. Би ч гэсэн эхнэрийн өөдөөс хэрэлдсэн. Тэгээд уурандаа эхнэрээ нэг удаа алгадчихаад архиа аваад гэрээс гарах гэтэл эхнэр араас зууралдаад байсан. Би барьж байсан архиа орны толгойд цохиж хагалчихсан. Гартаа барьж байсан архины шилний хагархай хэсгээр эхнэр Э-ын зүүн гарын бугалга хэсэгт цохисон чинь эхнэрийн гар зүсэгдсэн. Тэгээд би эхнэрийн гарыг боож өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өглөө эхнэрийн гарнаас цус гараад байхаар нь би өөрөө түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Э.Л-гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.Э нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч Э.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ .
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э.Л –г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-г 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Л-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ